Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 72

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Батжаргал, Н.Энхтөр, /онлайнаар/

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.М-д холбогдох 1929001910119 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, Н.Энхтөр нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр Ухаа уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 89 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 80-29 УНР улсын дугаартай “ЖЗТТ” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодох явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 3.7 а-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнийг улмаас 82-48 ӨМӨ улсын дугаартай Хово маркийн “Э” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган бусдад их хэмжээний буюу 116.658.000 төгрөгийн хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Б.Мандалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н цагдан хоригдсон 98 хоногийг хорих ялын 98 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “ЖЗТТ" ХХК-аас 58000000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч "Э" ХХК-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Мандалаас 61.658.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч "ЖЗТТ" ХХК-д олгож, иргэний нэхэмжлэгч Б.Х нь шүүгдэгч Б.М-с нэхэмжилсэн 2212000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч бусдад 61658000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч Б.М нь 98 хоног цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: "....Шүүгдэгч Б.М болон өмгөөлөгч миний зүгээс хэргийн үйл баримт болон прокуророос ялласан хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй бөгөөд гагцхүү анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-с гаргуулахаар заасан 61.658.000 төгрөгийн хохирлын тухайд давж заалдах гомдол гаргаж байгаа болно.

Хэрэг бүртгэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт гэрч Д.С, Х.Л, Б.О, Б.Х, иргэний хариуцагч Б.Х, холбогдогч, яллагдагч Б.М нарын мэдүүлгүүд, Bendo хөрөнгийн үнэлгээний 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 25948, 25949 дугаартай тайлангийн хавсралтууд /1-р хх-ийн 94, 95/, Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 129/, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай “ЖЗТТ" ХХК болон Б.Х нарын хооронд хийсэн “Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ” /1-р хх-ийн 148-155/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл;

Иргэний хариуцагч Б.Х нь “ЖЗТТ" ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 80-29 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 115.760.447 төгрөгөөр түрээслэн авч, Таван Толгойн уурхайгаас Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэж эрээс болгоноос 1.000.000 төгрөгийг тухайн компанид төлөхөөр тохирсон бөгөөд гэрээнд заасны дагуу Б.Х 88.000.000 төгрөгийг тус компанид төлсөн ба 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр уг гэрээг шинэчилж тээврийн хэрэгслийн түрээсийн үлдэгдэл болох 27.252.000 төгрөгийг төлж барагдуулснаар уг тээврийн хэрэгсэл Б.Х-н нэр дээр хуулийн дагуу шилжих болзолтой гэрээ хийгдсэн байна.

Харин иргэний хариуцагч Б.Х нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “ЖЗТТ" ХХК-ийн менежер Ө гэх албан тушаалтнаас албан ёсоор чөлөө авч өөрийн гэр болох Өвөрхангай аймаг руу явсан бөгөөд энэ хугацаанд тухайн компанийн гүйцэтгэх захирал Б.О түүн рүү залгаж “ажил эхэлсэн байхад машинаа яагаад орхиж явж байгаа юм машинаа явуул” гэдэг шаардлага тавьсны дагуу Б.Х нь тус компанийн жолооч С руу залгаж “намайг очтол ганц нэг ачилт хийчих найдвартай жолооч байна уу" гэсний дагуу С-оо “ЖЗТТ" ХХК-ийн эзэмшлийн 80-29 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг тус компанийн манаач ажилтай Х.Л гэх хүнээс авч, тээврийн хэрэгслийг уг компанийн хашаанаас М, С-оо хоёр нь авч явсан ба гүйцэтгэх захирал Б.О шаардлага тавьсны дагуу иргэний хариуцагч Б.Х нь дээрх тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх болсон бөгөөд ийнхүү бусдад шилжүүлэхдээ 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай “ЖЗТТ" ХХК болон Б.Х нарын хооронд хийсэн “Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ"-ний 10 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас уг компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гуравдагч этгээдэд шилжсэний улмаас тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон байна.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас “ЖЗТТ" ХХК-д учирсан 61.658.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.М-с гаргуулж уг компанид олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн хувьд огт дүгнэлт хийгээгүй, түүнчлэн “...“ЖЗТТ” ХХК болон Б.Х нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай “Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ” нь хуулбар байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.” гэж дүгнэсэн нь учир дутагдалтайгаас гадна хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Учир нь, “ЖЗТТ” ХХК нь иргэний хариуцагч Б.Х-тай “Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ” байгуулсны үндсэн дээр иргэний хариуцагч Б.Х нь уг компанийн эзэмшлийн 80-29УНР улсын дугаартай “Нордбенз” загварын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийж гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр болох ачаа тээвэрт явсан эрээс тутамд 1.000.000 төгрөг “ЖЗТТ” ХХК-ийн дансанд шилждэг байсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 27 дугаар бүлэгт заасан Түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гэрч Б.О, иргэний хариуцагч Б.Х нарын мэдүүлгээр давхар нотлогдож байхад “Түрээсийн гэрээ хуулбар учир нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно ” гэж хуульчилжээ.

Гэтэл хавтас хэрэгт Б.Х-г иргэний хариуцагчаар татаж /1-р хх-ийн 237/ түүнийг иргэний хариуцагчаар байцаасан /1-р хх-ийн 238-239/ иргэний хариуцагч Б.Х нь "ЖЗТТ” ХХК-тай байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай ‘Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ -ний 10 дугаар зүйлд заасныг зөрчиж уг компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад хууль бусаар шилжүүлсэн идэвхтэй үйлдэл байсаар байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүйгээс гадна иргэний хариуцагч Б.Х гэмт хэргийн улмаас “ЖЗТТ" ХХК-д учирсан хохирлыг бүрэн хариуцах хууль зүйн үндэслэлтэй байхад шүүгдэгч Б.М-с дээрх хохирлыг гаргуулж иргэний хариуцагчийг хариуцлагаас хэрхэн ямар үндэслэлээр чөлөөлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй." гэж заажээ.

Нөгөөтээгүүр гэрч С болон шүүгдэгч Б.М нар нь тус компанийн хашаанаас 80-29 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч гарахад уг компанийн эд хөрөнгийг харж хамгаалах үүрэгтэй манаач Л зохих албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр тээврийн хэрэгслийн түлхүүрийг дур мэдэн өгч явуулсан. Тус компанид 2011 оноос хойш тээврийн асуудал хариуцсан менежерээр ажиллаж байгаа иргэний хариуцагч Ө нь Таван Толгойгоос нүүр тээвэрлэсэн автомашинуудад хяналт тавих үүрэгтэй бөгөөд дээрх ажил байдлын тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гуравдагч этгээдэд шилжих боломжийг олгосон байна.

Дээрх байдлуудаас үзэхэд иргэний нэхэмжлэгч хариуцагч “ЖЗТТ" ХХК болон Б.Х нар нь хэн аль нь хариуцлага алдаж тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд шилжих боломжийг тус тус бий болгосон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас “ЖЗТТ" ХХК-д учирсан 61 658 000 төгрөгийн хохирлыг “ЖЗТТ" ХХК болон Б.Х нар нь тэргүүнд ээлжид хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.М-ын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол надад хамаагүй гэдэг байдлаар бус харин хууль зүйн хувьд иргэний хариуцагч нар дээрх хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд ингэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, ...оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимтай нийцэх юм.

Иймд Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэргийн улмаас "ЖЗТТ" ХХК-д учирсан 61 658.000 төгрөгийн хохирлыг иргэний нэхэмжлэгч хариуцагч “ЖЗТТ" ХХК өөрөө хариуцах, эсхүл иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Х-с гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо ”... Шүүгдэгч Б М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр "ЖЗТТ" ХХК-ны эзэмшлийн 80-29 УНР улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад "Э" ХХК-ний эзэмшлийн 82-48 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас бусдад 116 658 000 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээр шийдвэрлүүлж, 1 жилийн хорих ял авсан байдаг. Тус шүүхээс шүүгдэгч Б.М-д 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэл нь "гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй" гэсэн байдаг. Шүүгдэгч Б.М-ын хувьд "ДМ” ХХК-нд туслах, вакуум цонх угсрагчийн ажилд сарын 1 500 000 төгрөгийн цалинтайгаар ороод 1 сар болж байсан ба үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 3 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан шаардлагыг бүрэн хангасан байдаг тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байсан гэж үзэж байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх явдал байдаг. Хэдийгээр шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн ч шүүгдэгчийн ажил хийж, хохирол нөхөн төлөх боломжийг хязгаарлаж, нийгмээс тусгаарлаж шийдвэрлэсэн нь хохирогчийн хохирлоо гаргуулж авах эрх, боломж, нөхцөлийг цаг хугацааны хувьд удаашруулж, давхар хохироож шийдсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.М-ыг ажил хийж, хохирол төлбөрийг барагдуулах боломж нөхцөлийг нь бүрдүүлж, түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдолдоо эрүүгийн хуулийн зорилго яриад байна. Тухайн шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр нийгэмшүүлэх талаар ярьж байна. Гэхдээ шүүгдэгч нийгэмд амьдарч байхдаа зөв амьдарсан уу? согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод замын хөдөлгөөний дүрэм зөрчиж болох уу? энэ үйлдэл чинь нийгэмшиж байгаа зүйл үү? Эрүүгийн хуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэсэн зорилго байдаг. Б.Х машинаа бусдад бариулсанаас болоод гэмт хэрэг гарсан юм шиг яриад байна. Гэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж гарсан. Эрүүл хүн бусдын эд хөрөнгийг шатаах байсан уу?...Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Нотлох баримтыг үнэлэхдээ эрх зүйн ухамсрыг удирдлага болгох ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрээс эрх зүйн ухамсрыг удирдлага болгож чадсан эсэх нь харагдаж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээрийн хэрэгсэл ашиглагч, эзэмшигч, өмчлөгч гэдэг тус бүрдээ өөр ойлголт байдаг. Хэрэв ашиглагчийг эзэмшигч, өмчлөгч нь өөрөө томилсон бол эрх зүйн хариуцлагаас чөлөөлөхгүй гээд хуульд заасан байна. Б.Х тухайн тээврийн хэрэгслийг ашиглаад үр, шимийг нь хүртсэн. Тухайн компани өмчлөгч гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ийм учраас Б.Х хариуцлага алдсан байна гэж үзэж байна. Б.Х-ийн идэвхтэй үйлдлээс болж автомашин Б.М-д шилжсэн байна. ЖЗТТ” ХХК-ийн Өлзийдаваа гэдэг хүн ажил үүргийн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүйн улмаас гэмт хэрэг гарсан байна. Бүгд л хариуцлага алдсан байна. Гэтэл эдгээр хүмүүс ямар үндэслэлээр хохирол нөхөн төлөхөөс чөлөөлөгдсөн бэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас хохирлыг хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татаж оролцуулна гэж заасан байна. Хариуцах үндэслэлгүй гэж таамаглалаар дүгнэсэн гэж үзэж байна.

Прокурорын тайлбартай холбогдуулан прокурор ёс зүйтэй юм ярих хэрэгтэй. Шүүгдэгч Б.М-ын зүгээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг талаараа маргаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэтэл зам дээр хүн алсан гэж ярьж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ярих хэрэгтэй байна. Тэрнээс биш гудамжинд яваа юм шиг ярьж болохгүй. Энэ нь прокурорын ёс зүйд нийцэхгүй байна. Иргэний хариуцагч Б.Х-ийн үйлдлээс болоод хэрэг гарсан юм шиг ярилаа гэж байна. Прокурор үүн дээр зөрүүтэй ойлгосон байна. Иргэний хариуцагч ЖЗТТ” ХХК болон Б.Х нарын ажил үүрэгтээ хяналт тавьж чадаагүйн улмаас Б.М хохирол учруулсан байна гэсэн агуулгаар хэлсэн. Өөрөөр Б.Х-ийн улмаас гэмт хэрэг гарсан гэх утга, агуулга биш байгаа. Ийм учраас давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Иргэний хариуцагчийн тайлбартай холбогдуулан ЖЗТТХХК нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, Б.Х бол эзэмшигч, ашиглагч байгаа. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсанаар Б.Х эзэмшигч болсон байгаа. Хүнд даацын автомашины түрээсийн гэрээнд заасан үүргээ Б.Х зөрчсөний улмаас гэмт хэрэг гарсан гэж үзэж байна. Б.М-ын хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ч гэмт хэргийг санаатай үйлдээгүй. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн хэрэг тул заавал биечлэн хорих ял оноох шаардлагагүй байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.М-д оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв. 

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой хэмжээнд хохирол буюу иргэний хариуцагч, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэн хариуцах талаар тайлбар саналаа хэлье. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ЖЗТТХХК-иас хохирлыг гаргуулахаар шийдсэн шийдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн зохих зүйл, заалтыг зөв хэрэглэсэн байна. ЖЗТТХХК бол учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэж шийдэгдэх боломжтой байна. Миний үйлчлүүлэгч Б.Х хариуцах эрх зүйн үндэслэлгүй байх тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус бичсэн давж заалдах гомдолуудад дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр Ухаа уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 89 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 80-29 УНР улсын дугаартай “ЖЗТТ” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодох явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 3.7 а-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнийг улмаас 82-48 ӨМӨ улсын дугаартай Хово маркийн “Э” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган бусдад их хэмжээний буюу 116.658.000 төгрөгийн хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь яллагдагч, шүүгдэгч Б.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг, согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, хохирогч П.М, Ц.Ч, иргэний хариуцагч Д.Ө, гэрч Б.Х, Д.С, Х.Л, М.М нарын мэдүүлгүүд, Вендо ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 25948, 25949, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/01а дугаартай дүгнэлтүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа, шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бичсэн 5/09а дугаартай /2хх-26-29/ яллах дүгнэлтийн хавсралтад ...хохирогч П.М-т 55000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Ө, Б.Х нарт нийт 61658000 төгрөгийн хохирол учирснаас Б.М нь хохирол төлбөр төлөөгүй тул бусдад 116658000 төгрөгийн төлбөртэй гэж бичигдсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...иргэний нэхэмжлэгч П.М-т нийт 58000000 төгрөгийн хохирол учирсан, ...”Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарласан гражийн төлбөрт төлөгдсөн 3000000 төгрөгийн төлбөрийн баримт хавтас хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байна, “Х” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/01а дугаартай хохирлын үнэлгээгээр “Э” ХХК-д 55000000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна гэсэн” зөрүүтэй дүгнэлтүүдийг хийж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “ЖЗТТ” ХХК-аас 58000000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай гэж заасныг “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Х” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарласан гражийн төлбөрт төлөгдсөн 3000000 төгрөгийн төлбөрийн баримт хавтас хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байна. /1хх-173/” гэж дүгнэснийг харьцуулан үзэхэд 1 дүгээр хавтасны 173 дугаар хуудсанд авагдсан төлбөрийн баримтад гүйлгээний утгыг огт бичээгүй, өөрөөр хэлбэр гражийн төлбөрт 3000000 төгрөг төлсөн талаар агуулга тусгагдаагүй байхад дээрх мөнгийг иргэний харицагчаас гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэрээний бус гэм хорын хохирлыг Иргэний хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болон тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй тул гэмт хэргийн улмаас учирсэн гэм хорын хохирлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах, үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Автотээврийн үндэсний төвийн Өмнөговь салбарын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тээврийн хэрэгслийн лавлагаанд 8029 улсын дугаартай, NORTHBENZ маркийн, LBZ446DB9BA021376 арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэсэн, улаан өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “ЖЗТТ” ХХК гэсэн /1хх-129/ нотлох баримтаас үзэхэд дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигч нь  “ЖЗТТ” ХХК мөн болох нь тогтоогдсон байна.

“ЖЗТТ” ХХК болон Б.Х нарын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай “Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ нь иргэн хуулийн этгээдийн хооронд тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний эрх зүйн харилцааг үүсгэж бий болгосон байх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой гэм хорын хохирлыг талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй юм.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээтэй холбоотой гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэрэгт хамтруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд /2хх-158/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-с “...хэдийгээр Мандал буруутай, Мандалын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, жолооч Мандалын 100 хувь буруутай үйл ажиллагаанаас болж манай компанид хохирол учирсан хэдий ч тухайн тээврийн хэрэгсэл нь “ЖЗТТ” ХХК-ийн эзэмшлийн машин байсан. Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь манай компанид учирсан хохирлыг төлөх ёстой гэж нэхэмжилж байгаа. “ЖЗТТ” ХХК дараа нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Бидний хувьд компаниас нь нийт 58000000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна” гэж мэдүүсний дагуу гэм хорын хохирлыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглээгүй орхигдуулжээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш төлж барагдуулаагүй, төлж барагдуулах талаар ямарч санаачлага гаргаагүй, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эд хөрөнгийн хохирлыг шийдвэрлэсэн заалтыг өөрчлөх тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, Н.Энхтөр нарын “ял хөнгөрүүлэх, хохирол төлөх талаарх заалтыг өөрчлөх тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7 дахь заалтын “58000000 төгрөг” гэснийг “55000000 төгрөгийг” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ЖЗТТ” ХХК нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар гэм буруутай этгээд болох Б.М-с нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

4. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М-ын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоон/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Т.БЯМБАЖАВ