Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, нарийн бичгийн дарга Д.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаар магадлалтай, Б.М-д холбогдох 1929001910119 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, С овогт Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 98 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Жи Зэт Ти ТрейдХХК-аас 58.000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Энержи Ресурс” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.М-аас 61,658,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Жи Зэт Ти Трейд ХХК-д олгож,

Иргэний нэхэмжлэгч Б.Х нь шүүгдэгч Б.М-аас нэхэмжилсэн 2,212,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, Н.Энхтөр нарын “ял хөнгөрүүлэх, хохирол төлөх талаарх заалтыг өөрчлөх тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож,

Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7 дахь заалтын “58,000,000 төгрөг” гэснийг “55,000,000 төгрөгийг” гэж өөрчилж.

Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Жи Зэт Ти Трейд” ХХК нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар гэм буруутай этгээд болох Б.М-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М-ын цагдан хоригдсон 87 /наян долоон/ хоногийг ял эдпэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.М болон өмгөөлөгч миний зүгээс хэргийн үйл баримт болон прокуророос ялласан хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй бөгөөд гагцхүү анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.М-аас гаргуулахаар заасан 61,658,000 төгрөгийн хохирлын тухайд хяналтын журмаар гомдол гаргаж байгаа болно.

Хэрэг бүртгэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт гэрч н.С, Х.Л, Б.О, Б.Х, шүүгдэгч Б.М нарын мэдүүлэг болон “Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ” зэрэг нотлох баримтуудыг судалвал иргэний хариуцагч Б.Х нь “Жи Зэт Ти Трейд” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 80-29 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 115,760,447 төгрөгөөр түрээслэн авч Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэж эрээс болгоноос 1,000,000 төгрөгийг тухайн компанид төлөхөөр тохирсон бөгөөд гэрээнд заасны дагуу Б.Х 88,000,000 төгрөгийг тус компанид төлсөн ба 2019 оны 02 дугаар сарын 15- ны өдөр уг гэрээг шинэчилж тээврийн хэрэгслийн түрээсийн үлдэгдэл болох 27,252,000 төгрөгийг төлж барагдуулснаар уг тээврийн хэрэгсэл Б.Х-гийн нэр дээр хуулийн дагуу шилжих болзолтой гэрээ хийгдсэн. Харин иргэний хариуцагч Б.Х нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Жи Зэт Жи Трейд” ХХК-ийн менежер н.Ө гэх албан тушаалтнаас албан ёсоор чөлөө авч өөрийн гэр болох Өвөрхангай аймаг руу явсан бөгөөд энэ хугацаанд тухайн компанийн гүйцэтгэх захирал Б.О түүн рүү залгаж “ажил эхэлсэн байхад машинаа яагаад орхиж явж байгаа юм машинаа явуул” гэдэг шаардлага тавьсны дагуу Б.Х нь тус компанийн жолооч н.С руу залгаж “намайг очтол ганц нэг ачилт хийчих найдвартай жолооч байна уу гэсний дагуу н.С “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн эзэмшлийн 80-29 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг тус компанийн манаач ажилтай X.Лувсандагва гэх хүнээс авч, тээврийн хэрэгслийг уг компанийн хашаанаас Б.М, н.С хоёр нь авч явсан ба гүйцэтгэх захирал Б.О шаардлага тавьсны дагуу иргэний хариуцагч Б.Х нь дээрх тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх болсон бөгөөд ийнхүү бусдад шилжүүлэхдээ 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай “Жи Зэт Ти Трейд” ХХК болон Б.Х нарын хооронд хийсэн “Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээний 10 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас уг компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гуравдагч этгээдэд шилжсэний улмаас тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Гэтэл хоёр шатны шүүх гэмт хэргийн улмаас “Жи Зэт Ти Трейд” ХХК-д учирсан 61,658,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.М-аас гаргуулж уг компанид олгож шийдвэрлэхдээ хууль зүйн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтад огт дүгнэлт хийгээгүй. “Жи Зэт Ти Трейд” ХХК болон Б.Х нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ нь хуулбар байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй, давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээтэй холбоотой гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэрэгт хамаатуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь “Жи Зэт Ти Трейд” ХХК нь иргэний хариуцагч Б.Х-тай “Хүнд даацын автомашины түрээсийн гэрээ” байгуулсны үндсэн дээр иргэний хариуцагч Б.Х нь уг компанийн эзэмшлийн 80-29 УНР улсын дугаартай “Норд бенз” загварын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийж гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр болох ачаа тээвэрт явсан ирээс тутамд 1,000,000 төгрөг “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн дансанд шилждэг зэргээс үзэхэд Иргэний хуулийн 27 дугаар бүлэгт заасан Түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гэрч Б.О, иргэний хариуцагч Б.Х нарын мэдүүлгээр давхар нотлогдож байхад “Түрээсийн гэрээ хуулбар учир нотлох баримтын шаардлага хангахгүй, дээрх түрээсийн гэрээг эрүүгийн хэрэгт хамаатуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж тус тус дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилжээ. Гэтэл хавтас хэрэгт Б.Х-г иргэний хариуцагчаар татаж /1-р хх-ийн 237/ түүнийг иргэний хариуцагчаар байцаасан, /1-р хх-ийн 238-239/ иргэний хариуцагч Б.Х нь “Жи Зэт Ти Трейд” ХХК-тай байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай “Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээний 10 дугаар зүйлд заасныг зөрчиж уг компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад хууль бусаар шилжүүлсэн идэвхтэй үйлдэл байсаар байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүйгээс гадна иргэний хариуцагч Б.Х гэмт хэргийн улмаас “Жи Зэт Ти Трейд” ХХК-д учирсан хохирлыг бүрэн хариуцах хууль зүйн үндэслэлтэй байхад шүүгдэгч Б.М-аас дээрх хохирлыг гаргуулж иргэний хариуцагчийг хариуцлагаас хэрхэн ямар үндэслэлээр чөлөөлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заажээ. Нөгөөтээгүүр гэрч н.Содов болон шүүгдэгч Б.М нар нь тус компанийн хашаанаас 80-29 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч гарахад уг компанийн эд уөнгийг харж хамгаалах үүрэгтэй манаач н.Лзохих албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр тээврийн хэрэгслийн түлхүүрийг дур мэдэн өгч явуулсан, тус компанид оноос хойш тээврийн асуудал хариуцсан менежерээр ажиллаж байгаа иргэний хариуцагч н.Ө нь Тавантолгойгоос нүүрс тээвэрлэсэн автомашинуудад хяналт тавих үүрэгтэй бөгөөд дээрх ажил байдлын тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гуравдагч этгээдэд шилжих боломжийг олгосон байна.

Дээрх байдлуудаас үзэхэд иргэний нэхэмжлэгч хариуцагч “Жи Зэт Ти Трейд” ХХК  болон Б.Х нар нь хэн аль нь хариуцлага алдаж тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд шилжих боломжийг тус тус бий болгосон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас “Жи Зэт Ти Трейд” ХХК-д учирсан 61,658,000 төгрөгийн хохирлыг “Жи Зэт Ти Трейд” ХХК болон Б.Х нар нь тэргүүн ээлжинд хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилж шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимтай нийцэх юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тоггоол болон магадлалд өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас “Жи Зэт Ти Трейд” ХХК-д учирсан 61,658,000 төгрөгийн хохирлыг иргэний нэхэмжлэгч хариуцагч “Жи Зэт Ти Трейд” ХХК өөрөө хариуцах, эсхүл иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Хгаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Ахлах прокурор О.Мөнхбаатар хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх Б.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийн бодит байдал, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөгдөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас “Энержи ресурс” ХХК-д учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу автомашин эзэмшигч “Жи Зэт Ти Трейд” ХХК-иас, “Жи Зэт Ти Трейд” ХХК-д учирсан хохирлыг шүүгдэгч Б.М-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тодруулбал, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд шүүгдэгч Б.М-аас автомашин эзэмшигч “Жи Зэт Ти Трейд” ХХК-д учирсан хохирлыг гаргуулах, цаашид өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад нийцсэн шийдвэр гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Батжаргалын нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн Б.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр Ухаа уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 89 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 80-29 УНР улсын дугаартай “Жи Зи Ти Трейд” ХХК-ийн эзэмшлийн “Нордбенз” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7 а-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 82-48 ӨМӨ улсын дугаартай “Хово” загварын “Энержи Ресурс” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган дээрх тээврийн хэрэгслүүд шатаж, бусдад их хэмжээний буюу 116,658,000 төгрөгийн хохирол учруулж, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

 

Мөн давж заалдах шатны шүүхээс эд хөрөнгийн хохирлын нөхөн төлбөртэй холбоотой хэсгийг үнэн зөв тооцож бодитой дүгнэснээс гадна иргэний хариуцагч “Жи Зэт Ти Трейд” ХХК нь өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулсан нь хууль зүйд нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэрэг үйлдээгүй, сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж, оролцуулахаар хуульчилсан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Нордбенз” /Northbenz/ загварын 80-29 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч “Жи Зэт Ти Трейд” ХХК болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 129/ болон уг тээврийн хэрэгслийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажлын хуваарийг тодорхойлоход оролцож байсан байдал зэргээр тогтоогдсон байх тул тус компанийг иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд хэмээн анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтад “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул “Жи Зэт Ти Трейд” ХХК бусдад учирсан гэм хорын хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гадна хариуцан төлөх үүрэгтэй өөр этгээд мөн болно.

 

Хэдийгээр “Жи Зэт Ти Трейд” ХХК болон Б.Х нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай “Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ” байгуулсан боловч тодорхой төлбөрийг Б.Х төлж барагдуулах хүртэл энэ гэрээгээр өмчлөх эрх шилжихгүй талаар заасан болон тухайн тээврийн хэрэгслийн хувьд “Жи Зэт Ти Трейд” ХХК бодитойгоор өмчлөх эрхээ хэрэгжүүлж байсны дээр дурдсан нөхцөл байдлуудаар тогтоогдсон тул Б.Х нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтад хамаарах хохирол хариуцах этгээд биш байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн Б.Мын төлөх эд хөрөнгийн хохирлын хэсгийг иргэний хариуцагч, нэхэмжлэгч нараас гаргуулах агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг тэргүүн ээлжинд хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч Б.М-аас хохирлын зарим хэсэг буюу “Жи Зэт Ти Трейд” ХХК-д учирсан хохирол 61,658,000 төгрөгийг гаргуулж, “Энержи Ресурс” ХХК-д учирсан 55,000,000 төгрөгийг “Жи Зэт Ти Трейд” ХХК-иас тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд гаргуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд бүрэн нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                  Ч.ХОСБАЯР

              Б.ЦОГТ

              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН