Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогч П.Мөнхбаяр

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Халзан, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Өлзийдаваа, түүний өмгөөлөгч Б.Дамба

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Баатарын Мд холбогдох эрүүгийн 1929001910119 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 89 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 80-29 УНР улсын дугаартай “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Мөн дүрмийн 3.7а-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” Гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 82-48 ӨМӨ улсын дугаартай Хово маркийн “Энержи Ресурс” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган бусдад их хэмжээний буюу 116.658.000 төгрөгийн хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...2019 оны 6 сарын 2-ны өдөр Цагаан хадан дээр явж байхдаа таньдаг нэг ахтайгаа таарсан. Тухайн үед миний биржийн бичигний эрх дууссан учир машингүй байсан учир манай компанид нэг сул машин байгаа тэрийг чи аваад явах уу? гэхээр зөвшөөрсөн. Тэр хүнтэй хамт очиж машин аваад гарсан. Нэг удаа ачаа ачиж буулгасан. 2 дахь ачаагаа ачаад 2 сарын 5-ны өдөр 6 дээр ирж хоноод 2 сарын 6-ны өглөө хөдөлж 45 дахь км дээр ирэхэд нэг найзтайгаа таарсан. Тэр найз маань Цогтцэций ороод ирнэ гэхээр нь 1 том пиво захисан. Цэцийгээс 12 цаг өнгөрөөгөөд ирсэн. 1 том пиво авчирсан байсан. Түүнийгээ уугаад 2 цаг дөхүүлээд унтсан. Өглөө 4-5 цагийн үед босоод нөгөө жолоочоо дуудаад хөдөлсөн. 90 дэх км-т орох гэж байхад миний өмнө нэг машин зогссон учир би тормос гишгэсэн боловч бариагүй. Өмнөх машинаа харсан чинь нэлээн зайтай байсан учир дахин тормос гишгэхэд бариагүй. Араагаа салгаад хүндрүүлэх гэсэн боловч араандаа ороогүй. Гэрлээрээ дохиж гараараа дохиж анхааруулсан. Чиргүүлийн урд хэсгийг мөргөж замын хөвөө рүү орсон. Тэр машин өмнөөс эгцээрээ хүрээд ирсэн. Намайг босож ирэхэд гал асаад машинууд шатаж байсан. Нөгөө жолоочийн машины кабин нь бас шатаж байсан учир машины жижиг цонхоор нь ороод гайгүй юу? гаръя гэж хэлээд гараас нь татсан чинь хөл эвгүй болчихлоо гэж хэлсэн. Зогссон машины жолоочийг дуудах гэж эргээд гүйтэл хөдлөөд явсан байсан. Арын машиныг зогсоох гэсэн боловч зогсоогүй. Буцаж очиж машины жижиг цонхоор ороод суудлыг нь арагш нь түлхэж зай гаргаж байгаад хөлийг нь сугалж авсан. Дараа нь 90 дэх км дээр очоод цагдаа дуудаарай гэж хэлээд тэндээс 2 том галын хор аваад буцаж машин машин дээр ирээд галын хор цацсан. Галын машин ирсэн. Дараа нь цагдаа, Говийн зам ирсэн. Намайг өглөө босоход архи бүрэн гарсан байсан. Болсон үйл явдлыг бүрэн санаж байгаа. Миний буруутай үйлдлээс болж ийм хэрэг гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа ...” гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-29-р хуудас/

Хохирогч П.Мөнхбаярын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 08 цаг 20 минутын үед Гашуун Сухайт автозамын 90 дэх км-т манай Энержи Ресурс компанийн 82-48 улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн 80-29 УНР улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж мөргөсний улмаас гал гарч машин шатсан осол гарсан гэж диспичер Энхжаргал тээврийн ахлах Сандагсүрэн хоёр мэдээлэл өгсөн тэгээд аврах баг гаргаад хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилчдын хамт осол гарсан газар 10 цагийн орчимд очиход машин бүрэн шатаж дуусч байсан. Тэгээд шууд жолооч Чүлтэмсүрэнгийн биеийн байдлыг асуусан харагдах байдал нь духнаас цус гарсан, хөл нь доголсон байдалтай байсан. Нөгөө машины жолооч архи уусан бололтой архи үнэртэж байсан. Мөргөсөн жолоочоос “яагаад ийм юм болчихов” гэж асуухад “тоормос бариагүй” гэж байсан ба байгууллагаа мэдэхгүй ирж байгаа гэж хэлсэн“ гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 43-р хуудас/

Иргэний хариуцагч Д.Өлзийдаваагийн өгсөн: “Одоогоор ослоос үүсэн гарсан хохирол төлөөгүй байгаа. Манай компани уг 80-28 УНР улсын дугаартай автомашиныг түрээслэгч Б.Халзан гэдэг хүнд гэрээ байгуулан хүлээлгэж өгсөн. Б.Халзан гэдэг хүн өөрөө дур мэдэн уг автомашиныг бусдад шилжүүлсэн байна. Үүнээс болж уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Б.Халзан гэдэг хүнтэй байгуулсан түрээсийн гэрээг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Тиймээс манай компани одоогоор хохирол нөхөн төлөх боломжгүй гэсэн байр суурьтай байна. Би осол болсоны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө жолооч Б.Мд автомашин компанид мэдэгдэлгүй дураараа жолоо шилжүүлсэн  талаар хэлсэн.“ гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 58-р хуудас/

Хохирогч Ц.Чүлтэмсүрэнгийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өглөөний 08 цагийн орчимд нүүрс тээврийн автозамын 89-90 дэх км-т 82-48 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод явж байтал 80-29 УНР улсын дугаартай Нордбенз маркийн машин урсгал сөрж ирж мөргөж зам тээврийн осол гаргаж хөнгөн гэмтэл авсан“ гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 64-р хуудас/

Гэрч Б.Халзангийн өгсөн: “...Тэгэхээр нь Өвөрхангай аймгаас 12 цагийн орчимд шууд осол болсон газарлуу гарсан. Шөнийн 02 цагийн орчимд осол болсон газар ирэхэд миний машин танигдах юмгүй эвдэрхий чиргүүл байсан. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр осол болсон газраас машинаа зөөж журмын хашаанд аваачиж хийсэн.“ гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 69-р хуудас/

Гэрч Д.Содовоогийн өгсөн: “...Тэгээд машинаа янзалчихаад Мтай цуг 16 цаг өнгөрч байхад хойшоо 23 дахь км-т байрладаг Жи Зэт Трейд ХХК-ийн кемплүү явсан. Миний машинтай тэгээд 21-22 цагийн орчим Очмон кемп дээр очоод харуул хийж байсан Луяа гээд хүнээс Халзангийн 80-29 УНР улсын дугаартай 95-24 БЧ улсын дугаартай чиргүүлтэй Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад асааж өгөөд Мд өгсөн. Тэгээд бид хоёр цуг уурхай явсан. ...Тэгээд өглөө утсаа асаагаад хартал Халзан, “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн Өлзийдаваа залгасан байсан. Тэгээд би буцаагаад Халзан луу залгатал “миний машин мөргөлдөж шатсан байна гээд тийм юм дуулдаад байна та очоод үзээдэхээч” гэсэн. Тэгэхээр нь Өлзийдаваатай яриад зам дээрээс такси аваад шууд бид хоёр осол гарсан газар ирсэн. Очиход гал командын машин ирцэн унтраагаад дуусцан цагдаа ирцэн байсан.“ гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 72-р хуудас/

Гэрч М.Мөнхбаатарын өгсөн: “...тэгээд унтаж байтал М дуудаад “эртхэн явъя” гээд машины хаалга онгойлгосон тэгээд өндийгөөд хартал гэгээ орцон байсан. Тэгээд тэндээс би түрүүлээд хөдөлсөн араас М хөдөлсөн 57 дахь км өнгөрөөд явж байтал миний хажуугаар М гүйцэж түрүүлээд гарсан. Тэгээд 70 дахь км орчим өгсүүр дээр би хажуугаар нь түрүүлж гарсан. Тэгээд утсаар залгаад “яагаад авахгүй байгаа юм бэ” гэсэн чинь “халаад явахгүй байна” гэсэн. Тэгээд л өөр юм ярилгүй би цаашаа явсан. Тэгээд 90 дэх км дээр очоод бууж бие засчихаад эргээд харсан чинь хойно аваар гарсан утаа гарч байсан. Тэгээд харсан чинь Энержийн машин байсан “гайгүй зөөлөн явж байсан яадаг юм болдоо” гэж бодоод л машиндаа суух гээд алхаж байтал хойноос нэг хүн алхаад ирж байсан. Тэгээд “ямар хүн алхдаг юм болдоо” гээд ажиглаад байсан чинь М байсан. Тэгээд би урдаас нь гүйж очоод “яасан бэ, юу болов” гэсэн чинь “баларлаа шоронд явахаар болчихлоо, дуудлага өгөөдөх” гэсэн. Тэгээд дуудлага өгөх гээд утасны дугаар хайгаад сэлбэгийн дэлгүүр лүү ороод асуусан. Тэгээд Өмнөговь аймгийн Цагдаагийн утасны дугаар олоод залгасан тэгээд намайг өгөх гэсээр байтал Гашуун Сухайт автозамын хөдөлгөөнт эргүүл дуудлага өгсөн байсан“ гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 76-р хуудас/,

Гэрч Б.Халзангийн өгсөн: “...Тэгэхээр нь Өвөрхангай аймгаас 12 цагийн орчимд шууд осол болсон газарлуу гарсан. Шөнийн 02 цагийн орчимд осол болсон газар ирэхэд миний машин танигдах юмгүй эвдэрхий чиргүүл байсан. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр осол болсон газраас машинаа зөөж журмын хашаанд аваачиж хийсэн.“ гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 69-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7331 дугаартай:

  1. “Ц.Чүлтэмсүрэнгийн биед тахилзуур ясны толгой хэсгийн хэмт эдийн хаван,

зүүн дээд доод зовхи, баруун гуянд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 87-р хуудас/

Вендо ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 25948, 25949 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 94-95-р хуудас/,

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/01а дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 98-102-р хуудас/,

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 34-р хуудас/,

Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай: “Нордбенз маркийн 80-29 УНР /чиргүүлийн дугаар 95-24 БЧ/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Мөн дүрмийн 3.7а-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 104-105-р хуудас/

Яллагдагч Б.Мын мэдүүлэг /1-р хх-ийн 116-р хуудас/

Шүүгдэгч Б.Мын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 127-р хуудас/

Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 118-120-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 89 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 80-29 УНР улсын дугаартай “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Мөн дүрмийн 3.7а-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” зөрчсөн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Ц.Чүлтэмсүрэнгийн бие хөнгөн гэмтэл учруулсан нь гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хүний эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон үйл баримт нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд дээрх болгоомжгүй үйлдэл, хүний амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Шүүгдэгч Б.М нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Шүүхээс шүүгдэгч Б.М  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Мөн дүрмийн 3.7а-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Ц.Чүлтэмсүрэнгийн биед хүнд хөнгөн гэмтэл, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.1, 2.4-т хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол гарахад тухайн өдрийн цаг агаарын байдал, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Жи Зэт Ти Трейд” ХХК-с 55.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Энержи ресурс” ХХК-д олгуулж шийдвэрлэх  үндэслэлтэй байна. Учир нь тухайн зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Жи Зэт Ти Трейд” ХХК болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 449.1-д зааснаар Энержи ресурс компани нь  өөрт учирсан хохиролыг тухайн автомашины эзэмшигч Жи Зэт Ти Трейд ХХК-аас нэхэмжлэх эрхтэй байна.  Харин “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн иргэний нэхэмжлэгч Б.Халзангаас нэхэмжилсэн 61.658.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгох , “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн Б.Халзантай байгуулсан түрээсийн гэрээтэй холбоотой шаардлага гаргаж байгааг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

- Улсын яллагчаас Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

 - Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулах гэсэн дүгнэлтийг

- шүүгдэгч Б.М нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан ялын доод хэмжээгээр  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” зааснаар шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс нэмэгдэл ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдах нь зүйтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Баатарын Мыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын  жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Жи Зэт Ти Трейд” ХХК-аас 55 000 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Энержи Ресурс” ХХК-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Жи Зэт Ти Трейд” ХХК-нь иргэний хариуцагч Б.Халзангаас нэхэмжилсэн 61.658.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний нэхэмжлэгч Б.Халзан нь шүүгдэгч Б.Маас нэхэмжилсэн 2.212.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж  энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслах  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА