Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2019/00490/И |
Дугаар | 102/ШШ2019/02610 |
Огноо | 2019-10-03 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2019/02610
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... нэхэмжлэлтэй,
Хариуцагч:... ХХК-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ... ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., Н.... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т....ыг төлөөлөн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Т.... 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ... ХХК-д туршилтын 2 сарын хугацаатайгаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр ажилд орсон. Туршилтын хугацаанд ажил үүргээ зохих хууль дүрмийн дагуу сайн гүйцэтгэж, туршилтын хугацаа дууссан ч ажил олгогч талаас дуусгах талаар амаар болон бичгээр мэдэгдээгүй учир хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан, жинхэлсэн гэж ойлгож ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 20/10 ээлжтэйгээр ажиллаж байгаад, 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 14/7 ээлжид шилжин ажиллаж, 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж дуусаад, ээлжээ хүлээлгэж өгчихөөд Улаанбаата хотод 7 хоног гэртээ амраад 12 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа явах гэтэл компанийн хүний нөөцийн мэргэжилтэн ... таныг дахин ажиллуулахгүй, ажлаас халсан гэж утсаар мэдэгдсэн. Ажлаас халагдах тушаалаа авъя гэхэд 12 дугаар сарын 27-нд ирж аваарай гэсэн. Тэр өдөр нь очиход тушаал гараагүй, гарахаар нь хэлнэ гэсэн боловч дуудахгүй байсан. 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэн дээр дахин очиж тушаалаа авах гэтэл ажлаас халах тушаал гарахгүй, тантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байсныг цуцалсан гэж хэлсэн. Тэр гэрээнийх нь хувийг авмаар байна гэхэд та энэ гэрээнд нөхөж гарын үсэг зур, тэгэхгүй бол танд гэрээний хувь өгөхгүй гэсэн. Гэрээний нэг хувиа авахын тулд Хөлсөөр ажиллах гэрээ гэсэн нэртэй гэрээнд нөхөж хэд хэдэн хэсэгт гарын үсэг зураад, нийгмийн даатгалын дэвтрийн хамт авсан.
... ХХК нь Т....той байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, хөдөлмөрийн харилцааг хөлсөөр ажиллах гэрээ нэрээр халхавчлан, уг гэрээг цуцалсан хэмээн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Уг ажлын байр нь байнгын, ээлжийн хуваариар ажилладаг, тасралтгүй үргэлжилдэг, одоо ч байгаа ба, ээлжийн ажилтнууд ажиллаж байгаа. ... ХХК нь хэлбэрийн хувьд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, түүнийг цуцалсан гэж хэлсэн ч, Т.... дээрх хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж, сар бүр цалин хөлсөө авч, ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байсан учир хөдөлмөрийн харилцаа байсан гэж үзэхээр байна. 2018.12.21-ний өдөр Т....ыг ажлаас халсан гэх шийдвэрийг амаар мэдэгдсэн, Нийгмийн даатгалын дэвтэр 2018.12.22-ны өдөр гэрээ цуцалсан гэсэн бичилт хийсэн. Ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа ойлгоогүй, гэтэл нөхөж зуруулсан гэрээндээ Т....ыг ажлын гүйцэтгэл нь сарын төлөвлөгөөнд 2 удаа хүрээгүй гэх үндэслэлийг бичсэн байсан. Сарын ажлын төлөвлөгөөг үнэлэх, дүгнэх талаар анх ажилд ороход танилцуулаагүй, 7 сар ажиллахад ингэж, тэгэж үнэллээ гэж хэлж байгаагүй. Иймд Т....ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ... ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Хариуцагч байгууллага нь ажилтны сарын ажлын үзүүлэлтийг дүгнэдэггүй. Ээлж буухдаа хэд хоног ажилласныг тооцож санхүүд л өгдөг байсан. Ажилтнуудад аюулгүй ажиллагааны заавар өгч, хувцас хэрэглэл өмссөн хүнийг ажилд гаргадаг үүрэгтэй ажиллаж байсан. ... ХХК нь өөрсдөө ажилчдад нормын хувцас өгдөггүй. Тэгээд нормын хувцасгүй ажилд гаргасан гэж нэхэмжлэгчид арга хэмжээ авсан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн бол ажилтан, карьерийн аюулгүй ажиллагаатай холбоотой таних тэмдэг тавих үүрэгтэй ажилладаг. Уулын мастерыг тэмцээнд явуулснаас болж ахлах уулын мастерыг орлож үлдсэн. Т.... болон дампын инженер нар мэдээгүйгээс болж цахилгааны утас тасалсан асуудал гарсан. Тухайн үедээ арга хэмжээ авахуулсан. Ажил олгогчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж байгаа ч байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан байгаа. Т.... хөдөлмөрийн гэрээний харилцаанд оролцож байсан гэдгээ удаа дараа илэрхийлдэг. Ийм ч учраас би энэ компанид ажилд орсон гэж хэлдэг. Хариуцагч хөлсөөр ажиллах гэрээ гэж байгаа боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.6 болон 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эрүүл мэндийн сайдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах тушаалд зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажиллуулах нь Монгол улсад нийтээр дагаж мөрдөх байнгын ажлын байр гэж байгаа.
Ижил төрлийн ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүстэй байгуулсан гэрээг өөр өөрөөр байгуулсан нь ялгавартай хандаж байна гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн гэрээний ялгагдах онцлог нь байнгын үргэлжилсэн шинжтэй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтмол, нэг ижил түвшинд хэрэгжүүлдэг. Хөлсөөр ажиллах гэрээ бол ажил олгогчоос ямар нэг хэмжээгээр хараат бус ажиллаж, захирах захирагдах харьцаа ямар байсан бэ гэдгээрээ ялгаатай. Тасралтгүй ээлжиндээ гараад, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байсан. Хөлсөөр ажиллаж байсан бол тодорхой нэг ажлыг тодорхой цагт хийгээд дуусах байсан. Байнгын ажлын байран дээр ялгавартайгаар гэрээ байгуулан, 3 ээлжээр очоод 12/12 цагаар тулж ажиллаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн шаардлагыг нэхэмжлэгч удирдлагууддаа тавьснаас болж ажлаас халагдсан гэж үздэг. Т....ын зүгээс үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн дааьгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг шүүхэд гаргаж байгаа. Ажилгүй байсан хугацааг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцоход 2019 оны 10 сарын 03-ны өдөр хүртэл 193 хоног байгаа. Хууль, журмаараа ч тэр норм тогтоогоод өгсөн эрсдлийн түвшин өндөртэй ажилд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний бүтэцтэй байдаг. Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар хариуцагч тал тайлбарлаж байна. Гэвч анх 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсанаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Улмаар 2 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлээ дахин гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан гэж үзэж байна. Эрсдэлийн түвшин өндөртэй ажилд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн ажиллана гэж заасан. Ачаалал нэмэгдвэл нэмж ажлын байр гаргаж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн авдаг гэж хэлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний хуулиар тогтоосон чиг үүргийг биелүүлдэг. Нэг зүйлийг бий болгодог ажил биш. Тасралтгүй хяналт тавьж, ажил хийдэг. Төрлийн шинжээр тодорхойлогдохгүй. Ачаалал ихэссэн үед нэмэлт хүч авдаг гэвэл дампын оператар авдаг ч юм уу, тодорхой ажлын бүтээмж гаргаж байгаа хэсэгтээ нэмж хүн авдаг байх. Тэнд уурхай 24 цагаар ажиллаж байгаа л бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн байна л гэсэн үг. Нэгэнтэй нь хөлсөөр ажиллах, нэгэнтэй нь хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.
Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Н....ын хамт гаргасан тайлбартаа:
Т.... нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр туршилтын 2 сарын хугацаатай Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр ажилд орсон гэх нь үндэслэлгүй. Учир нь манай компани Т....той анхнаасаа Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, ямар нэг тушаал, шийдвэр гаргаагүй байдаг. Анх 2 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байдаг. Гэрээг сунгаад ажиллах явцад Т....ын хариуцсан ээлжинд 2 удаа дараалан Хөдөлмөр аюулгүй байдлын зөрчил гарсан ба, энэ нь тухайн хүн өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 367.2, талуудын байгуулсан 146 тоот Хөлсөөр ажиллах гэрээний 5.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн гэрээг цуцалсан байдаг. Иргэний хуульд хөлсөөр ажиллах гэрээ байгуулах нөхцлийг хязгаарлаагүй. Мөн Т....ын ажлын байр өөрөө байнгын ажлын байр гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа ч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, ахлах мэргэжилтэн, инженер гэсэн бүтэц байдаг. Байнгын орон тоо байгаа юу гэвэл байгаа. Улирлын чанартай ажиллах хүчнийг хөлсөөр авч ажиллуулна гэж дотоод журамд заасан.
Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь заалтад заасны дагуу 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэртэй танилцаж мэдчихээд 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн байнгын орон тоо мөн үү? мөн. Энэ чиглэлээр хэлтэс, нэгж ажилладаг. Шаардлагатай тохиолдолд нэмж хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хүн авч болно. 1 сар ажиллах байхад 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь нийцэхгүй. Хууль өөрөө энэ нөхцөл байдлыг ялгах үүднээс хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ гэж байгаа. Анх ажилд ороход нь хөлсөөр ажиллах гэрээ шүү, 2 сар ажиллана шүү гэдгийг тайлбарлаж өгсөн. Хүүхэд биш, насанд хүрсэн хүн шүү дээ. ...с ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь өөрөө гуравдагч этгээдийн уурхай. Гэрээний дагуу хийж байгаа ажлын объем тодорхой боловч эзэмшдэг компани нь сарынхаа төлөвлөгөө, бүтээгдэхүүн экспортлож байгаа зах зээлийн эрэлтээс шалтгаалж ажлын объемийг нэмж, хасдаг. Урт хугацааны өмнөөс биш тухайн үедээ засаад явдаг. Үүнтэй холбоотой орон тоо нэмдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэнээс гадна операторууд гээд хүмүүс тухайн хугацаандаа ажиллаад, ажлын ачаалал буурсан тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдаад явдаг. Байнгын орон тоо мөн гэдгийг зөвшөөрч байна. Байлгаж байгаа. Гэхдээ шаардлагатай тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээгээр хүн авч ажиллуулна гэж байгаа. Нэг сар ажиллах хүнтэй байнгын ажлын байрны гэрээ байгуулахгүй. Орон тоо нь байнгын болон байнгын бус гэдэг дээр маргаан байхгүй. Хөлсөөр ажиллах гэрээг ажил олгогч цуцлах боломжтой. Хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй. Шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцоогүй тул энэ гэрээ хүчин төгөлдөр, энэ гэрээний хүрээнд асуудал яригдана. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан, байнгын орон тоон дээр ажилласан гэдэг боловч нотолсон баримт хэрэгт байхгүй. Ажилд орох болон гарахад нь тушаал гараагүй нь хөлсөөр ажилласан гэдэг нь тодорхой байна. Хөлсөөр ажиллагчийн ажлын гүйцэтгэл хангалтагүй буюу Иргэний хуулийн 367.2 дахь заалтыг үндэслэж гэрээг цуцалсан байгаа. Хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд маргааныг шийдвэрлэж өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Т....той хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь цуцлагдсан ба, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн... гэх тайлбарыг гаргаж маргасан.
Т.... болон ... ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №146 тоот Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулан, гэрээ байгуулагдсан өдрөөс Т.... нь ... ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр 20/10 ээлжтэйгээр ажиллаж эхлэн, улмаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан болох нь зохигчдын тайлбар, гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилчдын цагийн бүртгэл, ... ХХК-ийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх 4-7, 2-р хх 95-213/
Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд хариуцагч байгууллагад ажилласан болон, тухайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн гэх ажлын байр нь байнгын орон тоо мөн талаар, түүнчлэн, Т....ыг уг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Харин талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол, хариуцагч тал үүнийг няцааж, тэдний хооронд Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх тайлбар татгалзлыг гарган мэтгэлцлээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээнд ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээхээр хуульчилсан байна.
Харин Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг Нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэжээ.
Талууд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг Хөлсөөр ажиллах гэрээ гэж нэрлэсэн боловч, гэрээний нэрийг талууд юу гэж нэрлэснээс үл хамааран, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний агуулгатай харьцуулах замаар тодорхойлох боломжтой бөгөөд, ийнхүү харьцуулан үзвэл талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Учир нь, маргаан бүхий гэрээний үндсэн нөхцлийг 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар тодорхойлохдоо: Хөлсөөр ажиллагч нь ажиллуулагчийн санал болгосон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийг гүйцэтгэн, Өмнөговь аймагт байрлах нүүрсний ордод 20/10 ээлжтэйгээр ажиллах бөгөөд, уг ажлын үр дүнд тохирсон хөлсийг ажиллуулагч төлнө гэж заасан нь хөдөлмөрийн гэрээний шинж болох захирах, захирагдах зарчмаар ажиллах шинжийг агуулж, хүчин төгөлдөр гэрээг ажиллагч ноцтой зөрчил гаргасан тохиолдолд нэг талын буюу ажиллуулагчийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах эрхтэй байхаар Гэрээний 2.4-т заасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахаар тусгагджээ.
Түүнчлэн, хариуцагчийн зүгээс маргаан бүхий гэрээний 5.3.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцалсан гэх боловч, уг заалтад Хөлсөөр ажиллагчийн ажлын гүйцэтгэл нь сарын төлөвлөгөөнд 2 удаа хүрээгүй бол ноцтой зөрчилд тооцон, ажиллуулагчийн санаачилгаар гэрээг дуусгавар болгохоор тусгасан бөгөөд, нэхэмжлэгч Т....ын ажлын гүйцэтгэл сарын ямар төлөвлөгөөнд хүрээгүй болох нь тодорхой баримтаар нотлогдохгүй, нэг сард чухам ямар төлөвлөгөө гаргаж, түүнийг хэрхэн биелүүлэх талаар гэрээнд тусгаагүйн зэрэгцээ, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэдийгээр хэрэгт хариуцагч талаас ХАБЭА ажилтан Т....ын замын хөдөлгөөний дүрэм, Алтан дүрэм зөрчсөнтэй холбоотой Зөрчлийн хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ослын судалгааны тайлан зэргийг нотлох баримтаар гаргасан боловч эдгээр баримтуудаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй, тэдгээр нь ажлын байранд ажилтны гаргасан Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зэргийг зөрчсөн зөрчил гэж ажил олгогчийн зүгээс үзсэн байх боломжтой юм.
Хариуцагч тал Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт Ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана гэж заасныг үндэслэн гэрээг цуцалсан хэмээн тайлбарласан.
Хөлсөөр ажиллах гэрээний зүйл бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болохоор Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд, хариуцагч ... ХХК нь дотоод журмаараа өөрсдийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг хэдийд, ямар үндэслэлээр байгуулах талаар тусгасны дагуу тус компанийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 18/168 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээний дагуу авч ажиллуулах ажлын байрны орон тоог баталж, уг тушаалын Хавсралт 1-ийн 14 дүгээрт Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний нийт орон тоо 3, үүнээс байнгын орон тоо 2, хөлсөөр ажиллуулах тоо 1 байхаар тусгасан байна. /1-р хх 51-52/
Гэтэл Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд, энэхүү дотоод журам, түүнийг үндэслэсэн ажил олгогчийн шийдвэр нь Хөлсөөр ажиллах гэрээний харилцааг үүсгэх үндэслэл болохгүй.
Хэрэв хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч Т....ыг Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бол Т....той тодорхой ажлыг хэрхэн гүйцэтгэхээр тохиролцсон болох нь гэрээнд тусгагдах шаардлагатай. Гэвч энэ талаар гэрээнд тусгаагүйн зэрэгцээ, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн ямар үүргийг гүйцэтгээгүй, мөн гэрээнд харш ямар үйл ажиллагаа явуулсан талаар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Т.... болон ... ХХК-ийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Ажил олгогч ... ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон ажилтан Т....той байгуулсан гэрээг цуцалсан, үүнийг бичгээр гаргаагүй боловч ажилтанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэж, улмаар ажилтан Т.... нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч дахин 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авсан байна. /1-р хх-2, 8/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарыг гаргаж маргасан.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар Т.... нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргаснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн хуулийн 79.2, 79.7 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд, нэхэмжлэгч 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр дахин шинээр нэхэмжлэл гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
...с ХХК нь Т....ыг маргаан бүхий гэрээний 5.3.2 дахь хэсэгт заасан ноцтой зөрчлийг давтан гаргасны улмаас гэрээг цуцалсан ба, уг зөрчил нь: Хөлсөөр ажиллагчийн ажлын гүйцэтгэл нь сарын төлөвлөгөөнд 2 удаа хүрээгүй хэмээн гэрээнд тусгасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно... гэж хуульчилжээ.
Ажил олгогч ... ХХК нь дээрх хуулийн зохицуулалтаас ажилтан Т....ыг ноцтой зөрчил давтан гаргасан буюу, түүний ...хариуцсан ээлжинд 2 удаа дараалан Хөдөлмөр аюулгүй байдлын зөрчил гарсан нь Т.... өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн гэх тайлбарыг гарган, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 45 минут болон, мөн өдрийн 10 цаг 15 минутад бичигдсэн гэх Зөрчил бүртгэх хуудас, хариуцагч байгууллагын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Захиргааны хурлын тэмдэглэл, ажилтны Тойрох хуудас, ... ХХК-ийн ажилтан Э...., Ц...., С.Д..., Ц.... нарын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдар бичсэн Мэдээллэх хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн М....ын Мэдээллэх хуудас зэргийг нотлох баримтаар гаргасан. /1-р хх 19-23, 53, 54, 63/
... ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Захиргааны хурлаар ...ХАБЭА ахлах мэргэжилтэн Т.... уулын ажилд оролцож Дамп 45, 36-н жолооч нарт паркийн талбайн замаар салаад буулга гэж зааварчилгаа өгсөн... зөрчил гаргасан учир түүний 11 дүгээр сарын урамшуулалт цалинг 100 хувь хасахаар шийдвэрлэсэн байх боловч, үүнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцлахдаа өөр үндэслэлээр буюу ажлын гүйцэтгэл нь сарын төлөвлөгөөнд хоёр удаа хүрээгүй нь гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил давтан гаргасан гэж үзэн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчиж гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Т....ыг ... ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, уг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. /1-р хх-54/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн А-д заасны дагуу Т....ын дундаж цалин хөлсийг дараах байдлаар тооцов.
Тодруулбал: Т....ын Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 4,850,000 төгрөгөөс тооцон, нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг 1,616,667 төгрөг, нэг өдрийн дундаж цалинг тооцохдоо нэхэмжлэгчийн 20/10 ээлжээр ажиллаж байсныг үндэслэн нэг сард 20 хоног ажиллахаар тооцоолсноор 80,833 төгрөг /1,616,667:20 хоног/ болж байх тул 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 183 хоногийн хугацааны цалинтай тэнцэх 14,792,439 төгрөгийг хариуцагч ... ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Т....т олгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул ажил олгогчоор Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу Т....ын ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг маргаанд хамаарах тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 99,940 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 231,912 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т....ыг ... ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,792,439 /арван дөрвөн сая долоон зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т....т олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т....ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний 21904200314373 нэхэмжлэхийн дагуу төлсөн 99,940 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан Т....т олгож, хариуцагч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 231,912 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА