Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/02514

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...д холбогдох,

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 163,883,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., өмгөөлөгч Г...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.... нь Л.....д 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 25,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 35,500,000 төгрөг, 15,000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 32,500,000 төгрөг, 15,000 ам.долларыг хүүгийн хамтаар нийтдээ 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг тус тус зээлдүүлсэн. Удаа дараа итгэл хүлээлгэн зээлдүүлсэн мөнгөө өгөөгүй тул шаардлага тавьсны дагуу 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г хариуцагч Л.....тай байгуулж, тус гэрээгээр Л..... нь 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг 2016 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаа баталж, тухайн гэрээг нотариатаар баталгаажуулсан байдаг. Гэтэл Л..... нь удаа дараа шалтаг заан хойшлуулсаар өдий болтол төлбөр хохирлыг огтхон ч барагдуулаагүй. Иймд Л.....аас Төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөр 90,000,000 төгрөг, 30,000 ам.доллар буюу нийт 163,883,400 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Л..... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч Б....тай нэг байгууллагад хамт ажилладаг бөгөөд, нөхрийнхөө ажлыг дэмжих зорилгоор Б....тай аман тохиролцоо хийж 2013 онд 28,277,000 төгрөг, 2014 онд 27,620,000 төгрөг, 2015 онд 9,340,000 төгрөг, нийтдээ 65,237,000 төгрөгийн зээл авсан болох нь миний Хаан банкны дансны хуулгаар нотлогддог. Б.... өөрийн зээлдүүлж байгаа мөнгөнд сар бүр 8 хувийн хүү төлөх ёстой гэсний дагуу би түүний данс руу хүүний төлбөрийг шилжүүлж байсан. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг шилжүүлсэн болохыг нарийн хэлж мэдэхгүй байна. Мөн намайг 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуудан ирүүлж Төлбөр барагдуулах гэрээ гэх гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Бидний хооронд байгуулсан уг гэрээ нь талуудын хооронд зээлсэн мөнгийг нэгтгэн дүгнэж үндсэн төлбөр, хүүний хамтаар багцалсан, тооцоолол алдаж байгуулсан зээлийн гэрээний үргэлжлэл, дагалдах гэрээ юм. Би энэ гэрээний дагуу нэхэмжилсэн 168,883,400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Л..... нь мөнгөний хэрэгцээ гарсан тул 2013 оноос эхлэн бага багаар зээлийн гэрээгүйгээр мөнгө зээлж, эргүүлэн төлсөөр ирсэн. Зээлсэн мөнгөндөө зээлийн хүү гэж 8 хувийн хүү төлж, ам.долларт 6 хувийн хүү төлөхөөр тохиролцож маш их хэмжээний мөнгө төлсөн. Төлсөн төлбөр нь үндсэн зээлийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөр байсан. Гэтэл Б.... нь үндсэн төлбөрөө төлөх гэрээ хэлцэл хийхийг шаардсаны дагуу 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ гэх гэрээг байгуулж, 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлсэн 25,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн 32,500,000 төгрөг 15,000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлсэн 32,500,000 төгрөг 15,000 ам.долларын зээлийн хүүгийн хамт нийт 90,000,000 төгрөг, 30,000 ам.доллар төлж барагдуулахаар тохиролцов хэмээн тохиролцож байгуулсан. Гэтэл үнэн хэрэг дээрээ Б....аас зээлсэн төлбөрийг Л..... бүрэн барагдуулсан болох нь Л.....ын болон Б....ын дансны хуулгаар нотлогддог бөгөөд, дээрх Төлбөр барагдуулах гэрээ нь ноцтой төөрөгдөж байгуулсан хэлцэл хэмээн үзэж байна. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1 дэх хэсэгт зааснаар Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон, өмгөөлөгч Г....ын хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Л..... нь анхнаасаа шүүхийн хэлэлцүүлэг болон хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ зээлийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон болохоо илэрхийлсээр байгаа. Гэтэл авсан мөнгөө бүгдийг төлж барагдуулсан мэтээр хариу тайлбар гаргадаг нь тэрээр үндсэн зээл, эсхүл хүүгийн алиныг төлж байсан гэдгийг тусгайлан ялгах боломжгүй бөгөөд, энэ нь өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа нэг нотолгоо юм. Мөн Л.....ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэргэсэн сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 58.2.1 дэх заалтыг үндэслэн хэлцлийг төөрөгдөж байгуулсан мэтээр тайлбарласан байна. Хариуцагч талын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ... ХХК дээр хийсэн шүүхийн үзлэгээр Л..... болон Б.... нарын хоорондын ... ХХК-ийн дотоод сүлжээгээр харилцсан чатыг бүрэн судалж үзэхэд Л..... нь хийж буй хэлцлийн агуулга, үр дагавар зэргийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байсан нь тодорхой харагддаг. Мөн хэрэгт авагдсан нотариатч Б.Бадамхандын хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, түүний баталсан баримтуудын хуулбар зэргээс Л..... нь хэлцлийг бүрэн ойлгож байсан, үр дүнг нь хүртэл хүлээн зөвшөөрч байсан нь тодорхой харагддаг. Иймд үндэслэлгүй гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь төлбөр барагдуулах гэрээний үүргийг биелүүлэх талаар үүссэн. Өгсөн мөнгөө нотолсонгүй гээд байна. Ийм мөнгө зээлсэн, ийм мөнгө төлсөн, ийм хүү үлдсэн гээд гэрээ хийсэн байгаа. Хариуцагчийн хүсээд байгаа зүйл нь нийт Б....аас 30 удаа жижиг сажиг мөнгө зээлсэн, түүний баримтыг хүсээд байна. Иргэд хооронд тийм зүйл байхгүй. Зээлийн гэрээг нөхөж байгуулж болохгүй гэсэн зүйл байхгүй. Мөнгө зээлсэн. Төлбөр барагдуулах гэрээний үүргийг биелүүл л гэж шаардаж байгаа. Төөрөгдсөн гэх зүйл байхгүй юм. 18 нас хүрээгүй, эсхүл хөгшин хүн байгаа биш. Нас биед хүрсэн хүмүүс нэг нь аваад, нэг нь өгөөд явж байсан харилцаагаа мөнгө нь ихсээд ирэхээр ноцтой төөрөгдсөн гэж болохгүй. Ноцтой төөрөгдөөд байсан бол өөрөө яагаад зээлээ дүгнээд төлбөр барагдуулах гэрээ хийгээд цэг тавьчихсан юм бэ? Энд төөрөгдөл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар хоорондоо харилцсан чат-ыг нь үзлэг хийгээд баримтжуулсан. Үзлэгээр нэхэмжлэл гаргахаас өмнө нэхэмжлэлийн үнийн дүнгээс 10,000,000 төгрөг дутуу байсан байна. Үүнийг хэлэхэд ...ок надад бас тооцоо байгаа... гэсэн байна. Үүнийгээ нотариатаар батлуулаад нотариатаа гэрчээр асуусан. Тиймээс үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэний хуульд бодитой мөнгө шилжүүлсэн байхыг шаардана. 73,000,000 төгрөг өгсөн юм байна. Бид нар буцаагаад 69,000,000 төгрөг өгсөн. 4,000,000 төгрөгийн зөрүүтэй харилцаа үүсээд, тэрийг хангахад татгалзах зүйлгүй. 90,000,000 төгрөг, 30,000 ам.доллар бол хийсвэр дүн. Бодитой 160,000,000 төгрөг өгчихөөд нэхвэл өөр. Чат бол өөрөө гэрээ биш. Чат 9 хувийн хүү бодох үндэслэл биш. Гарын үсэг зурагдсан зүйлийг гэрээ гэж ойлгоно. Би бодитой харилцааг яриад байна. 30,000 ам.доллараа нотлохгүй байна. Гэрээ бол мөнгө өгснийг нотлох баримт биш. Л.....д 1 доллар өгсөн баримт алга. Агуулгын хувьд би энэ нөхөрт өгөх л ёстой гэж үзсэн. Гэтэл талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү өгөхгүй гэдгийг мэдэхгүй, үүрэгтэй л гэж ойлгоод баталгаажуулсан нь төөрөгдсөн гэж хэлэхээр байна. Иргэд хооронд зээлсэн мөнгө болгон дээрээ гэрээ байгуулах боломжгүй нь үнэн. Бичгээр хийгээгүй бол хүү авахгүй л гэсэн үг. Гэрчүүд хэн нь ч зээлийн гэрээ байгуулсан гэдгийг нотлоогүй. Надаас 30,000 ам.доллар аваад тэрийгээ Л.....д өгснийг би хараад гэж нотлоогүй ээ. Чат бол аман тохиролцоотой адилхан зүйл. 8-9 хувийн хүү авах эрх байхгүй. Бодитой хүү шаардах хэрэгтэй. Тиймээс үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Л.....д холбогдуулан Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт163,883,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч Л..... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч марган, Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 7 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд, зээлдүүлэгч Б....аас зээлдэгч Л.....д 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 25,000,000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 32,500,000 төгрөг, 15,000 ам.долларыг, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 32,500,000 төгрөг, 15,000 ам.долларыг хүүгийн хамтаар тус тус зээлдүүлсэн байх бөгөөд, дээрх гэрээнүүдийг талууд дүгнэж, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байна. /1-р хх-5, 2-р хх 83-90/

Уг төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч Л..... нь нэхэмжлэгч Б....т 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларын хамт 2016 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөх үүрэг хүлээсэн боловч, тийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Төлбөр барагдуулах гэрээ-ний үүргийг хариуцагчаас шаардсан.

Харин хариуцагч талын зүгээс маргаан бүхий Төлбөр барагдуулах гэрээ-ний үндэслэл болсон ...Зээлийн гэрээнүүдийн дагуу бодитоор 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг Б....аас хүлээж аваагүй, нийт 58,981,000 төгрөгийг хүлээн авч, 79,021,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд, ам.доллар авсан гэдэг нь тогтоогдохгүй хэдий ч 2,445 ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар тэдгээр зээлийн гэрээнүүдийг байгуулагдах хугацаанд гэрээнд бичигдсэн хэмжээгээр Л.....д хүлээлгэж өгсөн болох нь нотлогдохгүй байгаа учраас, мөн гэрээ байгуулагдсан ч талуудын хоорондоо харилцсан чат-д хүү тооцохоор хэлэлцсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцээгүй, аман хэлцлийн нэг хэлбэр учир зээлийн хүү шаардах эрхгүй... гэж тайлбарлан маргав.

Улмаар хариуцагч тал үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар ноцтой төөрөгдөлд орсны улмаас байгуулсан учир хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчаас гаргасан дээрх сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал бүхэлд нь эс зөвшөөрч, ...маргаан бүхий Төлбөр барагдуулах гэрээ-г талууд байгуулахдаа хариуцагч Л.....ын санаачилснаар, түүний боловсруулсны дагуу харилцан тохиролцож байгуулсан. Тийнхүү байгуулахдаа гэрээг нотариатаар гэрчлүүлэн, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулсан учир хүчин төгөлдөр гэрээ болно... гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Зохигчид 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарын хооронд харилцан тохиролцож дансаар болон бэлнээр нэхэмжлэгч Б....аас хариуцагч Л.....д мөнгө зээлдүүлж байсан болох нь зохигчдын тайлбар, шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн ... ХХК-ийн ажилчдын дотоод чат-д харилцсан яриа, мөн тэдний банк дахь харилцах дансны хуулгуудаар тус тус нотлогдох бөгөөд, дээрх хугацааны зээлийн гэрээний харилцааг талууд баталгаажуулан 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 25,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 32,500,000 төгрөг, 15,000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 32,500,000 төгрөг, 15,000 ам.доллар зээлдүүлсэн тухай гэрээнүүдийг байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь тогтоогдсон.

Дээрх зээлийн гэрээнүүдийг талууд нэгтгэн дүгнэж, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт ...талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, 236.2 дахь хэсэгт Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж заасны дагуу зээлийн гэрээний үүрэг солигдсон гэж үзэхээр байна.

Төлбөр барагдуулах гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Б....аас Л.....д тухайн гэрээнд заасан 90,000,000 төгрөг 30,000 ам.долларыг хүлээлгэж өгөөгүй учир уг гэрээгээр хариуцагчид мөнгө шилжүүлсэн талаар нэхэмжлэгч нотлохгүй бөгөөд, талууд тэдний хооронд үүссэн зээлийн гэрээний өмнөх үүргүүдийг нэгтгэн дүгнэж, солихоор тохиролцсоны дагуу Төлбөр барагдуулах гэрээ-нд заасан дүн болох 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг Л..... нь төлөх үүрэг хүлээж, уг үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд, үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Л.....аас 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 30,000 ам.доллар гаргуулах шаардлагаа нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны зарласан ханшаар тооцсон гэж тайлбарлах бөгөөд, нэхэмжлэлд бичигдсэн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам.доллар төгрөгтэй тэнцэх ханшийн лавлагаа буюу 1 ам.доллар 2,462.84 төгрөгөөр тооцсон боловч 73,883,400 төгрөгийг 78,883,400 төгрөг гэж нэхэмжлэлд бичиглэлийн алдаа гаргасан талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласан.

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар гадаад валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны зарласан ханшаар тооцох бөгөөд, шүүх нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан, уг өдрийн байдлаар 1 ам.доллар 2,463.61 төгрөг буюу 30,000 ам.доллар 73,908,300 төгрөгтэй тэнцэж байгаа нь нийтэд илэрхий болсон Монгол банкны цахим хаягт зарласан ханшаар тогтоогдсон ба, нэхэмжлэгчийн тооцоолон шаардсан 7 дугаар сарын 03-ны өдрөөс өссөн байх боловч шүүх нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 30,000 ам.долларыг 73,883,400 төгрөгт тооцон, нэхэмжлэлийн үлдэх 90,000,000 төгрөгтэй нэгтгэн, нийт 163,883,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Л..... нь маргаан бүхий 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г ноцтой төөрөгдөлд орсны улмаас буюу, зээлийн гэрээнүүдийн дагуу хүү төлөх ёсгүй байтал хүү төлөхөөр зааж төөрөгдөлд оруулан байгуулсан учир хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүсч сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Л..... нь ...хийж буй хэлцлийн агуулга, үр дагавар зэргийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байсан учир ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт: хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, ... хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн...тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ хэмээн хуульчилжээ.

Хариуцагч Л..... нь нэхэмжлэгч Б....тай 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г бус өөр чухам ямар гэрээ байгуулахыг хүсч байсан болохоо сөрөг нэхэмжлэлээр тодорхойлоогүй бөгөөд, тэдний хоорондоо харилцсан ... ХХК-ийн ажилчдын дотоод чат-аас харахад 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хариуцагч Л..... хүсч төлөвлөн, нэхэмжлэгч Б....тай харилцан тохиролцсоны дагуу байгуулж, түүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн, энэ талаар маргаан бүхий гэрээг гэрчилсэн нотариатчийн шүүхэд мэдүүлсэн ...Бичгээр хийсэн бэлэн гэрээтэй ирсэн. Өөрсдөө ирцгээсэн. Хоорондоо хэлж тохирсны дагуу л төлбөр барагдуулах хэлцэл хийсэн... гэх тайлбар зэргээр нотлогдож байна. /1-р хх 145-167, 231-250, 2-р хх 1-35/

Хариуцагчийн ...хүү төлөх ёсгүй байхад хүү төлөхөөр заасан гэрээг төөрөгдөлд орж байгуулсан... гэх тайлбар нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт нийцээгүй, хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...регистртэй, ... ....аас 163,883,400 /нэг зуун жаран гурван сая найман зуун наян гурван мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... регистртэй, . ...т олгож, 2016 оны 5 дугаарсарын 05-ны өдрийн Б...., Л..... нарын байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 977,380 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 977,367 төгрөгийг төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 977,367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 13 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж Б....т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА