Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01139

 

 

                                                 Б.Б-ын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02514 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2056 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй

Л.З-д холбогдох

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 163,883,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагчийн өмгөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б нь Л.З-д 2013.07.08-ны өдөр 25,000,000 төгрөг, 2014.12.16-ны өдөр 35,500,000 төгрөг, 15,000 ам.доллар, 2015.05.13-ны өдөр 32,500,000 төгрөг, 15,000 ам.доллар хүүгийн хамт нийт 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг тус тус зээлдүүлсэн. Удаа дараа итгэл хүлээлгэхэд хариуцагч зээлдүүлсэн мөнгийг өгөөгүй тул 2016.07.05-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулж, тус гэрээгээр Л.З нь 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг 2016.07.10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл Л.З нь удаа дараа шалтаг заан хойшлуулсаар өдийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй. Иймд Л.З-аас Төлбөр барагдуулах гэрээний төлбөр 90,000,000 төгрөг, 30,000 ам.доллар буюу нийт 163,883,400 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би нөхрийнхөө ажлыг дэмжих зорилгоор Б.Б-тай аман тохиролцоо хийж 2013 онд 28,277,000 төгрөг, 2014 онд 27,620,000 төгрөг, 2015 онд 9,340,000 төгрөг, нийт 65,237,000 төгрөгийн зээл авсан болох нь миний “ХААН банк” ХХК-ийн дансны хуулгаар нотлогддог. Б.Б 8 хувийн хүү төлөх ёстой гэсний дагуу би түүний данс руу хүүгийн төлбөрийг шилжүүлж байсан. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг шилжүүлсэн болохыг нарийн хэлж мэдэхгүй байна. Мөн намайг 2016.06.05-ны өдөр дуудан ирүүлж Төлбөр барагдуулах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Бидний хооронд байгуулсан уг гэрээ нь талуудын хооронд зээлсэн мөнгийг нэгтгэн дүгнэж үндсэн төлбөр, зээлийн хүүгийн хамтаар тооцоолол алдаж байгуулсан зээлийн гэрээний үргэлжлэл, дагалдах гэрээ юм. Би энэ гэрээний дагуу нэхэмжилсэн 168,883,400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Л.З нь 2013 оноос эхлэн зээлийн гэрээ байгуулахгүйгээр надаас мөнгө зээлж, эргүүлэн төлсөөр ирсэн. Зээлсэн мөнгөндөө 8 хувийн хүү төлж, ам.долларт 6 хувийн хүү төлөхөөр тохиролцож үндсэн зээлийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөр төлсөн. Гэтэл Б.Б нь үндсэн төлбөрөө төлөх гэрээ хэлцэл хийхийг шаардсаны дагуу 2016.05.05-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулж, нийт 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл би Б.Б-аас зээлсэн төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь тэдгээрийн дансны хуулгаар нотлогддог бөгөөд, дээрх Төлбөр барагдуулах гэрээг ноцтой төөрөгдөж байгуулсан хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1-д зааснаар Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Л.З нь анхнаасаа шүүхийн хэлэлцүүлэг болон хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ зээлийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон болохоо илэрхийлсээр байгаа. Гэтэл авсан мөнгөө бүгдийг нь төлж барагдуулсан мэтээр хариу тайлбар гаргадаг нь тэрээр үндсэн зээл, эсхүл хүүгийн алийг нь төлж байсан гэдгийг тусгайлан ялгах боломжгүй бөгөөд, энэ нь өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа нэг нотолгоо юм. Шүүхээс Л.З болон Б.Б нарын хоорондын “Оюу толгой” ХХК-ийн дотоод сүлжээгээр харилцсан чатыг бүрэн судалж үзэхэд Л.З нь хийж буй хэлцлийн агуулга, үр дагавар зэргийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байсан нь тодорхой харагддаг. Мөн хэрэгт авагдсан нотариатч Б.Бадамхандын хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, түүний баталсан баримтуудын хуулбар зэргээс Л.З нь хэлцлийг бүрэн ойлгож байсан, үр дүнг нь хүртэл хүлээн зөвшөөрч байсан нь тодорхой харагддаг. Иймд үндэслэлгүй гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02514 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.З-аас 163,883,400 төгрөг гаргуулан Б.Б-т олгож, 2016.05.05-ны өдрийн Б.Б, Л.З нарын байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 977,380 төгрөг, хариуцагчаас төлсөн 977,367 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 977,367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 13 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж Б.Б-т олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2056 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02514 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...186.1 гэсний дараа 281 дүгээр зүйлийн 281.1...” гэж, “...163,883,400...” гэснийг “...94,883,400...” төгрөг гэж, “...олгож...” гэсний дараа “...нэхэмжлэлээс үлдэх 69,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...хариуцагчаас 977,367...” гэснийг “...хариуцагчаас 632,367...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 977,367 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа хяналтын гомдолдоо: “Л.З нь “Оюу толгой” ХХК-д орчуулагчаар ажилладаг бөгөөд ажлын хамтрагч Б.Б-аас хувиараа мөнгө зээлэхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, 2013 оноос 2016 он хүртэлх хугацаанд тодорхой хэмжээгээр мөнгө зээлж байсан. Тухайлбал, 2013 онд 28,277,000 төгрөг, 2015 онд 27,620,000 төгрөг, 2015 онд 9,340,000 төгрөг, нийт 65,237,000 төгрөгийг зээлж авсан нь талуудын банкны хуулгаар нотлогддог. Уг зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй бөгөөд аман тохиролцоонд үндэслэн зээлийн гэрээний үүргээ, биелүүлж байсан. Гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүү, алданги төлөх үндэслэлгүй. Хариуцагч Л.З нь тодорхой шалтгааны улмаас Б.Б-аас зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй, удааж өгсөн тул Б.Б нь төлбөр барагдуулах гэрээг байгуулъя гэсэн саналыг тавьсан. Үүний дагуу талууд 2016.05.05-ны өдөр зээлийн гэрээний төлбөрийг тооцох замаар “Төлбөр барагдуулах гэрээ”-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Тус “Төлбөр барагдуулах гэрээ”-гээр зээлдэгч Л.З нь зээлсэн гэх 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг 2016.07.10-ны дотор төлж барагдуулахаар гарын үсэг зурсан. Түүнчлэн уг гэрээг байгуулах өдөр буюу нотариат орох үед Б.Б нь 3 ширхэг зээлийн гэрээн дээр нөхөж гарын үсэг зуруулсан. Нотариат дээрх 3 зээлийн гэрээг нөхөж байгуулж байгааг үл хүлээн зөвшөөрч Төлбөр барагдуулах гэрээг байгуулж гэрчилсэн байдаг. Үүнээс хойш 2018.07.03-ны өдөр зээлдүүлэгч Б.Б нь шүүхэд “Төлбөр барагдуулах гэрээ”-ний төлбөрт 90,000,000 төгрөг, 30,000 ам.доллар буюу 78,883,400 төгрөг, нийт 163,883,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Л.З–д холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2019.09.24-ний өдөр 102/ШШ2019/02514 дугаар шийдвэр гаргасан. Тус шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагчаас 163,883,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Гомдолд холбогдуулан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.09-ний өдөр 2056 дугаартай магадлал гаргасан. Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 25,883,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд хариуцагч нь дээрх шийдвэрүүдийг үл хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэргийг шийдвэрлэж буй үндэслэлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан шийдвэрлэжээ. Гэтэл Б.Б нь 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг Төлбөр барагдуулах гэрээнд үндэслэн шаардсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээ юм. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар Төлбөр барагдуулах гэрээний үүргээр сольсон гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх өөрчлөөгүй атал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан буюу зээлийн гэрээний зохицуулалтыг үндэслэсэн шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг тооцоо нийлэх гэрээгээр солигдсон гэж үзсэн атал зээлийн гэрээний дагуу мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсгийг үндэслэх ёстой байсан. Түүнчлэн нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг хариуцагчид бодитоор шилжээгүй байхад шүүх уг үнийн дүнгээс шаардлага гаргахаар шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчид 73,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 90,000,000 төгрөг, 30,000 ам.доллар нь зөвхөн цаасан дээр бичигдсэн тоо юм. Тодруулбал, нэхэмжлэгч нь Төлбөр барагдуулах гэрээний тооцоолол дээр маргаж байгаа бөгөөд уг гэрээ нь талуудын хоорондын зээлийн тохиролцооноос үүдэлтэйгээр хийгдсэн. Л.З нь Б.Б-аас 73,000,000 төгрөг зээлж авсан, мөн 69,000,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Гэтэл шүүх хариуцагчийн хүлээж аваагүй мөнгөнөөс, зөвхөн цаасан дээр байгаа үнийн дүнгээс төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Хоёр. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх талуудын зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дүгээр зүйлийн 236.1.3-т зааснаар Төлбөр барагдуулах гэрээний үүргээр сольсон гэж үзсэн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т (үүргийг солих гэдэг нь) үүргээ гүйцэтгэх зорилгоор шинэ үүрэг бий болгохыг ойлгодог. Гэтэл талуудын хооронд шинэ үүрэг үүсээгүй, зээлийн гэрээний гүйцэтгэлд үндэслэн Төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас бус шинэ үүрэг үүсгэсэн тохиролцоо хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн зээлийн гэрээний үүрэг солигдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Энэ тухай давж заалдах шатны шүүх хянаж шалгаагүй нь хэргийг үнэн бодитой шийдвэрлэж чадаагүй болно.

Гурав. Төлбөр барагдуулах гэрээнд заасан 30,000 ам.долларын тухайд 2016.05.05-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээнд дурдсан 30,000 ам.доллар нь Л.З- д бодитоор шилжүүлсэн үнийн дүн биш бөгөөд нэхэмжлэгч нь хүү алданги нэмэгдүүлсэн хийсвэр үнийн дүн юм. Л.З нь нэхэмжлэгчээс 10,000 ам.долларыг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд дээрх зээлсэн мөнгөөс 2,000 гаруй долларыг өөрийн данснаас Б.Б-т шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Б.Б нь зөвхөн Төлбөр барагдуулах гэрээнд үндэслэн 30,000 ам.долларыг хариуцагчаас гаргуулан авбал энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал болох юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь хариуцагчид 30,000 ам.долларыг өгсөн эсэх нотлох баримт байхгүй байсаар байтал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхэд хүсэлт гарган Б.Б-ын “Хаан банк”-ны ам.долларын дансны гүйлгээний хуулгыг гаргуулан авч харахад хариуцагч Л.З-д ам.доллараар зээл олгоогүй нь тогтоогдсон байна. Иймд Л.З-аас 30,000 ам.доллар гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэн бодитой шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь дүгнэж хянаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тодруулбал, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар давж заалдах болон анхан шатны шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул ийнхүү гомдол гаргаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул хяналтын гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх “...гэрээний талууд зээлийн хүү тохирсон талаарх хуулийн шаардлага хангасан гэрээг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар байгуулаагүй байх тул хариуцагчийн төлсөн 69,000,000 төгрөгийг хүүд тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шударга ёсны зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Хэрэг маргаан анхан шатны шүүхээр хянагдаж байх хугацаанд шаардлагатай бүх нотлох баримтад үзлэг хийн баталгаажуулж, “Оюу толгой” ХХК-ийн дотоод сүлжээгээр харилцсан хувийн чатнаас Л.З нь 2016.05.04-ний өдрийн байдлаар үлдэгдэл 90,000,000 төгрөг 30,000 ам.доллар байгаа талаар өөрөө хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний эх хувийг хариуцагч тал өөрөө бэлдэж, нотариат дээр очиж талууд бичгээр хийсэн зээлийн гэрээгээ дүгнэн Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж баталгаажуулсан байдаг. Шүүхийн хяналтын шатанд нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд болон Төлбөр барагдуулах гэрээнд үндэслэсэн нотариатчийн мэдэгдэх хуудас зэргийг хавтаст хэрэгт хавсаргуулсан. Дээрх нотлох баримтууд нь хариуцагч талын бичгээр хийгдсэн зээлийн гэрээгүй гэх болон төөрөгдөлд орж гэрээ байгуулсан гэх тайлбаруудыг үндэслэлгүй болохыг нотолсон. Ингээд 2019.09.24-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 102/ШШ2019/02514 дугаартай шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт ...зээлийн гэрээнүүдийг талууд нэгтгэн дүгнэж, 2016.05.05-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т “...талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон”, 236.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэж заасны дагуу зээлийн гэрээний үүрэг солигдсон, талууд тохиролцсоны дагуу “Төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан дүн болох 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг Л.З нь төлөх үүрэг хүлээж, уг үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд, үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн олон сарын хугацаанд нэг бүрчилэн судалж хэргийг удаа дараа зөв шийдвэрлэсэн байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гээд эрх тэгш байх зарчимд нийцнэ гэж үзээд үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 69,000,000 төгрөгийг хасаж тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Б.Б нь Л.З-д 2013 оноос эхлэн удаа дараа итгэл хүлээлгэн өөрт байсан мөнгөө шавхаад, танил дотны хүмүүсээс хүртэл зээлж Л.З–д мөнгөө зээлдүүлсэн байдаг. Гэтэл 2016 оныг хүртэл зээлсэн мөнгөө өгөлгүй зөвхөн хүү төдийг төлж цаг хугацаа хожиж улмаар 2016.01 дүгээр сараас огт мөнгө төлөхгүй байсан тул арга буюу Б.Б-ын зүгээс шаардлага тавьсны дагуу хариуцагч тал гэрээний эх загварыг өөрөө үйлдэн гарын үсэг зурж, зээлийн гэрээнүүдийг баталгаажуулж, уг зээлийн гэрээг дүгнэн 2016.05.05-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг Л.З-тай байгуулж тус гэрээгээр Л.З нь 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг 2016.07.10-ны дотор төлж барагдуулах болохоо баталж, тухайн гэрээг нотариатаар баталгаажуулсан байдаг. Ингээд 2018 оныг хүртэл шалтаг заан хойшлуулсаар яваад Төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талын зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа хүү төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болохоо тайлбарласан байдаг. Гэтэл удалгүй төөрөгдөлд орж энэ гэрээг байгуулсан гэж сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэгч хариуцагч талуудын хоорондын “Оюу толгой” ХХК-ийн дотоод сүлжээгээр харилцсан хувийн чатыг захирамжаар хавтаст хэрэгт хавсаргасан. Тус чатанд талуудын хооронд болсон бүх санхүүгийн асуудлуудын талаар бичигдсэн байдаг бөгөөд төөрөгдөлд орж байгуулсан гэх 2016.05.05-ны өдрийн гэрээг байгуулах үед хариуцагч сайн дураар үлдэгдэл төлбөрийг өөрөө тооцон бодож, үлдэгдэл үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа илтгэсэн чатуудыг удаа дараа явуулсан байсан тул 2018.12.11-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/03743 дугаартай шийдвэрээр хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзээд хүчингүй болгож, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 2018.12.11-ний өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/03743 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт...” талууд гэрээний үүргийг дүгнэж 2016.05.05-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байх бөгөөд уг хугацаанаас хойш хариуцагч нь үүргээ биелүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан талаар маргаагүй боловч ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан гэх татгалзлаа баримтаар нотлоогүй тул Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ” гэж тодорхой дурдсан. Хариуцагч тал дээрх шийдвэрт гомдол гаргаж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.02.18-ны өдөр 316 дугаартай магадлал гаргаж хэрэгт чухал ач холбогдол бүхий нэхэмжлэгч хариуцагч талуудын хоорондын “Оюу толгой” ХХК-ийн дотоод сүлжээгээр харилцсан хувийн чатыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг хангаагүй гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Ингээд хэрэг маргаан анхан шатны шүүхээр дахин хянагдаж 2019.09.24-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 102/ШШ2019/02514 дугаартай Б.Б нь Л.З-аас 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн 2056 дугаартай магадлалд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцнэ гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 69,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б нь Л.З-д холбогдуулан Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 163,883,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн 163,883,400 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн 2013 оны 04 сараас 2016 оны 06 сарын хооронд төлсөн 69,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасан шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.    

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваагийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Б.Б нь Л.З-д 2013.07.08-ны өдөр 25,000,000 төгрөг, 2014.12.16-ны өдөр 32,500,000 төгрөг, 15,000 ам.доллар, 2015.05.13-ны өдөр 32,500,000 төгрөг, 15,000 ам.долларыг зээлж тус тус зээлийн гэрээ байгуулахаар тохирсон болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээнэ. 

Б.Б, Л.З нар 2016.05.05-ны Төлбөр барагдуулах тухай гэрээг харилцан тохиролцон байгуулсан бөгөөд 2013.07.08-ны өдөр 25,000,000 төгрөг, 2014.12.16-ны өдөр 32,500,000 төгрөг, 15,000 ам.доллар, 2015.05.13-ны өдөр 32,500,000 төгрөг, 15,000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг тус тус хүүгийн хамт 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг 2016.07.10-ны өдөр төлөх үүргийг Л.З хүлээжээ.

Талуудын маргааны зүйл болсон Төлбөр барагдуулах гэрээний загварыг хариуцагч боловсруулж, улмаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт шүүхийн журмаар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч буюу нотариатч Б.Бадамхандын мэдүүлэг, талуудын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нотлох баримтыг үнэлж, хариуцагч зээлийг буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэхдээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй.

2. Хариуцагч дээрх гэрээний дүнд тооцооллын алдаа гаргасан, нэхэмжлэгчээс 65,237,000 төгрөг түүний дансаар цувуулан авсан гэж маргадаг төдийгүй гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Л.З-аас зээлийн гэрээнд заасан дүн бүхий төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч Л.Батбаярт олгохоор нотариатчийн мэдэгдэх хуудас бичүүлсэн байх бөгөөд тооцооллын алдаа гаргасан гэх боловч гэрээ байгуулснаас хойш энэ талаар гэрээний дүнд өөрчлөлт оруулахаар нэхэмжлэгчид хандаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч 2016.05.05-ны өдрийн Б.Б, Л.З нарын байгуулсан Төлбөр барагдуулах тухай гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлээ хууль зүйн хувьд үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, баримтаар нотлож, нотлох баримт гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар гаргаагүй болно. 

Төлбөр барагдуулах гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх тул хариуцагчийн ноцтой төөрөгдсөн, тооцооллын алдаатай гэрээ гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн “Оюу толгой” ХХК-ийн ажилчдын дотоод чатад харилцан бичсэн зурвас, тэдний банк дахь харилцах дансны хуулгууд, өмнө нь аман хэлбэрээр хийсэн гэрээг хожим бичгээр байгуулсан, эдгээр гэрээнүүдийг  хариуцагч хүчин төгөлдөр бус талаар маргаж, шаардлага гаргаагүй, зээлийн хүүг зөвшөөрөн төлж байсан зэрэг байдлаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 43.3, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар 2013.07.08, 2014.12.16, 2015.05.13-ны өдрүүдэд зээлийн гэрээг бичгээр хийсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн ...гэрээний талууд зээлийн хүү тохирсон талаарх хуулийн шаардлага хангасан гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар байгуулаагүй тул хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 69,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцнэ... гэсэн дүгнэлт үндэслэлгүй, хууль зүйн хувьд учир дутагдалтай болжээ.

4. Б.Б, Л.З нар өмнөх гэрээнүүдэд тусгагдсан зээлийг буцаан өгөх тохирсон хугацааг шинээр тогтоож, үндсэн зээлүүдийг нэгтгэж  2016.05.05-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан шаардлага, агуулгад нийцнэ.

Б.Б Л.З-аас 90,000,000 төгрөг, 30,000 ам.долларыг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Монгол банкнаас зарласан 2018.07.03-ны өдрийн 1 ам.доллар 2,462.84 төгрөгтэй тэнцэх ханшаар 30,000 ам.долларыг 73,883,400 төгрөгт тооцож, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзулын гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваагийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2056 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02514 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т тус тус зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 632,367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн 502,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЦОЛМОН   

                              ШҮҮГЧИД                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                                       Х.СОНИНБАЯР 

                                                                                       Б.УНДРАХ

                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД