Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00316

 

 

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00316

 

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/03743 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З-д холбогдох,

 

163 883 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхзул

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Баяржаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Буяндаваа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- нь З-д 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 25 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 35 500 000 төгрөг, 15 000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 32 500 000 төгрөг, 15 000 ам.доллар зээлдүүлсэн.

З- нь зээлсэн мөнгөө өгөөгүй тул Б- нь түүнтэй 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэрээгээр З- нь 90 000 000 төгрөг, 30 000 ам.долларыг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаа баталж, тухайн гэрээг нотариатаар баталгаажуулсан. Гэтэл З- нь удаа дараа шалтаг заан хойшлуулсаар өдийг болтол төлбөрийг төлөөгүй.

Иймд З-аас 90 000 000 төгрөг болон 30.000 ам.долларыг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш 1 ам.доллар 2462,78 төгрөг тооцвол 78 883 400 төгрөг, нийт 163 883 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З- нь Б-тай нэг байгууллагад хамт ажилладаг бөгөөд нөхрийнхөө ажлыг дэмжих зорилгоор Б-тай аман тохиролцоо хийж, 2013 онд 28 277 000 төгрөг, 2014 онд 27 620 000 төгрөг, 2015 онд 9 340 000 төгрөг, нийт 65 237 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Б- өөрийн зээлдүүлж байгаа мөнгөнд cap бүр 8 хувийн хүү төлөх ёстой гэсний дагуу Б-ын данс руу хүүний төлбөрийг шилжүүлж байсан.

Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг хүүний төлбөрт шилжүүлсэн болохыг нарийн хэлж мэдэхгүй байна. Мөн Б- нь 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр З-ыг зээлсэн мөнгөө төлөхгүй удаад байгаа учир зээлсэн мөнгө болон хүүний хамт нийлүүлээд нэгтгээд нэг гэрээ байгуулая гэсний дагуу Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Гэрээнд 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 25 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 35 500 000 төгрөг, 15 000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 32 500 000 төгрөг, 15 000 ам.долларыг хүүгийн хамт нийт 90 000 000 төгрөг, 30 000 ам.долларыг төлбөр авагчид 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов гэсэн тооцоолол бий, гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн.

Төлбөр барагдуулах гэрээ нь талуудын хооронд зээлсэн мөнгийг нэгтгэн дүгнэж, үндсэн төлбөр, хүүний хамтаар багцалсан, тооцоолол алдаж байгуулагдсан, зээлийн гэрээний үргэлжлэл, дагалдах гэрээ юм. Уг гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэрээ. Өөрөөр хэлбэл, тооцоог хариуцагч сайн мэдэхгүй төөрөгдсөн. Хариуцагч нь дээрх хугацаанд нэхэмжлэгчээс аман хэлцлээр нийт 75 737 000 төгрөгийг бодитоор хүлээн авч, 82 833 000 төгрөгийг буцаан төлсөн. Иймд нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч З-аас 163 883 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 977 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 977 367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгч нь хүү авах эрх эдлэхгүй. Хариуцагч нь 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 82 833 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь Б-ын Хаан банкны 5024631852 тоот дансны хуулгаар нотлогдож байхад зөвхөн Төлбөр барагдуулах гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Хүү хэмээн бодож хариуцагч 82 833 000 төгрөгийг төлсөн байхад түүнийг хасч бодоогүй тооцооллын алдаатай гэрээ болох нь тодорхой харагдаж байна. Хэдийгээр талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт харшлаагүй боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай харшилна. Шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлсөн 82 833 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс өмнөх төлбөр тул үндсэн төлбөр болон хүүнээс хасахгүй шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтанд тулгуурлалгүйгээр үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 163 883 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 05 дугаар сарын 05- ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ-г үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хариуцагч нь уг гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч уг гэрээнд заасан мөнгөн хөрөнгийн хүлээж аваагүй гэж маргажээ.

 

Иймд нэхэмжлэгч Б- нь хариуцагч З-д төлбөр барагдуулах гэрээний дагуу 90 000 000 төгрөг болон 30 000 ам.доллар шилжүүлэн өгсөн гэдгийг нотлох үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хуваарилагдах бөгөөд нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөө нотлоогүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан зээлийн мөнгөн хөрөнгийг нотлохоор Оюу толгой ХК-ийн дотоод сүлжээгээр 2012 оноос 2016 он хүртэлх хугацаанд зохигчдын харилцсан цахим зурвасыг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2018/14195 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Энэ захирамжийн дагуу Оюу толгой ХХК-аас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх Б-, З- нарын дотоод сүлжээгээр харилцсан зурвасыг шүүхэд ирүүлсэн боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, Оюу толгой ХХК нь дээрх баримтад компанийн хуулбар үнэн тэмдэг дарсан байгаа боловч уг цахим зурваст үзлэг хийж, бэхжүүлээгүй тохиолдолд уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 -д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/03743 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 977 380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Э.ЗОЛЗАЯА