Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02056

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02056

 

 

 

Б.Б -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02514 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Б -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.З - д холбогдох

 

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 163 883 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б - нь Л.З - д 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 25 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 35 500 000 төгрөг, 15 000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 32 500 000 төгрөг, 15 000 ам.доллар хүүгийн хамт нийт 90 000 000 төгрөг, 30 000 ам.долларыг тус тус зээлдүүлсэн. Удаа дараа итгэл хүлээлгэхэд хариуцагч зээлдүүлсэн мөнгийг өгөөгүй тул 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулж, тус гэрээгээр Л.З - нь 90 000 000 төгрөг, 30 000 ам.долларыг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл Л.З - нь удаа дараа шалтаг заан хойшлуулсаар өдийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй. Иймд Л.З - аас төлбөр барагдуулах гэрээний төлбөр 90 000 000 төгрөг, 30 000 ам.доллар буюу нийт 163 883 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.З - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нөхрийнхөө ажлыг дэмжих зорилгоор Б.Б -тай аман тохиролцоо хийж 2013 онд 28 277 000 төгрөг, 2014 онд 27 620 000 төгрөг, 2015 онд 9 340 000 төгрөг, нийт 65 237 000 төгрөгийн зээл авсан болох нь миний ХААН банк ХХК-ийн дансны хуулгаар нотлогддог. Б.Б - 8 хувийн хүү төлөх ёстой гэсний дагуу би түүний данс руу хүүний төлбөрийг шилжүүлж байсан. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг шилжүүлсэн болохыг нарийн хэлж мэдэхгүй байна. Мөн намайг 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуудан ирүүлж төлбөр барагдуулах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Бидний хооронд байгуулсан уг гэрээ нь талуудын хооронд зээлсэн мөнгийг нэгтгэн дүгнэж үндсэн төлбөр, зээлийн хүүний хамтаар тооцоолол алдаж байгуулсан зээлийн гэрээний үргэлжлэл, дагалдах гэрээ юм. Би энэ гэрээний дагуу нэхэмжилсэн 168 883 400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.З - нь 2013 оноос эхлэн зээлийн гэрээ байгуулахгүйгээр надаас мөнгө зээлж, эргүүлэн төлсөөр ирсэн. Зээлсэн мөнгөндөө 8 хувийн хүү төлж, ам.долларт 6 хувийн хүү төлөхөөр тохиролцож үндсэн зээлийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөр төлсөн. Гэтэл Б.Б - нь үндсэн төлбөрөө төлөх гэрээ хэлцэл хийхийг шаардсаны дагуу 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулж, нийт 90 000 000 төгрөг, 30 000 ам.долларыг төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл би Б.Б -аас зээлсэн төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь тэдгээрийн дансны хуулгаар нотлогддог бөгөөд, дээрх төлбөр барагдуулах гэрээг ноцтой төөрөгдөж байгуулсан хэлцэл гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1-т зааснаар төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Л.З - нь анхнаасаа шүүхийн хэлэлцүүлэг болон хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ зээлийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон болохоо илэрхийлсээр байгаа. Гэтэл авсан мөнгөө бүгдийг нь төлж барагдуулсан мэтээр хариу тайлбар гаргадаг нь тэрээр үндсэн зээл, эсхүл хүүгийн алийг нь төлж байсан гэдгийг тусгайлан ялгах боломжгүй бөгөөд, энэ нь өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа нэг нотолгоо юм. Шүүхээс Л.З - болон Б.Б - нарын хоорондын Оюу толгой ХХК-ийн дотоод сүлжээгээр харилцсан чатыг бүрэн судалж үзэхэд Л.З - нь хийж буй хэлцлийн агуулга, үр дагавар зэргийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байсан нь тодорхой харагддаг. Мөн хэрэгт авагдсан нотариатч Б.Бадамхандын хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, түүний баталсан баримтуудын хуулбар зэргээс Л.З - нь хэлцлийг бүрэн ойлгож байсан, үр дүнг нь хүртэл хүлээн зөвшөөрч байсан нь тодорхой харагддаг. Иймд үндэслэлгүй гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЙГ80112509 регистртэй, Боржигин бээл овогт Лодойдамбын Зулжаргалаас 163 883 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЕП81041615 регистртэй, Цолмод овогт Бат-Эрдэнийн Батбаярт олгож, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б.Б -, Л.З - нарын байгуулсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 977 380 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 977 367 төгрөгийг төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 977 367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 13 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж Б.Б -т олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б.Б - нь Л.З - тай зээлийн гэрээ байгуулахгүйгээр нийт 73 000 000 төгрөгийг Л.З - ын дансаар шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан банкны лавлагаагаар нотлогдож байна. Л.З - нь талуудын хооронд хүү төлөх үүрэг байгаа гэж андуурч 69 000 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь нотлогддог. Гэрээний нэршлийн хувьд төлбөр барагдуулах гэрээ гэж байгуулагдсан боловч талууд амаар байгуулсан зээлийн гэрээг нэгтгэн дүгнэсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл шүүгчийн тайлбарлаж байгаа шиг өмнөх бичгээр байгуулсан зээлийн гэрээний харилцааг нэгтгэн дүгнээд, талууд тооцоо нийлж үлдэгдэл төлбөрөө тохиролцсон хэлцэл биш.

 

2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээнд дурдсан нийт 90 000 000 төгрөг, 30 000 ам.долларыг Б.Б - нь Л.З - д бодитоор төлөөгүй. Төлсөн гэдгээ ч нотолж чадаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б - нь хариуцагч Л.З - д холбогдуулан мөнгөн төлбөрийн үүрэгт 163 883 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулж, Л.З - нь Б.Б -аас 2013-2015 оны хооронд мөнгө зээлж байсан үйл баримтад маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Тэрээр Б.Б -, Л.З - нар 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний үүргээ дүгнэн Төлбөр барагдуулах тухай нэртэй гэрээ байгуулсан байх ба гэрээгээр 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 25 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 32 500 000 төгрөг, 15 000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 32 500 000 төгрөг, 15 000 ам.доллар зээлдүүлэхээр байгуулсан зээлийн гэрээний үүргийг тус тус хүүгийн хамт 90 000 000 төгрөг, 30 000 ам.доллараар тооцон 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлөх үүргийг Л.З - хүлээсэн болох нь хэрэгт цугларсан зээлийн гэрээ, тэдгээрийн тайлбар зэрэг баримтаар нотлогджээ. /1хх-5, 2хх-166/

Хариуцагч Л.З - дээрх гэрээний дүнд тооцооллын алдаа гаргасан, нэхэмжлэгчээс 65 237 000 төгрөг түүний дансаар цувуулан авсан гэж маргадаг төдийгүй гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг шаардлага гаргасан байна.

Талуудын маргааны зүйл болсон Төлбөр барагдуулах гэрээ-ний загварыг хариуцагч боловсруулж, улмаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоод гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт шүүхийн журмаар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч буюу нотариатч Б.Бадамхандын мэдүүлэг, талуудын тайлбар зэрэг баримтаар нотлогджээ. /2хх-41-42, 72-73/ Мөн хариуцагч Л.З - аас гэрээнд заасан дүн бүхий төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч Л.Батбаярт олгохоор нотариатчийн мэдэгдэх хуудас бичүүлсэн байна. /хх-48/ Хариуцагч нь тооцооллын алдаа гаргасан гэх боловч гэрээ байгуулснаас хойш энэ талаар гэрээний дүнд өөрчлөлт оруулахаар нэхэмжлэгчид хандаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд зохигчдыг төлбөр барагдуулах гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх тул хариуцагчийн, ноцтой төөрөгдсөн, тооцооллын алдаатай гэрээ, 65 237 000 төгрөг зээлсэн гэх тайлбар үндэслэлгүй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд хариуцагч Л.З - ыг мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч түүнээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ.

Мөн хариуцагч Л.З - нь нэхэмжлэгч Б.Б -тай хэлцлийнхээ агуулгыг эндүүрч ноцтой төөрөгдсөний улмаас Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан гэдгээ баримтаар нотлоогүй байна. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин хариуцагч Л.З - ын 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарын хооронд зээлийн үүрэгт төлсөн төлбөрийг дээрх үүргээс суутган тооцоогүй нь буруу болжээ. Учир нь хариуцагч Л.З - нэхэмжлэгч Б.Б -т зээлийн үүрэгт 69 000 000 төгрөг буцаан төлсөн үйл баримтад маргаангүй. Гэрээний талууд зээлийн хүү тохирсон талаарх хуулийн шаардлага хангасан гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар байгуулаагүй байх тул хариуцагчийн төлсөн 69 000 000 төгрөгийг хүүд тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд уг мөнгийг төлбөр барагдуулах гэрээний үүрэг болох 163 883 400 төгрөгөөс хасч тооцох нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах, мөн хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг нэмэх өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02514 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 186.1 гэсний дараа 281 дүгээр зүйлийн 281.1 гэж нэмж өөрчлөн, 163 883 400 /нэг зуун жаран гурван сая найман зуун наян гурван мянга дөрвөн зуун/ гэснийг 94 883 400 төгрөг гэж өөрчлөн, олгож гэсний дараа нэхэмжлэлээс үлдэх 69 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж өөрчлөн, 2 дахь заалтын хариуцагчаас 977 367 гэснийг хариуцагчаас 632 367 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 977 367 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД