Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.М даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02447 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т”ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 36 287 167 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь улс хоорондын тээврийн зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Т”ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ТЗ/6/14/45 дугаартай “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэрээний дагуу Европын орнууд, Австрали, Хонг Конг зэрэг дэлхийн олон улсаас хүнс, гэр ахуй, өргөн хэрэглээний барааг тус компаниар тээвэрлүүлж ирсэн. Улмаар Австрали улсын Черч энд Двайт /Church & Dwight/ компаниас 29 нэр төрлийн нийт 9 876.18 австрали долларын үнэ бүхий барааг 2017 оны 3 сард манай компанид нийлүүлэхээр болсон бөгөөд уг барааг манай компани гэрээний дагуу “Т”ХХК-аар тээвэрлүүлэхээр 2017 оны 3 сард захиалга өгсөн боловч өнөөг хүртэл бараагаа хүлээн авч чадалгүй бизнесийн хувьд маш их хохирол амсаад байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д Зууч нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болох Захиалга авах хуудасны дагуу ачааг тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, зохих ёсоор хүлээлгэж өгснөөр үүрэг дуусгавар болно, 6.1-д Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөгөө талдаа нөхөн төлнө, 6.3-т Зууч нь ачаа тээвэрлэлтээс бусад тээвэр зуучийн үйлчилгээний үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгчид учирсан гэм хор, хохирлыг хариуцна гэж тус тус заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ. Барааны нийт үнэ болох 9 876.18 австрали долларыг “Х” ХХК 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Австрали улсын Черч энд Двайт компани руу гадаад шилжүүлгээр шилжүүлсэн бөгөөд тухайн өдрийн Монгол банкны валютын ханшийн мэдээгээр нэг австрали долларыг зарах бэлэн бус гүйлгээний ханш нь 1 924 төгрөг байсан тул уг 9 876.18 австрали долларыг төгрөгт хөрвүүлбэл нийт 19 001 770 төгрөг болно. Нөгөөтэйгүүр хэрэв уг 19 001 770 төгрөгийн барааг манай тал хугацаандаа хүлээн авч борлуулсан бол нийт 17 285 397 төгрөгийн ашиг, орлого олох байсан юм. Манай харилцагч болох Австралийн Черч энд Двайт компани тээвэрлэгч “Т”ХХК-ийн өгсөн хаягаар хариуцагчийн харилцдаг байгууллагад барааг хүргэсэн байдаг. Иймд “Т”ХХК-аас барааны үнэ 19 001 770 төгрөг, зайлшгүй орох байсан орлого 17 285 397 төгрөг, нийт 36 287 167 төгрөгийг гаргуулан “Х” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Т”ХХК нь олон улсын ачаа тээврийг зохион байгуулах чиглэлээр олон жилийн турш идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Х” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ТЗ/6/14/45 дугаар Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулж, өнөөдрийг хүртэл талуудын хамтын үйл ажиллагааг алдагдуулахгүй, ажил хэрэгч байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж ирсэн. Гэрээний 3.1.1, 3.2.1-т зааснаар үйлчлүүлэгч “Х” ХХК-аас тээвэрлэлт хийлгэхээр захиалга өгөх тохиолдолд Захиалгын хуудас-ыг бөглөж захиалга өгөх, Зууч /”Т” ХХК/-аас энэхүү гэрээний салшгүй хэсэг болох "Захиалгын хуудас-ыг хүлээн авч, Үнийн санал-ыг үйлчлүүлэгчид хүргүүлснээр талуудын хооронд энэхүү гэрээнд заасан тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаа үүсэх юм. “Х” ХХК нь худалдагч байгууллага болох Австрали улсын Черч энд Двайт компаниас 29 нэр төрлийн нийт 9 876.18 Австрали долларын үнэ бүхий бараа худалдан авсан боловч гэрээнд заасны дагуу эдгээр ачааг “Т”ХХК-аар тээвэрлүүлэх талаар Захиалгын хуудас-ыг бөглөж захиалга өгөөгүй, мөн “Т”ХХК-ийн харилцагч тээвэрлэгч байгууллагад ачааг хүлээлгэн өгөөгүй байдаг. Талуудын хооронд нэхэмжлэлд дурдсан ...29 нэр төрлийн барааг... тээвэрлэх талаар гэрээнд заасан харилцаа үүсээгүй тул “Х” ХХК-ийн харилцагч байгууллага болох Австрали улсын Черч энд Двайт компанийн буруутай үйл ажиллагаанаас тус компанид учирсан хохирлыг “Т”ХХК барагдуулах хууль зүйн үндэслэлгүй. “Х” ХХК-аас ачааг тээвэрлэх талаар захиалга өгөөгүй. Мөн ачаа илгээгч Черч энд Двайт гэх компани нь худалдан авагч болон тээвэр зуучийн нэрлэсэн “Т”ХХК-ийн Австрали улс дахь түнш болох Фасипик Харвест гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч энэ талаар зааварчилгааг дагахгүй, өөр этгээдэд буюу Жонстон гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгсөн. Австрали улс дахь Жонстон гэх компани нь эдгээр ачааг Черч энд Двайт компанид буцаан олголгүй, ачааг барьцаалан, өөрийн агуулахдаа өнөөдрийг хүртэл байлгасаар байна. Ийнхүү “Х” ХХК-ийн харилцагч болох Черч энд Двайт компани нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас дурдсан ачааг “Т”ХХК-ийн Австрали улс дахь түнш болох Фасипик Харвест компанид хүлээлгэн өгөөгүй тул гэрээний 6.1, 6.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. “Т”ХХК нь өөрийн харилцагч байгууллагад учирсан энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, “Х” ХХК-ийн гадаад харилцааны менежер н.Тамирын хамт Черч энд Двайт компани руу яаралтай холбогдох арга хэмжээ авч, өөрийн буруутай үйл ажиллагааг залруулж, ачааг тээвэрлэгчид хүргүүлэх талаар удаа дараа и-мэйл явуулсан боловч хариу ирүүлэхгүй алга болсон. Манай компаниас Австрали дахь Монголчуудын холбоогоор дамжуулан Жонстон гэх компани руу ачааг авах зорилгоор ачааны автомашин явуулсан боловч Черч энд Двайт компанитай өр авлагын асуудал байгаа гэх шалтгаанаар хүлээлгэн өгөөгүй байдаг. “Х” ХХК өөрийн худалдааны түнш Черч энд Двайт компанийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан энэхүү хохирлыг Австрали улсын хууль тогтоомжийн дагуу тус компаниас нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Т”ХХК-аас 18 687 411 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдэх 17 599 756 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 251 387 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр миний бие "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Т" ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Уг иргэний хэргийг хянан хэлэлцээд гарсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугээр сарын 27-ны өдрийн 181ШШ2018//02447 дугаар шийдвэрийг бүхэлд нь дор дурьдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Гомдлын үндэслэл: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадалгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагчийн татгалзлыг үндэслэж байгаа нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн харьцуулан судлалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэлгүйгээр хангуулахаар шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Үүнд: 1. “Т" ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээнд заасны дагуу тус компанийн эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэл нь "улс хоорондын тээвэр зуучлалын үйл ажиллагаа" бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд харилцагч нар гадаад улсаас бараа бүтээгдэхүүн импортлох тохиолдолд тухайн улс дахь өөрийн харилцагч тээврийн компани /агент/-тай нийлүүлэгч болон худалдан авагч нарыг холбох замаар тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааны хүрээнд Монгол Улс дахь харилцагч /худалдан авагч/ нартай "Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ" байгуулдаг бөгөөд энэхүү гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан худалдааны зуучлалын гэрээний харилцаанд хамаарна гэж ойлгож байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн энэхүү гэрээний харилцааг буруу тодорхойлж, талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар эүйлийн 380.1 дэх хэсэгт заасан “Тээвэрлэлтийн гэрээ" байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. 2.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан “Тээвэрлэлтийн гэрээ"-ний онцлог тээвэрлэгч өөрийн тээврийн хэрэгслээр зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газарт хүргэн өгөхөд оршдог бол Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт "Худалдааны зуучлагч”-ийн гэрээний онцлог нь аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдааны зуучлагчийн эрх, үүргийг хүлээх буюу энэ тохиолдолд “Т”ХХК нь гадаад улс дахь тээврийн компанитай харилцах, талуудыг холбох, гэрээ хэлцэл хийх зэргээр тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг. "Тээвэрлэлтийн гэрээ" болон зуучлалын гэрээ"-нээс үүдэлтэй талуудын хооронд үүсэх хариилцаа, эдлэх эрх, үүрэг, маргаан гарсан тохиолдолд хэрхэх зэрэг ялгаатай, тус тусын эрх зүйн дагаварыг бий болгох тул ийнхүү хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас гарсан шийдвэр нь хариуцагч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. 3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...”Т”ХХК нь илгээгч “Черч энд Двайт” компанид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ачааг Австрали улс, Марризвилле, Шинэ өмнөд Уэльс муж, 2204, Фитрозоу гудамж, 56 тоот” гэж холбогдох бусад мэдээллийн хамт өгсөн, уг хаягийн дагуу илгээгч ачааг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр илгээснийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан, ийнхүү ачааг хүлээн авсан тухайгаа “Пасифик харвест Ложистик” компанийн ажилтан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр цахим шуудандаа дурдаж сав баглаа боодлын тухай буюу нэмэлт мэдээллийг илгээгчээс хүссэн байна....” гэжээ. Хариуцагч “Т”ХХК-ийн төлөөлөгч М.Санчираас "Ханбүргэдэй" ХХК-ийн нийлүүлэгч "Черч&Двайт" компанид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн цахим шуудангаар "Ханбүргэдэй" ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг “Т”ХХК-ийн хамтран ажиллагч компани болох Австрали улс дахь "Фасипик Харвест Ложистек" компани ачаа тээврийг хариуцан ажиллахыг мэдэгдэж, тус компанийн хаяг, байршил, тээвэрлэлтийг хүлээн авах хариуцсан ажилтны мэдээллийг илгээсэн. "Фасипик Харвест Ложистек" компанийн тус тээвэрлэлтийг хариуцан ажиллах Грант Цилфидис нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Черч&Двайт" компанид "...ачааг илгээхээсээ өмнө хүргэж өгөх зүйлсээ мэдэгдэнэ үү. Бид агуулах руугаа мэдэгдэж баталгаажуулах болно" гэх агуулга бүхий шууданг илгээсэн байдаг. Гэтэл барааг нийлүүлэгч “Черч&Двайт" компанийн илгээгч “Бэг транс" гэх компани нь ачааг “Т”ХХК-ийн Австралийн тээвэр зуучлалын "Фасипик Харвест Ложистек" компанийн хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөөгүй бөгөөд ачааг хүлээн авах эрхгүй этгээд болох “Жонстон" тээврийн компанийн ерөнхий менежер Ж Ж гэх хүн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан гэдэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 9, 10 дахь талд авагдсан "Ачааны падаан"-аас харагддаг. Дээрх 1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 9, 10 дахь талд авагдсан "Ачааны падаан" гэх баримт нь нийлүүлэгч болох Австрали улс дахь “Черч&Двайт" гэх компани ачааг тээвэр зуучийн нэрлэснээс өөр этгээдэд ачааг хүлээлгэж өгсөн болохыг нотолсон баримт болохоос бус “Т”ХХК-ийн Австрали улс дахь түнш болох "Фасипик Харвест Ложистек" тээврийн компани, түүний хариуцсан ажилтанд ачааг хүлээлгэн өгсөн талаарх баримт биш юм. Харин “Черч&Двайт"-ийн илгээгч “Бэг транс” тээвэр зуучлалын компани нь өөр компанид барааг илгээсэн болох нь хавтаст хэргийн 49 дүгээр хуудасны “Ачааны падаан”-аар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон эдгээр баримтыг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181ШШ2018//02447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Т”ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 36 287 167 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, баталсан маягтын дагуу “захиалга авах хуудас”-аар захиалга өгөөгүй, гэрээнд заасан үнийн саналыг хүргүүлээгүй тул 2017 оны 01 сард Австрали улсаас ачаа тээвэрлүүлэх тухай тохиролцоогүй, гэрээ байгуулагдаагүй гэж маргажээ./хэргийн 1-3, 35-36 дугаар тал/

 

Талууд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, тээвэрлэгч нь захиалгын дагуу заасан тээврийн замналаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж гарах импорт, экспорт, дамжин өнгөрөх усан, хуурай болон агаарын замаар ачаа тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэхээр, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр ТЗ/6/14/45 тоот тээвэр зуучийн үйлчилгээний гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /1хх 7-13 дугаар тал/ Уг гэрээний 3.1.16-д ОУАХХ-ийн 19-р зүйл болон Монгол Улсын Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хөлс, тээвэрлэлтийн явцад гарсан нэмэлт зардлыг төлж барагдуулж дуустал зууч нь ачааг барьцаалах эрхтэй байхаар талууд тээвэрлэлтийн гэрээний зохицуулалтыг хэрэглэхээр тохиролцсон байна. /хэргийн 7-13 дугаар тал/

 

Энэ гэрээ нь хугацаагүй байгуулагдсан байх бөгөөд бараа бүтээгдэхүүнийг нэг удаа тээвэрлэхтэй холбоотой харилцааг бус талуудын хоорондын урт удаан хугацааны харилцааг зохицуулсан шинжтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн олгосон бүрэн эрхийн хүрээнд түүнийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх талаар талууд гэрээгээр зохицуулаагүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт "Худалдааны зуучлагч”-ийн гэрээний харилцаа үүссэнийг шүүх буруу тодорхойлсон гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагчийг Австрали улсын Черч энд Двайт компаниас худалдан авсан барааг тээвэрлэн авчрах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд барааны үнэ 9 876.18 австрали доллар буюу 19 001 770 төгрөг, олох байсан орлого 17 285 397 төгрөг, нийт 36 287 167 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Черч энд Двайт компанид гоо сайхан, гэр ахуйн барааны үнэд 9 876.18 австрали доллар шилжүүлсэн үйл баримт нь бараа, сав баглаа боодол, үнийн жагсаалт, мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаар хариуцагч үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаагүй. /1хх-ийн 19-22, 24,138, 208-211, 2хх-ийн 25-36 дугаар тал/

 

Харин нэхэмжлэгчийн олох байсан орлого 17 285 397 төгрөгийг гэрээнээс учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй талаар шүүх дүгнэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “илгээгч Австрали улсын Черч энд Двайт компани хариуцагч байгууллагын зөвлөсөн тээвэрлэгч болох Фасипик харвест компанид барааг хүлээлгэн өгөөгүй, ачааг хүлээн авах эрхгүй этгээдэд барааг хүргэсэн, мөн өгсөн зааврыг дагаагүй” гэж тайлбарласан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зохигчид хэн алин нь нэхэмжлэлийн үндэслэл болон татгалзлаа нотлохоор цахим шуудангаар харилцаж байсан баримтыг ирүүлсэн байх бөгөөд хэн алин нь баримтын орчуулга үнэн зөв эсэхэд маргаагүй.

 

Хэрэгт авагдсан цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл, уг баримтын цахим шуудангийн орчуулгаас үзвэл тээвэрлэгч “Т”ХХК нь ачааг илгээгч Черч энд Двайт компанид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийн өмнөөс ачааг Австрали улсаас хүлээн авч тээвэрлэх Пасифик харвест Ложистик компанийн хаяг болох Австрали улс, Марризвилле, Шинэ өмнөд Уэльс муж, 2204, Фитзроу гудамж, 56 тоот гэж холбогдох бусад мэдээллийн хамт өгсний дагуу ачааг барааны тоо, ширхэг сав баглаа боодлын талаарх дагалдах бичгийн хамт уг хаягаар хүргүүлсэн болох нь тогтоогдож байх тул өөр компанид ачааг хүргүүлсэн гэж үзэхгүй. Тухайн хаягт өөр олон компани үйл ажиллагаа явуулдаг гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул тухайн хариуцагчийн ирүүлсэн хаягаар тээвэрлүүлэх ачааг хүргүүлсэнд нэхэмжлэгч буруугүй юм. /хэргийн 1хх-49, 2хх 11, 25-36 дугаар тал/ Түүнчлэн талууд дээрх тээвэрлэлтийн гэрээний дагуу энэхүү маргаан үүсэхээс өмнө болон дараа ачаа тээвэрлэж байгаа талаар тайлбарлаж байх ба захиалгийн хуудас, үнийн санал нь гэрээний салшгүй хэсэг болж, үүний дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахаар талууд гэрээгээр тохиролцсон хэдий ч, гэрээний энэ зохицуулалт бодитой хэрэгжиж байсан талаарх баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөх замаар тайлбараа нотлоогүй байна. Иймээс захиалгын хуудас, үнийн саналгүйгээр дээрх ачааг тээвэрлүүлэхээр хариуцагчийн ирүүлсэн хаягаар хүргүүлсэнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд учирсан хохирлыг төлөхөөс хариуцагч чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

 

Шүүхээс зохигчдын харилцаж байсан цахим шууданд үзлэг хийхээс өмнө орчуулагдсан баримтыг худлаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь орчуулгын баримт, цахим шууданд үзлэг хийсэн баримтууд нь зөрөөгүй ба харилцаж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй тул дахин орчуулга хийлгээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор, гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцахаар мөн зүйлийн 210.3 дахь хэсэгт зохицуулснаар тээвэрлэгч байгууллагын зөвлөсөн байгууллага, хаягаар илгээгч ачааг илгээсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч үндсэн үүрэг гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 252 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.М

 

                                          ШҮҮГЧИД                         А.О

 

                                                                                    С.Э