Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2192

 

 

 

 

 

         2017         10                09  

            2192

 

 

Х.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/02279 дугаар шийдвэртэй Х.Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 9 933 352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгчийн тайлбарт: Миний нөхөр Ч.Норовсамбуу нь “Мистер Индикатор” ХХК-д 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр туслах ажилтнаар түр ажилд орсон ба, тус компанийн захирал Б.Б нь Монгол улсын Эрчим хүчний тухай хууль болон холбогдох дүрэм журмуудыг зөрчиж, зуурмагийн машины цахилгаан холболтыг буруу хийж, улмаар цахилгаан хүчдэл үүссэн нөхцөлд ажилтнуудыг ажиллуулж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас Ч.Норовсамбуу нь 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зуурмагны машины тогоонд үүссэн цахилгаан гүйдэлд цохиулж, зүрх судасны хурц дутагдлын улмаас нас барсан. Дээрх хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, улмаар 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус дүүргийн шүүхээр хянан хэлэлцэж, Б.Б-г гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын ял оноож, улмаар оногдуулсан ялыг тэнсэн харгалзсан. Тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдэхээс өмнө Б.Б “та гомдолгүй гэж мэдүүлэх юм бол би танай 2 хүүхдийн сургалтын төлбөрийг сургууль төгсөх хүртэл хариуцан төлж, сургалтын төлбөрийг жил бүрийн 08 сарын 20-ны өдрөөс өмнө төлж байя” гэж хэлж, хохирол барагдуулах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Гэтэл Б.Б нь тохиролцсон гэрээгээ удаа дараа зөрчиж, одоо бүр мөнгөгүй, ажил олдохгүй байна, би л тулдаа та нарт сургалтын төлбөр өгөх гэж зовж яваа болохоос н.Баярсайхан буруутай байсан гэж тохуурхан ярьж байна. Б.Б-аас 2014 оны сургалтын төлбөрт 5 146 330 төгрөг авахаар шийдвэрлэсэн боловч 2 080 000 төгрөг өгсөн ба үлдэгдлийг өгөх боломжгүй гэсэн. Иймд 2015 оны 4 966 000 төгрөг, 2016 оны 4 966 000 төгрөг, 2017 оны 4 966 000 төгрөг, 2014 оны үлдэгдэл 3 066 360 төгрөг, нийт 17 964 330 төгрөгийг Б.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад: Хариуцагч Б.Б нь 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Б.Б нь дээрх гэрээг байгуулснаас хойш өөрийн хүслээр болон шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдүүдийн сургалтын төлбөрт 2 сая орчим төгрөг өгсөн. Хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 145 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш мөнгө өгөөгүй. Гэрээний дагуу тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Б.Б-аас хүүхдүүд болох Н.Хулан, Н.Оюунбат нарын 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 4 950 000 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 4 983 352 төгрөг, нийт 9 933 352 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт:  Миний бие нь нэхэмжлэгч Х.Н-ийн гаргасан 17 964 330 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би төлбөрийг харилцан тохиролцсоны дагуу  Х.Н-д өгч байсан болно.

Н.Оюунбат, Н.Хулан нар нь насанд хүрсэн хүмүүс бөгөөд тэдний өмнөөс Х.Н сургалтын төлбөр нэхэмжилж байна. н.Э, Х.Н, Б.Б нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийсэн гэрээ нь гуравдагч этгээдэд ашигтай хэлцэл болсон байдаг. Х.Н хүүхдүүдийг 18 нас хүртэл тэжээн тэтгэх үүрэгтэй, харин Б.Б тэжээн тэтгэх үүрэггүй. Талийгаач Ч.Норовсамбуу нь 70 хувийн группт байсан. Талийгаач тухайн үед халууцаад хамаг хувцсаа тайлсан ба хувцсаа өмс гэхэд сонсгол муу учир өөрийн хэмжээнээс хэтэрсэн зүйл өргөж байгаад осол гарсан байдаг. Энэ хэргийн хариуцагч нь “Дэлгэрбэт” ХХК байх ёстой. Хууль буруу хэрэглэсэн бол түүнийг дагаж мөрдөхгүй байх эрх нь шүүхэд байдаг. Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйл ангийг зөвхөн байгууллагад хэрэглэх ёстой байтал Б.Б-г гэм буруутай гэж үзсэн. Б.Б-г хохирол барагдуулвал шоронд орохгүй гэж хэлж гэрээнд гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлд хамааралтай бөгөөд Б.Б нь шоронд орохгүйн тулд энэ хэлцлийг хийсэн. Насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийн өмнөөс нэхэмжлэл гаргаж болох хуулийн зохицуулалт нь зөвхөн итгэмжлэлээр оролцох эрхтэй. “Дэлгэрбэт” ХХК-аас сургалтын төлбөрийг гаргуулах боломжтой. Б.Б сургалтын төлбөр төлөх боломж байхгүй. Мөн хүүхдүүдийг насанд хүрээгүй байхад хийсэн хэлцэл нь насанд хүрсний дараа чөлөөлөгдөх боломжтой. Гуравдагч этгээдэд ашигтай хэлцлийг итгэмжлэлгүйгээр нэхэмжлэл гаргасан Х.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 9 933 352 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Н-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 173 884 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хийсэн гэх гэрээ нь Н.Оюунбат, Н.Хулан нарын сургалтын төлбөрийг төл, эсхүл шорондоо ор гэсэн дарамтын дор хийгдсэн. Н.Оюунбат, Н.Хулан нар нь насанд хүрсэн учир нэхэмжлэл гаргах эрхтэй ба Х.Н нь Н.Оюунбат, Н.Хулан нараас итгэмжлэл аваагүй. Иймд төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Б.Б-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 9 933 352 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хохирол барагдуулах тухай гэрээний талаар хариуцагч Б.Б шоронд хоригдох ял авахаас сэргийлж хийсэн хэлцэл учир үүрэг үүсээгүй гэж тайлбарласан байна. 

 

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 9307 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа “улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг 14 хоногоор хойшлуулах” тухай хүсэлт гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргахаар заасан ба уг шаардлагыг хангаагүй байвал мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боловч энэ тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах арга, түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг заах учиртай.

 

Гэтэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид уг аргыг буюу сөрөг нэхэмжлэлээ дараа шийдвэрлүүлэх боломжтой эсэх, ямар үр дагавар үүсч байгаа талаар тодорхой заагаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх бүрэн хангагдсан гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/02279 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                     Т.ТУЯА

                                                    А.МӨНХЗУЛ