Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00158

 

    С.М-ийн нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-т холбогдох

6 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

6 100 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж 28 дугаар байрны 38 тоотод байрлах “Тэлэмүгэн” цайны газрыг сарын 1 200 000 төгрөгөөр тооцож, 2015 оны 11 дүгээр сарын 15-нд иргэн Д.Оюунгэрэл намайг байлцуулан тухайн байрыг цайны газрын зориулалтаар засч тохижуулсан төлбөрөө аваад үлдсэн 1 500 000 төгрөгийг байрны эзэн Б.М, Б.Мөнх-Эрдэнэ нарт хүлээлгэн өгснөөр тэдний хоорондын тооцоо дуусч, би тухайн обьектыг түрээслэн ажиллуулах болсон. Түрээслэх хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-нд Б.М-ийн дансанд 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас цаашид түрээслэх боломжгүй болсон тул Б.М-тэй харилцан ярилцаж дараагийн түрээслэгчийн төлсөн төлбөрөөс үлдэгдэл тооцоог төлж дуусгахаар тохиролцсон.

Б.М тухайн цайны газрыг 2015 оны 12 дугаар сарын 10-наас н.Уламбаяраас түрээслүүлж сарын 1 300 000 төгрөгөөр тооцож, 6 сарын төлбөрт 7 800 000 төгрөг авсан байсан. Гэтэл Б.М 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч энэ оны 6 дугаар сард дараагийн түрээслэгч н.Лхагвасүрэнгээс 2 сарын түрээсийн төлбөр 2 300 000 төгрөг, барьцаа 1 300 000 төгрөг авч, нийт 3 600 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Бид Б.М-ийн дараа дараагийн түрээсийн орлогоос миний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар ярилцаж тохиролцсон боловч одоог хүртэл төлж дуусгаагүй байна.

Иймд Б.М-ээс миний өгсөн 12 500 000 төгрөгөөс түрээслэсэн 300 000 төгрөг, эргүүлэн өгсөн 5 600 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 6 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруугийн 28 дугаар байрны 30 тоотод байрлах газрыг засварлахыг дүү Б.Мөнх-Эрдэнэд би даатгасан. Б.Мөнх-Эрдэнэ засвар хийлгэхээр хөөцөлдөх явцад Д.Оюунгэрэл гэгч тааралдаад өөрөө засвар хийн улмаар түрээслэн ажиллуулна гэсэн. Түрээсийн төлбөртөө засварын зардлыг тооцохоор тохирсон байсан. Гэтэл Д.Оюунгэрэл миний байрыг өөрийн байр мэтээр зар өгч С.М-тэй түрээслэхээр тохирсон байсан. Энэ асуудлыг би мэдээд Д.Оюунгэрэлийг бусдын эд хөрөнгийг ашиглан залилан мэхэлсэн асуудлаар цагдаад хандах гэтэл С.Мөнхцэцэг болиулсан. Тэрээр цагдаад өгөөд хэрэггүй би түрээслэнэ, таныг хохироохгүй гэсэн. Тэр хоёрын хоорондох өгөө авааны асуудлыг би мэдэхгүй. Удалгүй нөгөө С.М нь би болилоо, н.Уранбаяр гэх эмэгтэйд түзрээслүүлэхээр боллоо гээд түүнд бас шилжүүлсэн.

н.Уранбаяр нь мөнгөө хагас төлөөд болилоо гээд алга болсон. Гэтэл С.Мөнхцэцэг надруу яриад би н.Уранбаяраас хүлээгээд авсан, одоо н.Лхагвасүрэн гэдэг хүнд түрээслүүлнэ гээд шилжүүлсэн. Гэтэл н.Лхагвасүрэн нь бас түрээслэхээ больсон. С.М нь н.Лхагвасүрэнгээс 4 100 000 төгрөг авсан байсан.

  Би С.М-тэй гэрээ хийгээгүй, түүнд мөнгө төлөх үүрэггүй. Анхны засвар хийсэн Д.Оюунгэрэлтэй тооцоо хийх ёстой. Би үүнийг ойлголгүй, харин С.М-т 6 600 000 төгрөг өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Д.Оюунгэрэл, С.М нартай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин Д.Оюунгэрэлийн хувьд засвар эхлээд хийгээд дараа нь түүнийгээ түрээсэнд тооцохоор ярьж байсан нь үнэн. Гэхдээ хэдэн төгрөгийн засвар хийсэн нь тодорхойгүй, түүнийг би хүлээн аваагүй, би өөрөө түрээслэхээ болилоо, харин засварын мөнгөө С.М-ээс авахаар боллоо гээд алга болсон. Миний хувьд Д.Оюунгэрэлтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй хэнээс хэдэн төгрөг авч зассан, дараа нь засварын мөнгө хэнээс яаж гаргаж авч байгааг ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй юм. Гэхдээ С.М-т мөнгө өгөх ёстой юм байлгүй гэж бодоод н.Уранбаяраас авсан 2 000 000 төгрөгийг өгсөн, энэ мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно. Дараа нь н.Лхагвасүрэнгээс эхлээд 500 000 төгрөг дараа нь н.Лхагвасүрэн болон эхнэр, миний бие хамтран байлцах үед н.Лхагвасүрэнгээс шууд С.М-т 3 600 000 төгрөг өгсөн.

Энэ мөнгөний хувьд С.М нь 3 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд 500 000 төгрөгийг аваагүй гэдэг. Гэвч н.Лхагвасүрэн 3 600 000 төгрөгийг өгсөн өмнө нь 500 000 төгрөг өгсөн гэж гэрчилж, мэдүүлдэг. Түрээсийн гэрээтэй н.Уламбаяраас ашиглалтын зардал 788 615 төгрөгийг би авах ёстой байтал С.М нь “би н.Уранбаяртай тооцоо хийгээд, хүлээн авлаа, түүнийг явуулчихлаа” гэсэн. Тиймээс энэ мөнгийг С.М надад төлөх ёстой байтал н.Уранбаярыг явуулсан, кафег хүлээн авснаа С.М тайлбартаа зөвшөөрсөн. С.М нь манай кафег 1 сарын хугацаатай ашигласан төлбөр 1 500 000 төгрөгийг төлөх ёстой. Гэвч түрээсийн гэрээгүй учраас би нэхээгүй байна.

Иймд өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа н.Урамбаяраас авч өгсөн 2 000 000 төгрөг түүний болон н.Лхагвасүрэнгийн мэдүүлгээр нотлогдож 4 100 000 төгрөг, өөрийнх нь тайлбар болон н.Лхагваүрэгийн мэдүүлгээр нотлогдож байгаа н.Урамбаярын төлөх ёстой, өмнөөс нь тооцоо хийхээр тохирсон 788 615 төгрөг, нийт 6 888 615 төгрөгийг С.М-ээс нэхэмжилж байна. Би бол С.М-тэй гэрээ хийгээгүй, түүнд мөнгө төлөх үүрэг байхгүй. Анхны засвар хийсэн Д.Оюунгэрэлтэй тооцоо хийх ёстой. Би үүнийг ойлголгүй С.М-т 6 800 000 төгрөг өгсөн. Д.Оюунгэрэл надаас засварын мөнгөө нэхэмжлэх байх, би түүнд хийсэн засвар буюу оруулсан хөрөнгө оруулалтыг харилцан тохиролцон өгөх ёстой. Тиймээс Д.Оюунгэрэлд өгөх ёстой мөнгөө андуурч өгсөн С.М-ээс нэхэмжилж байгаа юм. Иргэний хуульд үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний зохицуулалтаас харахад түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

Нэхэмжлэгч С.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.М-гийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: н.Мөнх-Эрдэнэ н.Оюунгэрэлээс 1 500 000 төгрөгийг аваад н.Оюунаатай бүрэн тохиролцсон. “Танайх одоо ажилла” гэсний дагуу бид ажиллаж эхэлсэн. Түрээслүүлэгч Б.М өөрөө хүлээн зөвшөөрч манайхаас түрээсийн үлдэгдэл 1 000 000 төгрөг авсан. Манай мөнгийг дараагийн түрээслэгчээс авч өгнө гэдгээ Б.М удаа дараа тохиролцсоны дагуу манайд 5 600 000 төгрөгийг төлсөн. Уулзаж ярилцах явцад манай мөнгийг төлж барагдуулна гэдгээ хэлж байсан. Үүнийгээ мессеж хэлбэрээр ч илэрхийлсэн байдаг. 03 дугаар сард ахин тохиролцоонд хүрсэн. Энэ нь 04 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 09 хүртэл 7-н сарын хугацааны түрээсийн мөнгийг манайд өгнө. Дээр нь нэмээд 400 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Үүнийгээ мессеж хэлбэрээр баталгаажуулсан байгаа.

Д.Оюунгэрэлээс хүлээж авсан юм аа мэдэж байгаа юм чинь н.Уранбаярт хүлээлгээд өгчих гэсний дагуу гуанзны эд хогшлыг н.Уранбаярт хүлээлгэн өгсөн. н.Уранбаяраас хүлээж авах үед С.М өөрөө байсан. н.Уранбаяртай тооцоо дууслаа гээд түлхүүрээ өөрөө аваад явсан. н.Уранбаяр харин Б.М-ээс “та сүүлийн сарын түрээсээ 1 000 000 төгрөг болгоно гэсэн шүү дээ” гээд 300 000 төгрөг нэхэж байсан. Иймд би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм гэжээ.

Шүүх: Ирэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ээс 6 100 000 төгрөгийг гаргуулж С.М-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 500 000 төгрөг, хариуцагч Б.М-гийн 6 100 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М-ээс төлсөн 120 550 төгрөг, хариуцагч Б.М-ээс төлсөн 125 168 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.М-ээс 112 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 15999 төгрөг 84 мөнгийг Банязүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 данснаас буцаан гаргуулж хариуцагч Б.М-т  олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М давж заалдах гомдолдоо: Миний зүгээс Д.Оюунгэрэлд өгөх ёстой мөнгөө андуурч С.М-т өгсөн. Энэ шаардлагаас үүдэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэх агуулгатай давхацсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Д.Оюунгэрэлийн зоогийн газарт хийсэн гэх засвар зоогийн газар ажиллуулахад тохироогүй, өнгө үзэмж муутай, санаанд нийцэхээргүй байсан. Мөн засвар хийгдсэн гэх засварын үнэлгээнд орсон “АПУ-гаас үнэгүй тараадаг пивоны аяга, хэн ч авахааргүй салбарсан моднууд эвлүүлж тавцан босгосон, 10 ширхэг ширээ сандал, мөн шатсан тогоо” гэх мэт хуучирч, муудсан эд зүйлсэд өөрсдөө өндөр үнэ зохиож бичсэнийг үнэлгээнд тооцож надаас гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, эргүүлэн өгөх хүсэлтэй байгаа талаар Д.Оюунгэрэлтэй утсаар ярьж уулзах гэсэн боловч уурлаад ярилцаж чадаагүй. Ингээд би муу засвар хийсэн ажлыг нурааж, шинээр өөрийн зардлаар засварын ажил хийсэн.

Би 12 500 000 төгрөгөөр хөрөнгөжөөгүй байхад засвар гэж муухай болгосон зүйл нь надад  хөрөнгө оруулалт болж үлдээгүй, намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн бол надад үр шим нь үлдэх ёстой гэж бодож байна. Тийм муухай хийсэн засварыг хэн ч хүлээж авахгүй байх байсан. Тэгээд засвар хийсэн гэх мөнгөө Д.Оюунгэрэл нь С.М-ээс авсныг хүлээн зөвшөөрөөгүй. Д.Оюунгэрэл нь ямар ч төлбөрийн баримтгүй засварын зардал гэж өөрөө үнэ зохиож бичсэн дэвтрийг шүүх нотлох баримтаар үнэлж надаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шүүх хурал дээр Д.Оюунгэрэл 11 500 000 төгрөгийг С.М-ээс авснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Эндээс хөрөнгөжсөн хүн болон хэргийн жинхэнэ хариуцагч нь Д.Оюунгэрэл юм. Харин үнэлгээний байгууллагын дүгнэлтээр хийсэн гэх засварын зардал 6 000 000 төгрөг гэж тогтоосон. Гэтэл шүүх тухайн баримтыг үнэлэлгүйгээр засварын зардлыг шууд 11 500 000 төгрөг гэж тооцож надаас 6 100 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Д.Оюунгэрэл нь С.М-ээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн байхад хариуцагчийг буруу тогтоож, үнэлгээний байгууллагын үнэлгээ гарсан байхад засварын үнэлгээг буруу тогтоож, үр шим нь надад ирээгүй, хүлээн авах боломжгүй засвараас намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн шийдвэр гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Мө нь хариуцагч Б.М-т холбогдуулан 6 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 6 100 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.М-т мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаагүй, харин Д.Оюунгэрэл нь Б.М-ийн өмчлөлийн цайны газрыг түрээслэж байхдаа хийсэн засварын ажлын зардлыг түрээсийн төлбөрт тооцохоор тохиролцсон байсны дагуу, би уг зардлын мөнгө буюу түрээсийг төлбөрийг Д.Оюунгэрэлд төлж, цайны газрыг түрээслэн ажиллуулсан” гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх эрх зүйн харилцааг тодорхойлохдоо нэхэмжлэгч С.М нь ямар үндэслэлээр, хэний даалгаснаар эсвэл даалгаваргүйгээр Д.Оюунгэрэлд энэ мөнгийг шилжүүлсэн үүний улмаас хэн үр шим хүртсэн гэх нөхцөл байдлыг тодруулах ёстой.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч Д.Оюунгэрэл “...Б.М-ийг ерөөсөө хараагүй, одоо л харж байна...” гэх мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг, талуудын гаргасан тайлбараар эдгээр мэдүүлэг, тайлбарын зөрүүг тодруулах шаардлагатай. Түүнчлэн, Д.Оюунгэрэл нь нэхэмжлэгч С.М-ээс авах ёстой авлагатай холбоотойгоор Б.М-т  шаардлага гаргаж байгаа гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Оюунгэрэлийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэх асуудлыг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зохигчдын хоорондын өр авлагын асуудал Д.Оюунгэрэлтэй холбоотой гэж үзвэл, уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эсхүл Д.Оюунгэрэл хариуцагчид холбогдуулан ямар шаардах эрхийг шилжүүлж авсан нь тодорхой бус байна.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байгаа нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад хамаарах асуудал тодорхой бус байхад хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            Н.БАТЗОРИГ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА