Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/02522

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 20 дугаар байрны 0 тоотод оршин суух, Х овогтой С... /РД:-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 76 байрны0 тоотод оршин суух, Х овогтой Б ... /РД:-д холбогдох,

    

зээлийн гэрээний үүрэгт 47,300,715 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 24,195,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Знар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.... нь нэхэмжлэгч С.... болон түүний нөхөр н.Т хуурай ах дүүсийн харилцаатай байсан. Б.... болон эхнэр Ц.... нар нь нэхэмжлэгч С.... болон түүний нөхөр н... нараас танилцсан цагаасаа эхлээд их бага хэмжээгээр мөнгө зээлдэг, зээлсэн мөнгөө буцааж төлдөг байсан. Ингээд хамгийн сүүлийн байдлаар С.... Б.... нар өөрсдийн хооронд 2011 онд үүссэн зээлийн гэрээний харилцаагаа нэг тийш нь шийдвэрлэх үүднээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” хийж, өмнө зээлсэн зээлийн төлбөрийн нийт хэмжээг 40,000,000 төгрөг болгож, төлөх хугацааг нь нарийвчлан тогтоож өгсөн. Нөхцөл нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн лхагва гаригт 700,000 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сар хүртэл бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон байдаг. Үүний дагуу хариуцагч Б.... 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3,015,000 төгрөг, 2018 онд 850,000 төгрөг, нийт 3,865,000 төгрөг төлсөн боловч үүнээс хойш нэг ч төгрөгийг төлөөгүй зогссон. Удаа дараа шаардуулаад төлбөрөө төлөхгүй байсан учир нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 36,135,000 төгрөг, төлөөгүй хугацаанаас хойш тооцсон алданги 11,165,715 төгрөг, нийт 47,300,715 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Уг шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, мөн зээлийн хүүнд илүү төлсөн 24,195,000 төгрөг гаргуулах шаардоаг гаргасныг  нэхэмжлэгч нь эс зөвшөөрч байгаа. Хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан цагаасаа хойш хүчин төгөлдөр хэлцэл гэж үзээд байгаа. Үндэслэлээ “...намайг нэхэмжлэгч нь өөрийн цагдаа, хүчний байгууллагад байдаг таньдаг хүнээрээ дарамтлуулж, цагдан хориулж байгаад хүчээр хийлгэсэн” гэж хэлдэг. Гэтэл ийм байдал хэрэгт цугларсан баримтуудаар огт тогтоогдоогүй. Хэрэв үнэхээр тийм асуудал байсан бол тухайн цаг үед нь гомдлоо гаргаад шалгуулах бүрэн боломжтой байсан. Хариуцагч талууд дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэж байгаа ч үндэслэлээ “...дарамтлуулсан” гэж яриад байгаа. Хариуцагч дарамтлуулсан, талууд дүр үзүүлж хэлцэл хийсэн гэж үзэхээр баримт хэрэгт байхгүй. Мөн зээлийн хүүнд илүү төлсөн 24,195,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй. Хариуцагч Б.... болон түүний эхнэр нь нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн нөхөр н...ээс нэг нэгээрээ, хамтдаа зээл авч байсан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тэрээр дандаа авсан мөнгө, буцаан төлсөн үйл баримтын талаар зөрүүтэй, эргэлзээтэй, худал мэдүүлэг, тайлбар өгч явдаг. “Тоёота лексус-470” маркын автомашины төлбөрт зарим мөнгийг буюу 29,000 ам доллар төлсөн гэж худал хэлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн дүү С....ын өгсөн мэдүүлгийг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулаад үзэхээр Б.... нь уг автомашины төлбөрийг төлөөгүй болох нь харагддаг. Тэрээр дандаа хаа хамаагүй баримтуудыг нэхэмжлэлтэй холбож ярьдаг. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнээс өмнө үүсээд, талууд төлбөр тооцоогоо нэгэнт дуусгасан баримтуудыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээтэй үндэслэлгүйгээр хутган ярьж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.... нь нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу шаардсан 47,300,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний төлбөр, уг төлбөрөөс тооцсон алданги нэхэмжилсэн. Шаардлагын үндэслэл болж буй төлбөр барагдуулах гэрээний зорилго нь 2011 онд 40,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба 40,000,000 төгрөгийг төлөхтэй холбоотой талуудын эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэж байгаа. Хэргийн 20 дугаар талд С....ийн цагдаагийн байгууллагад гаргасан тайлбарт “...дээрх 62,000 долларыг хүүгүй зээлүүлсэн, гэрээ байгуулаагүй” гэх үг байдаг. Мөн “...бага хэмжээгээр төлбөрөө төлсөөр 27,000 долларыг төлсөн, үлдэгдэл 35,000 долларыг авмаар байна” гэсэн байгаа. 2013 оны байдлаар нэхэмжлэгчийн өөрийн гараар бичсэн тооцоо болох зээлийн үүрэг 7,130,000 төгрөг дутуу байгаа талаарх баримтыг 2013 оны 7 дугаар сард үйлдэж байсан. С....ийн гар бичмэл бүхий тооцоогоор тухайн үед 31,165,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Тухайн баримтаас авч үзвэл 2013 оны 7 дугаар сард тооцоо нийлсэн, гэтэл 2014-2016 он хүртэл уг 35,200,000 төгрөгийг авсан байгаа. Нийт баримтаар 66,365,000 төгрөг авсан нь тогтоогдож байна. Тухайн үед 2013 оны 7 дугаар сард тооцоо нийлснээс хойш авсан мөнгө нь баримтаар 2013 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл 12,240,000 төгрөг, 2014 онд 9,720,000 төгрөг Төрийн банкаар, 2015 онд 16,640,000 төгрөг, 2016 онд 1,100,000 төгрөг, үүнээс хойш 3,015,000 төгрөгийг 2017 онд, 2018 онд 850,000 төгрөг, нийт 40,300,000 төгрөгийг тухайн зээлийн тооцоо нийлснээс хойш өгсөн байдаг. 29,000 долларын хувьд 2008 онд “Lexus-470” маркийн авто машиныг С....ийн нөхрөөс Б.... худалдан авсан. Гэтэл 29,000 ам долларыг нь төлсөн байхад 2011 онд С....ийн дүү С.... нь дээрэмдээд аваад явсан. Энэ асуудлыг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн магадлалд “...29,000 доллартай холбоотой үйл баримт тодорхой байх шаардлагатай” гээд дурдсан байгаа. Ийм байдлаар 29,000 ам доллар тодорхой болсон. 33,000 долларын тухайд илүү төлөгдсөн гэвэл зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Гэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү шаардах эрхээ алдах ёстой. Гэтэл энэ хугацаанд өдөр болгон маш их хэмжээний мөнгө авсан. Бэлнээр авсан талаар баримт байхгүй. С....ийн сүүлд гаргасан баримттай нийлүүлээд бичсэн. Үндсэндээ 43,565,000 төгрөг илүү өгсөн. Зээлийн гэрээг албан ёсоор бичгээр байгуулаагүй байж олон жил сарын хүү, өдрийн хүү гээд Б...., эхнэр н...., дүү н.Алтантуяа нараас нь маш их хэмжээний мөнгө авсан. Тухайн үед яагаад мөнгө өгөөд байсан бэ гэхээр С.... ажил хийж байгаа газар буюу Барс дээр очоод орилж, доромжилдог. Тиймээс эргэн тойрны хүмүүсээс санаа зовдог. Б...., н...., н.Алтантуяа нараас очиж мөнгө авдаг байсан. Байнгын мөнгө авдаг байсан тул мөнгийг өгөөд явуулдаг байсан. “Lexus-470” маркийн авто машины асуудал дээр нэмж хэлэхэд 2008 онд С....ийн талийгаач нөхөр нь Б....ийг дуудаад, машиныг нь авсан. Гэхдээ бичиг баримтыг нь шилжүүлж өгөөгүй, Б.... тухайн машиныг 3 жил эзэмшиж, ашиглаж байсан. Мөнгийг нь өмнөх аргаараа өгсөөр байгаад төлж дуусгасан. Гэтэл С.... тухайн машиныг ирээд булаагаад аваад явсан. Энэ асуудал дуусаж байгаа юм байна гэж байтал 2016 онд цагдаагийн байгууллагад дуудагдсан. 62,000 доллараас 27,000 долларыг нь буцаагаад өгсөн, эргэн төлөлт хийгдсэн байхад цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй төлбөр барагдуулах гэрээг яагаад байгуулсан бэ гэх асуудал яригдана. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн төлбөр барагдуулах гэрээг С.... үйлдэж ирсэн, хүчинд автаж, бусдын эрхшээлд орж, дүр үзүүлэн хийсэн. Хариуцагчийг хорино гэж сүрдүүлсэн учир хүлээн зөвшөөрөөд, бэлдсэн бэлдэц дээр гарын үсэг зурсан байгаа. С....ийн танил мөрдөн байцаагч н.Тэмүүжин гэгч эрүүгийн хэрэг үүсгэн  “мөнгөө төл” гэж байнга шаардан цагдаагийн хэлтэс дээр өдөр бүр дуудан цаг бүртгэж, удаан хугацаагаар цагдаагийн үүдэнд байлгаж, мөнгөө өгөхгүй бол цагдан хорино гэж дарамталж байсан. Энэ хэрэгт холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 461 дүгээр ангид баривчлан 72 цаг хорьсон. н.Тэмүүжин мөрдөн байцаагч анх л мэдүүлэг авахдаа “чи мөнгө төлнө гэдгээ хүлээ, та хоёр тохиролцох юм бол хэргийг хаана” гэж шаарддаг байсан тул төлбөр барагдуулах гэрээ гэгчид гарын үсэг зурж, хилс хэрэг, ялаас салсан байдаг. Эдгээр шалтгаануудаас болж хариуцагч нь дараах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнд:

1/  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгоно. 

2/ Зээлийн төлбөрт буюу хүүнд илүү төлсөн 24,195,000 төгрөг гаргуулна. 

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага:

Дээр дурдсанчлан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэгч нь цагдаа, хүчний байгууллагын тусламжтайгаар хийсэн. Хариуцагчийг шалгаж байсан мөрдөн байцаагч анх мэдүүлэг авахдаа л “чи мөнгө төлнө гэдгээ хүлээ, та хоёр тохиролцох юм бол хэргийг хаана” гэж шаарддаг байсан тул хариуцагч цагдаагийн энэ дарамт шахалтаас, мөн эрүүгийн хэргийн хохирогч гэх С....ийн шаардлагаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “төлбөр барагдуулах гэрээ”-нд гарын үсэг зурсан. Ийнхүү зурсны дараа мөрдөн байцаагч н.Тэмүүжин 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  прокурорын газарт “хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гаргаж хүргүүлснээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд зээлийн хүү, алданги төлүүлэх гэсэн гомдолд хуулийн үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, хилс хэрэгт холбогдуулан цагдан хоригдож , мөрдөн байцаагчийн цаашид дахин цагдан хорино гэсэн эрүү шүүлт, дарамт шахалтад орж тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзлэлгүйгээр, зөвхөн гэрээ хийсэн гадаад илэрхийллийг харуулахын тулд хийгдсэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна.  

2/ Зээлийн төлбөрт буюу хүүнд илүү төлсөн 24,195,000 төгрөг гаргуулах шаардлага:

2007 онд С...., түүний нөхөр н...ээс эхлээд 10,000 доллар, дараа нь 20,000 доллар, мөн нэг удаа 1,100 доллар, дараа нь 2,000 доллар, нийт 33,300 долларыг хүүтэй зээлж авсан. Мөнгийг тухайн үед нь цувуулан бэлнээр төлсөн. Нийт 33,300 доллар зээлээр авсан, тэр үеийн төгрөг долларын ханшаар /1x1150 төг/ нийт 38,295,000 төгрөг болж байсан ба 2008 онд түүний өөрийнх нь хийсэн тооцоогоор зээлсэн мөнгөнөөс 31,165,000 төгрөг төлсөн, үндсэн зээл 7,130,000 төгрөг дутуу гэсэн тооцоо байдаг. Ийнхүү тооцоо хийснээс хойш С....д зээлсэн мөнгө болон хүүг төлж дууссан боловч С.... нь үндсэн зээлийн төгрөг долларын ханшийн зөрүү, зээлийн хүү, хүүгийн хүү, өдрийн хүү гэж тооцоо гаргаж байнга мөнгө нэхэх болсон тул мөнгө бэлнээр өгч байсан. Сүүлдээ данс руу нь банкаар мөнгө шилжүүлдэг болсон. Бэлнээр өгсөн мөнгийг тооцоонд оруулаагүй.  2014 оны 01 дүгээр сарын 11-нээс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны хооронд ...ийн Хаан банк болон Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлж байсан ба зөвхөн дансаар шилжүүлсэн мөнгөний тооцоог хийж үзэхэд 27,460,000 төгрөг болсон байдаг. 2014 онд 9,720,000 төгрөг, 2015 онд 16,640,000 төгрөг, 2016 онд 1,100,000 төгрөг шилжүүлсэн байна. Мөн 2016 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын 26 хүртэл Цагдаагийн байгууллагад “мөнгө залилан мэхлэн авсан” гэж үндэслэлгүй гомдол гаргаж шалгуулж дарамт шахалтанд оруулснаас хойш түүний данс руу 3,865,000 төгрөг шилжүүлсэн. Ийнхүү С....д нийт 31,325,000 төгрөг төлсөн байдаг. Энэ 31,325,000 төгрөгөөс С....ийн өөрийнх нь тэр үеийн тооцоогоор үндсэн зээлийн дутуу 7,130,000 төгрөгийг хасаж тооцоход хүүнд зөвхөн 24,195,000 төгрөг төлсөн. Иймд С....д илүү төлсөн 10,000,000 төгрөг гаргуулахаар гаргасан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 14,195,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийтдээ С....ээс 24,195,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь надаас авсан мөнгөө хэд дахин нугалан авч, миний илүү төлсөн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.     

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.... нь хариуцагч Б....өд холбогдуулж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүрэгт үндсэн мөнгө 36,135,000 төгрөг, алданги 11,165,715 төгрөг, нийт 47,300,715 төгрөгийг шаардан шүүхэд ханджээ. 

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.... “...төлбөр барагдуулах гэрээг ...дарамталж хийлгэсэн”, “...төлбөр барагдуулах гэрээг байгуулахаас өмнө 5,000 орчим ам долларын өглөгтэй байсан. Уг мөнгийг нэхэмжлэгч дарамтлаад байсан учраас буцааж төлөхдөө 5,000-10,000 ам долларыг илүү өгсөн” гэсэн агуулгаар эс зөвшөөрсөн. Улмаар нэхэмжлэгч С....д холбогдуулж дараах шаардлагууд бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

1/ 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах;

2/ Зээлийн хүүнд илүү төлсөн 24,195,000 төгрөг гаргуулах. 

 

Үндсэн нэхэмжлэл:

 

Нэхэмжлэгч С.... нь хариуцагч Б....тэй 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээний зорилгыг талууд “...2011 онд 40,000,000 төгрөгийг зээлүүлсэн ба 40,000,000 төгрөгийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино” хэмээн тодорхойлж, дараах үндсэн нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:

1/ Төлбөрийн нийт хэмжээ: 40,000,000 төгрөг;

2/ Төлбөр төлж дуусгах хугацаа: 2017 оны 12 сар хүртэл хэсэгчилж төлнө;

3/ Төлбөр төлөх нөхцөл: 2016.10.10 өдөр 2,000,000 төгрөг төлнө. 2016.11 сараас эхлэн 7 хоног бүрийн лхагва гаригт 700,000 төгрөгийг төлнө;

4/ Анз: төлбөр авагч нь төлбөрийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ.

 

Хариуцагч Б....өөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүрэгт 47,300,715 төгрөг гаргуулах өөрийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...гэрээгээр тохирсон 40,000,000 төгрөгөөс хариуцагчийн 2017-2018 онуудад төлсөн нийт 3,865,000 төгрөгийг хасахад 36,135,000 төгрөг болно. Үүнээс тооцсон алданги 11,165,715 төгрөг, нийт 47,300,715 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Харин хариуцагч Б.... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчтэй “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан болон 2017-2018 онуудад нэхэмжлэгчид 3,865,000 төгрөгийг /хувааж/ төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн хооронд үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа гэрээгээр харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн “Төлбөр барагдуулах гэрээ” нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна. 

 

Иймд нэхэмжлэгч С.... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу 36,135,000 төгрөгийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Б....өөс шаардах эрхтэй. 

 

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна. 

 

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-гээр алдангийн талаар бичгээр тохирсон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ буюу төлбөрийг тогтоосон хугацаандаа нэхэмжлэгчид шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Нэгэнт талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар бичгээр тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Ийм учраас хариуцагчаас гэрээний дагуу тохирсон алданги болох 11,165,715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсгүүдэд нийцнэ. 

 

Сөрөг нэхэмжлэл:

 

1/ 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах: 

 

Дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчтэй “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан талаар маргаагүй. Харин тэрээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгч намайг айлган сүрдүүлж байсан учраас би төлбөр барагдуулах гэрээг зөвшөөрч байгаа мэт дүр үзүүлж хийсэн. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэсэн тайлбарыг гаргаж байна. 

 

Хуулиар хориглосон зүйлс аливаа этгээдүүдийн хэлцлийн зүйл буюу гол нөхцөл болох учиргүй бөгөөд байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тус тус заажээ. 

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Б....ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

2/ Зээлийн хүүнд илүү төлсөн 24,195,000 төгрөг гаргуулах шаардлага:  

 

Дээрх шаардлагын үндэслэлээ хариуцагчаас “...Ийм байдлаар нэхэмжлэгч тал миний илүү төлсөн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжиж байна” гэсэн байдлаар тайлбарласан бол нэхэмжлэгч тал “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнээс өмнөх зээлийн асуудал дууссан. Сүүлд үүссэн зээлийн гэрээний үүргийг хэрхэн барагдуулахыг талууд тохирч гэрээ хийсэн. Гэтэл хариуцагч тал эдгээр үүргүүдийг албаар хольж тайлбарлаж байна” гэж үгүйсгэсэн. 

 

Аливаа этгээдийн мөнгөн хөрөнгө, эд зүйлсийн зарим хэсэг өөр этгээдийн эд хөрөнгөд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээд бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж ойлгоно. Тодруулбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан  шаардах эрхтэйг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлд ямар үндэслэлээр үүрэг дуусгавар болохыг заасан ба мөн зүйлийн 236.1.3-т “Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч болоод хариуцагч нар сайн дурын үндсэн дээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр өмнө /хоорондын/ үүссэн зээлийн өр төлбөртэй холбоотой бүхий л асуудлаа нэг мөр шийдвэрлэж дууссан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 

 

Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд зохигчийн тайлбар нотлох баримт болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгүүдэд заасан байдаг.

 

Хариуцагч Б...., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд зохигчийн хооронд үүссэн үүргийн харилцаа, огноо, төлбөрийн хэмжээний талаар зөрүүтэй тайлбаруудыг өгч байжээ.

 

Дээрх байдлыг хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулснаас хойш 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 3,015,000 төгрөг, 2018 онд 850,000 төгрөг, нийт 3,865,000 төгрөгийг төлж байсан үйл баримтуудтай харьцуулан судлахад хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хангагдах боломжгүй байна.   

 

Мөн хариуцагчийн зүгээс өөрийн сөрөг нэхэмжлэл болон татгалзлын нэг үндэслэлээ “...Тоёота лексус-470 маркын, 00-76 улсын дугаартай автомашиныг С....ийн нөхрөөс худалдан авч, төлбөрийг төлсөн байхад ...машинаа хүчээр буцаан авсан” гэж тайлбарладаг.

 

Шүүх хуралдаанд асуугдсан гэрч С.... “...Би нэхэмжлэгч С....ийн төрсөн дүү бөгөөд хариуцагч Б....ийг эгчээрээ дамжуулж таньдаг болсон. 2009 онд би Тоёота Лексус 470 маркын автомашиныг оруулж ирээд 7 дугаар сард нь Б....өд итгээд зарсан. Учир нь тэрээр ...би 61-н гарам дээр 90 га газартай, машины мөнгийг удахгүй өгнө. Өгч чадахгүй бол 90 га газраа өгнө гэж гуйгаад байхаар нь итгээд өгсөн. Автомашины өмчлөлийг мөнгөө төлөхөөр нь шилжүүлэхээр болж н.Мөнхжаргал гэж хүний нэр дээр түр шилжүүлсэн”, “...Б.... нь манай эгчээс болон надаас удаа дараа мөнгө зээлдэг байсан. Б.... нь дундын танил н.Одбаяр гэж хүнээс миний нэрийг бариад 76,000,000 төгрөгийн үнэтэй машин авсан байсан. Ингээд үндсэндээ 200,000,000 орчим төгрөгийн өглөгтэй байсан. н.Одбаяр надаас мөнгөө нэхээд байхаар нь би өөрийн байраа барьцаалсан. Гэвч Б.... мөнгөө өгөхгүй байсан учраас би өөрийн байрыг Б....ийн өмнөөс н.Одбаярт өгсөн. Ингээд үлдсэн мөнгөө Б....өөс увуулж, цувуулж авсаар байгаад 58,000,000 төгрөгийн авлагтай үлдсэн. Гэвч Б.... зээлж авсан мөнгөө төлөхгүй байсан учир би түүнээс Тоёота Лексус 470 маркын автомашинаа буцаан авснаар бидний хоорондын тооцоо дууссан” гэсэн мэдүүлгийг өгсөн.

 

Дээрх гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Хэлцэл” гэсэн нэртэй, “...иргэн Балган овогтой ... нь Сүрэн овогтой ...аас зээлсэн нийт мөнгөнөөс өнөөдрийн байдлаар 107,180,000 үлдсэн нь үнэн болно. Үлдсэн мөнгөө ...2011 оны 7 дугаар сарын 01 өдөр төлж барагдуулна. Төлөөгүй тохиолдолд 61-н гарам дахь 90 га газар өгнө /Ц...., Б...., С.... нарын гарын үсэгтэй/” гэсэн агуулгатай бичгийн баримт,

00-76 УНБ улсын дугаартай, 2009 онд Монгол улсад анх бүртгэгдсэн “Тоёота лексус-470” маркын автомашины гэрчилгээ /эзэмшигчээр Ж.Мөнхжаргал бүртгэгдсэн/-ний хуулбар,

“...М.Одбаяраас 76,000,000 /автомашин/ Б....өд зээлдүүлэв. Жич: С.... миний бие байраа барьцаалав /гарын үсэг бүхий/” гэсэн бичгийн баримт,

2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн С.... болон Б.... нарын хооронд байгуулагдсан “Иргэд хоорондын хэлцэл”,

2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн С.... болон Б.... нарын хооронд байгуулагдсан 70,000,000 төгрөгийн “Зээлийн гэрээ” зэрэг бичгийн баримтуудтай харьцуулан судлахад хариуцагч Б....ийн “...29,000,000 ам доллараар Тоёота Лексус 470 маркын автомашиныг нэхэмжлэгчээс худалдан авсан, ...машины төлбөрт төлсөн мөнгө” гэх тайлбар үндэслэл муутай байна. 

 

Эдгээр нөхцөл байдлыг үндэслээд нэхэмжлэгчээс өмнө байгуулсан зээлийн хүүнд илүү төлсөн 24,195,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б....өөс 47,300,715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С....д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 24,195,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б....ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,500 төгрөг, хариуцагч Б....өөс төлсөн 708,850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б....өөс 394,454 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С....д олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                           Н.ХАНГАЛ