Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00861

 

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00861

 

 

 

О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00712 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б-өд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 47 300 715 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 24 195 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Номиндалай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болортуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: О-, Б- нарын хооронд 1998 оноос хойш зээлийн харилцаа үүссэн. 2011 онд Б- газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлнэ, мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу бэлнээр 62 000 ам.долларыг өгсөн.

Б- мөнгө авснаасаа хойш Хөдөө аж ахуйн сангаас 300 000 000 төгрөг, 700 000 төгрөгийн зээл авч байсан. Б- анх 2012 онд 62 000 ам.доллар төлнө гэж бичиг хийж өгсөн, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 2014 оноос 2016 оны хооронд төлсөн гэх 24 195 000 төгрөгийн баримт, Хаан банк болон Төрийн банк руу шилжүүлсэн мөнгөн дээр тооцоо нийлээд, ам.доллар биш 40 000 000 төгрөгт эвлэрч төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Уг гэрээнд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сараас эхлээд 7 хоног бүрийн лхагва гаригт 700 000 төгрөг төлж, 2017 оны 12 дугаар сар хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Гэтэл хариуцагч Б- нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 015 000 төгрөг, 2018 онд 850 000 төгрөг нийт 3 865 000 төгрөг төлсөн. Төлбөр барагдуулах гэрээний 2.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцон, хугацаа хэтрүүлсэн 309 хоногийн алданги 11 165 715 төгрөг болно. Иймд үндсэн зээлийн төлбөр 36 135 000 төгрөг, алданги 11 165 715 төгрөг нийт 47 300 715 төгрөгийг хариуцагч Б-өөс гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1998 оноос эхлэн хамтран ажиллаж байсан гэдэг нь үнэн. 62 000 ам.долларыг зээлсэн гэх баримт, гэрээ байхгүй, Лексус 470 маркийн автомашиныг О-ийн дүү надад зарна гэж өгч байгаад буцаагаад авсан.

Би 2007 онд нэхэмжлэгчийн нөхөр н.Төмөрсүхээс хэд хэдэн удаа хүүтэй зээл авсан, 10 000 ам.доллар, 20 000 ам.доллар, 1 100 ам.доллар, 2 000 ам.доллар нийт 33 000 ам.долларыг зээлж авсан ба тэр үеийн ханшаар тооцож 38 295 000 төгрөг болж байсан, өөр мөнгө аваагүй.

О-ийн Хаан банк болон Төрийн банкны дансанд 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд 27 460 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тооцоо дууссан гэж бодож байтал 2016 оны 04 дүгээр сард Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст намайг мөнгө залилан мэхэлж авсан гэж гомдол гаргаж мөнгөө өгөхгүй бол цагдан хорино гэж сүрдүүлдэг байсан ба тухайн үед 3 865 000 төгрөгийг шилжүүлсэн.

Төлбөр барагдуулах гэрээг О- өөрөө хийж, таньдаг нотариатч дээрээ очиж батлуулсан. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг мөрдөн байцаагчийн дарамт шахалтад орж, цагдан хоригдож, хэлцлийг хийх хүсэл зорилгогүйгээр зөвхөн гэрээ хийсэн гадаад илэрхийллийг харуулах үүднээс дүр үзүүлэн хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Бид зээлийн гэрээ бичгээр хийгээгүй тул хүү, алданги тооцож авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

О-ийн өөрийнх нь тухайн үеийн тооцоогоор үндсэн зээлийн дутуу 7 130 000 төгрөгийг хасаж тооцоход хүүнд гэхэд 24 195 000 төгрөг илүү төлсөн байна. Иймд О-ээс 24 195 000 төгрөгийг буцааг гаргуулж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-өөс 36 135 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 165 715 төгрөгт холбогдох хэсгийг болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч О-д холбогдох 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 24 195 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 500 төгрөг, хариуцагч Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 875 төгрөгөөс 349 125 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 60 750 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 338 625 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Төлбөр барагдуулах гэрээг хоёр тал харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр бичгээр байгуулсан ба уг гэрээг үндэслэж прокурор 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Б-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

"Төлбөр барагдуулах гэрээ"-ний 2.4-д заасны дагуу алданги тооцох нь хуульд нийцсэн байхад шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байна гэж дүгнэж алданги болох 11 165 715 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Иймд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Төлбөр барагдуулах гэрээ"-ний 2.4-д заасны дагуу 11 165 715 төгрөгийн алданги гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ...2011 онд Зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч мөнгөө төлөхгүй явсаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийж... гэх он, сар, өдөр хугацаа тодорхойгүй байдаг. Мөн Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Прокурорын тогтоол, Б-ийг 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл, О-ийн хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл, сэжигтнээр Б-ийг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Шүүх дээрх баримтуудад дүгнэлт хийлгүйгээр дан ганц төлбөр барагдуулах гэрээг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. О-, Б- нарын хооронд үнэхээр хэлцэл хийгдсэн үү гэдгийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгөөгүй.

Шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэргийг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хэргийг сэргээсэн. Уг хүсэлтэд тооцоо нийлсэн бичвэрийг О- нь Б-ийн эхнэрт 2006 оны үед ам.доллар зээлээд хийж байсан тооцоо байсанг хүлээн зөвшөөрсөн. О-ийн өөрийн гараар бичсэн гар бичмэл дээрх тооцоогоор нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа үйл баримт нотлогдож байхаас гадна О- нь 31 165 000 төгрөг авсан нь нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах бүрэн боломжтой байсан.

Нэхэмжлэгч зээлийн төлбөрт 36 165 000 төгрөг нэхэмжилдэг ба хэрэгт авагдсан нотлох баримтууд хийгээд банкны хуулгаар нийт 62 490 000 төгрөг авсан нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О- нь хариуцагч Б-өд холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний дагуу 47 300 715 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, илүү төлсөн 24 195 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

О- нь Б- 2011 онд 30 000 ам.доллар, 3 000 ам.доллар, 29 000 ам.доллар нийт 62 000 ам.долларыг зээлсэн гэх тайлбарыг гаргасан бол хариуцагч нь нэхэмжлэгчээс 62 000 ам.долларыг аваагүй, 33 000 ам.долларыг зээлсэн, 29 000 ам.доллараар Лексус 470 маркийн автомашиныг худалдан авсан боловч нэхэмжлэгчийн дүү Н-ад автомашиныг буцаан өгсөн гэх тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх маргаантай 29 000 ам.долларын асуудлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Өөрөөр хэлбэл, 29 000 ам.долларыг зээл нь автомашины үнэ мөн эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой юм.

 

Талуудын хооронд маргаангүй тогтоогдсон үйл баримт болох 2013 оны байдлаар нэхэмжлэгчийн өөрийн гараар бичсэн тооцоо болох зээлийн үүрэг 7 130 000 төгрөг дутуу байгаа талаарх баримтыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний 1.1-д тэмдэглэснээр 2011 оны 40 000 000 төгрөгийг төлөхтэй холбоотой хэлцлийг харьцуулан дүгнэвэл 29 000 ам.доллартай холбоотой үйл баримт тодорхой байх шаардлагатай.

 

Үүнээс гадна 40 000 000 төгрөгийн төлбөр тооцоонд хариуцагчийн тайлбарт дурдсан зээл, хүү, алданги орсон эсэх нь тодорхой бус байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул материаллаг эрх зүйн хүрээнд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 620 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617 550 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Э.ЗОЛЗАЯА