Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00264

 

С.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00712 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 861 дүгээр магадлалтай,

С.Оийн нэхэмжлэлтэй,

Б.Бөд холбогдох,

Гэрээний үүрэгт 47 300 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Зохигчийн хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчээс 24 195 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалайн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О, Б.Б нарын хооронд 2011 он болон түүнээс өмнө зээлийн харилцаа үүсч байсан. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийгдэж, 40 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээнд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөг,  2016 оны 11 дүгээр сараас эхлээд 7 хоног бүрийн лхагва гаригт 700 000 төгрөг төлж, 2017 оны 12 дугаар сар хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Гэтэл хариуцагч Б.Б нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 015 000 төгрөг, 2018 онд 850 000 төгрөг, нийт 3 865 000 төгрөг төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөр 36 135 000 төгрөгийг төлөөгүй байна. Төлбөр барагдуулах гэрээний 2.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор заасан.  Хугацаа хэтрүүлсэн 309 хоногийн алдангийг бодож үзэхэд 11 165 715 төгрөг болно.

Иймд үндсэн зээлийн төлбөр 36 135 000 төгрөг, алданги 11 165 715 төгрөг, нийт 47 300 715 төгрөгийг хариуцагч Б.Бөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.О эгчээс 2007 онд өөрийнх нь хийж өгсөн тооцоогоор 33 300 ам.доллар зээлж авсан. Өөр зээл аваагүй. 40 000 000 төгрөг зээлж авсан гэдэг нь худлаа. 2007, 2008 онд 33 300 ам.долларыг зээлж аваад, тооцоо дууссан байтал С.О нь зээлийн хүү, хүүгийн хүү, ханшийн зөрүү, өдрийн хүү гэх мэт тооцоо гаргаж байнга мөнгө нэхэж авдаг байсан. Бидний хооронд мөнгө зээлсэн, зээлүүлсэн талаар гэрээ хийгдэж байгаагүй. Зээлийн хүүг тухай бүрд нь бодож бэлнээр өгөөд явдаг байсан. С.Од ойролцоогоор 70 000 000 төгрөг, 80 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэж бодож байна. Биднийг янз бүрээр дарамталж мөнгө авдаг байсан. Барс зах дээр ногоо зарж байхад орой бүр ирж тэр өдрийн орлогоос заавал мөнгө авдаг байсан. Өгөхгүй гэвэл орилж, загнаж, доромжилж, тэр хавийн лангууны хүмүүст зээлсэн мөнгө, хүү алданги өгсөнгүй. Дээрэмчин, луйварчин гэх зэргээр зарлаж байсан нь бидний нэр хүнд сэтгэл санаанд асар хүнд дарамт үзүүлдэг байсан учраас хэлсэн мөнгийг нь өгч салдаг байсан.  Зарим үед гэрт ирээд суучихдаг. Гэрт нь очсон үед гэрээсээ гаргахгүй удаан хугацаагаар загнаж суулгадаг. Машинд орж ирчхээд буухгүй, хэдэн ч цагаар хамаагүй суух зэргээр маш олон удаа мөнгө авсан. Ингэж бэлнээр өгсөн мөнгийг бид ерөөсөө тооцохгүй байгаа. Энэ хүнээс зээлж авсан мөнгөө хүү, алдангитай нь хангалттай өгсөн.

Би 1998 онд С.О болон түүний нөхөр н.Төмөрсүх нарын ногоо жимсийг Барс зах дээр зарж өгдөг байсан. Сүүлдээ бид түүнээс мөнгө зээлж, тусдаа ажиллаж эхэлсэн. Энэ хүмүүс бид хоёрт маш их тус болсон тул ач тусыг нь бодож зээлсэн доллар, түүний хүү, ханшийн зөрүү, бизнесийн ашгаа энэ хүмүүст харамгүй өгч байсан. н.Төмөрсүх ах бидэнд маш их тус хүргэдэг байсан. Түүнийг нас барсны дараа С.О эгч мөнгө өг, амьдрал хэцүү байна гээд уйлаад загнаад байхаар нь данс руу нь мөнгө шилжүүлж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны хооронд түүний Хаан банк болон Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлж байсан ба энэ мөнгөний тооцоог хийж үзэхэд 27 460 000 төгрөг болсон байдаг.

Ингээд тооцоо дууссан гэж бодож байтал 2016 оны 04 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст намайг мөнгө залилан мэхэлж авсан гэж гомдол гаргасан байсан. Тухайн үед С.Оийн танил мөрдөн байцаагч н.Тэмүүжин гэгч эрүүгийн хэрэг үүсгэж намайг мөнгөө төл гэж байнга шаардан, цагдаагийн хэлтэс дээр өдөр бүр дуудан цаг бүртгэж, удаан хугацаагаар цагдаагийн үүдэнд байлгаж, мөнгөө өгөхгүй бол цагдан хорино. Хэрвээ С.Оийн мөнгийг төлөхгүй бол хоёроос таван жилийн хорих ял авна шүү гэж байнга сүрдүүлдэг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр намайг гавлан авч Цагдан хорих 461 дүгээр ангид 72 цаг хорьсон. Үргэлжлүүлэн хорих саналыг прокурорт хүргүүлсэн боловч Дүүргийн прокуророос намайг суллан, батлан даалтад өгч байсан. Н.Тэмүүжин мөрдөн байцаагч анх мэдүүлэг авахдаа чи мөнгө төлнө гэдгээ хүлээ, та хоёр тохиролцох юм бол хэргийг хаана, төлөхгүй бол чи хорих ял авна гэж шаардаж байсан тул би цагдаагийн энэ дарамт шахалтаас, мөн эрүүгийн хэргийн хохирогч гэх С.Оийн шаардлагаар төлбөрөө барагдуулах гэрээнд гарын үсэг зурж, хилс хэрэг, хорих ялаас салж байсан.

Төлбөр барагдуулах гэрээг С.О өөрөө хийж, таньдаг нотариатч дээрээ очиж батлуулсан байсан. Миний бие С.Оээс дээрх 33 300 ам.доллараас өөр ямар ч мөнгө зээлээр аваагүй. Зээлээр авсан мөнгө, хүү, алдангид хангалттай мөнгө өгсөн. 2011 онд 40 000 000 төгрөг зээлж аваагүй. С.Од төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Цагдаагийн байгууллагаас зээлийн хүү, алданги төлүүлэх гэсэн гомдолд хуулийн үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, хилс хэрэгт холбогдуулан намайг 3 хоног цагдан хорьсон. Мөнгө төлөхгүй бол цаашид дахин цагдан хорино. Мөн хоёроос таван жилийн ял оногдуулна гэсэн мөрдөн байцаагчийн эрүү шүүлт, дарамт шахалтад орж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хийсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

С.О 2007 онд 33 300 ам.доллар надад зээлээр өгсөн. Гэхдээ зээлийн гэрээг бичгээр хийгээгүй. С.Оээс 2007 онд зээлсэн ам.доллар болон хүү, алдангийг төлж дууссан байхад С.О үндсэн зээлийн төгрөг, ам.долларын ханшийн зөрүү, зээлийн хүү, хүүгийн хүү, өдрийн хүү, хоногийн хүү гэж тооцоо гаргаж, надаас байнга мөнгө нэхэх болсон тул би мөнгө бэлнээр өгч байсан. Сүүлдээ би түүний данс руу банкаар мөнгө шилжүүлдэг болсон. Бэлнээр өгсөн мөнгийг тооцоонд оруулаагүй. 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд С.Оийн Хаан банк болон Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлж байсан ба зөвхөн дансаар шилжүүлсэн мөнгөний тооцоог хийж үзэхэд 27 460 000 төгрөг болсон. Мөн 2016 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдаагийн байгууллагад мөнгө залилан мэхэлж авсан гэж үндэслэлгүй гомдол гарган шалгуулж дарамт шахалтад оруулснаас хойш түүний данс руу 3 865 000 төгрөг шилжүүлсэн.

Бид зээлийн гэрээ бичгээр хийгээгүй тул хүү, алданги тооцож авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. С.Од зээлийн хүүнд нийт 31 325 000 төгрөг банкаар шилжүүлсэн. Энэ талаар баримт байгаа. 31 325 000 төгрөгөөс С.Оийн өөрийнх тухайн үеийн тооцоогоор үндсэн зээлийн дутуу 7 130 000 төгрөгийг хасч тооцоход хүүнд гэхэд 24 195 000 төгрөг төлсөн байна. Иймд С.Оээс 24 195 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: С.О, Б.Б нарын хооронд 1998 оноос хойш зээлийн харилцаа үүссэн. Б.Б анх Барс зах дээр С.Оийн ногооны лангуун дээр ачигчаар ажилладаг байсан. Сүүлдээ Б.Б бие дааж бизнес хийе гээд энэ хүнээс байнга мөнгө зээлж авч байсан. Б.Б ч өөрөө үүнийгээ хэлж байна. Ингэж явсаар Б.Б 2011 онд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлнэ. Надад ам.доллар, мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу бэлнээр 62 000 ам.долларыг өгсөн байдаг. Энэ мөнгийг Б.Б Хөдөө аж ахуйн сангаас зээл аваад буцааж өгнө гэж байсан. Б.Б нь С.Оээс мөнгө авснаасаа хойш Хөдөө аж ахуйн сангаас 300 000 000 төгрөг, 700 000 төгрөгийн зээл авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдана. Энэ мөнгөө аваад С.Оээс авсан мөнгөө төлнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй.

Б.Б анх 2012 онд 62 000 ам.доллар төлнө гэж бичиг хийж өгсөн хирнээ мөнгөө өгөхгүй байсан тул С.О 2016 онд эрүүгийн журмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулсан. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 2014 оноос 2016 оны хооронд төлсөн гээд байгаа 24 195 000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт аваачиж өгч, Хаан банк болон Төрийн банк руу шилжүүлсэн мөнгөн дээр тооцоо нийлээд, ам.доллар биш 40 000 000 төгрөгт эвлэрч төлбөр барагдуулах гэрээ хийгдсэн. Энэ гэрээний дагуу 2017, 2018 онуудад төлбөрөө төлж явсан.

Эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх ёстой байсан хэрэг дээр эвлэрэн тохиролцож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгочихоод, өнөөдөр өдрийн хүү, хүүгийн хүү, хоногийн хүү гэж нэхдэг байсан. Гэрт ирж суудаг байсан, ингэдэг байсан, тэгдэг байсан гэж ярьж байгаа нь харамсалтай санагдаж байна. С.О энэ хүнд маш их дэм тус болж байсан. Ямар ч барьцаагүйг 30 000 ам.доллар, 29 000 ам.доллар, 3 000 ам.доллар, 2 000 ам.доллар зээлж, энэ хүнд итгэл хүлээлгэж мөнгө зээлсэн. Гэтэл энэ хүн ингээд ярьж зогсож байгаад харамсалтай байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00712 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Бөөс 36 135 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 165 715 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Од холбогдох 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 24 195 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Бийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 500 төгрөг, хариуцагч Б.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 875 төгрөгөөс 349 125 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 60 750 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 338 625 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 861 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 620 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617 550 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 861 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Учир нь нэхэмжлэгч С.О хариуцагч Б.Бөөс төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 7 300 715 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 861 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт 47 300 715 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй гэсэн.

Зээлийн гэрээний үүрэгт бус “төлбөр барагдуулах” гэрээний үүрэгт 47 300 715 төгрөг нэхэмжилсэн. 29 000 ам.долларын зээл нь автомашины үнэ мөн эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой.

Хариуцагч Б.Б 2000 оноос хойш 2011 он хүртэл С.Оээс тодорхой хугацаатай бэлнээр мөнгө зээлж өгч авч байсан харилцаа байсаар ирснийг аль аль нь хүлээн зөвшөөрдөг. 2011 онд нийт зээлсэн мөнгө нь 62 000 ам.доллар болсон. Б.Б Лексус 470 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн дүү С.Нармандахаас авсан, Б.Б С.О нарын хооронд машин худалдах-худалдан авсан асуудал байхгүй ба сүүлд С.Нармандахад буцааж өгсөн гэж Б.Б өөрөө анхан шатны шүүх хурал дээр хэлдэг. /хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа/.

Б.Б С.Оээс авсан мөнгөөрөө юу хийх, юунд зарцуулах нь өөрийнх нь асуудал байтал давж заалдах шатны шүүх 29 000 ам.долларыг машин авахад зарцуулсан эсэх нь хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Талуудын хооронд маргаангүй тогтоогдсон үйл баримт болох 2013 оны байдлаар нэхэмжлэгчийн өөрийн гараар бичсэн тооцоо болох 7 130 000 төгрөг дутуу байгаа талаарх баримт гэж дүгнэлт хийсэн. 

Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн 2013 оны нэхэмжлэгч өөрийн гараар бичсэн 7 130 000 төгрөг дутуу гэх баримтыг хариуцагч Б.Б анхан шатны шүүх дээр гаргаж өгч С.Оийн гар бичмэл мөн эсэхт шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангасан. С.Оээс гар бичмэлийн талаар тодруулахад миний гар бичмэл мөн шинжээч томилуулах шаардлагагүй, Б.Бөд холбогдох эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан байгаа гэсэн учраас уг баримтыг эрүүгийн хавтаст хэргээс хуулбарлан авч Баянгол дүүргийн Прокурорын газрын архивын хуулбар үнэн тамга даруулж, нотариатаар батлуулж нотлох баримтын шаардлага хангуулан иргэний хавтаст хэргийн 268 дугаар хуудсанд авагдсан байгаа. Энэ гар бичмэлд 2013 он гэж бичсэн ямар ч тэмдэглэл байхгүй байхад шүүх нотлох баримтыг гуйвуулж дүгнэлт хийсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болно.

40 000 000 төгрөгийн төлбөр тооцоонд хариуцагчийн тайлбарт дурдсан зээл, хүү, алданги орсон эсэх нь тодорхой бус байна гэж дүгнэлт хийсэн.

Б.Б нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар С.Од мөнгө төлж байсан 180 ширхэг банкны баримт гаргаж өгсөн. Б.Бийн хүсэлтээр өгсөн мөнгөө тооцож таны үлдэгдэл хохирлыг барагдуулах тул өргөдөл, гомдлоо буцааж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгсөн гэсэн хүсэлтийг хүлээж, Б.Бийн гаргаж өгч байгаа банкны баримт С.Оийн Хаан болон Төрийн банкны дансны хуулгаа гаргаж өгч тооцоо нийлсэн.

Дээрх баримтууд нь бүгд эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан ба 62 000 ам.доллараас 27 000 ам.доллар төлсөн тооцоо нийлж, үлдэгдэл мөнгөө Монгол төгрөгөөр бодож 40 000 000 төгрөгийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хийсэн. Баянгол дүүргийн прокурор 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2038 дугаар тогтоолоор Б.Б, С.О нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “төлбөр барагдуулах гэрээ” байгуулагдаж, гэрээний үүргийн биелэлт зөрчигдвөл иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон, мөн хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэл тогтоогдож хэрэгсэхгүй болгосон.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэргийн 267-р хуудсан байгаа 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 62 000 ам.долларыг Хаан банкнаас зээл авахаар өгнө, Б.Б гэсэн нотлох баримтыг үнэлээгүй.

Уг баримт нь эрүүгийн хэрэгт авагдсан байсныг архивын хуулбар үнэн тамга даруулж, мөн нотариатаар батлуулж шаардлага хангуулж нотлох баримтаар өгсөн. Анхан шатны шүүх хурал дээр Б.Бөөс энэ гар бичмэл таны гарын үсэг мөн үү гэж асуухад Б.Б “миний гарын үсэг мөн би бичиж өгч байсан гэж хүлээн зөвшөөрдөг” хурлын тэмдэглэл дээр байгаа.

Төлбөр барагдуулах гэрээний дагуу Б.Б нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 015 000 төгрөг, 2018 онд 850 000 төгрөг, нийт 3 865 000  төгрөг төлсөн. Үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлэхээс аль болох зайлсхийж, мөнгө олдохгүй байна, зээл аваад өгнө гэх мэтээр шалтаг тоочиж удаашруулж байсан учраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Б.Б эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход тооцоо нийлсэн баримтуудаа иргэний хэрэг дээр дахин гаргаж өгч, би хангалттай мөнгө төлсөн гэж маргадаг. Үүнийг нотлохын тулд эрүүгийн хэрэгт авагдаж, тооцоонд орсон бүх баримтыг хуулбарлан шаардлага хангуулж, нотлох баримтаар өгсөн нь архивын хуулбар үнэн тамгаар нотлогдож байгаа.

Б.Б нь ах дүүгийн харилцаатай байсан хүнээсээ олон удаа бэлнээр мөнгө зээлж авч амьдрал ахуйгаа дээшлүүлсэн хэрнээ хувь хүний арчаагүй арга барилдаа хөтлөгдөж С.Оийн мөнгийг өгөхгүй байх арга мэх хэрэглэж, шүүх хурал дээр ам нээх бүрт би байнгын хүчинд автаж, дарамт шахалтанд орж, хууль хүчний байгууллага надад хүчээр хэрэг тулгаж хорьж байсан учраас ял авахгүйн тулд би төлбөр барагдуулах гэрээ хийсэн гэж тайлбар хийдэг.

Хэдийгээр иргэд хоорондоо тооцоо нийлж үлдэгдэл төлбөр дээрээ гэрээ байгуулж гомдол саналгүй гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч иргэний шүүхээс дахин хариуцлагаас мултрах гэж нэгэн цагт ах дүүгээс илүү тус болж, ажлын байраар хангаж, ямар ч барьцаагүй итгэлцлийн үндсэн дээр их хэмжээний мөнгө зээлж тус болж байсан хүнээ хань нөхөр нь өнгөрч ганцаараа үлдсэн хөгшин настай гэдгээр нь тохуурхан доромжилж, Б.Бийн гэрт нь ирж өдөр бүр зээлийн хүү, хүүгийн хүү, өдрийн хүү, алданги гэх мэтээр нэхэж намайг байнга дарамталдаг гэж ярьдаг. Гэтэл Б.Б С.Од мөнгө төлөхдөө дандаа дансаар хийж байсан гүйлгээний утган дээр нь нэг ч удаа хүү, хүүгийн хүү гэсэн үг байдаггүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн 861 дугаар магадлалыг хүчингүй болгож, С.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтад нийцсэн байна.

С.О нь Б.Бөд холбогдуулан гэрээний үүрэгт 47 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зохигчийн хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчээс 24 195 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 36 135 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгч С.О 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон ба тус гэрээгээр 2011 онд зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарны 31-ний дотор гэрээнд заасан хуваарийн дагуу хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, цагдаагийн байгууллагад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорино гэсэн мөрдөн байцаагчийн дарамт, шахалтанд орж Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, илүү төлсөн 24 195 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 1998 оноос танилын харилцаатай байсан талаар хэн аль нь маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг 2011 онд газар тариалан эрхлэхээр 2011 оны 11 дүгээр сарын 17-нд 29 000 ам.доллар, 2011 оны 11 дүгээр сарны 24-нд 3 000 ам.доллар, 2011 оны 09 дүгээр сард 30 000 ам.доллар, нийт 62 000 ам.долларыг зээлсэн, үүнээс 27 000 ам.долларыг өгсөн, үлдэгдэл 35 000 ам.доллар дутуу байсан, 2016 онд харилцан тохиролцож Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгчээс 2007 оны 33 000 ам.долларын зээл авснаас өөр зээл аваагүй, 62 000 ам.долларын асуудал бол С.Оийн дүү С.Нармандах гэж хүний Лексус 470 машиныг надад зарна гээд өгсөн байсан. Энэ мөнгийг би 4 жилийн хугацаанд увуулж, цувуулж өгч дуусгасан, гэтэл нэхэмжлэгчийн нөхөр Төмөрсүхийг нас барсны дараа С.Нармандах машинаа аваад явсан тул зөвшөөрөхгүй гэж маргасан, энэ маргааны талаар эрүүгийн журмаар шалгагдах явцад мэдүүлж байсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад зохигчдын хооронд 2011 онд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, хариуцагчийн хариу тайлбар, татгалзалд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан  баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 62 000  ам.долларт холбогдох автомашинтай холбоотой шаардлагыг тодруулахаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг буруутгах үндэслэлгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 861 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалайн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Оээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 394 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД