Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2021/01804

 

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01804

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/02522 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47 300 715 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 24 195 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярдалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Б.Б, Ц.М нар нэхэмжлэгч С.О- болон түүний нөхөр н.Төмөрсүх нараас их, бага хэмжээгээр мөнгө зээлж, буцааж төлдөг байсан. С.О- Б.Б нар 2011 онд үүссэн зээлийн гэрээний харилцаагаа шийдвэрлэх үүднээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ хийж, өмнө зээлсэн зээлийн төлбөрийн нийт хэмжээг 40 000 000 төгрөг болгож, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн лхагва гаригт 700 000 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сар хүртэл бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Үүний дагуу хариуцагч Б.Б 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 015 000 төгрөг, 2018 онд 850 000 төгрөг, нийт 3 865 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Иймд Төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 36 135 000 төгрөг, алданги 11 165 715 төгрөг, нийт 47 300 715 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал тайлбартаа: 2013 оны байдлаар нэхэмжлэгч өөрийн гараар бичсэн тооцоо болох зээлийн үүрэг 7 130 000 төгрөг дутуу байгаа талаарх баримтыг 2013 оны 7 дугаар сард үйлдэж байсан. С.О-ийн гар бичмэл бүхий тооцоогоор тухайн үед 31 165 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. 2013 оны 7 дугаар сард тооцоо нийлсэн. 2014-2016 он хүртэл 35 200 000 төгрөгийг авсан. Баримтаар нийт 66 365 000 төгрөг авсан нь тогтоогдож байна. 2013 оны 7 дугаар сард тооцоо нийлснээс хойш авсан мөнгө нь баримтаар 2013 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл 12 240 000 төгрөг, 2014 онд 9 720 000 төгрөг Төрийн банкаар, 2015 онд 16 640 000 төгрөг, 2016 онд 1 100 000 төгрөг, үүнээс хойш 3 015 000 төгрөгийг 2017 онд, 2018 онд 850 000 төгрөг, нийт 40 300 000 төгрөгийг тооцоо нийлснээс хойш өгсөн байдаг. 2008 онд Lexus-470 маркийн автомашиныг С.О-ийн нөхрөөс Б.Б худалдан авч 29 000 ам.доллар төлсөн. 33 000 ам.долларын тухайд илүү төлөгдсөн гэвэл зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Гэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү шаардах эрхээ алдах ёстой. Үндсэндээ 43 565 000 төгрөг илүү өгсөн. Зээлийн гэрээг албан ёсоор бичгээр байгуулаагүй байж олон жил сарын хүү, өдрийн хүү авсан. Б.Б тухайн машиныг 3 жил эзэмшиж, ашиглаж байсан. Мөнгийг нь өмнөх аргаараа өгсөөр байгаад төлж дуусгасан. Гэтэл С.Нармандах тухайн машиныг булааж аваад явсан бөгөөд 62 000 ам.доллараас 27 000 ам.долларыг нь буцаагаад өгсөн, эргэн төлөлт хийгдсэн байхад цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэсэн. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн төлбөр барагдуулах гэрээг С.О- үйлдэж ирсэн бөгөөд хүчинд автаж, бусдын эрхшээлд орж, дүр үзүүлэн хийсэн. Хариуцагчийг хорино гэж сүрдүүлсэн учир хүлээн зөвшөөрөөд, бэлдсэн бэлдэц дээр гарын үсэг зурсан байгаа. С.О-ийн танил мөрдөн байцаагч н.Тэмүүжин гэгч эрүүгийн хэрэг үүсгэн мөнгөө төл гэж байнга шаардан цагдаагийн хэлтэс дээр өдөр бүр дуудан цаг бүртгэж, удаан хугацаагаар цагдаагийн үүдэнд байлгаж, мөнгөө өгөхгүй бол цагдан хорино гэж дарамталж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар байгуулагдсан цагаасаа хойш хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байгаа. Төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэгч нь цагдаа, хүчний байгууллагын тусламжтайгаар хийсэн. Хариуцагчийг шалгаж байсан мөрдөн байцаагч анх мэдүүлэг авахдаа л чи мөнгө төлнө гэдгээ хүлээ, та хоёр тохиролцох юм бол хэргийг хаана гэж шаарддаг байсан тул энэ дарамт шахалтаас, мөн эрүүгийн хэргийн хохирогч гэх С.О-ийн шаардлагаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ-нд гарын үсэг зурсан. Үүний дараа мөрдөн байцаагч хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж хүргүүлснээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү дарамт шахалтад орж тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзлэлгүйгээр, зөвхөн гэрээ хийсэн гадаад илэрхийллийг харуулахын тулд хийгдсэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

2007 онд С.О-, түүний нөхөр н.Төмөрсүхээс эхлээд 10 000 ам.доллар, дараа нь 20,000 ам.доллар, мөн нэг удаа 1,100 ам.доллар, дараа нь 2,000 ам.доллар, нийт 33 300 ам.долларыг хүүтэй зээлж авсан. Нийт 33 300 ам.доллар зээлээр авсан, тэр үеийн төгрөг долларын ханшаар /1x1150 төг/ нийт 38 295 000 төгрөг болж байсан ба 2008 онд түүний өөрийнх нь хийсэн тооцоогоор зээлсэн мөнгөнөөс 31 165 000 төгрөг төлсөн, үндсэн зээл 7 130 000 төгрөг дутуу гэсэн тооцоо байдаг. 2014 оны 01 дүгээр сарын 11-нээс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны хооронд Оюунгэрэлийн Хаан банк болон Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлж байсан ба зөвхөн дансаар шилжүүлсэн мөнгөний тооцоог хийж үзэхэд 27 460 000 төгрөг болсон байдаг. 2014 онд 9 720 000 төгрөг, 2015 онд 16 640 000 төгрөг, 2016 онд 1 100 000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2016 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын 26 хүртэл Цагдаагийн байгууллагад мөнгө залилан мэхлэн авсан гэж үндэслэлгүй гомдол гаргаж шалгуулж дарамт шахалтад оруулснаас хойш түүний данс руу 3 865 000 төгрөг шилжүүлсэн. Ийнхүү С.О-д нийт 31 325 000 төгрөг төлсөн. Энэ 31 325 000 төгрөгөөс С.О-ийн өөрийнх нь тэр үеийн тооцоогоор үндсэн зээлийн дутуу 7 130 000 төгрөгийг хасаж тооцоход хүүнд зөвхөн 24 195 000 төгрөг төлсөн. Иймд С.О-д илүү төлсөн 10 000 000 төгрөгөө буцаан гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 24 195 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийтдээ 34 195 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч дарамтлуулсан, талууд дүр үзүүлж хэлцэл хийсэн гэж үзэхээр баримт хэрэгт байхгүй. Мөн зээлийн хүүд илүү төлсөн 24 195 000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй. Хариуцагч Б.Б болон түүний эхнэр нь нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн нөхөр н.Төмөрсүхээс нэг нэгээрээ, хамтдаа зээл авч байсан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тэрээр дандаа авсан мөнгө, буцаан төлсөн үйл баримтын талаар зөрүүтэй, эргэлзээтэй, худал мэдүүлэг, тайлбар өгч явдаг. Тоёота лексус-470 маркийн автомашины төлбөрт 29 000 ам.доллар төлсөн гэж худал хэлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн дүү С.Нармандахын өгсөн мэдүүлгийг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулаад үзэхээр Б.Б уг автомашины төлбөрийг төлөөгүй болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнээс өмнө үүсээд, талууд төлбөр тооцоогоо нэгэнт дуусгасан баримтуудыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээтэй үндэслэлгүйгээр хутган ярьж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Б-өс 47 300 715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 24 195 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,500 төгрөг, хариуцагч Б.Б-өс төлсөн 708 850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-өс 394 454 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан С.Нармандах би түүнээс тоёото лексус 470 маркийн автомашиныг буцаан авсан гэж мэдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 29 000 ам.долларын асуудал тодорхой болсон байхад анхан шатны шүүх төлбөр тооцооны давхардлыг арилгахгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч С.О- нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа 62 000 ам.доллар залилсан гээд 30 000 ам.доллар, 3 000 ам.доллар, 29 000 ам.долларын тоёото лексус 470 автомашин гээд задаргаагаа хийсэн байдаг. С.О-д нийт 44 415 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Дансаар шилжүүлэхээс өмнө, өдрийн хүү гэж өдөр бүр Баянмөнх түүний эхнэр Мөнхзул, дүү Алтантуяа нараас авдаг байсан учир сүүлдээ тэд дансаар шилжүүлдэг болсон гэдэг. 2013 оны 6 сарын 17-нд тооцоо нийлсэн баримтаас харахад нийт 78 655 600 төгрөгийг Оюунгэрэлд төлсөн байхад үндэслэлгүйгээр үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх 24 195 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан мэтээр шийдвэрт тусгажээ. Сөрөг нэхэмжлэлээр илүү төлсөн гэх 34 195 000 төгрөг бол зөвхөн дансаар шилжүүлсэн мөнгөн дээр яригдаж байгаа бөгөөд үндэслэлгүйгээр илүү төлсөн гэж үзэж нэхэмжилсэн. Анхан шатны шүүх илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг хэрхэх талаар шийдвэрлээгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 47 300 715 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 34 195 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 36 135 000 төгрөг, алданги 11 165 715 төгрөг, нийт 47 300 715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцуулж, нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 24 195 000 төгрөг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талууд 2011 онд зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийг төлөхтэй холбоотойгоор 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулж, уг гэрээгээр Б.Б нь 2017 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд 40 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. /1хав-3х/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч С.О-д төлөх төлбөрөөс 3 865 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. Мөн Б.Б нь Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ...С.О-ээс зээлсэн мөнгөнийхөө талаар гэрээ байгуулсан, гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөхөөр болсон... гэж мэдүүлсэн байна. /2хх-17/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Б.Б нь төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч С.О- нь 36 135 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Мөн хариуцагч Б.Б гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч С.О- нь алданги 11 165 715 төгрөгийг шаардах эрхтэй. Учир нь талууд гэрээний 2.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Б-өс нийт 47 300 715 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус нийцсэн гэж үзэв.

 

С.Нармандах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцохдоо ...Lexus-470 маркийн автомашиныг 2009 оны 7 дугаар сард Б.Б-д зарсан. ... би хамгийн сүүлд Lexus-470 маркийн автомашиныг аваад засвар үйлчилгээ хийгээд зарсан... гэх мэдүүлгээс дүгнэвэл, уг автомашиныг С.О-тэй байгуулсан төлбөр барагдуулах гэрээний үүрэг өгч төлбөрийг төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Түүнчлэн, хариуцагч Б.Б нь мөрдөн байцаагч н.Тэмүүжингийн дарамтаас болж төлбөр барагдуулах гэрээг дүр үзүүлэн байгуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэх үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилсан нь тодорхойгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч Б.Б нь зээлийн хүүд илүү төлсөн 10 000 000 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлдээ /1хх 49-52/ улсын тэмдэгтийн хураажид 175 950 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах /2хх 53-56/ шаардлагадаа 357 950 төгрөг, зээлийн хүүд илүү төлсөн 10 000 000 төгрөгийн шаардлагаа 24 195 000 төгрөг болгож /2хх 57-59/ нэмэгдүүлэхдээ /174 950+53 975/ 228 925 төгрөг, нийт 762 825 төгрөг төлсөн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн зээлийн хүүд илүү төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах шаардлагаа нийт 24 195 000 төгрөг болгож нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 175 950 төгрөг илүү төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.Б нь дээр дурдсанаар төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, зээлийн хүүд илүү төлсөн 24 195 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан атлаа давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх 24 195 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан мэтээр шийдвэрт тусгасан, ...34 195 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй байгааг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/02522 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.О-ийн төлсөн 394,500 төгрөгийг, хариуцагч Б.Бийн төлсөн 762 825 төгрөгөөс 586 875 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 175 950 төгрөгийг Б.Б-д буцаан олгож, хариуцагч Б.Б-өс 394 454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 723 379 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ЦОГТСАЙХАН