Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 18

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00668/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1185 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-

                  Р.Э- нарт холбогдох

“Арилжааны хэлцлийн зарим хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, түүний үнэ 25.000.000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 12.400.000 төгрөг нийт 37.400.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Хувийн орон сууцанд засвар хийсэн 34.042.880 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 13 гудамж, 5 тоот 168 м.кв амины орон сууц, түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичгийг гаргаж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр газрын байршлын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Ц- болон түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, Б.Содболд нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, өмгөөлөгч Х.Доржпалам,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Д.Ц-оос

           ...Б.Б-, түүний эхнэр Р.Э- нар надтай холбогдож, орон сууцыг үзэж 130.000.000 төгрөгөөр авахаар бичгээр гэрээ хийгээгүй тохиролцсон. Төлбөрийн нөхцөлийг Б.Б-, Р.Э- нарын санал болгосноор мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикл оролцуулаад нийт 117.100.000 төгрөгт тооцохоор тохиролцсон боловч 1.500.000 төгрөгт тооцсон бух өгөөгүй. Хариуцагч нар хүлээлгэн өгсөн амины орон сууцны үлдэгдэл төлбөр 14.400.000 төгрөгийг бэлнээр 2015 оны 11 сард надад бүрэн төлж дуусгахаар тохиролцон амины орон сууцыг хүлээн авсан боловч өнөөдрийн байдлаар цувуулж увуулсаар 2 сая төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 12.400.000 төгрөгийг төлөөгүй. Худаг, өвөлжөөг 25.000.000 төгрөг, малыг тус бүрд нь үнийн дүнгээр тооцсон. Анх орон сууцаа 140.000.000 төгрөгөөр үнэлээд дотор засварын ажлыг хасаад 130.000.000 төгрөгөөр бодож арилжаа хийсэн. Наймааны үлдэгдэл 14.400.000 төгрөгийг Б.Б- 2015 оны 11 сард багтаан будааны мөнгө орж ирэхээр төлье гэж тохирсон боловч одоо хүртэл өгөөгүй. Өвөлжөө, худагт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Учир нь худгийг анх хүлээж авахад носас, шланк, мотор байхгүй байсан учир шалгах боломжгүй зөвхөн цооног нүх л байсан. ... 2018 оны 2 дугаар сард Номгон сумын Засаг даргатай уулзахад надад өмчлүүлэх боломжгүй сангийн ахуй байх үед Кирловын худаг гэж ярьдаг байсан гэсэн. Анх тэр өвөлжөөг худагтай учраас наймаандаа тооцож авсан. Одоо Б.Б-, Э- нараас арилжааны гэрээний солилцооны зүйл болох худгийн үнэ 25.000.000 төгрөг гаргуулах, хувийн орон сууцны төлбөрийн үлдэгдэл 12.400.000 төгрөг гаргуулах, нийт 37.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

              Хариуцагч Б.Б-, Р.Э- нар:

Бид 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 168 м.кв талбайтай дотоод засал хийгдээгүй байрны төлбөр болох 130.000.000 төгрөгийн 90 хувь буюу 117.100.000 төгрөгийг солилцоогоор төлсөн. Д.Ц- байрны гадна талын ажлуудыг гүйцээн хийх, бид үлдэгдэл 12.900.000 төгрөгийг бэлнээр төлөх, дотоод засварын ажлыг өөрсдөө хийхээр тохиролцсон. Бидэнд байрыг хүлээлгэн өгөхдөө цахилгаан, дулаан, сантехник холбогдсон, цутгамал байр, дотоод засал нь зөвхөн хийгдээгүй гэж хүлээлгэн өгсөн. Д.Ц-той уулзаад ургац алдсан тул байрны бичиг баримтаа шилжүүлж аваад зээл авъя, танай үлдэгдэл мөнгийг төлөөд байрандаа засвар хийгээд оръё гэхэд 2 байрны гэрчилгээ барьцаанд байгаа гэж хэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр уг байранд засвар хийхээр ирэхэд ...1 өрөөны радиатор цоорч шугмыг хаасан, өөрийнхөө гэрийн радиаторыг цооронгуут манай радиаторыг салгаж авсан, 2 давхарын дээврийн хэсэг цутгамал биш дулаалгын хөөс, паниар тавиад замаскадсан, зарим хэсгүүдэд дээврээс ус нэвтэрсэн байв. Энэ талаар хэлэхэд анх үзэж хараад тохиролцсон, ийм л байсан гэж хэлсэн. ...Энэ бүгдээс харахад манай гэр бүл байрны 90 хувийг төлчихсөн, дотоод заслын ажилд 35 сая төгрөг зарцуулсныг үл тоон Д.Ц- болон түүний эхнэр байрныхаа заслыг хийлгэчихээд шүүхэд өгч байрнаас гаргах, дараа нь амины орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулан зарах боломжтой гэж тооцсон. Тиймээс ч тэд шүүхэд үлдэгдэл 10.0 сая төгрөгийг төлүүлэх бус, байрнаас албадан гаргуулах талаар нэхэмжлэл гаргаснаас харахад тодорхой байна. Солилцоо хийсэн талуудын нэг тал хэтэрхий давуу эрхтэйгээр шаардсан, адил тэгш биш байгаа учраас нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбар гаргасан байна.

             Хариуцагч Б.Б-, Р.Э- нараас:

...Байрны гадна талын дутуу ажлууд болох узельд винтель солих, ил задгай байсан цахилгааны утсуудыг эмхлэн, хамгаалалтын бүрхүүл хийж, гадна талд цахилгааны шит хийж, байшингийн гадна суурь, эмжээр хэсгийг шавардах оохордох ажлуудыг хийсэн. Байрны дотор талд цахилгаан утас, цэвэр усны болон дулааны шугмууд шалан доогуур явсан байсныг аюулгүй байдлаа хангах үүднээс цэвэр усны дулааны хоолойнуудыг шинээр худалдан авч хана дагуулан хийж, шаардлага хангахгүй 7 ширхэг радиаторыг шинээр сольсон, 2 ванны өрөөнд уур чийг, бохирын үнэр гадагшлуулах хоолойнууд хийж, ванны өрөөнд шинээр ган хоолой худалдан авч холболтуудыг хийсэн ба давхар хоорондын бетоныг өрөмдөн нүхэлж, дээврээр хоолойг гадагш гаргах, хана тэгшлэх ажлуудыг хийсэн. Энэ бүх ажлын материалын зардалд 28.742.880 төгрөг, засвар техникийн ажил хийсэн хүмүүст 5.300.000 төгрөгийн ажлын хөлс төлсөн. Иймд Д.Ц-оос хувийн орон сууцанд хийсэн засварын үнэ 34.042.880 төгрөг гаргуулъя гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

              Нэхэмжлэгч Д.Ц-:

Сөрөг нэхэмжлэлд байшингийн гадна засалд 34.000.000 төгрөг зарцуулсан гэжээ.  Би шүүхэд нэхэмжлэл гаргаж байх явцдаа гадаад засварын дутуу ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2.000.000 төгрөгийг өгсөн талаар маргахгүй хүлээж авсан нь үнэн. Тус байшин нь Ариг банкны зээлийн барьцаанд байгаа. Анх зарахдаа энэ талаар ярьсан. Газрын гэрчилгээний хувьд үл хөдлөхийн зээлийн барьцаанд байгаа. Энэ зээл дуусаагүй байгаа. Наймаа анх хийхдээ 168 м.кв байрыг зарж байгаа гэж ярьсан. Газрын талаар ярьсан зүйл байхгүй. Ард талын газрыг яах талаар яриагүй. Гарцтай тал нь Б.Б-ы талд байгаа. Би одоо байшингийн нүүрэн хэсгийн газрыг л өгнө. Анх ярьж тохирсны дагуу өөрийн нэхэмжилсэн 37.400.000 төгрөгөө авч байж байшингийн гэрчилгээг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын16-ны өдрийн 1185 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3, 56.5-д зааснаар Д.Ц-, Б.Б-, Р.Э- нарын хооронд хийгдсэн хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25.000.000 төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцож, 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хариуцагч Б.Б-, Р.Э- нараас 10.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-од олгож, 1.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Б-, Р.Э- нарын нэхэмжлэгч Д.Ц-оос засвар хийхэд зарцуулсан 34.042.880 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-, Р.Э- нарын Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 13 гудамж, 5 тоот 168 м.кв амины орон сууц түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичгийг гаргаж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр газрын байршлын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөг, 37.400.000 төгрөг гаргуулах шаардлагад урьдчилан төлсөн 274.750 төгрөг, хариуцагч нараас засварын үнэ гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 328.165 төгрөг, орон сууц түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичиг гаргуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр бүртгүүлэх шаардлагад төлсөн 140.400 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ц-оос дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Д.Б-, Р.Э- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 189.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-од олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 26.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. 2015 оны 10 сард Б.Б-, түүний эхнэр Р.Э- нар надтай холбогдож орон сууцыг үзэж 130.000.000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Төлбөрийн нөхцөлийг Б.Б-, Р.Э- нарын санал болгосноор мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикл оролцуулаад нийт 117.100.000 төгрөгт тооцохоор тохиролцсон боловч 1.500.000 төгрөгт тооцсон бух өгөөгүй. Иймд хариуцагч нарт хүлээлгэн өгсөн амины орон сууцны үлдэгдэл төлбөр 14.400.000 төгрөгийг бэлнээр 2015 оны 11 сард надад бүрэн төлж дуусгахаар тохиролцон амины сууцыг хүлээн авсан боловч 2.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 12.400.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагчийн маргаагүй 1.500.000 төгрөгийн бухыг шүүх хасч тооцсонд гомдолтой байх тул миний дутуу авсан 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Наймаанд гүний худаг, өвөлжөөг нийт 25.000.000 төгрөгөөр тооцож авсан бөгөөд 2015 оны намар 11 дүгээр сард өвөлжөөнд буугаад худгийг ажиллуулахаар худгийн мотор, шаланк Дархан дахь хашаанаас нь очиж аван угсарч тавьсан. Гэвч ажиллахгүй байсан учир үзүүлэхэд ажиллах боломжгүй дотор талын сэнснүүд эвдэрсэн байна, шинэ насос ав гэсэн. Захаас шинэ насос худалдан авч тавихад 200-250 орчим литр ус гараад шавхагдаад ус нь дуусчихдаг байсан. Үүнийг Б.Б-д хэлэхэд өмнө нь зүгээр л байсан зун хүмүүс хог чулуу хийгээд хорлосон байх гэсэн. Б.Б-д нэмж өрөмдүүлэх талаар удаа дараа хэлсэн боловч нэмж өрөмдөж өгнө гээд одоо болтол ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. ...өрөмдсөн хүн нь нас барчихсан байна, гэрчилгээ нь байгаа гэж хэлсэн боловч одоог хүртэл надад худагтай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөөгүй. “...

Наад худаг чинь хуучин Номгон сангийн аж ахуй байхад гаргасан Кериловын худаг гэдэг юм. Орон нутгийн өмч Б.Б-ы худаг бишээ. Уг худгийг нэмж өрөмдөхөд тийм амархан өрөмдчихдөг юм биш, Орхон голын ай сав газрын захиргаа болон зохих газруудаас нь зөвшөөрөл авна. Тэгээд ч чиний нэр дээр гэрчилгээ гаргаж өгөх ямар ч боломж байхгүй, энэ худаг бол орон нутгийн өмч” гэсэн. Иймээс хариуцагч Б.Б-, Р.Э- нартай байгуулсан хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25.000.000 төгрөгөөр тооцсон хэсгийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоож, түүний үнэ 25.000.000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, Б.Содболд нар давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох “хариуцагч Б.Б-, Р.Э- нартай байгуулсан хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25.000.000 төгрөгөөр тооцсон хэсгийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, түүний үнэ 25.000.000 төгрөгийг гаргуулах, мөн төлөгдөөгүй үлдэгдэл бухны үнэ 1.500.000 төгрөгийн’’ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Ц- нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Б.Б-, Р.Э- нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг 13-р гудамж, 5 тоот амины орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25.000.000 төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, түүний үнэ 25.000.000 төгрөг гаргуулах, гэрээний үлдэгдэл төлбөр 12.400.000 төгрөг нийт 37.400.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрчээ.

Хариуцагч нар “хувийн орон сууцанд засвар хийсэн 34.042.880 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 13 гудамж, 5 тоот 168 м.кв амины орон сууц, түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичгийг гаргаж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр газрын байршлын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх” тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж 25.000.000 төгрөгийг гаргуулах, нэг бухны үнэ 1.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн байна.

Хэргийг бүхэлд хянахад талууд 2015 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Д.Ц-ын өмчлөлийн Дархан сумын 14-р багт байрлах Улсын бүртгэлийн Ү-2003017729 дугаарт бүртгэлтэй 168 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Б-, Р.Э- нар 130.000.000 төгрөгөөр худалдан  авч, 117.100.000 төгрөгийн өртөг бүхий мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикль зэрэг эд зүйл өгөх, үлдэх 12.900.000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцжээ.

Орон сууцны гадна талын заслыг нэхэмжлэгч, дотор заслыг хариуцагч тал хийхээр тохирсон  байна.

Д.Ц- хэлцлээр хариуцагчаас шилжүүлж авсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн “Найдаг” уулын баруун талд байрлах өвөлжөөний газрыг эзэмшихээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1518 тоот гэрээ байгуулан, 30 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг авсан үйл баримт тогтоогдсон байна.

Хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь 117.100.000 төгрөгийн төлбөрт үнэ бүхий мал, гүний худаг, өвөлжөө зэрэг эд зүйлийг, хариуцагч тал хувийн орон сууцаа хүлээн авсан ба гэрээний үнийн зөрүүг бэлэн мөнгөөр тооцож тохирсноор талуудын хооронд арилжааны харилцаа үүссэн байна.

Хэлцлийн зарим хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хүчин төгөлдөр бусд тооцуулж өвөлжөө, худгийн үнэ 25.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах тухай  гомдлын хувьд дараах дүгнэлтийг хийж байна.

Маргааны зүйл болох өвөлжөөний газар, худаг нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1, 2.4-т зааснаар төрийн өмч байх тул эдгээр эд хөрөнгийг бусдад худалдах гэсэн ойлголт байхгүй юм.

Харин өвөлжөө, гүний худгийг өмчлөх, эзэмших эрхгүй этгээд хэлцэл хийж өөрт байхгүй өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлсэн гэсэн маргааны тухайд хэлцэл хийх үед гүний худагтай өвөлжөө хариуцагчийн эзэмшилд байсан бөгөөд уг өвөлжөө худгийн бичиг баримтыг зохих ёсоор авч нэхэмжлэгч талд өгөх талаар талууд тохиролцож байсан.

Мөн худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргаагүй тул эрхийн доголдолгүй хөрөнгө гэж үзнэ.

Хэлцлийг хийх үед гүний худгийг эзэмшигч болон худгийн бүртгэл паспорт байхгүй байсан бөгөөд үүнийг гэрээний талууд мэдэж байсан, хожим бичиг баримтыг нөхөж бүрдүүлэх талаар тохиролцсон нь гэрээний гол тохиролцооны нэг байсан байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн худгийн паспортыг нөхөн шүүхэд ирүүлснийг шүүх нотлох баримтаар үнэлжээ.

Нэхэмжлэгч тал өвөлжөө, худаг нь анхнаасаа эрхийн болон биет байдлын доголдолтой байсан гэж тайлбар, гомдол гаргаж байгаа боловч эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэх боломжтой байхад хүлээж авсан бол гомдол гаргах эрхээ алдана гэж зааснаар шаардлага гаргах эрхээ алджээ.

Дээрх нөхцөл байдлуудаас гэрээний нэг тал болох нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөж хэлцэл хийсэн буюу өөрөөр хэлбэл худгийн шинж байдлын талаар түүнийг хэлцэл хийх үедээ төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Ц-ын худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Бухны үнэ 1.500.000 төгрөг гаргуулах гомдлын хувьд нэхэмжлэгч Д.Ц- нь арилжааны зүйлийг хариуцагч талаас хүлээн авахдаа 1.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн бухыг аваагүй гэж гомдож байгаа боловч талууд бухны оронд идэшний үхэр авч өгөлцсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч тал дахин нэг бух өгөх талаар нэхэмжлэгч нь баримт гаргаж нотлоогүй тул гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч тал гомдол гаргаагүй байна.

Иймд дээр заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн гомдлыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ц- болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290.450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                   

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ