Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1185

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, -  тоотод оршин суух, Д.Ц--ын нэхэмжлэлтэй,

                                                                                                                     

Хариуцагч: Дархан-Уул аймаг, -  тоотод оршин суух, Б.Бо-,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 13-р гудамж, 5 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Рэнчингийн Энхсаруул /РД: РЮ74091301, утас: 9909-3787/ нарт холбогдох

 

“Арилжааны хэлцлийн зарим хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, түүний үнэ 25,000,000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 12,400,000 төгрөг нийт 37,400,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Хувийн орон сууцанд засвар хийсэн 34,042,880 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 13 гудамж, 5 тоот 168 мкв амины орон сууц, түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичгийг гаргаж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр газрын байршлын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, Б.Содболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч нарын өмгөөлөгч Х.Доржпалам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц- нь өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р багт өөрийн эзэмшлийн газартаа хоёр айлын амины орон сууц барьсан. Өвөл болж байсан учраас яаралтай гадна талын пасадны засварын ажлыг дуусгахын тулд 2013 оны 10 сарын 08-ны өдөр “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллагаас 20 сая төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан. Хүү болон сарын төлөлт нь өндөр байсан учраас яаралтай авсан зээлээ төлж барагдуулахын тулд нэг айлынх нь амины орон сууцыг зарахаар “Дархан зууч” ХХК-д зар өгсний дагуу 2015 оны 10 сард Д.Болдсайхан, түүний эхнэр Энхсаруул нар надтай холбогдож, орон сууцыг үзэж 130,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Төлбөрийн нөхцөлийг Болдсайхан, Энхсаруул нарын санал болгосноор мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикл оролцуулаад нийт 117,100,000 төгрөгөнд тооцохоор тохиролцсон боловч 1,500,000 төгрөгөнд тооцсон бух өгөөгүй тул нийт арилжсан зүйлийн үнийн дүн 115,600,000 төгрөг болсон. Иймд хариуцагч нар хүлээлгэн өгсөн амины орон сууцны үлдэгдэл төлбөр 14,400,000 төгрөгийг бэлнээр 2015 оны 11 сард надад бүрэн төлж дуусгахаар тохиролцон амины орон сууцыг хүлээн авсан боловч өнөөдрийн байдлаар цувуулж увуулсаар 2 сая төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 12,400,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байна. Бид энэ талаар бичгээр гэрээ хийгээгүй. Худаг өвөлжөөг 25,000,000 төгрөг, малыг тус бүрд нь үнийн дүнгээр тооцож, мөн 2000 боодол өвс нэмж өгөхөөр наймаанд оруулж тохирсон. Орон сууцаа анх 140,000,000 төгрөгөөр үнэлээд дотор засварын ажлыг хасаад 130,000,000 төгрөгөөр бодож арилжаа хийсэн. Наймааны үлдэгдэл 14,400,000 төгрөгийг Д.Болдсайхан 2015 оны 11 сард багтаан будааны мөнгө орж ирэхээр төлье гэж тохирсон боловч одоо хүртэл өгөөгүй. Өвөлжөө худгийг 25,000,000 төгрөгөөр тооцож авсан бөгөөд хэлцлийн энэ хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Учир нь худгийг анх хүлээж авахад носос, шланк, мотор байхгүй байсан учир шалгах боломжгүй зөвхөн цооног нүх л байсан. Д.Болдсайхан өөрөө тайлбарлахдаа худгаас бүх малаа усалдаг, ундны усаа авдаг, ойр хавийн айлууд малаа ундаалдаг гэж ярьж байсан. 2015 оны 11 сард өвөлжөөндөө буугаад 11 сарын дундуур 1300 боодол өвс авсан. Тэгтэл надруу нэг хүн залгаад өвсний мөнгө нэхээд байсан тэгээд дараа нь 1 сард нөгөө хүн өвсөө ачаад явсан. Худгаа ажиллуулах гэсэн боловч носос шланк нь эвдэрсэн байсан. Би “Шинэ дархан” худалдааны төв /бирж/-өөс насос шланк, хоолойг худалдаж аваад тавьсан. 50 метр урттай хоолойг худалдаж авсан боловч худагруу унжуулахад 45 метр нь орсон. Анх надад худгийг 85 метрийн гүний худаг гэж байсан. Насос тавиад ус гаргасан боловч 250 литр орчим ус гараад худаг шавхагдаад байсан. Энэ талаар хэлэхэд би урьд нь дизель мотортой байсан сая би чамд хүнээс бензин мотор авчраад өгсөн юм гэж байсан. Би дараа дизель мотор тавьж үзсэн. Тэгэхэд яг л урьдын адил гарч байсан. Ингээд мал услахад маш хүндрэлтэй болсон. Д.Болдсайханд худаг болохгүй байна гэдэг хүсэлтийг 2015 оныхоо 11 дүгээр сараас хойш тавиад худгаа янзалж өг гэсэн шаардлагыг удаа дараа шаардаж байсан. Хавар болоод мал уух ундгүй болсон. Тэгээд ерөөсөө утсаа авахгүй алга болсон. Нэг холбогдохоор нь та наймаагаа хийхгүй юм уу? болж байгаа бол тэрийгээ хэл гэсэн. Тэгээд Болдсайхан өөрөө гаргуулахаар явсан. Худгийг анх өрөмдүүлсэн компани байхгүй болчихлоо гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй боллоо гээд байсан. Өвөлжөөний бичиг баримтыг би өөрөө хөөцөлдөж байж Гансум гэх хүний нэр дээрээс шилжүүлж авсан. Тухайн үед эдгээр зүйлсийг Д.Болдсайханы өмч гэж ойлгосон. Энэ асуудлыг хөөцөлдөөд 2018 оны 2 дугаар сард Номгон сумын Засаг даргатай уулзахад надад өмчлүүлэх боломжгүй сангийн ахуй байх үед Кирловын худаг гэж ярьдаг байсан гэсэн. Анх тэр өвөлжөөг худагтай учраас наймаандаа тооцож авсан. Одоо Болдсайхан Энхсаруул нараас арилжааны гэрээний солилцооны зүйл болох худгийн үнэ 25,000,000 төгрөг гаргуулах, хувийн орон сууцны төлбөрийн үлдэгдэл 12,400,000 төгрөг гаргуулах, нийт 37,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ц- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:

“Сөрөг нэхэмжлэлд байгаа 34,000,000 төгрөгт байшингийн гадна засалд зарцуулсан мөнгө байхгүй байсан. Би шүүхэд нэхэмжлэл гаргаж байх явцдаа гадаад засварын дутуу ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2,000,000 төгрөгийг өгсөн талаар маргахгүй хүлээж авсан нь үнэн. Тус байшин нь Ариг банкны зээлийн барьцаанд байгаа. Анх зарахдаа энэ талаар ярьсан. Газрын гэрчилгээний хувьд үл хөдлөхийн зээлийн барьцаанд байгаа. Энэ зээл дуусаагүй байгаа. Наймаа анх хийхдээ 168 м.кв байрыг зарж байгаа гэж ярьсан. Газрын талаар ярьсан зүйл байхгүй. Ард талын газрыг яах талаар яриагүй. Гарцтай тал нь Болдсайханы талд байгаа. Би одоо өгвөл байшингийн нүүрэн хэсгийн газрыг л өгнө. Анх ярьж тохирсны дагуу өөрийн нэхэмжилсэн 37,400,000 төгрөгөө авч байж байшингийн гэрчилгээг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  “Өвөлжөө худагны үнэ нийт 25,000,000 төгрөгт холбогдох хэсэгт Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 52.2.3 зааснаар ноцтой төөрөгдөлд орж хийсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт анхнаасаа дотор засал хийхгүй байхаар тохирсон. Хариуцагч тал татгалзлаа нотолж байгаа баримтад хууль зүйн үндэслэл байхгүй байна. Гол хэлж байгаа зүйл нь гадна болон дотор засал хийлгэсэн худаг миний өмч гэсэн тайлбар хийдэг. Энэ асуудлыг хууль тогтоомжоор зохицуулсан байгаа. Хууль зүйн хувьд яагаад 37,400,000 төгрөг нэхэмжлээд байгаа вэ? гэдэг дээр татгалзлаа тайлбарлахдаа газар дээр нь очиж үзээгүй байж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Хэргийг бүхэлд нь дүгнээд үзэхэд энэ хэлцэл нь анхнаасаа хуульд заасан шаардлагын зөрчиж хийсэн байгаа боловч энэ хэлцлийг буцаая гэдэг байдлаар биш тэр хэсэгт ногдох хэлцлийг салгаж аваад хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжилсэн байгаа. Хэлцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байгаа. Худаг өвөлжөөний талаар ноцтой төөрөгдөлд орсон гэж Иргэний хуулийн 58.3.2, 58.3.3-т заасан байгаа. 25,000,000 төгрөгөөр худгийг үнэлж авсан нь тэр худгийг Болдсайхан өмчлөх эрхтэй гэж ойлгоод солилцсон. Яг тэр худаг, өвөлжөөг зориулалтын дагуу ашиглах боломжтой юм байна гэж ойлгосон байдаг. Түүний үндсэн дээр өөрийн өмчлөлийн зүйлээ өгөх талаар тохирсон байгаа. Өвөлжөөний газрын гэрчилгээг өөр хүнээс шилжүүлж авсан байдаг. Худаг нь яг Болдсайханы нэр дээр байгаагүй. Хууль зүйн хувьд нэг зүйл анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Худаг устай холбоотой нарийвчилсан зохицуулалттай Усны тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хамааралтай юм. Усны тухай хуульд зааснаар худгийг иргэн өмчлөх эрхгүй юм байна.  Сүүлд энэ талаар нэхэмжлэл гаргаад иргэний хэрэг үүсээд явж байх явцад буюу 2018 оны 03 сарын 07-ны өдөр худгийн техникийн паспорт гараад ирсэн байдаг. Уг худагт 9,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гээд яриад байгаа. Болдсайхан анхнаасаа үнэн учрыг хэлээгүй “худаг төрийн өмч чи ашиглаж болно” гэж хэлсэн бол өөр байх байсан. Худагтай өвөлжөө гэдэг байдлаар үнийн дүнг тохирсон. Гэтэл худаг нь Болдсайханы өмчлөлийн худаг байгаагүй юм. Мөн өвөлжөөний газрын асуудал дээр газар эзэмших эрх нь Болдсайханд байгаагүй. Иймд ноцтой төөрөгдүүлсэн гэж үзэж байна.  Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өвөлжөөний газрын өмчлөх зохицуулалт байхгүй. Эзэмших эрхийг үнэлдэггүй, зарж борлуулах боломжгүй бөгөөд эзэмших эрхийн зүйлийг үнэлж зарсан байна.

Сөрөг нэхэмжлэлд бухны асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж байгаа. Анхны тохироон дээр дутуу өгөгдсөн зүйл байгаа юм. Хариуцагч талаас гаргасан 34,042,882 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. 2018 оны 6 сарын 22 өдөр гадаад дотоод заслын ажлын материалын зардал, ажлын хөлс гэж яриад байна. Хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбарыг сонсоход Орон сууцыг худалдаж авахад Цэрэнтогтох хийх ёстой зүйлийг хийгээгүй учраас бид хийсэн гэж нэхэмжлээд байна гэж ойлгосон. Анх тохирохдоо дотоод засалгүй байрыг 140 сая төгрөгөөс буруулаад 130 сая төгрөгөөр зарахаар тохирсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед миний үйлчлүүлэгч гадаад заслыг хийгээд өгсөн. Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзээд бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж байгаа төлбөрийг өгвөл Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Иргэний хуулийн 274-т зааснаар шилжүүлэхэд татгалзахгүй. Сөрөг нэхэмжлэлд даалгах нэхэмжлэл гаргаад байна гэж ойлголоо. ИХШХШТ хуулийн 73 дугаар зүйлд сөрөг нэхэмжлэл гэж юу хэлэхийг заасан байгаа. Гэтэл улсын байгууллагад даалгах нэхэмжлэл гаргаад байна. Төрийн байгууллага энэ хэрэг оролцоогүй. Хэргийн оролцогч биш. Мөн эс үйлдэхүй байхгүй учир даалгаж болохгүй юм. Газрыг анхнаасаа хуваах талаар тохирсон зүйл байхгүй. Хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй. Үл хөдлөх хөрөнгийг доорх газартай шилжүүлнэ. Болдсайханд зарсан газар нь гарцтай хэсэг учир газрыг шийдвэрлэх боломжгүй.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“117,100,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийн бух хасаад 115,600,000 төгрөг болж байгаа. Үлдэгдэл төлбөр 14,400,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг дансаар авсан. Хариуцагч нараас өвөлжөө гүний худгийг авахдаа худагт оруулсан хөрөнгө оруулалтыг худалдан авах хүсэл зориг байгаагүй. Энэ талаар Сайхан сумын Засаг даргын албан бичгийг аваад өөрийгөө ноцтой төөрөгдөлд  орсон гэдгээ мэдсэн. Тийм учраас 25,000,000 төгрөгөө буцаан гаргуулж авъя гэсэн шаардлага гаргасан. Худаг өвөлжөөг өөрийн өмчлөлд шилжүүлж авах боломжгүй байсан. Багийн Засаг дарга Болдсайхан энэ худгийг 9,200,000 төгрөгөөр өрөмдүүлсэн гэдгийг мэдэх боломжгүй, өрөмдүүлэх үед багийн Засаг даргаар ажиллаж байсан эсэх нь цаг хугацааны хувьд тодорхой биш юм. Паспорт нь Болдсайхан 9,2 сая төгрөгөөр гаргуулсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Паспорт дээр өмчлөгч гэсэн нэр байхгүй худгийн эзэмшигч дээр гарсан байна. Арилжааны гэрээ нь харилцан өмчлөлд шилжүүлэх шаардлага тавигдсан байдаг. Гэтэл энэ шаардлагыг хангахгүй байна. Энэ паспорт дээр усны мэдээллийн сан гэж гарчигтай байгаа бөгөөд энэ нотлох баримт нь хуурамч нотлох баримт гэдэг нь харагдаж байна. Худаг нь биет байдлыг хувьд доголдолтой ус гардаггүй. Үүнийг Иргэний хуулийн 58.3.2-т зааснаар төөрөгдсөн гэж үзэж байна. Өвөлжөө нь өмчлөх эрхгүй газар байсан бөгөөд өвөлжөөний үнэ худгийн үнийн хувьд мөн төөрөгдсөн байдаг. Анхнаасаа Болдсайханы хөрөнгө оруулалтыг худалдаж авах хүсэл зориг байгаагүй. Цэрэнтогтох мал аваад цаашид өвөлжөө худгийг малын хамт маллаад явах хүсэл зориг байсан. Иргэний хуулийн 274 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлдөө шилжүүлж авах хүсэлтэй байсан. Сөрөг нэхэмжлэлийн тухайд зөвшөөрөхгүй байна.  1 дүгээр хавтаст хэргийг 1 дэх хуудаст хариуцагч нар өөрийн биеэр гарын үсэг зураад тайлбар ирүүлсэн байдаг. Тус тайлбарт дотоод засварын ажлыг өөрсдөө хийхээр тохирсон байдаг. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг Цэрэнтогтоход холбогдуулж гаргаагүй байна гэж үзэж байна. 3 дахь нэхэмжлэлийн шаардлагын хувь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул энэ шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй,  нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна.” гэжээ.

Хариуцагч Б.Бо-, Р.Энхсаруул нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Бид 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 168 м.кв талбайтай дотоод засал хийгдээгүй байрны төлбөр болох 130,0 сая төгрөгийн 90 хувь буюу 117,1 сая төгрөгийг солилцоогоор төлсөн. Д.Ц- байрны гадна талын ажлуудыг гүйцээн хийх, бид үлдэгдэл 12,9 сая төгрөгийг бэлнээр төлөх, дотоод засварын ажлыг өөрсдөө хийхээр тохиролцсон. Гадна талын дутуу ажлуудад

  1. Гадна талбайг цементлээгүй
  2. Гарааш хаалгагүй
  3. Хашаагүй (урд талын хашаа нь 51 ба 52 дугаар байрны мэдлийх, баруун талын хашааг өөрсдөө барих ёстой боловч Минж проперти ХХК-ны барилгын түр хашаа баригдсан, хойд тал, зүүн талынх нь мөн өөр ААНБ-ын мэдлийнх)
  4. Машин орох хаалгагүй, гарцгүй
  5. Орон сууцны хойд тал, зүүн талын төмөрлөгөө буюу гадна фасад хийгдээгүй
  6. Дээврийн ус зайлуулах хоолой хийгдээгүй
  7. Дээвэр хойд талаараа бүрэн битүүмжлэгдээгүй
  8. Хаалга, цонхнууд бүгд амалгаагүй
  9. Бохирын худаг хийгдээгүй
  10. Гадна талд цахилгааны шитгүй
  11. Дулааны худаг шатгүй

Бидэнд байрыг хүлээлгэн өгөхдөө цахилгаан, дулаан, сантехник холбогдсон, цутгамал байр, дотоод засал нь зөвхөн хийгдээгүй гэж хүлээлгэн өгсөн. Түлхүүрийг хүлээж авснаас хойш 1 жилийн хугацаанд бид засвар хийж чадаагүй. Учир нь Дархан-Уул аймгийн хэмжээнд ган болсны улмаас ургац бүрэн алдсан, санхүүгийн боломж хүнд байв. Цэрэнтогтохтой уулзаад ургац алдсан тул байрны бичиг баримтаа шилжүүлж аваад зээл авъя, танай үлдэгдэл мөнгийг төлөөд байрандаа засвар хийгээд оръё гэхэд 2 байрны гэрчилгээ 2-лаа барьцаанд байгаа гэж хэлсэн. Анх тохиролцоо хийхэд өөрийн байр нь л зээлийн барьцаанд байгаа мэтээр бидэнд ойлгуулсан. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр уг байранд засвар хийхээр ирэхэд хонины толгой оруулж тавиад өтсөн, байр өмхийрсөн, 1 өрөөны радиатор цоорч шугамыг хаасан, өөрийнхөө гэрийн радиаторыг цооронгуут манай радиаторыг салгаж авсан, 2 дугаар давхрын дээврийн хэсэг цутгамал биш дулаалгын хөөс, паниар тавиад замаскадсан, зарим хэсгүүдэд дээврээс ус нэвтэрсэн байв. Энэ талаар хэлэхэд анх үзэж хараад тохиролцсон, ийм л байсан гэж хэлсэн. Бид ч үүнийг хүлээн зөвшөөрсөн шалтгаан нь мэргэжлийн бус учраас анзаараагүй буруутай. Гэтэл Д.Ц- худгаас ус муу гарч байна. Дахин доош өрөмдүүлнэ гэж хэлсэн. Тэд мөн л худгийг үзэж харж, тохиролцож авсан. Одоо ч ус гардаггүй гээд байгаа худгаасаа хүн, мал ойр орчмын хүмүүсийг ундаалсаар байна. Тус худаг нь социализмын үед эмчилгээ тэжээлийн цэгийн худаг буюу тэр хавийн хүн малыг усаар хангадаг байсан, ашиглаагүй удсан худгийг бид өвөлжөөний газар хувьчлах авахдаа дахин 50 метр өрөмдүүлэн сэргээсэн. Тиймээс анхны бичиг баримт бидэнд байхгүй, бид шинээр худаг өрөмдүүлэн гаргасан бол магадгүй бичиг баримттай байх л байсан. Зүй нь хамтарч хийх ёстой байтал бид узельд вентиль солих, ил задгай байсан цахилгааны утсуудыг эмхлэн, хамгаалалтын бүрхүүл хийж, гадна талд цахилгаан шит хийх, байшингийн гадна суурь, эмжээр хэсгийг шавардах оохордох ажлуудыг хийсэн. Байрны дотор талд цахилгааны утас, цэвэр бохир усны болон дулааны шугамууд шалан доогуур явсан байсныг аюулгүй байдлаа хангах үүднээс цэвэр усны, дулааны хоолойнуудыг шинээр худалдан авч, хана дагуулан хийж, шаардлага хангахгүй 7 радиаторыг шинээр сольсон, 2 ванны өрөөнд уур, чийг, бохирын үнэр гадагшлуулах хоолойнууд хийж, ванны өрөөнд шинээр ган хоолой худалдан авч холболтуудыг хийсэн ба давхар хоорондын бетоныг өрөмдөж нүхлэх, дээврээр хоолойг гадагш гаргах, хана тэгшлэх ажлуудыг хийсэн. Бид 130.0 сая төгрөгөөр дээвэр муутай, өрөө тасалгаануудад агааржуулалтын цокол огт хийгдээгүй байшин худалдан авчихаад ийм, тийм байна гэж хэлэхгүй, харин ус гарч байгаа худаг, ажиллаж байсан мотор авсан Д.Ц- ийм, тийм юм нь болохгүй байна гэж гомдоллох, шаардлага тавих нь шударга биш байна. Д.Ц- болон түүний эхнэр биднээс авсан мөнгөөр зөвхөн зээлээ төлөх тухай ярихаас биш гадна талын дутуу ажлуудыг хийх, бичиг баримтыг шилжүүлэн өгөх талаар огт дурсахгүй. Үлдэгдэл мөнгөндөө гадна төмөрлөгөө, фассадыг бид хийж гүйцээе /энэ ажил нь 10.0 саяас 15.0 сая төгрөг болох тухай Д.Ц- өөрөө хэлж байсан/ яаралтай хийхгүй бол бороо цасанд хөнгөн блок, улаан тоосго үйрдэг, бид барилгын материалыг зээлээд авчих боломжтой байна гэхэд үгүй гэнэ, тэд өвөл боллоо малын өвс тэжээл, хадлан авмаар байна, мөнгө хэрэгтэй байна гэнэ. Бид боломжоороо л 2,0 саяас 3,0 сая төгрөгийн дизель түлш зээлээд өгье гэнэ үгүй гээд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1,0 сая төгрөг авсан. Д.Ц- өвөл болохоос өмнө бохирын худаг шинээр хийх ёстой шугам хөдлөнө гээд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөн л 1,0 сая төгрөг авчихаад худгаа хийгээгүй. Үүнээс болж өгвөл шугам хөлдчихсөн. Гэтэл хөлдсөн шугамыг хамтарч янзлах тухай ярихад яг манай хойд талын хэсэгт нүх ухаад бохироо цуглуулаад хөрсөнд нь шингээнэ, өвөлдөө ер нь иймэрхүү арга хэмжээ авч байхгүй бол өмнө жил бас шугам хөлдсөн, гараар нүх ухахад 500 мянган төгрөг болно үүнийг өг гэсэн. Бид хотын төвд амьдарч байж бохироо нүхэнд цуглуулаад, хөрсөнд шингээгээд зун болохоор ууршаад хортой, бохир ийм зүйлийг зөвшөөрөхгүй гээд би өөрөө сантехникч хайж, машинаараа зөөвөрлөн засварын ажлыг 2 хоног хийлгээд тэдний буруугаас болж хөлдсөн шугамыг зассан ажлын хөлс 240.000 төгрөгийг хувааж төлсөн. Өвөл болох дөхөөд машины орох, гарах гарцгүй, граж хаалга байхгүй байна гэж анх удаа бид тохиролцооны дагуу шаардлага тавихад “гадна талын хэсэг” гэдэгт гражийн хаалга орохгүй, танайх хийх ёстой гэж шууд мэлзсэн. Ер нь өвөл болсон, машинаа хөлдөөхгүйн тулд гражийн хаалгаа, орц гарцаа эд нэр хийх нь тодорхой байдлаар хандсан. Бид ч машин орох түр гарц хийж гражийн хаалга захиалгаар хийлгэхэд 1,5 сая суурилуулах ажлын хөлс, тээврийн зардалд 0,5 сая нийт 2,0 төгрөг төлсөн. Гадна ажлуудыг огт хийхгүй байж байнга мөнгө нэхэж хэрүүл хийнэ. Энэ болгонд гадна талын ажлууд огт хийгдээгүй байгааг сануулах хэрэг гарна, энэ нь биднийг залхаах арга гэж бодож байна. 2017 оны 02 дугаар сарын сүүлээс эхлэн урд талын байрны иргэд манайхыг бродюр давж, хүүхдийн тоглоомын талбай дундуур гарч байгаа тул гарааш руу орох гарцгүй болгосон. Ингээд Цэрэнтогтох граж руу орох, гарах гарцгүй боллоо, Минж проперти ХХК-ийн байр ашиглалтад орчихлоо, барилгын ажлын хашааг авч, өөрсдийн хашаагаа барьж хаалга хийе. Минж ХХК-ийн захирлуудтай гарц чөлөөлөх талаар бид ярилцах уу гэхэд би өөрөө ярина гээд таг чиг болчихсон. 2017 оны 05 дугаар сард /3 сарын дараа хашаагаа барьж хаалга хийнэ мөнгө гээд нэхсэн. Бид хашаагаа эхлээд барьчих гэсэн. Учир нь урьдчилж мөнгө авчихаад хийнэ гэсэн зүйлээ хийдэггүй болохоор. Блокоор баруун талын хана хийж өрсөний дараа 700 мянган төгрөг нэхэхээр нь хэд хоног хүлээж байгаарай гэсэн. Хэд хоногийн дараа Д.Ц- руу утсаар ярьж дансаа өгчих, бид 1,0 төгрөг шилжүүлэх боломж гарлаа гэсэн чинь үгүй ээ, хэрэггүй бид өөрсдөө тэр мөнгийг төлсөн гээд өөр юу ч хэлээгүй утсаа тасалсан. Д.Ц-ын эхнэр 10 жилийн сурагч хүүг маань гэртээ байхад дайрч орж ирээд загнаж, байрныхаа бичиг баримтыг шилжүүлээгүй бидний нэр дээр одоохондоо байгаа болохоор би танайд орж загнах, хэрүүл хийсэн ч яасан ч болно гэж хэлээд дарвагар юмнууд гэх мэтээр доромжилсон байгаа юм. Өмнө нь намайг тэнэг, мангар гэж доромжилж, барилгын ажил хийж байсан ажилчдыг дуу чимээ ихтэй байна гэж хашгичаж байсан. Аргаа бараад Д.Ц-той энэ тухайгаа хэлж танай эхнэртэй ярилцах хүнд байна. Хашгичаж, загнаад хэл амаар доромжлоод байна, иймээс цаашид хэлж ярилах зүйлсийг чамтай ярьж байна, биднийг эзэнгүй байхад хүүхдүүдийг загнаж, хашгирсан талаар нэлээн ууртай сануулж хэлснээс өөр загнаад байсан зүйл байхгүй. Бид хүмүүсийг элдвээр харааж загнах нь бүү хэл гэртээ гэр бүлдээ маргаангүй амьдардаг хүмүүс. Д.Ц- болон түүний эхнэр Болормаа дуртай үедээ айлд дайрч орж ирээд хэрүүл хийдэг, шийдвэрлэх боломж, гарцыг хэлэхээр зөвшөөрөхгүй, мөнгө нэхдэг, тэгээд нэхсэн мөнгөө авахгүй гэж хэлдэг. Бид ч бас хохирч байна, бичиг баримт ч үгүй, гадна талын ажлууд бүрэн хийгдээгүй, хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна. Барилгын дээд талын цутгалтгүйгээс дээврээс ус гоожиж, засвар хийсэн хэсгүүд шарласан. Шилэн хүндхэн обжур зүүх боломжгүй, бүх өрөөнүүд ванны өрөөний зориулалттай лед /хөнгөн/ гэрэл өлгөснөөс унтлагын өрөөнүүдэд ялангуяа шөнө гэрэл унтраасан байсан ч бүдэг гэрэл ёлтойж тухай амрах боломжгүй. Дээврээс ус зайлуулах хоолой хийгдээгүйгээс өвөлдөө хаалган дээр, гадна талд мөс овойж хөлддөг. Дээвэр хойд талаараа бүрэн битүүмжлэгдээгүйгээс гадаа хүйтрэхээр дээш хөөрсөн халуун уур, Д.Ц-ын гэрээс гарсан бохирын үнэр гадагшлуулах хоолойг дээвэр нэвт гараагүй, чердакт байрласан эд бүгд нийлж конденсацилагдаж хүйтэн усны дусал, шугам хоолойг дагаж урсдаг, өвөл чердак дотор мөстсөн уур цан нь дулаархаар хайлж, дээрээс энд тэндгүй дусал гоождог.Хаалга, цонхнууд бүгд амалгаа байхгүй. Бохир усны худаг хийгдээгүй, өвөл шугам хоолой нь хөлддөг. Дулааны худаг шатгүй / шат хийх талаар удаа дараа ДЦС ТӨХК-ийн ажилчид шаарддаг/ Гадна орчин цементлэгдээгүйгээс шороо тоос ихтэй. Хашаанд хаалгагүй учир яг л нийтийн эзэмшлийн талбай мэт хүмүүс хойш, урагш гарц болгон холхидог, хог хаядаг, бие засдаг. /энэ хэсгийг бид байнга гарч цэвэрлэдэг/ Байрны хойд талын төмөрлөгөө буюу гадна фасад хийгдээгүйгээс барилгын материал нь үйрч элэгдэж байна. Бид зав чөлөөгүй, хөдөө орон нутагт байнга ажилладаг хүмүүс. Утсаар ярих боломжгүй бол хөршүүд нэг хашаанд тааралдахгүй байна гэж юу байхав. Д.Ц- болон түүний эхнэр Болормаа гадна тааралдах үедээ огт дуугардаггүй, юу ч ярьдаггүй шүү дээ. Нэг хананы наана, цаана байж байгаад яагаад утсаа авдаггүй гээд байгааг ойлгохгүй байна. Уг байрыг манайд зарах үед амины орон сууц 8 хувийн зээлэнд хамрагддаггүй, үл хөдлөх хөрөнгө огт зарагдахгүй, барилга зогсонги, эдийн засаг хямралтай байсан үе. Тэд мал авсан өдрөөсөө эхлээд нядалж эхэлсэн. Солилцоо хийснээс жилийн дараа Д.Ц-ын ажилладаг Хаан банк амины орон сууцыг 8 хувийн зээлд хамруулж болохоор болсон тухай яриад зээл авахад туслана гэсэн. Гэсэн ч бидний сарын орлого хүрэлцээгүй, Ариг банкинд зээлтэй байсан тул дахин энэ тухай дурсаагүй. Мөн ДБС сувгаар энэ байрыг зарна гэсэн /фото зурагтай/ хааяа явдаг. Яагаад ийм зар явуулаад байгаа талаар асуухад мөнгө төлж зарыг устгадаг гэж хариулсан. Энэ бүгдээс харахад манай гэр бүл байрны 90 хувийг төлчихсөн, дотоод заслын ажилд 35 сая төгрөг зарцуулсныг үл тоон Д.Ц- болон түүний эхнэр байрныхаа заслыг хийлгэчихээд шүүхэд өгч байрнаас гаргах, дараа нь засвар хийсэн байрыг маань банкинд ажилладаг давуу талаа ашиглан амины орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулан зарах боломжтой гэж тооцсон. Тиймээс ч тэд шүүхэд үлдэгдэл 10.0 сая төгрөгийг төлүүлэх бус, байрнаас албадан гаргуулах талаар нэхэмжлэл гаргаснаас харахад тодорхой байна. Солилцоо хийсэн талуудын нэг тал хэтэрхий давуу эрхтэйгээр шаардсан, адил тэгш биш байгаа учраас нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Хариуцагч Б.Бо-, Р.Энхсаруул нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Би 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д.Ц-оос 168 мкв талбайтай дотоод засал хийгдээгүй хувийн орон сууцыг 130,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож үнийн дүнгийн 90% буюу 117.1 сая төгрөг солилцоогоор төлж худалдан авсан юм. Д.Ц- байрны гадна талын дутуу ажлуудыг гүйцээн хийх, бид үлдэгдэл 12.9 сая төгрөгийг бэлнээр төлөх, дотоод засварын ажлыг өөрсдөө хийхээр тохиролцсон. Гадна талын дутуу ажлуудад гадна талбайг цементлээгүй, гарааш хаалгагүй, хашаагүй, машин орох хаалгагүй, гарцгүй, орон сууцны хойд тал, зүүн талын төмөрлөгөө буюу гадна фасад хийгдээгүй, дээврийн ус зайлуулах хоолой хийгдээгүй, дээвэр хойд талаараа бүрэн битүүмжлэгдээгүй, хаалга, цонхнууд бүгд амалгаагүй, бохирын худаг хийгдээгүй, гадна талд цахилгааны шитгүй, дулааны худаг шатгүй байсан юм. Би байрны гадна талын дутуу ажлууд болох узельд винтель солих, ил задгай байсан цахилгааны утсуудыг эмхлэн, хамгаалалтын бүрхүүл хийж, гадна талд цахилгааны “шит” хийж, байшингийн гадна суурь, эмжээр хэсгийг шавардах оохордох ажлуудыг хийсэн. Байрны дотор талд цахилгаан утас, цэвэр усны болон дулааны шугамууд шалан доогуур явсан байсныг аюулгүй байдлаа хангах үүднээс цэвэр усны дулааны хоолойнуудыг шинээр худалдан авч хана дагуулан хийж, шаардлага хангахгүй 7 ширхэг радиаторыг шинээр сольсон, 2 ванны өрөөнд уур чийг, бохирын үнэр гадагшлуулах хоолойнууд хийж, ванны өрөөнд шинээр ган хоолой худалдан авч холболтуудыг хийсэн ба давхар хоорондын бетоныг өрөмдөн нүхэлж, дээврээр хоолойг гадагш гаргах, хана тэгшлэх ажлуудыг хийсэн. Энэ бүх ажлын материалын зардалд 28,742,880 төгрөг, засвар техникийн ажил хийсэн хүмүүст 5,300,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн юм. Иймд Д.Ц-оос хувийн орон сууцанд хийсэн засварын үнэ 34,042,880 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Бо-, Энхсаруул нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл худаг, өвөлжөөний асуудал яригдаж байгаа. Тухайн үед бол аман хэлцлээр хоёр талаас хүсэл зоригоо илэрхийлээд арилжаагаар эд хөрөнгө солилцсон байгаа юм. Нийт арилжааны үнийн дүн болох 130,000,000 төгрөгөөс 117,000,000 төгрөг буюу 90 хувьтай тэнцэх эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн байдаг. Өвөлжөөний гэрчилгээг өөр дээрээ гаргаад авсан байгаа юм. Худгийг мөн адил хэрэглээд явж байгаа. Байранд ороод жил гаран амьдраад байж байтал Болдсайханыг байрнаас албадан чөлөөлүүлэн нэхэмжлэл анх гаргасан боловч сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Анх байрыг хүлээж авахад олон ажлуудыг хийгээгүй дутуу байсан хүлээн авсан бөгөөд дутуу ажлаа хийж гүйцээгээд үлдэгдэл төлбөрийг хийхээр тохирсон байдаг. Байшингийн гадна талын нийт 11 төрлийн ажил хийхээр тохирсон боловч хийгээгүй учир үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүй байсан. Бидэнд байрыг хүлээлгэн өгөхдөө цахилгаан, дулаан, сантехник холбогдсон, цутгамал байр, дотоод засал нь зөвхөн хийгдээгүй гэж хүлээлгэн өгсөн. Энэ хооронд 2 удаа 2 сая төгрөгийг Болдсайхан шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 10 сая төгрөг өгөх ёстой гэсэн тайлбар хийдэг. Худгийг Болдсайхан өөрөө худгийн компанийг авч ирээд ундаргыг сэргээгээд ашиглаж байсан талаар нотлох баримт гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Худгийг Болдсайхан сэргээгээд түүний дараа Цэрэнтогтох ашиглаж байсан талаар гэрчүүдийн мэдүүлэг мөн хэрэгт авагдсан байгаа. Өвөлжөөг эзэмших эрхгүй байна гээд эзэмших эрхийн гэрээ ирүүлсэн байна. Өвөлжөөг Болдсайхан өөрийн хөрөнгөөр шинээр бариулсан. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг мөн байгаа. Энэ талаар мөн хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлд худалдан авсан 168м.кв талбайтай хувийн орон сууцны дотор талын заслын ажлуудыг шинээр хийсэн. Шинээр хийсэн ажлын зардал нийт 34,042,884 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шаардлагатай холбоотой худалдаж авсан материалын жагсаалт, ажлын хөлс өгсөн баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа.” гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Х.Доржпалам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Болдсайхан Энхсаруул нар худалдан авсан байшингийнхаа 90 хувийг төлсөн учир байрны өмчлөх эрхээ баталгаажуулж авах энэ шаардлагатай холбоотой байрны өмчлөх эрхийг шилжүүлэхийг улсын бүртгэлд даалгах, хувийн орон сууцны барилгын доорх газрыг нь зээлийн барьцаанд байгаа гээд байсан боловч нотлох баримтаас харахад газар нь дундаа 1 гэрчилгээтэй юм байна билээ. Иймд хувийн орон сууцны голын ханаар газрыг хавааж кадастрын зургийг газрын байршлын нэгдсэн санд бүртгүүлэхийг газрын албанд үүрэг болгох талаар шүүхийн шийдвэрт тусгах гэсэн сөрөг шаардлагыг Цэрэнтогтоход холбогдуулан гаргасан байгаа. Үндсэн нэхэмжлэл дээр будаг шохой обой битоны ажил хийгдэх ёстой гэж үзсэн. Тэгээд үзтэл дээд тааз нь модоор хийсэн байсан. Паарыг мөнх сольсон. Хуучин паараа Цэрэнтогтох өөрөө аваад явсан гэж ярьдаг. Засвар хийсэн ажлаа баримтаар нотлож хэрэгт өгсөн. Гадна талд хийсэн ажлын хөлс үүнд орсон байгаа. Материалын зардал 28,000,000 төгрөг дотор тооцогдоод явж байгаа. Гараашийн хаалгыг нийт 2,000,000 төгрөгөөр хийсэн нь нотлох баримтаар байгаа. Эд хэлэхдээ хамгийн хэцүү юм нь дулааны систем гэж ярьж байсан. Дандаа чанаргүй ардиатраар ус алддаг чанар муутай зүйлээр хийсэн байсан. Байшингийн урд талын хэсгийг өгнө гэж яриад байна. Гэтэл хоёр айл нэг хаалгаар орж гарч байгаа. Байшингийн доорх газрыг тэнцүү хувааж авах хүсэлтэй байгаа. Худгийн талаар ярихад худгаас мал усалж байсан талаар гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Мөн бухны асуудлаар хариуцагч ямар ч зүйл яриагүй.” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Б.Бо-, Р.Энхсаруул нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг 13-р гудамж, 5 тоот амины орон сууцнаас албадан гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй гэснээр хариуцагч Б.Бо-, Р.Энхсаруул нартай байгуулсан хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25,000,000 төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, түүний үнэ 25,000,000 төгрөг гаргуулах, мөн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12,400,000 төгрөг нийт 37,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Талууд 2015 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Д.Ц-ын Дархан сумын 14-р багт байрлах Улсын бүртгэлийн Ү-2003017729 дугаарт бүртгэлтэй 168 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.Бо-, Р.Энхсаруул нар  130,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрт нь 117,100,000 төгрөгийн үнэ бүхий мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикль зэрэг эд зүйл өгөхөөр тохиролцжээ.

Талуудын тохиролцооны зүйл нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан хөрөнгө буюу амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д заасан эрх, хариу төлбөр нь эд хөрөнгө, мөнгө байна.

Зохигчид  эд зүйлийг шилжүүлэн авсан энэ талаар маргаангүй, энэ хугацаанд хэн аль нь шилжүүлэн авсан зүйлийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж байсан.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаархи өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй ч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон талууд нь үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж тохирсон талаар маргаангүй.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлсэн тул гэрээ байгуулсанд тооцно.

Нэхэмжлэгч Д.Ц- амины орон сууцны үнийн хэсэгт тохирч авсан Сэлэнгэ аймаг Сайхан сум 3 дугаар баг Найдаг уулын баруун талд байрлалтай гэх өвөлжөө, худаг нь хариуцагч Б.Бо-, Р.Энхсаруул нарын өмчлөлийн зүйл биш болохыг 2018 оны 01 сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргаас мэдсэн тул хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25,000,000 төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, түүний үнэ 25,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Ц- харилцан тооцож авсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн Найдаг уулын баруун талд байрлах өвөлжөөний газрыг /7,850 м.кв / эзэмшихээр 1518 тоот гэрээ байгуулан, 30 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг  2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авсан нь өвөлжөө, өвөлжөөний зориулалтаар эзэмших газрын эрхийн талаар маргаангүй болсон гэж үзнэ.

            Хариуцагч Б.Бо- нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн Найдаг уулын баруун урд 2014 оны 8 сард бэлчээрийн худгийг өөрийн 9,200,000 төгрөгөөр өрөмдмөл гүний худаг гаргуулсан талаар Сайхан сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, өрөмдмөл худгийн техникийн паспорт ирүүлжээ.

            Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28-д ус хэрэглэгч гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг хэлнэ гэснээр мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар аймаг нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчийн худаг, цооногийг усны мэдээлэлийн санд бүртгэж, худгийн паспорт олгоно, 32 дугаар зүйлийн 32.10-д усны барилга байгууламж нь паспорттой байна гэснийг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл эрхийн  зөрчилгүй болжээ.

            Нэхэмжлэгч Д.Ц-ын тайлбарт дурьдсанаар тухайн худгийн усны болон ашиглах боломжит нөөц нь худгийг ашиглах явцад эсхүл байгалийн хүчин зүйлээс болж усны нөөцийн  хомсдол болсон, ус багассан эсэх нь тодорхойгүй, мөн анх хүлээн авах үед усны эх үүсвэр бага байсан гэдгийг нотлоогүй тул шинж байдлын талаар төөрөгдсөн гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Усны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар багийн нутаг дэвсгэрт байгаа худгийн эзэмшлийг зохицуулах асуудлыг шийдвэрлэсэн баг /хороо/-ийн иргэдийн Нийтийн хурлын шийдвэр, 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар нутаг дэвсгэртээ байгаа уст цэгийн ашиглалт, хамгаалтад, эзэмшилтэд тавих хяналтын дагуу багийн засаг даргын шийдвэрээр  хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нарын ус ашиглах эрхийг хязгаарласан эсэх нь тодорхойгүй тул ...Номгон 3 дугаар багийн  Дарь Эхийн хийдийн өвөрт байрлах таны худалдан авч эзэмшиж буй өвөлжөөний худаг нь төрийн өмч, нийтийн эзэмшил бөгөөд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх нь өөрийн эзэмшлийн газар дахь  ус ашиглах эрхийг төлөөлөхгүй болно” гэж Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-т заасан байна. Иймд тус худгийг хувь хүн өмчилж зарах боломжгүй... гэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 461 дугаартай албан бичиг нь хуульд заасан дүгнэлт, шийдвэр гэж тооцогдохгүй.

Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-д зааснаар хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн, мөн зүйлийн 58.3.2-д заасан эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд хийгдсэн хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25,000,000 төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэснээр шаардсан 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Ц-ын худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Ц- ...хүлээлгэн өгсөн амины орон сууцны  үнэд 117,100,000 төгрөгийн эд зүйл авснаас 1 бухны оронд үхэр идшиндээ хэрэглэсэн.  Үүний үнэ 1,500,000 төгрөг. Арилжсан үнэ 115,600,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 14,400,000 төгрөг. Хүлээн авсан 2,000,000 төгрөгийг хасаад 12,400,000 төгрөг гаргуулна... гэж, хариуцагч ...үлдэгдэл 12,400,000 төгрөг. Сүүлд 2,000,000 төгрөгийг Д.Ц-од бэлнээр өгсөн. Д.Болдсайхан 12,000,000 төгрөгөөс хасаж тооцоод байгаа юм. 12,400,000 төгрөг биш 10,000,000 төгрөг зөвшөөрч байгаа...  гэж маргаж байна.

Зохигчид  117,100,000 төгрөгийн эд зүйлийг амины орон сууцны үнэнд хүлээн авсан талаар маргаагүй, өөрөөр хэлбэл тохиролцсон дүнгээс үлдэгдэл төлбөр 12,900,000 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д зааснаар арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэснээр шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Д.Ц- арилжааны зүйлд 1,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн бухыг хүлээлгэн өгөөгүй, идшинд зориулж үхэр авсан тул хасаж тооцож байгаа боловч өөрийн малын “А” данс дахь тухайн жилийн малын хөдөлгөөний талаархи мэдээлэл зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38  дугаар зүйлийн 38.1-д зааснаар ирүүлээгүй, 2,000,000 төгрөг Д.Ц-од хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул шилжүүлсэн ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байх тул үлдэгдэл төлбөрийн зөрүү 10,900,000 төгрөгийг хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нараас гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-од олгож, 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц-од холбогдуулан “Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 13 гудамж, 5 тоот 168 мкв амины орон сууцанд засвар хийсэн 34,042,880 төгрөг гаргуулах, орон сууц түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичгийг гаргаж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр газрын байршлын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нар нэхэмжлэгч Д.Ц-оос худалдаж авсан хувийн орон сууцанд засвар хийсэн 34,042,880 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Талууд тохиролцоо хийх үедээ худалдаж буй хөрөнгийн шинж, чанар байдлыг дурдаж хүлээн авсан баримт үйлдээгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбараас үзвэл байрны гадна талын дутуу ажлуудыг Д.Ц- гүйцээн хийх, дотоод засварын ажлыг хариуцагч Д,Болдсайхан, Р.Энхсаруул нар өөрсдөө хариуцахаар болсон нь тогтоогдож байна.

Хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нарын Д.Ц-оос шаардаж буй засварын ажилд зарцуулсан гэх 34,042,880  төгрөгт талуудын тохиролцоо буюу нэхэмжлэгч  Д.Ц-ын гүйцээн хийх буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт дурьдсан байрны гадна талын дутуу гэх 11 нэр төрлийн ажлыг хийсэн гэсэн нь тогтоогдохгүй байна.

Тухайлбал 6 байгууллагаас /1 дүгээр хавтас 37 хуудас/ барилгын материал худалдан авсан баримтын жагсаалтад дурьдсан 28,742,880 төгрөгийн баримтад “Сөүл Фурничэ” гал тогооны тавилга захиалгын гэрээний  дагуу хийлгэн  10,450,000   төгрөг төлсөн баримт хавсаргасан нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Мөн зарлагын баримтад дурьдсанаар одтой эмульс, паркет, хүрээ, зөөлөвч, суултуур, угаалтуур, душ, ванн, холигч  зэргийг авчээ. Эдгээр баримтаар хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нар худалдан авсан амины орон сууцанд зохих засварыг хийснийг үгүйсгэхгүй /энэ талаар гэрэл зураг ирүүлсэн/ боловч энэ нь нэхэмжлэгч Д.Ц-оос анх худалдан авах үед дотоод заслаа өөрсдөө хийхээр болсон нь тогтоогдсон, өөрсдийнх нь хийх дотоод засалд хамаарахгүй, мөн тухайн орон сууцны дотор талд хамаарах барилгын сантехникийн, цахилгаан, дулааны ажил шаардлага хангахгүй, доголдолтой байснаас сольсон, дахин засварласан эсэхийг нотлоогүй болно.

Хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нарын шүүхэд ирүүлсэн бараа материал хүлээн авсан гэх зарим баримт худалдан авагчийн гарын үсэггүй, байгууллагын тамга, тэмдэг зохих ёсоор дарагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар 43.2, 43.3-т зааснаар гэрчийг шүүх дуудан ирүүлж, эрх үүрэг  тухайлбал үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг тайлбарлах  ажиллагааг хийгээгүй тул “засварын ажил хийн ажлын хөлс авсан талаархи Ж.Загдсүрэн, Б.Ганбаяр, н.Отгонболд, Б.Цэдэвсүрэн нарын “тодорхойлолт” гэгчийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, Б.Содболд нарын, нэхэмжлэгч Д.Ц-ын ... орон сууцандаа ороод ямар засвар  хийх нь өөрсдийнх нь хэрэгцээ шаардлага байх, гадаад заслын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй... гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нарын нэхэмжлэгч Д.Ц-оос шаардсан засвар хийхэд зарцуулсан 34,042,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхэд гадаад заслын ажил дутуу гэж гэрэл зургийг /1 дүгээр хавтас 28-30 дугаар хуудас/ хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нар хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн, нэхэмжлэгч Д.Ц- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцээн хийсэн гэж харьцуулах зураг /2 дугаар хавтас 116 -117 дугаар хуудас/ ирүүлсэн боловч хариуцагч энэ талаар шаардлага гаргаагүй болно.

Хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 13 гудамж, 5 тоот 168 мкв амины орон сууц түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичгийг гаргаж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр газрын байршлын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нэхэмжлэгч Д.Ц-ын өмчлөлийн  амины  орон сууцыг  2015 оны 10 дугаар сард худалдан авч одоог хүртэл оршин сууж байгаа  боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх хэд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх  хөрөнгийн  газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар  болно гэснээр өөрийн өмчлөлд бүртгэлээр шилжүүлэн аваагүй нь нэхэмжлэгч Д.Ц- үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцааны зүйл болгосон, үүрэг дуусгавар болоогүйгээс шилжүүлээгүй, үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн өгснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон гэснээр тогтоогдож байна.

Хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нар Д.Ц-оос худалдан авсан амины орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т зааснаар шилжүүлж буй  үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэх зэрэг дагалдах үүргийг хэн нь хариуцах талаар талууд анх тохиролцсон талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хуульд зааснаар хариуцагч Д.Болдсайхан амины орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхээр  эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар хууль ёсны эзэмшигч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглаж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.

Талууд тохиролцооны зүйл болсон 168 м.кв амины орон сууцыг шилжүүлэх үедээ  нэхэмжлэгч Д.Ц-ын амины орон сууцны зориулалтаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн а/108 тоот шийдвэрийн дагуу эзэмшиж  байгаа 700 /0,07/ м.кв газраас хэдэн м.кв газрыг  хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нарт эзэмшүүлэхээр шилжүүлэх талаар тохиролцсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нарын Гео Од ХХК-иар /2 дугаар хавтас 110 дугаар хуудас/ хийлгэсэн кадастрын зураг дахь байршлаар 315,7 м.кв газрыг шилжүүлэн өгөхийг даалгах боломжгүй.

Маргааны зүйл болж байгаа хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нарын худалдан авсан  амины орон сууц нэхэмжлэгч Д.Ц-ын өмчлөлийн орон сууц хөрш зэргэлдээ, нэг хашаатай тул эзэмшлийн газрыг зохигчдын одоогийн амьдарч буй  орон сууцны нийлсэн хэсгийн координатаар, тайлбарт дурьдсанаар орох гарах гарцыг эрх бүхий байгууллагаас  аль талаар шийдэж өгсөн зэргээс хамааран тэг тэнхлэгийг татах уу гэдэг нь эргэлзээтэй, зохих эрх бүхий байгууллагын эрх хэмжээний хүрээнд эсхүл талууд харилцан тохиролцон шийдвэрлэх боломжтой.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар улсын бүртгэлд эд хөрөнгийн эрхийн өөрчлөлтийг бүртгэх үүрэгтэй, зохигчид энэ талаар төрийн эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргах эрх нээлттэй.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д зааснаар улсын бүртгэлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт хийх үүрэгтэй гэж хуульчилсан тул энэ талаар  дахин нэхэмжлэл  гаргах эрх нээлттэй.

Иймд хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нарын Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 13 гудамж, 5 тоот 168 мкв амины орон сууц түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичгийг гаргаж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр газрын байршлын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөг, 37,400,000 төгрөг гаргуулах шаардлагад 344,950 төгрөг төлөхөөс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 274,750 төгрөг, хариуцагч нараас засварын үнэ 34,042,880 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2018 оны 06 сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн 328,165 төгрөг, орон сууц түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичиг гаргуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр бүртгүүлэх шаардлагад 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн 140,400 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ц-оос дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 189,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-од олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2   115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3, 56.5-д зааснаар Д.Ц-, Б.Бо-, Р.Энхсаруул нарын хооронд хийгдсэн хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25,000,000 төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцож, 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хариуцагч Б.Бо-, Р.Энхсаруул нараас 10,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-од олгож, 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нарын нэхэмжлэгч Д.Ц-оос засвар хийхэд зарцуулсан 34,042,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нарын Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 13 гудамж, 5 тоот 168 мкв амины орон сууц түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичгийг гаргаж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр газрын байршлын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад төлсөн 70,200 төгрөг, 37,400,000 төгрөг гаргуулах шаардлагад урьдчилан төлсөн 274,750 төгрөг, хариуцагч нараас засварын үнэ гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 328,165 төгрөг, орон сууц түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичиг гаргуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр бүртгүүлэх шаардлагад төлсөн 140,400 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ц-оос дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Д.Болдсайхан, Р.Энхсаруул нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 189,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-од олгосугай.

6. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ