Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00754

 

Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1185 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар магадлалтай,                                                                                                                                   

Д ын нэхэмжлэлтэй,

Б , Р  нарт холбогдох

Арилжааны хэлцлийн зарим хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, түүний үнэ 25,000,000.00 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 12,400,000.00 төгрөг, нийт 37,400,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хувийн орон сууцанд засвар хийсэн 34,042,880.00 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 13 гудамж, 5 тоот 168 м.кв амины орон сууц, түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичгийг гаргаж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр газрын байршлын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, Д.Номин-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Х.Доржпалам, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл  болон тайлбарт: Миний бие Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р багт өөрийн эзэмшлийн газартаа хоёр айлын амины орон сууц барьсан. Өвөл болж байсан учраас яаралтай гадна талын пасадны засварын ажлыг дуусгахын тулд 2013 оны 10 сарын 08-ны өдөр Нет капитал банк бус санхүүгийн байгууллагаас 20 сая төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан. Хүү болон сарын төлөлт нь өндөр байсан учраас яаралтай авсан зээлээ төлж барагдуулахын тулд нэг айлынх нь амины орон сууцыг зарахаар “Дархан зууч” ХХК-д зар өгсний дагуу 2015 оны 10 сард Б , түүний эхнэр Р  нар надтай холбогдож, орон сууцыг үзэж 130,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Төлбөрийн нөхцөлийг Б , Р  нарын санал болгосноор мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикл оролцуулаад нийт 117,100,000 төгрөгөнд тооцохоор тохиролцсон боловч 1,500,000 төгрөгөнд тооцсон бух өгөөгүй тул нийт арилжсан зүйлийн үнийн дүн 115,600,000 төгрөг болсон. Иймд хариуцагч нар хүлээлгэн өгсөн амины орон сууцны үлдэгдэл төлбөр 14,400,000 төгрөгийг бэлнээр 2015 оны 11 сард надад бүрэн төлж дуусгахаар тохиролцон амины орон сууцыг хүлээн авсан боловч өнөөдрийн байдлаар цувуулж увуулсаар 2 сая төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 12,400,000 төгрөгийг төлөөгүй. Бид энэ талаар бичгээр гэрээ хийгээгүй. Худаг өвөлжөөг 25,000,000 төгрөг, малыг тус бүрд нь үнийн дүнгээр тооцож, мөн 2000 боодол өвс нэмж өгөхөөр наймаанд оруулж тохирсон. Орон сууцаа анх 140,000,000 төгрөгөөр үнэлээд дотор засварын ажлыг хасаад 130,000,000 төгрөгөөр бодож арилжаа хийсэн. Наймааны үлдэгдэл 14,400,000 төгрөгийг Б  2015 оны 11 сард багтаан будааны мөнгө орж ирэхээр төлье гэж тохирсон боловч одоо хүртэл өгөөгүй. Өвөлжөө худгийг 25,000,000.00 төгрөгөөр тооцож авсан бөгөөд хэлцлийн энэ хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Учир нь худгийг анх хүлээж авахад носос, шланк, мотор байхгүй байсан учир шалгах боломжгүй зөвхөн цооног нүх л байсан. Б  өөрөө тайлбарлахдаа худгаас бүх малаа усалдаг, ундны усаа авдаг, ойр хавийн айлууд малаа ундаалдаг гэж ярьж байсан. 2015 оны 11 сард өвөлжөөндөө буугаад 11 сарын дундуур 1300 боодол өвс авсан. Тэгтэл надруу нэг хүн залгаад өвсний мөнгө нэхээд байсан тэгээд дараа нь 1 сард нөгөө хүн өвсөө ачаад явсан. Худгаа ажиллуулах гэсэн боловч носос шланк нь эвдэрсэн байсан. Би Шинэ дархан худалдааны төвөөс насос шланк, хоолойг худалдаж аваад тавьсан. 50 метр урттай хоолойг худалдаж авсан боловч худаг руу унжуулахад 45 метр нь орсон. Анх надад худгийг 85 метрийн гүний худаг гэж байсан. Насос тавиад ус гаргасан боловч 250 литр орчим ус гараад худаг шавхагдаад байсан. Дизель мотор тавьж үзсэн. Тэгэхэд яг л урьдын адил гарч байсан. Ингээд мал услахад маш хүндрэлтэй болсон. Б д худаг болохгүй байгаа талаар 2015 оны 11 сараас хэлж янзалж өгөхийг шаардсан боловч утсаа авахгүй алга болсон. Тэгээд Б  өөрөө худгийг гаргуулахаар болж анх өрөмдүүлсэн компани байхгүй болчихлоо гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй боллоо гэсэн. Өвөлжөөний бичиг баримтыг би өөрөө хөөцөлдөж байж Гансум гэх хүний нэр дээрээс шилжүүлж авсан. Тухайн үед эдгээр зүйлсийг Б ы өмч гэж ойлгосон. Энэ асуудлыг хөөцөлдөөд 2018 оны 2 сард Номгон сумын Засаг даргатай уулзахад надад өмчлүүлэх боломжгүй    сангийн  ахуй  байх   үед   Кирловын   худаг    гэж ярьдаг  байсан  гэсэн.   Анх тэр өвөлжөөг худагтай учраас наймаандаа тооцож авсан. Одоо Б , Р  нараас  арилжааны гэрээний солилцооны зүйл болох худгийн үнэ 25,000,000 төгрөг, хувийн орон сууцны төлбөрийн үлдэгдэл 12,400,000 төгрөг, нийт 37,400,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлд байгаа 34,000,000 төгрөгт байшингийн гадна засалд зарцуулсан мөнгө байхгүй. Би шүүхэд нэхэмжлэл гаргаж байх явцдаа гадаад засварын дутуу ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2,000,000 төгрөгийг өгсөн талаар маргахгүй хүлээж авсан нь үнэн. Тус байшин нь Ариг банкны зээлийн барьцаанд байгаа. Анх зарахдаа энэ талаар ярьсан. Газрын гэрчилгээний хувьд үл хөдлөхийн зээлийн барьцаанд байгаа. Энэ зээл дуусаагүй байгаа. Наймаа анх хийхдээ 168 м.кв байрыг зарж байгаа гэж ярьсан. Газрын талаар ярьсан зүйл байхгүй. Ард талын газрыг яах талаар яриагүй. Гарцтай тал нь Б ы талд байгаа. Би одоо өгвөл байшингийн нүүрэн хэсгийн газрыг л өгнө. Анх ярьж тохирсны дагуу өөрийн нэхэмжилсэн 37,400,000 төгрөгөө авч байж байшингийн гэрчилгээг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нарын хариу тайлбарт: Бид 2015 оны 10 сарын 22-ны өдөр 168 м.кв талбайтай дотоод засал хийгдээгүй байрны төлбөр болох 130,0 сая төгрөгийн 90 хувь буюу 117,1 сая төгрөгийг солилцоогоор төлсөн. Д  байрны гадна талын ажлуудыг гүйцээн хийх, бид үлдэгдэл 12,9 сая төгрөгийг бэлнээр төлөх, дотоод засварын ажлыг өөрсдөө хийхээр тохиролцсон. Гадна талын дутуу ажлуудад

1. Гадна талбайг цементлээгүй,

2. Гарааш хаалгагүй,

3. Хашаагүй (урд талын хашаа нь 51 ба 52 дугаар байрны мэдлийнх, баруун талын хашааг өөрсдөө барих ёстой боловч “Минж проперти” ХХК-ийн барилгын түр хашаа баригдсан, хойд тал, зүүн талынх нь мөн өөр ААНБ-ын мэдлийнх),

4. Машин орох хаалгагүй, гарцгүй,

5. Орон сууцны хойд тал, зүүн талын төмөрлөгөө буюу гадна фасад хийгдээгүй,

6. Дээврийн ус зайлуулах хоолой хийгдээгүй,

7. Дээвэр хойд талаараа бүрэн битүүмжлэгдээгүй,

8. Хаалга, цонхнууд бүгд амалгаагүй,

9. Бохирын худаг хийгдээгүй,

10. Гадна талд цахилгааны шитгүй,

11. Дулааны худаг шатгүй,

Бидэнд байрыг хүлээлгэн өгөхдөө цахилгаан, дулаан, сантехник холбогдсон, цутгамал байр, дотоод засал нь зөвхөн хийгдээгүй гэж хүлээлгэн өгсөн. Түлхүүрийг хүлээж авснаас хойш 1 жилийн хугацаанд бид засвар хийж чадаагүй. Учир нь Дархан-Уул аймгийн хэмжээнд ган болсны улмаас ургац бүрэн алдсан, санхүүгийн боломж хүнд байсан. Д той уулзаад ургац алдсан тул байрны бичиг баримтаа шилжүүлж аваад зээл авъя, танай үлдэгдэл мөнгийг төлөөд байрандаа засвар хийгээд оръё гэхэд 2 байрны гэрчилгээ 2-лаа барьцаанд байгаа гэж хэлсэн. Анх тохиролцоо хийхэд өөрийн байр нь л зээлийн барьцаанд байгаа мэтээр бидэнд ойлгуулсан. 2016 оны 07 сарын 18-ны өдөр уг байранд засвар хийхээр ирэхэд хонины толгой оруулж тавиад өтсөн, байр өмхийрсөн, 1 өрөөны радиатор цоорч шугамыг хаасан, өөрийнхөө гэрийн радиаторыг цооронгуут манай радиаторыг салгаж авсан, 2 дугаар давхрын дээврийн хэсэг цутгамал биш дулаалгын хөөс, паниар тавиад замаскадсан, зарим хэсгүүдэд дээврээс ус нэвтэрсэн байв. Энэ талаар хэлэхэд анх үзэж хараад тохиролцсон, ийм л байсан гэж хэлсэн. Бид ч үүнийг хүлээн зөвшөөрсөн шалтгаан нь мэргэжлийн бус учраас анзаараагүй буруутай. Гэтэл Д  худгаас ус муу гарч байна. Дахин доош өрөмдүүлнэ гэж хэлсэн. Тэд мөн л худгийг үзэж харж, тохиролцож авсан. Одоо ч ус гардаггүй гээд байгаа худгаасаа хүн, мал ойр орчмын хүмүүсийг ундаалсаар байна. Тус худаг нь социализмын үед эмчилгээ тэжээлийн цэгийн худаг буюу тэр хавийн хүн малыг усаар хангадаг байсан, ашиглаагүй удсан худгийг бид өвөлжөөний газар хувьчлан авахдаа дахин 50 метр өрөмдүүлэн сэргээсэн. Тиймээс анхны бичиг баримт бидэнд байхгүй, бид шинээр худаг өрөмдүүлэн гаргасан бол магадгүй бичиг баримттай байх л байсан. Зүй нь хамтарч хийх ёстой байтал бид узельд вентиль солих, ил задгай байсан цахилгааны утсуудыг эмхлэн, хамгаалалтын бүрхүүл хийж, гадна талд цахилгаан шит хийх, байшингийн гадна суурь, эмжээр хэсгийг шавардах оохордох ажлуудыг хийсэн. Байрны дотор талд цахилгааны утас, цэвэр бохир усны болон дулааны шугамууд шалан доогуур явсан байсныг аюулгүй байдлаа хангах үүднээс цэвэр усны, дулааны хоолойнуудыг шинээр худалдан авч, хана дагуулан хийж, шаардлага хангахгүй 7 радиаторыг шинээр сольсон, 2 ванны өрөөнд уур, чийг, бохирын үнэр гадагшлуулах хоолойнууд хийж, ванны өрөөнд шинээр ган хоолой худалдан авч холболтуудыг хийсэн ба давхар хоорондын бетоныг өрөмдөж нүхлэх, дээврээр хоолойг гадагш гаргах, хана тэгшлэх ажлуудыг хийсэн. Бид 130.0 сая төгрөгөөр дээвэр муутай, өрөө тасалгаануудад агааржуулалтын цокол огт хийгдээгүй байшин худалдан авчихаад ийм, тийм байна гэж хэлэхгүй, харин ус гарч байгаа худаг, ажиллаж байсан мотор авсан Д  ийм, тийм юм нь болохгүй байна гэж гомдоллох, шаардлага тавих нь шударга биш байна. Д  болон түүний эхнэр биднээс авсан мөнгөөр зөвхөн зээлээ төлөх тухай ярихаас биш гадна талын дутуу ажлуудыг хийх, бичиг баримтыг шилжүүлэн өгөх талаар огт дурсахгүй. Үлдэгдэл мөнгөндөө гадна төмөрлөгөө, фассадыг бид хийж гүйцээе, яаралтай хийхгүй бол бороо цасанд хөнгөн блок, улаан тоосго үйрдэг, бид барилгын материалыг зээлээд авчих боломжтой байна гэхэд үгүй гэнэ, тэд өвөл боллоо малын өвс тэжээл, хадлан авмаар байна, мөнгө хэрэгтэй байна гэнэ. Бид боломжоороо л 2,0 саяас 3,0 сая төгрөгийн дизель түлш зээлээд өгье гэнэ үгүй гээд 2017 оны 09 сарын 12-ны өдөр 1,0 сая төгрөг авсан. Д  өвөл болохоос өмнө бохирын худаг шинээр хийх ёстой шугам хөлдөнө гээд 2017 оны 10 сарын 15-ны өдөр мөн л 1,0 сая төгрөг аваад худгаа хийгээгүй. Үүнээс болж шугам хөлдчихсөн. Гэтэл хөлдсөн шугамыг хамтарч янзлах тухай ярихад яг манай хойд талын хэсэгт нүх ухаад бохироо цуглуулаад хөрсөнд нь шингээнэ, өвөлдөө ер нь иймэрхүү арга хэмжээ авч байхгүй бол өмнө жил бас шугам хөлдсөн, гараар нүх ухахад 500 мянган төгрөг болно үүнийг өг гэсэн. Бид хотын төвд амьдарч байж бохироо нүхэнд цуглуулаад, хөрсөнд шингээгээд зун болохоор ууршаад хортой, бохир ийм зүйлийг зөвшөөрөхгүй гээд би өөрөө сантехникч хайж, машинаараа зөөвөрлөн засварын ажлыг 2 хоног хийлгээд тэдний буруугаас болж хөлдсөн шугамыг зассан ажлын хөлс 240,000 төгрөгийг хувааж төлсөн. Бид тохиролцооны дагуу шаардлага тавихад гадна талын хэсэг гэдэгт гаражийн хаалга орохгүй, танайх хийх ёстой гэж мэлзсэн. Бид ч машин орох түр гарц хийж гаражийн хаалга захиалгаар хийлгэхэд 1,5 сая суурилуулах ажлын хөлс, тээврийн зардалд 0,5 сая нийт 2,0 төгрөг төлсөн. Гадна ажлуудыг хийгээгүй байж мөнгө нэхэж хэрүүл хийдэг. Сүүлд блокоор баруун талын хана хийж өрсөний дараа 700 мянган төгрөг нэхсэн бөгөөд хэд хоногийн дараа 1,0 төгрөг шилжүүлэх боломж гарахад “хэрэггүй бид өөрсдөө тэр мөнгийг төлсөн” гээд утсаа тасалсан. Бид ч бас хохирч байна, бичиг баримт ч үгүй, гадна талын ажлууд бүрэн хийгдээгүй, хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна. Барилгын дээд талын цутгалтгүйгээс дээврээс ус гоожиж, засвар хийсэн хэсгүүд шарласан. Шилэн хүнд обжур зүүх боломжгүй, дээврээс ус зайлуулах хоолой хийгдээгүйгээс өвөлдөө хаалганы гадна талд мөс овойж хөлддөг. Дээвэр хойд талаараа бүрэн битүүмжлэгдээгүйгээс гадаа хүйтрэхээр дээш хөөрсөн халуун уур, Д ын гэрээс гарсан бохирын үнэр гадагшлуулах хоолойг дээвэр нэвт гараагүй, чердакт байрласан эд бүгд нийлж конденсацилагдаж хүйтэн усны дусал, шугам хоолойг дагаж урсдаг, өвөл чердак дотор мөстсөн уур цан нь дулаархаар хайлж, дээрээс энд тэндгүй дусал гоождог, хаалга, цонхнууд бүгд амалгаа байхгүй. Бохир усны худаг хийгдээгүй, өвөл шугам хоолой нь хөлддөг. Дулааны худаг шатгүй, гадна орчин цементлэгдээгүйгээс шороо тоос ихтэй. Хашаанд хаалгагүй учир яг л нийтийн эзэмшлийн талбай мэт хүмүүс хойш, урагш гарц болгон холхидог, хог хаядаг, бие засдаг. Бид зав чөлөөгүй, хөдөө орон нутагт байнга ажилладаг хүмүүс. Нэг хананы наана, цаана байж утсаа авдаггүй гээд байгааг ойлгохгүй байна. Уг байрыг манайд зарах үед амины орон сууц 8 хувийн зээлэнд хамрагддаггүй, үл хөдлөх хөрөнгө огт зарагдахгүй, барилга зогсонги, эдийн засаг хямралтай байсан үе. Тэд мал авсан өдрөөсөө эхлээд нядалж эхэлсэн. Солилцоо хийснээс жилийн дараа Д ын ажилладаг Хаан банк амины орон сууцыг 8 хувийн зээлд хамруулж болохоор болсон тухай яриад зээл авахад тусална гэсэн. Гэсэн ч бидний сарын орлого хүрэлцээгүй, Ариг банканд зээлтэй байсан тул дахин энэ тухай дурсаагүй. Энэ бүгдээс харахад манай гэр бүл байрны 90 хувийг төлчихсөн, дотоод заслын ажилд 35 сая төгрөг зарцуулсныг үл тоон Д  болон түүний эхнэр байрныхаа заслыг хийлгэчихээд шүүхэд өгч байрнаас гаргах, дараа нь засвар хийсэн байрыг маань банканд ажилладаг давуу талаа ашиглан амины орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулан зарах боломжтой гэж тооцсон. Тиймээс ч тэд шүүхэд үлдэгдэл 10.0 сая төгрөгийг төлүүлэх бус, байрнаас албадан гаргуулах талаар нэхэмжлэл гаргаснаас харахад тодорхой байна. Солилцоо хийсэн талуудын нэг тал хэтэрхий давуу эрхтэйгээр шаардсан, адил тэгш биш байгаа учраас нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Бид 2015 оны 10 сарын 22-ны өдөр Д оос 168 м.кв талбайтай дотоод засал хийгдээгүй хувийн орон сууцыг 130,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож үнийн дүнгийн 90 хувь буюу 117.1 сая төгрөг солилцоогоор төлж худалдан авсан. Д  байрны гадна талын дутуу ажлуудыг гүйцээн хийх, бид үлдэгдэл 12.9 сая төгрөгийг бэлнээр төлөх, дотоод засварын ажлыг өөрсдөө хийхээр тохиролцсон. Гадна талын дутуу ажлуудад гадна талбайг цементлээгүй, гарааш хаалгагүй, хашаагүй, машин орох хаалгагүй, гарцгүй, орон сууцны хойд тал, зүүн талын төмөрлөгөө буюу гадна фасад хийгдээгүй, дээврийн ус зайлуулах хоолой хийгдээгүй, дээвэр хойд талаараа бүрэн битүүмжлэгдээгүй, хаалга, цонхнууд бүгд амалгаагүй, бохирын худаг хийгдээгүй, гадна талд цахилгааны шитгүй, дулааны худаг шатгүй байсан. Би байрны гадна талын дутуу ажлууд болох узельд винтель солих, ил задгай байсан цахилгааны утсуудыг эмхлэн, хамгаалалтын бүрхүүл хийж, гадна талд цахилгааны шит хийж, байшингийн гадна суурь, эмжээр хэсгийг шавардах оохордох ажлуудыг хийсэн. Мөн цэвэр усны дулааны хоолойнуудыг шинээр худалдан авч хана дагуулан хийж, шаардлага хангахгүй 7 ширхэг радиаторыг шинээр сольсон, 2 ванны өрөөнд уур чийг, бохирын үнэр гадагшлуулах хоолойнууд хийж, ванны өрөөнд шинээр ган хоолой худалдан авч холболтуудыг хийсэн ба давхар хоорондын бетоныг өрөмдөн нүхэлж, дээврээр хоолойг гадагш гаргах, хана тэгшлэх ажлуудыг хийсэн. Энэ бүх ажлын материалын зардалд 28,742,880 төгрөг, засвар техникийн ажил хийсэн хүмүүст 5,300,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн. Иймд Д оос хувийн орон сууцанд хийсэн засварын үнэ 34,042,880 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.                       

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1185 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3, 56.5-д зааснаар Д , Б , Р  нарын хооронд хийгдсэн хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25,000,000 төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцож, 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хариуцагч Б , Р  нараас 10,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д од олгож, 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Болдсайхан, Р  нарын нэхэмжлэгч Д оос засвар хийхэд зарцуулсан 34,042,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д заасныг баримтлан хариуцагч Б , Р  нарын Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 13 гудамж, 5 тоот 168 м.кв амины орон сууц түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичгийг гаргаж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр газрын байршлын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад төлсөн 70,200 төгрөг, 37,400,000 төгрөг гаргуулах шаардлагад урьдчилан төлсөн 274,750 төгрөг, хариуцагч нараас засварын үнэ гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 328,165 төгрөг, орон сууц түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичиг гаргуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр бүртгүүлэх шаардлагад төлсөн 140,400 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д оос дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Б , Р  нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 189,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д од олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д  болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.16-ны өдрийн 1185 дугаар шийдвэр,  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.01.21-ний өдрийн 18 дугаар магадлалаар миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 26,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Хариуцагч нарт хүлээлгэн өгсөн амины орон сууцны үлдэгдэл төлбөр 14,400,000 төгрөгийг бэлнээр 2015 оны 11 сард надад бүрэн төлж дуусгахаар тохиролцон амины сууцыг хүлээн авсан боловч цувуулж увуулсаар 2 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 12,400,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагчийн маргаагүй 1,500,000 төгрөгийн бухыг шүүх хасч тооцсонд гомдолтой байх тул миний дутуу авсан 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Наймаанд гүний худаг, өвөлжөөг нийт 25,000,000 төгрөгөөр тооцож авсан бөгөөд 2017 оны намар өвөлжөөнд буугаад мал услах ямар ч боломжгүй зөвхөн амны ус авах төдийд л хүрч байсан тул 2018 оны 01 сарын 26-ны өдөр арга буюу өөрөө хөөцөлдөж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны захирагч болон байгаль орчны байцаагч нартай уулзсан. Уулзахад “... наад худаг чинь хуучин Номгон сангийн аж ахуй байхад гаргасан Кериловын худаг гэсэн. Орон нутгийн өмч Б ы худаг биш. Уг худгийг нэмж өрөмдөхөд тийм амархан биш, Орхон голын айл сав газрын захиргаа болон зохих газруудаас нь зөвшөөрөл авна. Тэгээд ч чиний нэр дээр гэрчилгээ гаргаж өгөх ямар ч боломж байхгүй, энэ худаг бол орон нутгийн өмч" гэж хэлж 2018.02.06-ны өдрийн 461 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Засаг даргын албан тоотыг бичиж өгснийг шүүх нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Өвөлжөө нь Орхон голоос 4 км зайтай хол учраас намар өвлийн улиралд мал голруу явж ус уух ямар ч боломжгүй юм. Тус өвөлжөө нь худгийг түшиглэн барьсан бөгөөд ус гарахгүй байгаа нь эрлийз үхрийн хувьд намар өвөлд байнгын усалгаатай байхгүй бол цасаар бусад хонь ямаа, монгол үхэртэй адил ундаалж чаддаггүй. Иймд гүний худаг гэсэн боловч усны ундаргагүй, гүний ус гардаггүй худаг өгсөн тул хэлцэл хийхэд үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн, мөн Б ы өөрийн өмч биш байх тул эрхийн талаар төөрөгдсөн хэлцэл хийгдсэн байна. Иймээс хариуцагч Б , Р  нартай байгуулсан хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25,000,000 төгрөгөөр тооцсон хэсгийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахад үндэслэлгүйгээр хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон 26,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.21-ний өдрийн 18 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйн улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн давж заалдах шатны шүүх ИХ-ийн 58.3.2, 58.3.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь давж заалдах шатны шүүх тухайн худаг өвөлжөө нь бичиг баримтгүй болохыг нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан. Тиймээс ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж гомдлыг хангахгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Гэтэл хариуцагч тал анх хэлцэл хийхдээ худагтай өвөлжөөг 25,000,000 төгрөгт тооцож үнэлсэн бөгөөд тус өвөлжөө нь худагтай учир энэ хэмжээний үнэтэй байх талаар талууд харилцан тохиролцсон байдаг. Мөн тус худаг, өвөлжөө нь өөрийн эзэмшлийн худаг мөн бөгөөд цаашид ч шилжүүлэн авсан этгээд үргэлжлүүлэн эзэмшиж ашиглахад ямар нэгэн эрхийн болон, биет байдлын талаар асуудал байхгүй гэж нэхэмжлэгчид итгүүлсэн байдаг. Ингээд гэрээ хэлцэл хийгдсэн үеэс эхлээд анхан шатны шүүх дээр маргаан болох өдрийг хүртэл нэхэмжлэгчид худгийн эрхийн болон биет байдлын доголдлын талаар нуун дарагдуулж, хууран мэхэлсээр ирсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худгийг нөхөж бичиг баримттай болгосон явдал нь хариуцагчийн бусдыг хууран мэхэлж хийсэн хэлцлийг болон нэхэмжлэгчийн төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахад саад болох учиргүй. Болсон үйл явдал хуулийн зүйл заалтыг шүүх хэт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.21-ний өдрийн 18 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.16-ны өдрийн 1185 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.01.21-ний өдрийн 18 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг болох 26,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэг нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Хариуцагч нар нь арилжихаар хэлцэл хийхдээ худалдан авагч Д од худгийг өөрөө шинээр ухаж гаргасан, уг худаг нь гүний ундаргатай худаг, өвөлжөө худаг нь өөрийнх нь өмчлөлийн зүйл бөгөөд бичиг баримттай гэж итгүүлэн амаар хэлцэл хийсэн. Зохигчдын гүний худаг, өвөлжөөний үнийг зах зээлийн үнээс өндөр үнээр буюу 25 сая гэж тодорхойлох болсон гол шалтгаан нь өмчлөх эрхтэй, гүний ундаргатай худагтай өвөлжөө гэж тодорхойлж тохиролцсонд байгаа юм. Гэтэл бодит байдал дээр гүний худаг ч биш, мөн ямар ч бичиг баримтгүй, түүнчлэн өвөлжөө худаг нь Б , Р  нарын өмчлөлийн зүйл ч биш болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.2-т зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлсэн тул мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Гэтэл Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан. Арилжсан зүйл болох гүний худаг болон өвөлжөө, өвөлжөөний газар нь хариуцагч нарын өмч биш, худалдан авагч Д ын өмчлөлд шилжих боломжгүй эд хөрөнгө болох нь илэрхий байхад эрхийг арилжсан гэж гэрээний талуудын анх арилжсан хүсэл зоригоос гадуур дүгнэлт хийж зохиомол байдлыг бий болгож, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, анх нэхэмжлэгч Д  нь ямар нэгэн эрх арилжин авах ямар ч зорилго байгаагүй гэдгийг тайлбарлаж, үүнтэй холбоотой баримт гаргасаар байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгчийн хувьд гүний худагтай учраас гүний худаг, өвөлжөөг нийтэд нь 25 сая төгрөгөөр үнийг тодорхойлж тооцон өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах зорилготой байснаас бус эзэмших эрхийг эсхүл ямар нэгэн хөрөнгө оруулалтыг арилжиж авах гэсэн хүсэл зориг анхнаасаа огт байгаагүй. Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-т тус тус зааснаар өвөлжөөний газар, худаг нь төрийн өмч болох нь тогтоогдож байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 274.1-д зааснаар Д ын өмчлөлд шилжих боломжгүй эд хөрөнгийг Б , Р  нар нь 25,000,000 төгрөгөөр худалдаж, хариу төлбөрт нь Д ын хувийн сууц буюу өмчлөлдөө шилжүүлэх боломжтой үл хөдлөх хөрөнгийг авч 2016 оноос хойш амьдарч байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуульд нийцээгүй дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.02.06-ны өдрийн 461 дугаар албан тоот авмагцаа өөрийгөө ноцтой төөрөгдсөн болохыг мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсний дараа нөхөж баримт бүрдүүлэн шүүхэд өгсөн байдаг. Тодруулбал Д ын зүгээс худгийн гэрчилгээг арилжаа хийх үедээ шаардахад “... ухсан хүн нь нас барсан, өөрөө гаргасан худаг” гэж итгүүлэн зарсан атлаа 2018.03.06-ны өдрийн 609 дугаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум 3 дугаар багийн Засаг даргаас тодорхойлолт гаргуулж шүүхэд нотлох баримтаар өгсөн. Уг тодорхойлолт нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хандсан тодорхойлолт байх бөгөөд утга нь "... Б  нь 9,200,000 төгрөгөөр гүний худаг гаргуулсан нь үнэн болно” гэжээ. Үүнийг шинээр гүний худаг гаргуулсан гэж ойлгохоор байх бөгөөд үүнд ямар нэг эргэлзээ үгийн шууд утгаас үүсэхгүй байна. Гэтэл хариуцагч тал шүүх хуралдаан дээр худгийг нэмж өрөмдсөн хөрөнгө оруулалтаа үнэлж худалдсан юм гэж тайлбарладаг нь 2018.03.06-ны өдрийн 609 дугаар албан тоотыг үгүйсгэдэг, хуурамч нотлох баримт болохыг нотолдог. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбар, гаргаж өгсөн нотлох баримт хоёр нь хоорондоо зөрүүтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан: ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж нэхэмжлэгчийг хохироосон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь арилжсан эд зүйлийн шинжийн талаар болон эрхийн талаар төөрөгдсөн гэж тодорхойлж, шаардлагаа нотлох үүргээ биелүүлэх зорилгоор 2018.10.16-ны өдөр худаг дээр шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, зохих байгууллагаас худгийн эрхийн тал дээр дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтын шаардлага хангуулан Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газраас гаргуулах хүсэлт гаргасан боловч ИХШХШТХ-ийн 38.6-д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Б  нь 2018.03.06-ны өдөр гаргуулаад, тус тодорхойлолтынхоо дагуу маргааш нь буюу 2018.03.07-ны өдөр Өрөмдмөл худгийн техникийн паспорт гаргуулснаа шүүхэд гаргаж өгсөн. Уг паспортын эзэмшигч иргэн, байгууллагын нэр гэсэн хэсэг нь хоосон, ямар нэг нэр бичигдээгүй. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан байхад шүүх Б ы өмчлөлийн зүйл гэж үнэлсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан болохыг илэрхий нотолж байгаа юм. Гэсэн атлаа нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.02.06-ны өдрийн 461 дугаартай албан тоотод уг худгийг Төрийн өмч, нийтийн эзэмшил бөгөөд иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших нь өөрийн эзэмшлийн газар дахь ус ашиглах эрхийг төлөөлөхгүй болно. Усны тухай хуулийн 28.10-т заасан байна. Иймд тус худгийг хувь хүн өмчилж зарах боломжгүй.” гэж зохих тамга тэмдгийг дарж гарын үсэг зурсан нотлох баримтыг огт үнэлээгүй. Усны тухай хуулийн 15.1.3-т баг, хорооны Засаг даргын бүрэн эрхэд “нутаг дэвсгэртээ байгаа уст цэгийн ашиглалт, хамгаалалт, эзэмшилтэд хяналт тавих" эрхтэй гэж заасны дагуу эрхийнхээ хүрээнд гаргасан албан бичгийг ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь ойлгомжгүй, үгүйсгэж тайлбарлаагүй нь ИХШХШТХ-ийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байх бөгөөд шүүх шударга шийдвэр гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

2018.03.06-ны өдрийн 609 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум 3 дугаар багийн Засаг даргаас тодорхойлолт “Болдсайханыг чухам 2014 оны 8 сард өөрөөсөө 9,2 сая төгрөг зарцуулж худаг гаргуулсныг ямар үндэслэлээр тодорхойлсон нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа тул энэ талаар тодруулахаар гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй, нотлох баримтын эс сурвалжийг шалгахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Түүнчлэн Усны тухай хууль 2012 оны 5 сард шинэчлэн найруулга батлагдсан байхад тус Өрөмдмөл худгийн техникийн паспорт нь “Байгаль орчны Сайдын 2004 оны 185 тоот тушаалаар батлав” гэсэн нь хүчинтэй эсэхийг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж мэтгэлцсэн боловч шүүх үүн дээр ямар ч дүгнэлт хийгээгүй орхисон. Анхан шатны шүүх Усны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.10-т зааснаар усны барилга байгууламж нь паспорттай байна гэсэн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Учир нь маргааны үндэслэл болсон гүний худгийг гаднаас нь харвал зөвхөн нүх, цооног төдий зүйл байгаа /хавтаст хэрэгт фото зураг авагдсан/ Барилгын тухай хуульд зааснаар ямар нэгэн барилга байгууламж гэхээр зүйл огт байхгүй юм.

1,500,000 төгрөгийн тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Төлбөрийн нөхцөлийг Болдсайхан, Энхсаруул нарын санал болгосноор мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикл оролцуулаад нийт 117,100,000 төгрөгөнд тооцохоор тохиролцсон боловч 1,500,000 төгрөгөнд тооцсон бух өгөөгүй тул нийт арилжсан зүйлийн үнийн дүн 115,600,000 төгрөг болсон. Иймд хариуцагч нарт хүлээлгэн өгсөн амины орон сууцны үлдэгдэл төлбөр 14,400,000 төгрөгийг бэлнээр 2015 оны 11 сард надад бүрэн төлж дуусгахаар тохиролцон амины сууцыг хүлээн авсан боловч өнөөдрийн байдлаар цувуулж увуулсаар 2 сая төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 12,400,000 төгрөгийг төлөөгүй байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Хариуцагч талаас сүүлд дансны хуулга нотлох баримтаар гаргаж өгч, 2 сая төгрөг шилжүүлснээ нотлох боловч нэхэмжлэгчийн зүгээс 2 сая төгрөгийг авсан гэдгээ анх нэхэмжлэл гаргахдаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлдээ бичсэн байсан. Хариуцагч талаас 1,500,000 төгрөгийн бухыг хүлээлгэн өгөөгүй талаараа маргадаггүй, харин 2 сая төгрөг цувуулж өгсөн талаараа л шүүхэд тайлбар гаргадаг. Гэрч Түмэннасангийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Мөн хариуцагчийн зүгээс 1,500,000 төгрөгийн бухыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ огт нотлоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх бух аваагүйгээ нотол гэсэн шаардлагыг нэхэмжлэгчид тавьсан нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасныг харуулна. Эсрэгээрээ яагаад хариуцагчид бух өгснөө нотол гэсэн шаардлага тавиагүй юм бэ гэж бодогдохоор. Үндэслэлгүй хөрөнгөжиж илүү мөнгө авах зорилгоор бухны мөнгө 1.5 сая төгрөг шаардсан мэтээр анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс тийм зорилготой байсан бол ямар ч баримт бичиггүй шилжүүлсэн олон тооны малаас нэг бух биш арван үхэр аваагүй гэж шаардах байсан биз. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн "Хариуцагч Б , Р  нартай байгуулсан хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25,000,000 төгрөгөөр тооцсон хэсгийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, түүний үнэ 25,000,000 төгрөгийг гаргуулах, мөн төлөгдөөгүй үлдэгдэл үнэ 1,500,000 төгрөг, нийт 26,500,000 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Б , Р  нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг 13 дугаар гудамж, 5 тоот амины орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25,000,000.00 төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, түүний үнэ 25,000,000.00 төгрөгийг гаргуулах, гэрээний үлдэгдэл төлбөрт 12,400,000.00 төгрөг, нийт 37,400,000.00 төгрөг гаргуулах  шаардлага гаргасан байна.

Хариуцагч нар дээрх шаардлагыг эс зөвшөөрч, хувийн орон сууцанд засвар хийсэн 34,042,880.00 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 13 гудамж, 5 тоот 168 м.кв амины орон сууц, түүний байршиж буй хамаарал бүхий газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, энэхүү эрхийг гэрчлэх бичгийг гаргаж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгуулах, кадастрын зургийг хариуцагч нарын нэрээр газрын байршлын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Нэхэмжлэгч Д ын өмчлөлийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах Улсын бүртгэлийн Ү-2003017729 дугаарт бүртгэлтэй 168 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б , Р  нар 2015 оны 10 дугаар сард 130,000,000.00 төгрөгөөр худалдан авч, 117,100,000.00  төгрөгийн өртөг бүхий мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикль зэрэг эд зүйл өгөх, үлдэх 12,900,000.00 төгрөгийг бэлнээр өгөхөөр, орон сууцны гадна талын заслыг нэхэмжлэгч, дотор заслыг хариуцагч тал хийхээр тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч Д  нь дээрх хэлцлийн үндсэн дээр хариуцагч нараас шилжүүлж авсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн Найдаг уулын баруун талд байрлах өвөлжөөний газрыг эзэмшихээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1518 тоот гэрээ байгуулан, 30 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг авсан байна.

Зохигчдын хооронд арилжааны хэлцэл хийгдсэн тухай шүүхийн дүгнэлт арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлнэ гэсэн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д нийцжээ.

Нэхэмжлэгч Д  нь амины орон сууцны арилжаанд тохирч авсан   өвөлжөө, худаг нь хариуцагч нарын өмчлөлийн зүйл биш болохыг хожим мэдсэн тул хэлцлийн зарим хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хүчин төгөлдөр бусд тооцуулж өвөлжөө, худгийн үнэ 25,000,000.00 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Хэлцлийн зүйл болсон гүний худагтай өвөлжөө хариуцагчийн эзэмшилд байсан бөгөөд уг өвөлжөө болон худгийн бичиг баримтыг зохих ёсоор авч нэхэмжлэгч талд өгөх талаар талууд тохиролцож байсан, түүнчлэн худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргаагүй тул эрхийн доголдолгүй хөрөнгө гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд хэлцэл хийгдэх үед гүний худгийг эзэмшигч болон худгийн бүртгэл паспорт байхгүй байсныг талууд мэдэж байсан, хожим бичиг баримтыг нөхөж бүрдүүлэх талаар тохиролцсон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн худгийн паспортыг шүүхэд ирүүлсэн байна.

Өвөлжөө, худаг нь анхнаасаа эрхийн болон биет байдлын доголдолтой байсан гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэх боломжтой байхад хүлээж авсан бол гомдол гаргах эрхээ алдана гэж зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан, түүнчлэн ноцтой төөрөгдөж хэлцэл хийсэн буюу өөрөөр хэлбэл худгийн шинж байдлын талаар түүнийг хэлцэл хийх үедээ төөрөгдөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийн зөрүү 10,900,000.00 төгрөгийг хариуцагч Д.Болдсайхан, Р нараас гаргуулж нэхэмжлэгч Д од олгож, 1,500,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д  нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг үндэслэл бүхий хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулгаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг хангахгүй орхих үндэслэлийн талаарх магадлалын дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх гэрч асуулгах, шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1185 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.    

2. Нэхэмжлэгч Д ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 290,450.00 /хоёр зуун ерэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН