Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00668/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 13-р гудамж, 5 тоотод оршин суух, Ц- нэхэмжлэлтэй,

                                                                                   

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 13-р гудамж, 5 тоотод оршин суух, Б-,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 13-р гудамж, 5 тоотод оршин суух, Э- нарт холбогдох

 

Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг 13-р гудамж, 5 тоот амины орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, Б.Содболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Дархан-Уул аймаг Дархан сум 14-р багт өөрийн эзэмшлийн газартаа хоёр айлын орон сууцны барилга барьсан. Өвөл болж байсан учраас яаралтай гадна талын пасадны засварын ажлыг дуусгахын тулд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нет капитал ББСБ-аас 20 сая төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлж авсан. Хүү болон сарын төлөлт нь өндөр байсан учраас яаралтай авсан зээлээ төлж барагдуулахын тулд нэг айлынх нь амины орон сууцыг зарахаар Дархан зууч ХХК-д зар өгсөний дагуу 2015 оны 10 сард Б- түүний эхнэр Энхсаруул нар надтай холбогдож орон сууцыг үзэж 130 сая төгрөгөөр авахаар ярилцсан. Төлбөрийн нөхцлийг Б-, Энхсаруул нарын санал болгосноор мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикл оролцуулаад нийт 117,1 сая төгрөгөнд тооцож, үлдэгдэл 12,9 сая төгрөгийг 2015 оны 11 сард надад бүрэн төлж дуусгахаар тохиролцож, орон сууцаа түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Анх уулзахаар ирэхэд нь хугацаандаа төлж чадахгүй хүнд байдалтай байгаа учраас амины орон сууцаа та нарын хэлсэн нөхцлөөр зарж байгаа шүү, ийм учраас 2015 оны 11 сардаа багтаагаад үлдэгдэл 12,9 сая төгрөгөө яаралтай төлж дуусгана шүү гэдгийг захиж хэлж байсан. Б- нь 2015 оны 11 сард тариа будааны мөнгө ороод ирэхээд асуудалгүй өгнө гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө огт төлөхгүй, мөнгөө нэхэхээр сүүлдээ хэрүүл хийдэг болж, утсаа ч авахаа больцгоосон. Мөн 25 сая төгрөгөнд тооцож авсан гүний худаг нь очоод үзэхэд ус гардаггүй, мотор нь ажилладаггүй, ямар ч бичиг баримтгүй байсан. Энэ тухай нь хэлж, доголдлыг арилгахыг шаардаж өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч огт арга хэмжээ авахгүй байх тул миний өмчлөлийн амины орон сууцнаас Б.Б-, Р.Энхсаруул нарыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б-, Р.Энхсаруул нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 168 м.кв талбайтай дотоод засал хийгдээгүй байрны төлбөр болох 130,0 сая төгрөгийн 90 хувь буюу 117,1 сая төгрөгийг солилцоогоор төлсөн. Д.Ц- байрны гадна талын ажлуудыг гүйцээн хийх, бид үлдэгдэл 12,9 сая төгрөгийг бэлнээр төлөх, дотоод засварын ажлыг өөрсдөө хийхээр тохиролцсон. Гадна талын дутуу ажлуудад

  1. Гадна талбайг цементлээгүй
  2. Гараж хаалгагүй
  3. Хашаагүй (урд талын хашаа нь 51 ба 52 дугаар байрны мэдлийх, баруун талын хашааг өөрсдөө барих ёстой боловч Минж проперти ХХК-ны барилгын түр хашаа баригдсан, хойд тал, зүүн талынх нь мөн өөр ААНБ-ын мэдлийнх)
  4. Машин орох хаалгагүй, гарцгүй
  5. Орон сууцны хойд тал, зүүн талын төмөрлөгөө буюу гадна фасад хийгдээгүй
  6. Дээврийн ус зайлуулах хоолой хийгдээгүй
  7. Дээвэр хойд талаараа бүрэн битүүмжлэгдээгүй
  8. Хаалга, цонхнууд бүгд амалгаагүй
  9. Бохирын худаг хийгдээгүй
  10. Гадна талд цахилгааны шитгүй
  11. Дулааны худаг шатгүй

Бидэнд байрыг хүлээлгэн өгөхдөө цахилгаан, дулаан, сантехник холбогдсон, цутгамал байр, дотоод засал нь зөвхөн хийгдээгүй гэж хүлээлгэн өгсөн.

Түлхүүрийг хүлээж авснаас хойш 1 жилийн хугацаанд бид засвар хийж чадаагүй. Учир нь Дархан-Уул аймгийн хэмжээнд ган болсны улмаас ургац бүрэн алдсан, санхүүгийн боломж хүнд байв. Ц-той уулзаад ургац алдсан тул байрны бичиг баримтаа шилжүүлж аваад зээл авъя, танай үлдэгдэл мөнгийг төлөөд байрандаа засвар хийгээд оръё гэхэд 2 байрны гэрчилгээ 2-лаа барьцаанд байгаа гэж хэлсэн. Анх тохиролцоо хийхэд өөрийн байр нь л зээлийн барьцаанд байгаа мэтээр бидэнд ойлгуулсан.

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр уг байранд засвар хийхээр ирэхэд хонины толгой оруулж тавиад өтсөн, байр өмхийрсөн, 1 өрөөны радиатор цоорч шугамыг хаасан, өөрийнхөө гэрийн радиаторыг цооронгуут манай радиаторыг салгаж авсан, 2 дугаар давхрын дээврийн хэсэг цутгамал биш дулаалгын хөөс, паниар тавиад замаскадсан, зарим хэсгүүдэд дээврээс ус нэвтэрсэн байв. Энэ талаар хэлэхэд анх үзэж хараад тохиролцсон, ийм л байсан гэж хэлсэн. Бид ч үүнийг хүлээн зөвшөөрсөн шалтгаан нь мэргэжлийн бус учраас анзаараагүй буруутай.

Гэтэл Д.Ц- худгаас ус муу гарч байна. Дахин доош өрөмдүүлнэ гэж хэлсэн. Тэд мөн л худгийг үзэж харж, тохиролцож авсан. Одоо ч ус гардаггүй гээд байгаа худгаасаа хүн, мал ойр орчмын хүмүүсийг ундаалсаар байна. Тус худаг нь социализмын үед эмчилгээ тэжээлийн цэгийн худаг буюу тэр хавийн хүн малыг усаар хангадаг байсан, ашиглаагүй удсан худгийг бид өвөлжөөний газар хувьчлах авахдаа дахин 50 метр өрөмдүүлэн сэргээсэн. Тиймээс анхны бичиг баримт бидэнд байхгүй, бид шинээр худаг өрөмдүүлэн гаргасан бол магадгүй бичиг баримттай байх л байсан.

Зүй нь хамтарч хийх ёстой байтал бид узельд вентиль солих, ил задгай байсан цахилгааны утсуудыг эмхлэн, хамгаалалтын бүрхүүл хийж, гадна талд цахилгаан шит хийх, байшингийн гадна суурь, эмжээр хэсгийг шавардах оохордох ажлуудыг хийсэн.

Байрны дотор талд цахилгааны утас, цэвэр бохир усны болон дулааны шугамууд шалан доогуур явсан байсныг аюулгүй байдлаа хангах үүднээс цэвэр усны, дулааны хоолойнуудыг шинээр худалдан авч, хана дагуулан хийж, шаардлага хангахгүй 7 радиаторыг шинээр сольсон, 2 ванны өрөөнд уур, чийг, бохирын үнэр гадагшлуулах хоолойнууд хийж, ванны өрөөнд шинээр ган хоолой худалдан авч холболтуудыг хийсэн ба давхар хоорондын бетоныг өрөмдөж нүхлэх, дээврээр хоолойг гадагш гаргах, хана тэгшлэх ажлуудыг хийсэн.

Бид 130.0 сая төгрөгөөр дээвэр муутай, өрөө тасалгаануудад агааржуулалтын цокол огт хийгдээгүй байшин худалдан авчихаад ийм, тийм байна гэж хэлэхгүй, харин ус гарч байгаа худаг, ажиллаж байсан мотор авсан Д.Ц- ийм, тийм юм нь болохгүй байна гэж гомдоллох, шаардлага тавих нь шударга биш байна. Д.Ц- болон түүний эхнэр биднээс авсан мөнгөөр зөвхөн зээлээ төлөх тухай ярихаас биш гадна талын дутуу ажлуудыг хийх, бичиг баримтыг шилжүүлэн өгөх талаар огт дурсахгүй.

Үлдэгдэл мөнгөндөө гадна төмөрлөгөө, фассадыг бид хийж гүйцээе /энэ ажил нь 10.0 саяас 15.0 сая төгрөг болох тухай Д.Ц- өөрөө хэлж байсан/ яаралтай хийхгүй бол бороо цасанд хөнгөн блок, улаан тоосго үйрдэг, бид барилгын материалыг зээлээд авчих боломжтой байна гэхэд үгүй гэнэ, тэд өвөл боллоо малын өвс тэжээл, хадлан авмаар байна, мөнгө хэрэгтэй байна гэнэ. Бид боломжоороо л 2,0 саяас 3,0 сая төгрөгийн дизель түлш зээлээд өгье гэнэ үгүй гээд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1,0 сая төгрөг авсан.

Д.Ц- өвөл болохоос өмнө бохирын худаг шинээр хийх ёстой шугам хөдлөнө гээд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөн л 1,0 сая төгрөг авчихаад худгаа хийгээгүй. Үүнээс болж өгвөл шугам хөлдчихсөн. Гэтэл хөлдсөн шугамыг хамтарч янзлах тухай ярихад яг манай хойд талын хэсэгт нүх ухаад бохироо цуглуулаад хөрсөнд нь шингээнэ, өвөлдөө ер нь иймэрхүү арга хэмжээ авч байхгүй бол өмнө жил бас шугам хөлдсөн, гараар нүх ухахад 500 мянган төгрөг болно үүнийг өг гэсэн. Бид хотын төвд амьдарч байж бохироо нүхэнд цуглуулаад, хөрсөнд шингээгээд зун болохоор ууршаад хортой, бохир ийм зүйлийг зөвшөөрөхгүй гээд би өөрөө сантехникч хайж, машинаараа зөөвөрлөн засварын ажлыг 2 хоног хийлгээд тэдний буруугаас болж хөлдсөн шугамыг зассан ажлын хөлс 240.000 төгрөгийг хувааж төлсөн.

Өвөл болох дөхөөд машины орох, гарах гарцгүй, граж хаалга байхгүй байна гэж анх удаа бид тохиролцооны дагуу шаардлага тавихад “гадна талын хэсэг” гэдэгт гражийн хаалга орохгүй, танайх хийх ёстой гэж шууд мэлзсэн. Ер нь өвөл болсон, машинаа хөлдөөхгүйн тулд гражийн хаалгаа, орц гарцаа эд нэр хийх нь тодорхой байдлаар хандсан. Бид ч машин орох түр гарц хийж гражийн хаалга захиалгаар хийлгэхэд 1,5 сая суурилуулах ажлын хөлс, тээврийн зардалд 0,5 сая нийт 2,0 төгрөг төлсөн.

Гадна ажлуудыг огт хийхгүй байж байнга мөнгө нэхэж хэрүүл хийнэ. Энэ болгонд гадна талын ажлууд огт хийгдээгүй байгааг сануулах хэрэг гарна, энэ нь биднийг залхаах арга гэж бодож байна. 2017 оны 02 дугаар сарын сүүлээс эхлэн урд талын байрны иргэд манайхыг бродюр давж, хүүхдийн тоглоомын талбай дундуур гарч байгаа тул граж руу орох гарцгүй болгосон. Ингээд Ц- граж руу орох, гарах гарцгүй боллоо, Минж проперти ХХК-ийн байр ашиглалтад орчихлоо, барилгын ажлын хашааг авч, өөрсдийн хашаагаа барьж хаалга хийе. Минж ХХК-ийн захирлуудтай гарц чөлөөлөх талаар бид ярилцах уу гэхэд би өөрөө ярина гээд таг чиг болчихсон.

2017 оны 05 дугаар сард /3 сарын дараа хашаагаа барьж хаалга хийнэ мөнгө гээд нэхсэн. Бид хашаагаа эхлээд барьчих гэсэн. Учир нь урьдчилж мөнгө авчихаад хийнэ гэсэн зүйлээ хийдэггүй болохоор. Блокоор баруун талын хана хийж өрсөний дараа 700 мянган төгрөг нэхэхээр нь хэд хоног хүлээж байгаарай гэсэн. Хэд хоногийн дараа Д.Ц- руу утсаар ярьж дансаа өгчих, бид 1,0 төгрөг шилжүүлэх боломж гарлаа гэсэн чинь үгүй ээ, хэрэггүй бид өөрсдөө тэр мөнгийг төлсөн гээд өөр юу ч хэлээгүй утсаа тасалсан.

Д.Ц- эхнэр 10 жилийн сурагч хүүг маань гэртээ байхад дайрч орж ирээд загнаж, байрныхаа бичиг баримтыг шилжүүлээгүй бидний нэр дээр одоохондоо байгаа болохоор би танайд орж загнах, хэрүүл хийсэн ч яасан ч болно гэж хэлээд дарвагар юмнууд гэх мэтээр доромжилсон байгаа юм. Өмнө нь намайг тэнэг, мангар гэж доромжилж, барилгын ажил хийж байсан ажилчдыг дуу чимээ ихтэй байна гэж хашгичаж байсан. Аргаа бараад Д.Ц-той энэ тухайгаа хэлж танай эхнэртэй ярилцах хүнд байна. Хашгичаж, загнаад хэл амаар доромжлоод байна, иймээс цаашид хэлж ярилах зүйлсийг чамтай ярьж байна, биднийг эзэнгүй байхад хүүхдүүдийг загнаж, хашгичсан талаар нэлээн ууртай сануулж хэлснээс өөр загнаад байсан зүйл байхгүй. Бид хүмүүсийг элдвээр харааж загнах нь бүү хэл гэртээ гэр бүлдээ маргаангүй амьдардаг хүмүүс. Д.Ц- болон түүний эхнэр Болормаа дуртай үедээ айлд дайрч орж ирээд хэрүүл хийдэг, шийдвэрлэх боломж, гарцыг хэлэхээр зөвшөөрөхгүй, мөнгө нэхдэг, тэгээд нэхсэн мөнгөө авахгүй гэж хэлдэг. Бид ч бас хохирч байна, бичиг баримт ч үгүй, гадна талын ажлууд бүрэн хийгдээгүй, хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна.

1. Барилгын дээд талын цутгалтгүйгээс дээврээс ус гоожиж, засвар хийсэн хэсгүүд шарласан.

2. Шилэн хүндхэн обжур зүүх боломжгү, бүх өрөөнүүд ванны өрөөний зориулалттай лед /хөнгөн/ гэрэл өлгөснөөс унтлагын өрөөнүүдэд ялангуяа шөнө гэрэл унтраасан байсан ч бүдэг гэрэл ёлтойж тухай амрах боломжгүй.

3. Дээврээс ус зайлуулах хоолой хийгдээгүйгээс өвөлдөө хаалган дээр, гадна талд мөс овойж хөлддөг.

4. Дээвэр хойд талаараа бүрэн битүүмжлэгдээгүйгээс гадаа хүйтрэхээр дээш хөөрсөн халуун уур, Д.Ц- гэрээс гарсан бохирын үнэр гадагшлуулах хоолойг дээвэр нэвт гараагүй, чердакт байрласан эд бүгд нийлж конденсацилагдаж хүйтэн усны дусал, шугам хоолойг дагаж урсдаг, өвөл чердак дотор мөстсөн уур цан нь дулаархаар хайлж, дээрээс энд тэндгүй дусал гоождог.

5. Хаалга, цонхнууд бүгд амалгаа байхгүй.

6. Бохир усны худаг хийгдээгүй, өвөл шугам хоолой нь хөлддөг.

7. Дулааны худаг шатгүй / шат хийх талаар удаа дараа ДЦС ТӨХК-ийн ажилчид шаарддаг/

8. Гадна орчин цементлэгдээгүйгээс шороо тоос ихтэй.

9. Хашаанд хаалгагүй учир яг л нийтийн эзэмшлийн талбай мэт хүмүүс хойш, урагш гарц болгон холхидог, хог хаядаг, бие засдаг. /энэ хэсгийг бид байнга гарч цэвэрлэдэг/

10. Байрны хойд талын төмөрлөгөө буюу гадна фасад хийгдээгүйгээс барилгын материал нь үйрч элэгдэж байна.

Бид зав чөлөөгүй, хөдөө орон нутагт байнга ажилладаг хүмүүс. Утсаар ярих боломжгүй бол хөршүүд нэг хашаанд тааралдахгүй байна гэж юу байхав. Д.Ц- болон түүний эхнэр Болормаа гадна тааралдах үедээ огт дуугардаггүй, юу ч ярьдаггүй шүү дээ. Нэг хананы наана, цаана байж байгаад яагаад утсаа авдаггүй гээд байгааг ойлгохгүй байна.

Уг байрыг манайд зарах үед амины орон сууц 8 хувийн зээлэнд хамрагддаггүй, үл хөдлөх хөрөнгө огт зарагдахгүй, барилга зогсонги, эдийн засаг хямралтай байсан үе. Тэд мал авсан өдрөөсөө эхлээд нядалж эхэлсэн. Солилцоо хийснээс жилийн дараа Д.Ц- ажилладаг Хаан банк амины орон сууцыг 8 хувийн зээлд хамруулж болохоор болсон тухай яриад зээл авахад туслана гэсэн. Гэсэн ч бидний сарын орлого хүрэлцээгүй, Ариг банкинд зээлтэй байсан тул дахин энэ тухай дурсаагүй. Мөн ДБС сувгаар энэ байрыг зарна гэсэн /фото зурагтай/ хааяа явдаг. Яагаад ийм зар явуулаад байгаа талаар асуухад мөнгө төлж зарыг устгадаг гэж хариулсан.

Энэ бүгдээс харахад манай гэр бүл байрны 90 хувийг төлчихсөн, дотоод заслын ажилд 35 сая төгрөг зарцуулсныг үл тоон Д.Ц- болон түүний эхнэр байрныхаа заслыг хийлгэчихээд шүүхэд өгч байрнаас гаргах, дараа нь засвар хийсэн байрыг маань банкинд ажилладаг давуу талаа ашиглан амины орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулан зарах боломжтой гэж тооцсон. Тиймээс ч тэд шүүхэд үлдэгдэл 10.0 сая төгрөгийг төлүүлэх бус, байрнаас албадан гаргуулах талаар нэхэмжлэл гаргаснаас харахад тодорхой байна. Солилцоо хийсэн талуудын нэг тал хэтэрхий давуу эрхтэйгээр шаардсан, адил тэгш биш байгаа учраас нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 10 дугаар сард Д.Б-тай хувийн 168 м2 орон сууцыг мал, өвөлжөө, худаг оролцуулан наймаа хийсэн. Үүнд худаг өвөлжөөг 25,000,000 төгрөг, малын оролцуулан нийт 115,600,000 төгрөг, мөн 2000 боодол өвс нэмж өгөхөөр наймаанд оруулж тооцсон. Орон сууцаа 130,000,000 төгрөгөөр бодож арилжаа хийсэн. Үлдэгдэл 14,400,000 төгрөгийг Б- 2015 оны 11 сард багтаан будааны мөнгө орж ирэхээр төлье гэж тохирсон. Тухайн үед мал хүлээж авахдаа малыг тоолж хүлээж авсан, худагны тухайд бол өвөлжөөндөө буугаагүй байсан болохоор худгийн носос, шланк, моторыг хурааж авсан зөвхөн цооног нүх л байсан. Д.Б- өөрөө тайлбарлахдаа худгаас бүх малаа усалдаг, ундны усаа авдаг, ойр хавийн айлууд малаа ундаалдаг гэж ярьж байсан. 2015 оны 11 сард өвөлжөөндөө буугаад худгаа ажиллуулах гэсэн боловч носос шланк нь эвдэрсэн байсан. Би “Шинэ дархан” худалдааны төв /бирж/-өөс носос шланк, хоолойг худалдаж аваад тавьсан. 50 метр урттай хоолойг худалдаж авсан боловч худагруу унжуулахад 45 метр нь орсон. Анх надад худгийг 85 метрийн гүний худаг гэж байсан. Носос тавиад ус гаргасан боловч 250 литр орчим ус гараад худаг шавхагдаад байсан. Энэ талаар хэлэхэд би урьд нь дизель мотортой байсан сая би чамд хүнээс бензен мотор авчраад өгсөн юм гэж байсан. Би дараа дизель мотор тавьж үзсэн. Тэгэхэд яг л урдын адил гарч байсан. Ингээд мал услахад маш хүндрэлтэй болсон. Д.Б-д худаг болохгүй байна гэдэг хүсэлтийг 2015 оныхоо 11 дүгээр сараас хойш тавиад худгаа янзалж өг гэсэн шаардлагыг удаа дараа шаардаж байсан. Сүүлд өөрөө янзлууулж авахаар шийдээд 2018 оны 2 дугаар сард сумын удирдлагуудтай уулзахад тийм боломжгүй сангийн ахуй байх үед Кирловын худаг гэж ярьдаг байсан гэж хэлсэн. Тэр худгийг орон нутгийг өмч, Д.Б- өрөмдүүлсэн зүйл байхгүй гэж хэлсэн. Тухайн үед эдгээр зүйлсийг Д.Б-ы өмч гэж төөрөгдөж авсан тул одоо нэхэмжлэлийн шаардлага нь өвөлжөө худгийн үнэ 25,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 12,400,000 төгрөг нийт 37,400,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Б.Б-, Энхсаруул, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл худаг өвөлжөөний асуудал яригдаж байгаа. Тэгэхлээр тухайн үед бол аман хэлцлээр хоёр талаас хүсэл зоригоо илэрхийлээд арилжаагаар эд хөрөнгө солилцсон байгаа юм. Нийт арилжааны үнийн дүн болох 130,000,000 төгрөгөөс 117,000,000 төгрөг буюу 90 хувьтай тэнцэх эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн байдаг. Өвөлжөөний гэрчилгээг өөр дээрээ гаргаад авсан байгаа юм. Худгийг мөн адил хэрэглээд явж байна. Хэрвээ тийм байсан бол эдгээр зүйлийг буцаагаад өгөх боломжтой байсан. Одоо бол эдэлж хэрэглээд эзэмшээд явж байгаад гэнэт 25,000,000 төгрөг нэхэмжлээд байна. Худгаас одоо ч хүн малгүй ундаалаад байж байна. Ус ашиглах гэрчилгээ л байхгүй байсан болохоос энэ худаг бол хэвийн ажиллагаатай явж байгаа. Бид бусадтай маргаантай зүйлийг шилжүүлж өгсөн зүйл байхгүй. Хэрвээ худгийг сайжруулж өг гэвэл одоо ч сайжруулах, засварлах боломжтой байгаа. Анх байрыг хүлээж авахад 11 зүйлийг дутуу хийсэн юм байна лээ. Тэгээд тэр засварыг хийж гүйцэтгэсний дараа үлдэгдэл 12,400,000 төгрөгийг шилжүүлж байраа нэр дээр нь шилжүүлж өгнө гэж тохирсон юм байна лээ. Одоо хүртэл байр Д.Ц- нэр дээр байгаа. Одоо гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй. Ийм л юм байгаа. 12,400,000 төгрөгт юу юу хийж гүйцэтгэх вэ гэдгийн анхнаасаа ярьж тохирсон юм байна лээ. Үүнд: Гадна талын талбай цементлээгүй. граш хаалгагүй, хашаагүй, машин орох хаалгагүй, гарцгүй, орон сууцны хойд талын гадна төмөрлөгөө хийгээгүй, блок тоосго нь ил гарсан, орон сууцны гадна пассат байхгүй, хаалга цонх бүгд амалгаагүй, бохирыг худаг байхгүй, дээвэр ардаа дутуу гэх мэт зүйлс дутуу байгаа. Одоо хүртэл хөрш амьдарч байгаа. Зарим засварын ажлыг яаралтай хийхгүй болохоор өвөл хэцүү байсан тул Д.Б- өөрөө хийсэн зүйл байгаа. Сүүлд 2,000,000 төгрөгийг Д.Ц-од бэлнээр өгсөн. Д.Б- 12,000,000 төгрөгнөөс хасаж тооцоод байгаа юм. 12,400,000 төгрөг биш 10,000,000 төгрөг зөвшөөрч байгаа. Худаг өвөлжөөний асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Маргаан үүсэхээр өвөлжөө худагны асуудал яриад байгаа болохоос одоо хүртэл хэрэглэж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Б.Б-, Р.Энхсаруул нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг 13-р гудамж, 5 тоот амины орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч Б.Б-, Р.Энхсаруул нартай байгуулсан хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25 сая төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, түүний үнэ 25 000 000 төгрөг гаргуулах, мөн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12 400 000 төгрөг нийт 37 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

 

Хариуцагч Б.Б-, Р.Энхсаруул нар нь бид орон сууцыг худалдан авч төлбөрийн 90 хувийг төлчихсөн, байрны төлбөрт 117,1 сая төгрөгийн эд зүйл, 2 сая төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, худгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул байрны үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгийг зөвшөөрч бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хариуцагч Б.Б- нь амины орон сууцыг худалдан аваад 35 сая төгрөгийн засвар хийсэн гэж нотлох баримтууд / 38-98/ ирүүлсэн боловч энэ талаар шаардлага гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Ц- нь өөрийн өмчлөлийн Дархан сумын 14-р багт байрлах, эзэмшлийн газартай, өөрийн өмчлөлийн 168 мкв талбайтай, амины орон сууцыг хариуцагч Б.Б-, Р.Энхсаруул нарт 130 сая төгрөгөөр худалдаж, төлбөрт нь мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикль оруулаад нийт 117 100 000 төгрөгийн эд зүйл авахаар тохирсон эд зүйлийг шилжүүлэн авсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талууд нь үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь 130 сая төгрөгөөр тохиролцож орон сууцыг хүлээн авсан, 117 100 000 эд зүйл шилжүүлсэн одоо үлдэгдэл 10 сая төгрөгийг зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, үүнийгээ нотолж чадаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Зохигчид нь өвөлжөө, худгийг нийт 25 сая төгрөгөөр тохирч төлбөр шилжүүлсэн талаар маргаагүй боловч дээрхи маргааны зүйл болох өвөлжөө, худаг нь хариуцагч Б.Б-, Р.Энхсаруул нарын өмчлөлийн зүйл биш болохыг нэхэмжлэгч Д.Ц- нь 2018 оны 1 сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргаас мэдсэн гэж тайлбарлаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 461 дугаартай албан бичиг ирүүлжээ.

 

            Хариуцагч Б.Б- нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн Найдаг уулын баруун урд 2014 оны 8 сард бэлчээрийн худгийг өөрийн 9 200 000 төгрөгөөр өрөмдмөл гүний худаг гаргуулсан талаар Сайхан сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, Өрөмдмөл худгийн техникийн паспорт ирүүлсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Ц- нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн Найдаг уулын баруун талд байрлах өвөлжөөны газар эзэмших эрхийн гэрчилгээг  2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар эзэмшихээр гэрчилгээ авсан байна.

 

            Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна, Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх нь өөрийн эзэмшлийн газар дахь  ус ашиглах эрхийг төлөөлөхгүй гэж зааснаар дээрхи маргаан бүхий өвөлжөө, худагч нь төрийн өмч болох нь тогтоогдож, хариуцагч Б.Б- нь худалдан борлуулах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-д зааснаар хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөлдсөн болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд хийгдсэн хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25 сая төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаарлагад 70200 төгрөг, 37 400 000 төгрөг гаргуулах шаардлагад 344950 төгрөг нийт 415150 төгрөг төлөхөөс урьдчилан төлсөн 344950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч нараас 415150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3, 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар Д.Ц- нэхэмжлэлтэй Б.Б-, Р.Энхсаруул нарын хооронд хийгдсэн хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25 сая төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Б.Б-, Р.Энхсаруул нараас нийт 37 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 344950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч нараас 415 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА