Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 20

 

К Б Д А Д С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00919/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 1241 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч К Б Д А Д С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д Ж-” ХХК-д холбогдох

          “137.988.059.35 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах ” тухай иргэний хэргийг

          Хариуцагч “Д Ж-” ХХК-ний захирал Д.Э-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганчимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч К Б Д А Д С-аас:

“...Зээлдэгч “Д Ж-” ХХК жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог төслийн зээлийг К Б-аар дамжуулан авахаар болж “Д Ж-” ХХК нь К Б-тай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 332 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй зээлдэн авахаар гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу зээлийн санхүүжилт 80.000.000 төгрөгийг банк өөрийн эх үүсвэрээс олгосон боловч Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас тус зээлийн санхүүжилт хийгдээгүй учраас үлдэгдэл 120.000.000 төгрөг олгогдоогүй болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр баг , 17-ийн ББ-ны зүүн хойд талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаарт бүртгэгдсэн 90 м.кв талбайтай амины орон сууц, Дархан сум, 9 дүгээр баг, 17-ийн ББ-ны зүүн хойд талд байрлалтай №080153620, 20 жилийн хугацаатай амины орон сууц, Дархан сум, 10 дугаар баг 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 178 тоот улсын бүртгэлийн Ү-2003005380 дугаартай бүртгэгдсэн 18 м.кв 1 өрөө орон сууц тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардаж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 172.173.50 төгрөг, зээлийн хүүд 15.760.683.53 төгрөг нэмэгдүүлсэн хүү 14.443.73 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр дараах байдалтай байна. Үндсэн зээл 79.827.826.50 төгрөг, зээлийн хүү 5.480.350.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070.05 төгрөг нийт 86.404.246.80 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг бүгд 86.424.246.80 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвнасангаас:

2013 онд уг зээлийг би судалж олгосон. Э-, “Д Ж-” ХХК манай банкийг сонгож ирсэн. Манай банк уг төслийг судалж уг зээлийг буцаад төлөх боломжтой байна гэж үзсэн. Уг зээл 200 сая төгрөг гэж ирсэн боловч жижиг дундаас санхүүжилт орж ирнэ гэсний үүднээс манайх дэмжиж байгаа. Тухайн үед уг хөрөнгө нь 80 сая төгрөг л болж байсан. Уг гэрээг 200 сая төгрөгөөр хийж баталгаажуулж манайх 200 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Манай талаас судалж үзэхэд уг хүний барьцаа хөрөнгө 200 сая төгрөгт хүрэхгүй байсан. Уг асуудлыг хэлтэл зээлдэгч 40 хувь болох 80 сая төгрөгийг авъя. Батлан даалтын сангаас үлдэх 120 сая төгрөгийг авчихъя гээд зээл авсан. Тэгтэл энэ хүнийг батлан даалтын сангаас дэмжээгүй юм байна лээ. Манай талаас зээл төлөгдөж дуусаагүй, гэрээний шаардлага зөрчигдсөн учир манай тал шүүхэд хандсан. Уг асуудлаар 3 шатны шүүхээр явсан. Зээлийн гэрээний 3.17 дугаар заалтаар “зээлийн эргэн төлөлт тасалдаж хугацаа хэтэрсэн бол” гэж заасан учраас манайх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-гаас:

Энэ хэргийн хариуцагчаар нэг иргэнийг 2 хувааж хариуцагч болон хамтран хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд иргэн Д.Э- нь “Д Ж-” ХХК-ийн захирлын хувьд аж ахуй нэгжийн хувиар банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд хувь хүний хувиар зээлийн гэрээ байгуулаагүй юм. Харин зээлийн гэрээ байгуулах үед банкны шаардлагаар хамтран зээлдэгч гэдэг дээр гарын үсэг зурсан юм. Иймээс энэ хэргийн хариуцагч нь “Д Ж-” ХХК болно. “Д Ж-” ХХК-ийн хувьд “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-аас олгодог төслийн зээлэнд хамрагдахын тулд “Барилгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх автомат ажиллагаатай үйлдвэр” барих зорилгоор төсөл боловсруулж 200.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан” дэмжиж уг зээлийг олгох шийдвэр гаргасан юм. ...“Зээлийн батлан даалтын сан”-аас манай компанийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлээгүй байна” гэсэн үндэслэлээр батлан даалт гаргахаас татгалзсан тул үлдэх 120.000.000 төгрөгийн зээлийг олгохоос татгалзсан юм. “К Б-” хариуцагч “Д Ж-” ХХК-тай 200.000.000 төгрөг зээлдүүлэх зээлийн болон барьцааны гэрээ хийчхээд 80.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд барьцаанд авсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээс илт доогуур олгосон буюу 80.000.000 төгрөгийн зээлэндээ тохируулан үнэлж барьцааны гэрээ хийсэн нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан юм. Тус зээлийн барьцаанд авсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч Д.Э-гийн нэр дээр Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгө бөгөөд зээлийн барьцаанд гэрээнд Дархан сум 9 дүгээр баг 17-н ББ-ны зүүн хойд талд байрлалтай 90 м.кв талбайтай хувийн сууц гэж бичсэн байгаа бөгөөд тухайн хувийн сууцны үнийг заагаагүй байна. Тус банкнаас авсан 80.000.000 төгрөгийн зээлийг өөрийн боломжоор төлнө харин дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардаж байгаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж байна. Банк нь анхнаасаа манай компанитай 80.000.000 төгрөг зээлдүүлэх бодитой гэрээ хийсэн бол барьцаа хөрөнгө нь бага байх боломжтой байсан. Энэ зээлийг авахын тулд өөрийн бэр дүү С.О-ийн өмчлөлд байсан 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг Д.Э- нь банкны шаардлагаар өөрийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж нэмж барьцаанд тавьсан болно. Яагаад уг хэрэгт хариуцагч Д.Э-г татахаас татгалзаж байгаа нь ойлгомжгүй байна. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ 200 сая төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг барьцаалж 80 сая төгрөгийн зээл өгсөн байгаа. Үүн дээр манай үйлчлүүлэгч маргадаг. Уг банк маань зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээнээсээ  татгалзсан бол уг гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох ёстой байтал өнөөдөр нэмэгдүүлсэн хүү нэхэж байгаа асуудал үндэслэлгүй байна гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 1241 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан К Б-, “Д Ж-” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 сарын 26-ны өдрийн №332 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Д Ж-” ХХК-иас зээлийн үндсэн төлбөр 79.827.826.50 төгрөг, зээлийн хүү 5.480.350.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070.05 төгрөг нийт 86.404.246.8 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К Б-инд олгож, нэхэмжлэлээс үлдэх 51.583.813 төгрөг гаргуулах шаардлыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч К Б- ХХК нь хариуцагч Д.Э-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 17 дугаар багш нарын байрны зүүн хойд талд байрлалтай 000214347 улсын бүртгэлийн дугаартай 90 м.кв талбай бүхий амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг 17 дугаар багш нарын байрны ард талд байрлалтай 20 жилийн хугацаатай 000451710 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 178 тоот 18 м.кв 000166987 улсын бүртгэлийн дугаартай 1 өрөөр орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К Б- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.869 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч К Б- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 589.971 төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч “Д Ж-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 589.971 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К Б-инд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч  “Д Ж-” ХХК-ний захирал Д.Э- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

“К Б-” хариуцагч “Д Ж-” ХХК-тай 200 сая төгрөг зээлдүүлэх зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч 80 сая төгрөгийг зээлдүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд барьцаанд авсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээс доогуур олгосон 80 сая төгрөгийн зээлэнд тохируулан үнэлж барьцааны гэрээ хийсэн нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан юм. Барьцааны хөрөнгө нь Д.Э- миний өмчлөлийн хөрөнгө бөгөөд барьцааны гэрээнд заагдсан 3 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ нь өмчлөгчийн үнэлгээгээр 237 сая төгрөгийн үнэтэй эд хөрөнгө юм. Гэтэл “К Б-” 200 сая төгрөг зээлдүүлэх зээлийн болон барьцааны гэрээ хийсэн атлаа 80 сая төгрөгийн зээлийг олгож 237 сая төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авсан байгаа нь гэрээний эрх тэгш байдлыг алдагдуулсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа болно. ...Харин нэмэгдүүлсэн хүүнд тооцож 1.096.070 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэмэгдүүлсэн хүүд тооцсон 1.096.070 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганчимэг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьж, хуулийн зарим зүйл заалтыг хэрэглэхгүйгээр, хэрэгт цугларсан нотлох баримтыг өрөөсгөл байдлаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

...Хариуцагч гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаад маргаагүй хэмээн нэхэмжлэлийн дүнгээс 51.583.813 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

1. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 бүлэг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолоор Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэсэн 2 дахь бүлэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж хуулийн зүйл заалтыг хэрхэн ойлгож хэрэглэх тухай тодотгон заасан байна.

2. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу Зээлийн гэрээнүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх тухай үүргийг тодотгон зааж өгсөн байна.

3. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн заасан хэдий ч шүүх хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон 51.583.813 /тавин нэгэн сая таван зуун наян гурван мянга найман зуун арван гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэл бүхий байж чадахгүй байна.

4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, дээрх хуулийн зүйл заалтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар хэргийн зохигч нарын эдлэх эрхийг зааж өгсөнчлөн Анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хууль ёсны эрхээ хэрэгжүүлж байгааг гэрээг цуцалсан гэж Анхан шатны шүүхээс үзсэн нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хариуцагч нь 137.988.059.35 төгрөг төлөх үндэслэлтэй байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Капитал” банк ХХК хариуцагч “Д Ж-” ХХК, Д.Э- нарт холбогдуулж 137.198.059,35 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд 86.404.246,80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 51.583.812,55 төгрөгөөр ихэсгэсэн ба хариуцагч “Д Ж-” ХХК  талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 200.000.000 төгрөгийг нэхэмжлэгч тал шилжүүлээгүй тул төсөл хэрэгжих боломжгүй болсноор зээл төлөх санхүүгийн эх үүсвэргүй болсон гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “Д Ж-” ХХК-ийг зээлээр авсан 80.000.000 төгрөгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцлага хүлээх үүрэгтэй гэж дүгнээд 86.404.246,08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитал” банк” ХХК-нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 51.583.813 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг талуудын хэн аль нь эс зөвшөөрч нэхэмжлэгч “Капитал” банк ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүрэн хангуулахаар, хариуцагч “Д Ж-” ХХК зээлийн нэмэгдүүлсэн хүүг хасч тооцуулахаар тус тус давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Хариуцагч “Д Ж-” ХХК барилгын дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэл явуулахаар төсөл санаачлан Хөдөлмөрийн яамны “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаар дэмжигдэж, “Капитал” банк ХХК-иас 200.000.000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байна.

Талуудын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Зээлийн гэрээ хэдийгээр 200.000.000 төгрөгөөр хийгдсэн боловч эхний ээлжийн санхүүжилт 80.000.000 төгрөгийг банк өөрийн эх үүсвэрээс олгож, үлдэх 120.000.000 төгрөг “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-аас санхүүжилт хийгдээгүй тул олгогдоогүй байна.

Хариуцагч “Д Ж-” ХХК өнгөрсөн хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 172.173.50 төгрөг, зээлийн хүүд 15.760.683,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14.443,73 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд хүссэн зээлийн 40 хувь олгогдож, үлдэх 60 хувь олгогдоогүй талаар болон зээлийн эргэн төлөлтийн талаар талууд маргаагүй болно.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусах байсан боловч нэхэмжлэгч тал хариуцагчийг зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх  хугацааг удаа дараа зөрчсөн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Зээлдэгч “Капитал” банк ХХК зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөр хураамж, хохирлыг шаардах эрхтэй бөгөөд энэ дагуу анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул түүнээс хойших хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ алдсан байна гэж дүгнэж байна.

Хариуцагч “Д Ж-” ХХК нэхэмжлэгч талтай Иргэний хуулийн 165, 166 дугаар зүйлд заасны дагуу Ипотекийн гэрээ байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул зээлийн мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч биелүүлээгүй тохиолдолд түүний үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулан үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Харин шүүх нэхэмжлэлээр шаардаагүй буюу гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлагыг шийдвэрлэснийг зөвтгөж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Учир нь гэрээг хэзээ дуусгавар болгож, хэзээ цуцлах нь талуудад гэрээгээр олгосон эрх юм.

Шүүх 2 талын гэрээний оролцогчид гэрээг цуцалсан нь хууль болон гэрээний агуулгад нийцэж байгаа эсэх болон гэрээ цуцалснаас үүсэх шаардах эрх, үр дагаврыг шийдвэрлэдэг.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч тал зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө цуцалсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүх гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хариуцагч “Д Ж-” ХХК Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан болон гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “ зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангуулах тухай болон хариуцагчийн нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх тухай аль алиных нь давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 1241 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан “Капитал” банк, “Д Ж-” ХХК-ний хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 332 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Д Ж-” ХХК-иас зээлийн үндсэн төлбөр 79.827.826,50 төгрөг, зээлийн хүү 5.480.350.,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070.,05 төгрөг нийт 86.404.246,8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитал” банкинд  олгож, нэхэмжлэлээс үлдэх 51.583.813 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан “Д Ж-” ХХК-иас зээлийн  зээлийн үндсэн төлбөр 79.827.826,50 төгрөг, зээлийн хүү 5.480.350,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070,05 төгрөг нийт 86.404.246,80 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитал” банк ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 51.583.813 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн алиных нь давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1623 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “Капитал” банк ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451.869,07 төгрөг, хариуцагч “Д Ж-” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ 

                                                                ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ     

                                                                                                                    Л.АМАРСАНАА