Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2017/01170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2017/00919/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: К.бны ... салбар /... аймаг, ... сум, ... баг, Б-И ХХК-ийн байранд байрлах утас: .../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “Д.Х” ХХК /... аймаг, ... сум, ... багт байрлах, РД: ..., улсын бүртгэлийн дугаар: ..., утас: .../-д холбогдох

 

“86.424.246.80 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.бны Дархан салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Зээлдэгч Д.Х ХХК ЖДҮХСгаас олгодог төслийн зээлийг К.баар дамжуулан авахаар болж Д.Х ХХК нь К.бтай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 332 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй зээлдэн авахаар гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу ээжлийн санхүүжилт 80,000,000 төгрөгийг банк өөрийн эх үүсвэрээс олгосон боловч Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас тус зээлийн санхүүжилт хийгдээгүй учраас үлдэгдэл 120,000,000 төгрөг олгогдоогүй болно.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ... аймаг, ... сум, ... баг,  ...-н ББны зүүн хойд талд байрлалтай улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн 90 мкв талбайтай амины орон сууц , ... сум, ... баг, ...-ын ББны ард талд байрлалтай ... 20 жилийн хугацаатай эзэмших газар,  ... сум, ... баг, ... хороолол ... байрны ... тоо улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн 18 мкв 1 өрөө орон сууц тус тус барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа 2017.12.20-ний өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж банкны ажилтны удаа дараагийн албан ёсны шаардлагыг үл биелүүлж байх бөгөөд тус компаний бизнесийн үйл ажиллагаа нь зогссон, зээлийн эргэн төлөх найдваргүй болсон байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардаж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 172,173.50 төгрөг, зээлийн хүүнд 15,760,683.53 төгрөг нэмэгдүүлсэн хүү 14,443.73 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр дараах байдалтай байна. үндсэн зээл 79,827,826.50 төгрөг, зээлийн хүү 5,480,350.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,096,070.05 төгрөг нийт 86,404,246.80 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг бүгд 86,424,246.80 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Зээлдэгч Д.Х ХХК нь ЖДҮХСгаас олгодог төслийн зээлийг К.бтай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №332 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй зээлдэн авахаар гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу эхний ээлжийн санхүүжилт 80,000,000 төгрөгийг банк өөрийн эх үүсвэрээс олгосон боловч Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас тус зээлийн санхүүжилт хийгдээгүй тул үлдэгдэл 120,000,000 төгрөг олгогдоогүй. Хариуцагч барьцаанд ... аймаг, ... сум, ... баг, ... багш нарын байрны зүүн хойд талд байрлалтай 90 мкв талбайтай амины орон сууц, ... аймаг, ... сум, ... баг, ... багш нарын байрны ар талд байрлалтай 20 жилийн хугацаатай эзэмших газар, ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 18 мкв 1 өрөө орон сууц тус тус барьцаалуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтанд заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн. Мөн тус компанийн бизнесийн үйл ажиллагаа зогсож, зээлийн эргэн төлөх найдваргүй болсон байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү. Хариуцагч Д.Х ХХК нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 172,173.50 төгрөг, зээлийн хүүнд 15,760,683.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,443.73 төгрөг тус тус төлсөн. Банкний зүгээс үндсэн зээл 79,827,826.50 төгрөг, зээлийн хүү 5,480,350.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,096,070.05 төгрөг, нийт 86,404,246.80 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ 

 

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн хариуцагчаар нэг иргэнийг 2 хувааж хариуцагч болон хамтран хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд иргэн Д.Э нь “Д.Х” ХХК-ийн захирлын хувьд аж ахуйн нэгжийн хувиар банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд хувь хүний хувиар зээлийн гэрээ байгуулаагүй юм. Харин зээлийн гэрээ байгуулах үед банкны шаардлагаар хамтран зээлдэгч гэдэг дээр гарын үсэг зурсан юм. Иймээс энэ хэргийн хариуцагч нь “Д.Х” ХХК болно. “Д.Х” ХХК-ны хувьд “ЖДҮХС” –аас олгодог төслийн зээлэнд хамрагдахын тулд “Барилгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх автомат ажиллагаатай үйлдвэр” барих зорилгоор төсөл боловсруулж 200.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг “ЖДҮХС” дэмжих уг зээлийг олгох шийдвэр гаргасан юм. Энхний ээлжинд “К.б”-аар дамжуулан “ЖДҮХСг”-аас орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр 80.000.000 төгрөгийн зээлийг олгохоор болж үлдэгдэл 120.000.000 төгрөгийг “ЗБДС”-гийн батлан даалт гарсны дараа хөрөнгө оруулалт орж ирэхээр өгөхөөр тохирч “К.б” “Д.Х” ХХК-тай 200.000.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 80.000.000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Гэтэл “ЗБДС” –аас манай компанийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлээгүй байна” гэсэн үндэслэлээр” батлан даалт гаргахаас татгалзсан тул үлдэх 120.000.000 төгрөгийн зээлийг олгохоос татгалзсан юм. “К.б” хариуцагч “Д.Х” ХХК-нд төсөлд заасан хэмжээний зээл олгогдоогүйгээс “барилгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх автомат ажиллагаатай үйлдвэр” барьж байгуулах төсөлийн ажил хийгдэх боломжгүй болсон юм. “К.б” хариуцагч “Д.Х” ХХК-тай 200.000.000 төгрөг зээлдүүлэх зээлийн болон барьцааны гэрээ хийчихээд 80.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд барьцаанд авсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээс илт доогуур буюу олгосон 80.000.000 төгрөгийн зээлэндээ тохируулан үнэлж барьцааны гэрээ хийсэн нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан юм. Тус зээлийн барьцаанд авсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч Д.Эгийн нэр дээр Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгө бөгөөд зээлийн барьцаанд гэрээнд ... сум ... баг ... ББ-ны зүүн хойд талд байрлалтай 90мкв талбайтай хувийн сууц гэж бичсэн байгаа бөгөөд тухайн хувийн сууцны үнийг заагаагүй байна. Гэтэл энэ хувийн сууцийг 2017 оны Дулааны эрчим хүчээр хангах гэрээ хийх үед хэмжилт хийж үзэхэд хэмжээ нь 156.2 м.кв талбайтай болох нь тогтоогдсон юм. Энэ сууц нь сайн чанарын материалаар, 2013 онд шинээр баригдсан өмчлөгчийн зүгээс одоогийн зах зээлийн үнэлгээгээр 187.000.000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө юм. Мөн энэ хаягт байршилтай 500 мкв талбайтай газар нь одоогийн зах зээлийн үнэлгээгээр 25.000.000 төгрөг, 18 мкв талбайтай 1 өрөө орон сууц нь 25.000.000 төгрөгийн дундаж үнэтэй байгаа юм. Барьцааны гэрээнд заагдсан 3 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ нь өмчлөгчийн үнэлгээгээр 237.000.000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авсан байгаа нь тус банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байгаа болно. Тус банкнаас авсан 80.000.000 төгрөгийн зээлийг өөрийн боломжоор төлнө харин дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардаж байгаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж байна. Банк нь анхнаасаа манай компанитай 80.000.000 төгрөг зээлдүүлэх бодитой гэрээ хийсэн бол барьцаа хөрөнгө нь бага байх боломжтой байсан. Энэ зээлийг авахын тулд өөрийн бэр дүү С.Оийн өмчлөлд байсан 18 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцыг Д.Э нь банкны шаардлагаар өөрийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж нэмж барьцаанд тавьсан болно. Барьцааны гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу барьцаа хөрөнгө тус бүрийн үнийг тодорхой заагаагүй, талбайн хэмжээг буруу тогтоосон өмчлөгчийн талаархи мэдээллийг тусгаагүй, барьцааны зүйлийн үнийг хэт доогуур тогтоосон тул барьцаа хөрөнгөөс зээлийг гаргуулахыг зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К.бны ... салбар нь хариуцагч “Д.Х” ХХК-д холбогдуулан гаргасан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 332 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 80.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 79.827.826.50 төгрөг, зээлийн хүү 5.480.350.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070.05 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зээлдэгч ... аймаг “Д.Х” ХХК нь зээлдүүлэгч К.бнаас ЖДҮХСгаас олгодог төслийн зээлээс 200.000.000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 48 сараар тооцсон зээлийн гэрээ болон барьцааны гэрээг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан байна.

                                   

Талуудын  байгуулсан  гэрээнд  зааснаар банк зээлдэгчид зээлийг гэрээнд заасан нөхцлийн дагуу шилжүүлэх, зээлдэгч зээлийн хөрөнгийг гэрээнд заасан нөхцлөөр ашиглах үүрэг хүлээсэн  бөгөөд зээлийн зориулалт нь ЖДҮХСгаас олгох төслийн зээлд зориулагдах бөгөөд зээлдэгч Д.Х ХХК  Барилгын дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэл явуулахаар төсөл санаачлан хэрэгжүүлэхээр болсон байна.

 Мөн зээлийн гэрээний  3.20-д зааснаар талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлийн хавсралт 1-ээр харилцан тохиролцсон бөгөөд уг хавсралтад үндсэн зээлийн үлдэгдэлийг 200 000 000 төгрөг гэж  тогтоосон атлаа Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас тус зээлийн санхүүжилт хйигдээгүй гэсэн үндэслэлээр үлдэгдэл 120 000 000 төгрөгийн    зээлийг  зээлдэгчид шилжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч К.бны ... салбар 2013 оны 12 дугаар сарын 26-ны  өдрийн 332 тоот зээлийн гэрээний 5.1.4-т зээлдэгчийн санхүүгийн чадавхи муудсан, зээлийг эргүүлэн төлөх чадамжгүй болсон гэсэн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардаж байгаа гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсноор зээл төлөх санхүүгийн эх үүсвэргүй болсон гэж маргаж байгаа болно.

 

 Талуудын байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 332 тоот зээлийн гэрээний  дагуу  200 000 000 төгрөгийг  шилжүүлэх үүргээс 80 000 000 төгрөгийг  Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн  213.1-д зааснаар  үүргийг хэсэгчлэн гүйцэтгэсэн  байна.

Гэрээний 2.4.-т зааснаар зээлдэгчийн хүсэж буй зээл нь “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттайгаар дамжуулан олгож буй хөнгөлөлттэй  зээл буюу “Ж” төслийн зээл өгөөд гэрээний 3.14-т зааснаар зээлийн нөхцөлд өөрчилөлт оруулах тохиолдолд хүсэлтээ 1 сарын өмнө банкинд бичгээр мэдэгдэх ба өөрчилөлт оруулах талаар эцсийн шийдвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага гаргана гэж зааснаар үзвэл зээлдэгч тал гэрээний дагуу шилжүүлэн авах зээл бүрэн олгогдоогүй тохиолдолд дээрхи арга хэмжээг хэрэгжүүлсэн эсэхээ нотлоогүй байна.

 Уг зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь хариуцагч “Д.Х” ХХК Хөөсөнцөр хавтангийн үйлдвэр байгуулахаар төсөл санаачилсан, төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалт 302 200 000  төгрөг, К.бы ... салбар  банк  гаднаас шаардагдах хөрөнгө оруулалт болох 200 000 000 төгрөгийг “Жайка” төслөөс   санхүүжүүлэхээр, “Д.Х ” ХХК хөрөнгө оруулалтын 102 200 000 төгрөгийг хариуцахаар  болсон  нь тогтоогдож байна

Иймд зээлдэгч буюу төсөл хэрэгжүүлэгч Д.Х ХХК-гийн “Хөөсөнцөр хавтангийн үйлдвэр”  төслийн нийт өртөг 302 200 000 төгрөг бөгөөд барилга байгууламж, дэд бүтцэд 84 500 000 төгрөг, тоног төхөөрөмжид 197 370 000 төгрөг, түүхий эд 20 310 000 төгрөг шаардлагатай гэж төсөвлөн гадны эх үүсвэрээс орж ирсэн хөрөнгөөр Хятад улсаас хөөсөнцөр хавтангийн бүрэн автомат, хамгийн сүүлийн үеийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, 2 сар хэрэглэх түүхий эдийг оруулж ирнэ гэж өөрийн хөрөнгөөр үйлдвэрийн байр, газар, хашаа, харуул, хамгаалалт, дэд бүтэц, тээвэр тоног төхөөрмжийн угсралт зэрэгт 102,200 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж төсөвлөжээ.

Төсөлд дурьдсанаар  гадны эх үүсвэрээс төслийн зээлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж, түүхий эд оруулж ирнэ гэсэн бол олгосон 80 000 000 төгрөгийн зээлийн зарцуулалтыг ирүүлээгүй, тоног төхөөрөмж, түүхий эдийг хаанаас оруулж ирэхээр гэрээ байгуулсан, тухайн тоног төхөрөөмж, түүхий эд бэлэн байсан эсэх, үлдэгдэл төлбөр төлөх эсэх зэргийг тодорхойлоогүй, өөрийн эх үүсвэр 102 200 000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил бэлэн болсон эсэх, үлдэгдэл зээлийн хөрөнгө оруулалт  зогссоноос доголдол үүссэн эсэх талаархи нотлох баримтийг ирүүлээгүй тул хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  ... “ЗБДС” –аас манай компанийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлээгүй байна” гэсэн үндэслэлээр” батлан даалт гаргахаас татгалзсан тул үлдэх 120.000.000 төгрөгийн зээлийг олгохоос татгалзсан юм. “К.б” хариуцагч “Д.Х” ХХК-нд төсөлд заасан хэмжээний зээл олгогдоогүйгээс “барилгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх автомат ажиллагаатай үйлдвэр” барьж байгуулах төсөлийн ажил хийгдэх боломжгүй болсон юм ...гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Талуудын 2013 оны 12 дугаар сарын 26-ны  өдрийн 332 тоот зээлийн гэрээнд зааснаар  талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөхөөр график байгуулсан, зээлийн гэрээний зүйл болсон зээлээс 80 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч дутуу зээлийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул олгосон зээлийн хэмжээнд үүрэг хүлээх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2017  оны 12 дугаар сарын 26-ний өдрөөр дуусгавар болох бөгөөд хариуцагч гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаад маргаангүй байгаа болно.

 

      Иймд К.бны ... салбарын үндсэн зээл 79 827 826,50 төгрөг, зээлийн хүү 5 480 350,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 096 070,05 төгрөг тус тус хариуцагч Д.Х ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын хооронд байгуулсан  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д  хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө,бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байснаар хариуцагч  ... аймаг, ... сум, ... баг, ... багш нарын байрны зүүн хойд талд байрлалтай 90 мкв талбайтай амины орон сууц, ... аймаг, ... сум, ... баг, ... багш нарын байрны ар талд байрлалтай 20 жилийн хугацаатай эзэмших газар, ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 18 мкв 1 өрөө орон сууцыг барьцааны зүйл болгон барьцааны гэрээ байгуулан гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлж,барьцааны зүйлийн шинж,үнэлгээ,барьцаагаар хангагдах шаардлага,хэмжээ,барьцааны зүйл эзэмшигчийн талаар тодорхойлсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... барьцаанд авсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээс илт доогуур буюу олгосон 80.000.000 төгрөгийн зээлэндээ тохируулан үнэлж барьцааны гэрээ хийсэн нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан юм. Тус зээлийн барьцаанд авсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч Д.Эгийн нэр дээр Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгө бөгөөд зээлийн барьцаанд гэрээнд ... сум ... баг ... ББ-ны зүүн хойд талд байрлалтай 90мкв талбайтай хувийн сууц гэж бичсэн байгаа бөгөөд тухайн хувийн сууцны үнийг заагаагүй байна. Гэтэл энэ хувийн сууцийг 2017 оны Дулааны эрчим хүчээр хангах гэрээ хийх үед хэмжилт хийж үзэхэд хэмжээ нь 156.2 м.кв талбайтай болох нь тогтоогдсон юм. Энэ сууц нь сайн чанарын материалаар, 2013 онд шинээр баригдсан өмчлөгчийн зүгээс одоогийн зах зээлийн үнэлгээгээр 187.000.000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө юм. Мөн энэ хаягт байршилтай 500 мкв талбайтай газар нь одоогийн зах зээлийн үнэлгээгээр 25.000.000 төгрөг, 18 мкв талбайтай 1 өрөө орон сууц нь 25.000.000 төгрөгийн дундаж үнэтэй байгаа юм. Барьцааны гэрээнд заагдсан 3 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ нь өмчлөгчийн үнэлгээгээр 237.000.000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авсан байгаа нь тус банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байгаа болно гэж маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч барьцааны гэрээний хүчин  төгөлдөр эсэх талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ,хэрэг авагдсан нотлох баримтаар  барьцааны зүйл болох  ... сум ... баг ... ББ-ны зүүн хойд талд байрлалтай хувийн сууц нь 90мкв талбайтай гэж бүртгэгдсэн, барьцааны зүйлийн одоогийн  үнэлгээ гэрээний үүрэг гүйцэтгүүлэх тухай шаардлагад хамааралтай эсэх нь тогтоогдохгүй ,улсын бүртгэл үнэн зөв байна.

 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 15... зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул зээлийн барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан К.б, Д.Х ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 сарын 26-ны өдрийн №332 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Х ХХК-иас зээлийн үндсэн төлбөр 79 827 826,50 төгрөг, зээлийн хүү 5 480 350,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 096 070,05 төгрөг нийт 86 404 246 8 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К.бинд олгосугай.    

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох ... аймаг, ... сум, ... баг, ... багш нарын байрны зүүн хойд талд байрлалтай ... улсын бүртгэлийн дугаартай 90 мкв талбай бүхий амины орон сууц, ... аймаг, .. сум, ... баг, ... багш нарын байрны ар талд байрлалтай 20 жилийн хугацаатай ... дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 18 мкв 000166987 улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590072 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 590072 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К.бинд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 11... зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНДАРЬ