Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00856

 

К Б- ХХК-ийн Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1171 дүгээр шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалтай,

К Б- ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлтэй

ДХЖ-ХХК, Д.Э- нарт холбогдох,    

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 86.424.246,80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч К Б- ХХК-ийн Дархан салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ДХЖ-ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 332 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй олгохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу санхүүжилт 80.000.000 төгрөгийг банк өөрийн эх үүсвэрээс олгосон боловч Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас тус зээлийн санхүүжилт хийгдээгүй учраас үлдэгдэл 120.000.0000 төгрөг олгогдоогүй болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр баг, 17-р байрны зүүн хойд талд байрлалтай улсын бүртгэлийн Y-2003016383 дугаарт бүртгэгдсэн 90 мкв талбайтай амины орон сууц, Дархан сум 9 дүгээр баг 17-р байрны ард талд байрлалтай 20 жилийн хугацаатай эзэмших газар, Дархан сум 10 дугаар баг, 2 дугаар хороолол 4 дүгээр байрны 178 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 18 мкв 1 өрөө орон сууц тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж банкны шаардлагыг үл биелүүлж байх тул тус компанийн бизнесийн үйл ажиллагаа нь зогссон, зээлийг эргэн төлөх найдваргүй болсон тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж үндсэн зээл 79.827.826.50 төгрөг, зээлийн хүү 5.480.350.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070.50 төгрөг, нийт 86.404.246.80 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, бүгд 86.424.246.80 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Энэ хэргийн хариуцагчаар нэг иргэнийг 2 хувааж хариуцагч болон хамтран хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд иргэн Д.Э- нь ДХЖ-ХХК-ийн захирлын хувьд аж ахуйн нэгжийн хувиар банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд хувь хүний хувиар зээлийн гэрээ байгуулаагүй юм. Харин зээлийн гэрээ байгуулах үед банкны шаардлагаар хамтран зээлдэгч гэдэг дээр гарын үзэг зурсан. Иймээс энэ хэргийн хариуцагч нь ДХЖ-ХХК болно. Барилгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх автомат ажиллагаатай үйлдвэр барих зорилгоор төсөл боловсруулж 200.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан боловч эхний ээлжинд К Б-аар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр 80.000.000 төгрөгийн зээлийг олгохооор болж үлдэгдэл 120.000.000 төгрөгийг зээлийн батлан даалтын сангийн батлан даалт гаргасны дараа хөрөнгө оруулалт орж ирэхээр тохирсон. К Б- ДХЖ-ХХК-тай 200.000.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 80.000.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч зээлийн батлан даалтын сангаас 120.000.000 төгрөгийн зээл өгөхөөс татгалзсан. К Б- хариуцагч ДХЖ-ХХК-тай 200.000.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ хийчихээд 80.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд барьцаанд авсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээс илт доогуур буюу олгосон 80.000.000 төгрөгийн зээлэндээ тохируулан үнэлж барьцааны гэрээ хийсэн нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Барьцааны гэрээнд 3 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ нь өмчлөгчийн үнэлгээгээр 237.000.000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авсан байгаа нь тус банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Тус банкнаас авсан 80.000.000 төгрөгийн зээлийг өөрийн боломжоор төлнө харин дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардаж байгаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1171 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан К Б- ДХЖ-ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №332 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ДХЖ-ХХК-иас зээлийн үндсэн төлбөр 79.827.826.50 төгрөг, зээлийн хүү 5.480.350.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070,05 төгрөг, нийт 86.404.246.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К Б-инд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр баг, 17 дугаар багш нарын байрны зүүн хойд талд байрлалтай 000214347 улсын бүртгэлийн дугаартай 90 мкв талбай бүхий амины орон сууц, Дархан сум 9 дүгээр баг 17 дугаар багш нарын байрны ар талд байрлалтай 20 жилийн хугацаатай 000451710 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 178 тоот 18 мкв 000166987 улсын бүртгэлийн дугаартай 18 мкв 1 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590.072 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДХЖ-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 590.072 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг, шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “ДХЖ-” ХХК нь К Б-тай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр №332 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж 80,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн7 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтанд заасан графкын дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. “ДХЖ-” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусан боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Одоо банканд нийт 86.424.246 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөх ёстой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэг хариуцагчид нь иргэний хэрэг үүсгэж, нөгөө хариуцагчид хэрэг үүсгээгүй орхигдуулж” гэж дүгнэжээ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг үндэслэсэн байх ба хууль зүйн дүн шинжилгээний хувьд хэргийг зөв дүгнэж, тайлбарлаж, шийдвэрлэсэн байна. Учир нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байх ба хариуцагчийн хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулжээ. Нэхэмжлэгч тал өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагад холбогдолгүй этгээд болох иргэн Д.Э-гаас татгалзаж хэргийн хариуцагч “ДХЖ-” ХХК нь гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт нолтох баримтаар үнэлэгднэ. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлийн удиртгал хэсэгт “ДХЖ-” ХХК болон Д.Э- нарт холбогдох иргэний хэрэг гэж харин 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэлд “ДХЖ-” ХХК-д холбогдох гэж бичигдсэн байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан иргэн Д.Э-г хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байсныг тодруулснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд зөвхөн энэ хэргийн хариуцагч нь “ДХЖ-” ХХК гэж үзсэн. Хариуцагч хуулийн этгээд нь “ДХЖ-” ХХК бөгөөд түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.Э- нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байна.

Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

К Б- ХХК-г төлөөлж Дархан салбар нь ДХЖ-ХХК, Д.Э- нарт холбогдуулж зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 86.424.246,80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч ДХЖ-ХХК зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, барьцаа хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн гэж маргасан байна.

Анхан шатны шүүх ДХЖ-ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, тус компаниас төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Магадлалд “...шүүх Д.Э-д холбогдуулан иргэний хэрэг үүсгээгүй атлаа түүнд нэхэмжлэлийг хувийн гардуулсан, ...хариуцагч ДХЖ-ХХК-д нэхэмжлэлийг гардуулаагүй, хоёр хариуцагчаас үүргийг хэрхэн шаардаж буй нь тодорхой бус” гэсэн үндэслэл заасан байна.

Хариуцагч ДХЖ-ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх, гүйцэтгэх захирал Д.Э- болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, тэрээр нэхэмжлэлийг гардан авсан тул “хариуцагч ДХЖ-ХХК-д нэхэмжлэлийг гардуулаагүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, ДХЖ-ХХК болон Д.Э- нарыг хариуцагчаар татсан атал анхан шатны шүүх Д.Э-д холбогдуулан иргэний хэрэг үүсгээгүй орхигдуулсан зөрчил гаргасан нь тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч дээрх зөрчил гарсан талаар зохигчдод мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Э-г хариуцагчаар татсан боловч түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэснээр шүүх ДХЖ-ХХК-д холбогдуулж хэргийг шийдвэрлэхээр болсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ба шүүхийн энэ ажиллагаа хуульд нийцээгүй байна.

Зүй нь шүүх иргэний хэрэг үүсгэхэд гаргасан алдаагаа залруулсны дараа нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх байжээ.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, ...нэхэмжлэлээсээ татгалзах, ...хариуцагчийг тодорхойлох эрхтэй хэдий ч шүүх Д.Э-д холбогдуулж иргэний хэрэг үүсгээгүй атлаа нэхэмжлэгч К Б- ХХК-ийн Дархан салбар нь хариуцагч Д.Э-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзсэн нь буруу байна.

Түүнчлэн хэргийн баримтаас үзвэл Д.Э- нь К Б- ХХК-тай зээлийн гэрээнээс гадна үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийж, нэхэмжлэгч К Б- ХХК-ийн Дархан салбарын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг хангахдаа тухайн гэрээний тал, барьцаалуулагч Д.Э-гийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 590.072 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ