Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01015

 

Б.Ё- ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2017/00453 дугаар шийдвэртэй,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 218/МА2018/00005 дугаар магадлалтай,

Б.Ё- ын нэхэмжлэлтэй

У.Д- т холбогдох,     

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бадамцэцэг, өмгөөлөгч Ц.Одончимэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ё- ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сайнцагаан сумын 3-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 5 сарын 24-ний өдрийн 30 дугаар тогтоолоор миний бие Авдрангийн хүнхэр гэдэг газрыг эзэмших болсон. 2016 оны 12 сарын 07-ны өдөр гэрчилгээ олгож өвөлжөөний доорхи 0,5 га газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл 2017 оны 5 сард уг газарт хороо барихаар очтол манай багийн иргэн У.Д-  гэгч хороо барихаар ажлын хүмүүс чулуу татаж байсан. Энэ газрыг манайх эзэмших гэрээтэй, гэрчилгээтэй талаар хэлэхэд тэр хамаагүй та нарын бичиг баримт хуурамч, хурлаар ороогүй манайх хороогоо барьсандаа барина гээд барьсан. Иймд Сайнцагаан сумын 3-р багийн Авдрангийн хүнхэр хэмээх газрыг чөлөөлөх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Д- ийн шүүхэд гаргасан тайлбарт: Манайх Авдрангийн хүнхэр хорооны доорхи газрыг 2014 оны 11 сарын 09-нд, тухайн үед уг газрыг эзэмшиж байсан С.Бат-Өлзийгөөс 1.000.000 төгрөг, 1 эр хониор худалдан авч, уг үйлдлээ нотариатаар гэрчлүүлсэн. Ингээд 2017 оны 5 сарын 23-нд уг газарт худаг, ус хороо барьдаг Далай бүлгээр хороо бариулж 2017 оны 5 сарын 31-нд дуусгасан. Хороо бариулж байхад иргэн Б.Ё- ын эхнэр Цэцэг, охин Туяа гэгч хүмүүс очиж манай газарт та нар хороо барилаа, больцгоо, наад газрын чинь гэрчилгээг манайх 2016 онд авсан, ажлаа зогсоо гэсэн. Бид хороогоо бэлэн 1.500.000 төгрөг, шатахуун, хоол хүнс болон бусад зардалд 500.000 төгрөг зарцуулсан. Иймд уг газрыг чөлөөлж өгөх боломжгүй гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2017/00453 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар нэхэмжлэгч Хорхой зуут овогт Базарсадын Ёндонжамц /РД:ЗЮ42051714/-ын эзэмшлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай баг Авдрангийн хүнхэрт байрлах 5000 м2 газрыг хариуцагч Зуут овогт Уртнасангийн Дэлэг /РД:ЗК72011814/-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Д- ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ё- ад олгож шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 218/МА2018/00005 дугаар магадлалаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2017/00453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч У.Д-  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...миний бие өөрийн татгалзлаа нотлох үүднээс Б.Ё- ын эзэмшлийн гэрчилгээгээ хуульд заасан журмын дагуу шударгаар олж аваагүй болохыг мэдэх гэрчүүдийг асуулгахаар анхан шатны шүүхэд хандсан боловч хүсэлтээс татгалзаж, дахин хүсэлт гаргах гэхэд туслах Э.Номинцэцэг нь хурлын цаг тулсан тул хүлээж авахгүй, амжихгүй гэж шүүх хуралдаан үргэлжилсэн. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас Б.Ё- ад уг газрыг хууль бусаар олгосон хэмээн Сайнцагаан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан С.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй хэрэг аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа талаар тайлбарласан боловч авч хэлэлцээгүй. Миний бие анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн, гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, бүх талаас нь дүгнэж үзээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаагаагүй, өөрөөр хэлбэл хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэмээн үзэж гомдол гаргаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Ё-  хариуцагч У.Д- ийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн  гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуульд зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг ба хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ. Шударга эзэмшигч өөрийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа этгээдээс уг саадыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Ё- , түүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай баг, Авдрангийн хүнхэрт орших 5000 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх тус сумын Иргэдийн нийтийн хурлын тогтоол, Засаг даргын захирамж, газрын гэрчилгээ, газар эзэмших гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосныг, хариуцагч У.Д-  “...газар эзэмших эрхийг өмнөх эзэмшигч С.Бат-Өлзийгээс худалдан авч, хороо барьсан, нэхэмжлэгч газрын гэрчилгээг хууль бусаар авсан...”  гэж нэхэмжлэлээс татгалзжээ.

Хэргийн баримтаас үзвэл маргааны зүйл болсон газрыг С.Бат-Өлзий 1983 оноос 2014 он хүртэл Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшиж байсан нь тогтоогджээ.

 Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал болон  Засаг даргаас газрыг 2016.05.24-ний өдөр С.Бат-Өлзийгөөс хариуцагч Б.Ё- ад шилжүүлж эзэмшүүлэх шийдвэр гаргаж,  гэрчилгээ олгосон нь хэргийн 29-р талд авагдсан байх боловч хариуцагч У.Д-  уг газрын эзэмших эрхийг  С.Бат-Өлзийгээс 2014.11.04-ны өдөр шилжүүлэн авахаар тохиролцож 1.000.000 төгрөг, хонь өгсөн тухай мөнгө хүлээлцсэн баримт гаргаж, С.Бат-Өлзийг гэрчээр асуулгажээ. Гэрч С.Бат-Өлзий эзэмшиж байсан газраа У.Д- т шилжүүлсэн гэж мэдүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч эзэмших эрхээ эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр шилжүүлж болох бөгөөд нэхэмжлэгч Б.Ё- , хариуцагч У.Д- ийг маргааны зүйл болсон газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэн, түүний эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч ямар эрхийн үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь тодорхой бусаас нэхэмжлэгч шударга эзэмшигч мөн эсэх, хариуцагчийн эзэмшил хууль бус эсэхийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэх боломжгүй байна.

Хариуцагчийн тайлбар, мөнгө хүлээлцсэн баримт, гэрчийн мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлсэн, нэхэмжлэгчид газар эзэмших гэрчилгээ олгогдож, уг гэрчилгээг үндэслэн газар эзэмших гэрээг байгуулсан нь нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэл болох эсэхийг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу байна.

Иймд хууль зөв тайлбарлан хэрэглэх асуудлаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2017/00453 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 218/МА2018/00005 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ