Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/01005

 

 

 

 

 

 

                                               2022        03          04

                      101/ШШ2022/01005

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: 0 байранд байрлах, З, т х яны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин байрлах, “Ч г и к” ХХК /рд:0/-д холбогдох

 

Замын ажлын доголдол арилгах зардалд 22,498,896,382 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс 3,610,326,606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, прокурор Ш.О, шинжээч Р.З, Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З, т  /хуучнаар/ нь гүйцэтгэгч “Ч г и к” ХХК-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх 83 дугаар гэрээг 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бөгөөд мөн уг гэрээг шинэчлэн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч “Ч г и к” ХХК-иас 2014 оны 08 дугаар сард зам барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүсэлт гаргасны дагуу тус яамнаас авто зам, замын байгууламжид чанар байдлын дүгнэлт гаргах баг замын нийт уртад шалгалт хийн 7 төрлийн үүрэг даалгавар өгсөн. Дээрхи зам барилгын ажилд хяналт тавих үүрэг бүхий зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв улсын үйлдвэрийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/545 тоот албан бичгээр гүйцэтгэгч компани нь чанар байдлын дүгнэлт гаргах багаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засаж дуусгасан тул уг авто замыг улсын ашиглалтанд оруулах комиссыг ажиллуулах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Зам, тээврийн яам /хуучнаар/-ны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр илэрсэн зөрчил, дутагдал бүрэн арилаагүй гэж дүгнэсэн тул ашиглалтанд оруулах боломжгүй бөгөөд өмнө нь илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгах үүргийг гүйцэтгэгч компанид дахин өгсөн. Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тушаалаар байгуулагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ дүгнэх ажлын хэсгээс чанар байдлыг тогтоох багийн гаргасан үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлэх, гэрээний хугацааг сунгахгүй алданги тооцох, хөндлөнгийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тухайн замд хяналт тавин ажилласан Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг замын барилгын ажлын талбай дээр ажиллаж дүгнэлт гаргасан. Уг ажлын хэсгийн дүгнэлтэд 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтыг шинээр хийх, үлдэгдэл 37.2 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэж эдгээр ажлыг 10,945,921,481 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоог гаргасан байсан. Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсэг 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр болон 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн үүрэг, даалгаварт заасан зөрчил, дутагдал арилгах арга хэмжээг гүйцэтгэгч “Ч г и к” ХХК аваагүй болохыг тогтоосон. Ийнхүү гүйцэтгэгч “Ч г и к” ХХК нь тус яамнаас удаа дараа өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй байх тул уг гэрээний ерөнхий нөхцлийн 14.2.1.а-д заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдлийг Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03/5207 тоот албан бичгээр хүргүүлсэн. Гүйцэтгэгч “Ч г и к” ХХК-ийн барьж дуусгасан замын хучилт их хэмжээгээр эвдэрсэн нь осол аваар гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж, замын барилгын ажил гүйцэтгэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан тул захиалагчийн зүгээс улсыг хохиролгүй болгох, хохирлыг гүйцэтгэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Тус компани нь дараах хууль тогтоомжийн заалтуудыг ноцтой зөрчиж байна. Үүнд: 1. “Ч г и к” ХХК нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь уг гэрээний ерөнхий нөхцлийн 7.5, 10.1, 14.1 дэх заалтыг зөрчиж байна.

2. Мөн тус компанийн барьж дуусгасан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын хучилт их хэмжээгээр эвдэрч, осол аваар гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж замын барилгын ажил гүйцэтгэсэн нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна гэсэн заалттай нийцээгүй байна.

3. Мөн тус яамнаас удаа дараа өгсөн үүрэг, даалгавар болон гэрээ цуцлах мэдэгдлийн талаар гүйцэтгэгч “Ч г и к” ХХК ямар нэгэн арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэсэн заалтыг биелүүлээгүй байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны А/61 дүгээр тушаалаар “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын засварын ажлын тоо хэмжээ тогтоож, төсөвт өртгийг тооцон гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг талбайд ажиллахад замын хучилт нь хэсэг газарт үйрч алга болсон, их хэмжээний торон болон хөндлөн хагарал, нүхэн эвдрэлүүд, хөвөөний эвдрэлүүд нэмэгдэж иргэдийн тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл байдал алдагдаж “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдал одоог хүртэл хангагдахгүй байгаа тул тус авто замын хучилтаас 4 дээж, ДСП, хөвөөний материал авч лабораторид шинжпүүлж дүгнэлт гаргуулсан. Нэхэмжпэгч Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Ч г и” ХХК-д холбогдуулан анх гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн болох 10,945,921,481 төгрөг нь 2013 оны авто замын барилгын ажлын төсөвт өртгөөр тооцон гаргасан бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаагаас шалтгаалан авто замын барилгын ажлын төсөвт өртөг өөрчлөгдөн өнөөгийн авто замын барилгын ажлын төсөвт өртгөөр тус замыг засварлаж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөд хүрэлцэхгүй байна.

Иймд дээрх ажлын хэсгийн дүгнэлт болон “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн 2021 оны 1/684 дугаар албан бичгээр засварын ажлын тоо хэмжээ, төсөвт өртгийг тооцон гаргаж, лабораторийн шинжилгээг баталгаажуулан ирүүлснийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, тус замыг байнгын ашиглалтад оруулахад шаардлагатай 22,498,896,382 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын далан, суурийн ажлыг “Н з”ХХК нь 2008 оноос 2010 онуудад хийж гүйцэтгээд Зам, тээврийн яамны хяналтаар баталгаажин, Сангийн яамнаас 100 хувь санхүүжилтээ авч улсын комисст хүлээлгэн өгсөн гэх ажлыг үргэлжлүүлэн зөвхөн буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийх тендерийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж манай “Ч г и к” ХХК нь 2013 он 04 дүгээр сарын 26-ны өдөр оролцон тендерт ялсан. Ингээд Зам, тээврийн яам, Худалдан авах ажиллагааны газартай 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 12,565,165,875.36 тэрбум төгрөгөөр санхүүжигдэх төсөл гүйцэтгүүлэхээр 83 тоот гэрээ байгуулж гэрээ хийгдсэний дагуу авто зам барилгын ажлаа эхлэн ажиллуулахад далан болон суурийн ажил, хоолойнууд нь дутуу, чанарын шаардлага огт хангаагүй зэрэг ноцтой зөрчлүүд гарч ирсэн билээ. Энэ зөрчлийн талаар хугацаа алдахгүйгээр Зам, тээврийн яаманд албан ёсоор цаг тухайд нь мэдэгдэж байсан. Хэрвээ далангийн ажил чанаргүй муу байсныг албан ёсоор мэдсэн бол манай зүгээс энэ ажлыг авахгүй, тендерт оролцохгүй байсан. Бид Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаалд зааснаар тендерийн тодруулга болон өөрчлөлтийн талаар буюу далангийн ажлын талаархи тодруулга авах боломжгүй байсан. “Н з”ХХК-ийн барилгын ажлын 2010 оны гэрээ дүгнэсэн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн актыг шүүхийн журмаар гаргаж авсан байх ба энэ актаас үзвэл далангийн ажил, ухмалын ажил, хөлдөлтөөс хамгаалах үе 100 хувь хийгдэж, хиймэл байгууламжийн ажил 80 хувь, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилт, замын тоноглолын ажлууд хийгдээгүй байсан юм байна гэж харагдаж байна. Зам тээврийн яам нь “Н з”ХХК-ийг далангийн ажлыг чанаргүй хийснийг илрүүлж мэдсээр байсан атлаа уг замын ажлыг “Н з”ХХК-иар нэг мөсөн хийлгэж дуусгахгүйгээр гэрээгээ цуцалж 100 хувь санхүүжилтээ өгсөн. Гэвч манай “Ч г и к” ХХК-ийн хувьд нэгэнт гэрээ хийсэн учир 2013 оны 06 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл ажиллахдаа 2014 оны 07 дугаар сараас замын хөдөлгөөн нээгдсэн ч захиалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирснээс гадна өөрийн хөрөнгө болох 2.3 тэрбум төгрөгөөр гэрээнд заагаагүй илүү ажлыг хийж гүйцэтгээд улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн боловч үндэслэлгүй шалтгаанаар гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахгүй 2.3 тэрбум төгрөгийг Зам тээврийн яам өгөхгүй байгаа болно. Харин замын ажлыг дутуу чанаргүй хийсэн гэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Захиалагчийн зүгээс уг замын чанарт өдөр тутмын хяналтын инженерийг томилон хяналт тавиулж өдөр тутмын хяналтын инженерийн удирдлаган дор манай компани ажилласан. Авто тээврийн хөгжлийн төв улсын үйлдвэрийн газар болон захиалагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд байгуулан буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажлын чанарт удаа дараа дүгнэлтүүд гаргаж байсан. Зам тээврийн яам, Зам тээврийн яамны хөгжлийн төвөөс томилогдсон хяналтын инженерүүд нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт хяналтын багийн инженерүүдийн ажиллах журмаа мөрдөн ажилласан. Ийнхүү замын хийх ёстой ажлаа зохих ёсоор хийж ажлын тайланг тухай бүр гаргаж байсан. Гэтэл урьдах “Н з”ХХК-ийн ажлын ноцтой дутагдлуудыг нуун дарагдуулж 3 см-ээр дахин асфальтаар бүхэлд нь хучих, ажил хийлгэх гэсэн нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 83 тоот гэрээний тусгай нөхцөл болох 45.0, 46.0, 57.0 заалтуудыг ноцтой зөрчиж улсад учруулсан хохирол мэтээр бичиж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлд 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальтан хучилтыг шинээр хийх 37 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэхэд эдгээр ажлыг хийж гүйцэтгэнэ гэж ямар ч үндэслэлгүй тооцоо гаргасан байна. 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зам тээврийн яамны ажлын хэсгийн ахлагч Ц.Б-ын ажлын тайлан дүгнэлтэд 50 км замын асфальтбетон хольцны орц алдагдсан, нийт уртад барзгар, торон хагарал ихтэй учир 3 см-ээр нийтэд нь хучих шаардлагатай гэжээ. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 07/096/210 тоот дүгнэлтэд Далангийн материалын урсалтын хязгаар 35 хувь, уян налархай индекс 6 хувиас их, ачаа даацын харьцаа 30 хувиас бага байгаа нь замын тус хэсэгт зураг төсөл, техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажил гүйцэтгэгдсэн нь торон хагарал үүсч эвдрэл гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэжээ. Хөндлөнгийн шинжээч Л ХХК-ийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер, шинжлэх ухааны доктор Ч.Л-ын 2015 оны 6 дугаар сард гаргасан дүгнэлтэд 2010 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд буюу Н з ХХК-ийн авто зам барилга гүйцэтгэж байх үед Ц.Б-ыг өдөр тутмын хяналтын инженерээр томилон ажиллуулж байжээ. Ц.Б, н.У, н.Ө нар туршилт хийхгүйгээр далангийн үеүүдийн зөвшөөрлийг 1-3 км-ээр шууд гарын үсгээр баталгаажуулан өгч байсан байна. Н з ХХК болон хяналт хийсэн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж шаваргүй материалыг ялгаж салгаж чадахгүй 10-45 хувийн шавар агуулсан материалаар далангийн дүүргэлт хөлдөлтөөс хамгаалах үеийг барьсан байна. Ёс суртахуунгүй, хэнэггүй, хийсэн ажилдаа хариуцлага хүлээж сураагүй, ажлаа мэдэхгүй, хяналтын багийн инженерүүд ажилласан байна. Гүйцэтгэгчийн хийж буй шинжилгээ талбайн ажлыг хянах чадваргүй инженерүүдийг томилсноос болж бүх асуудал үүссэн байна. Цаашид далан, хөлдөлтөөс хамгаалах үед хэсэгчилсэн буюу бүрэн солилт хийсний үндсэн дээр асфальт дэвсэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ. 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/451 тоот Зам тээврийн яамны Хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газраас ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа Далангийн дүүргэлтийн материал нь 10-45 хувийн шаварлаг уян налархай индекс 7-22 хувь байгаа нь техникийн шаардлагад заасан уян налархайн индекс 7-оос бага байна гэсэн заалт зөрчигдөж байгаа тул 12.8 км замын даланг 60-100 см гүнд хөлдөлтөөс хамгаалах үед болон буталсан чулуу суурийн хамт сольж асфальтбетон хучилтыг дахин хийх, 37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгэх шаардлагатай гэжээ. Манай компани далантай холбоотой ажлыг огт хийхгүйгээр зөвхөн хучилтын ажил хийхээр анх гэрээ хийсэн. Мөн 2020 онд шүүхийн журмаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр далангийн ажил муу гүйцэтгэснээс замын суурийн ажил эвдрэл үүссэн болох нь тогтоогдож байна. Иймд далангийн ажил муу хийгдсэнээс болж ийм байдал үүссэнийг манай компанид тулган тохож төлбөр тавьж байгаа нь шударга биш гэж үзэж байна. Бидний зүгээс Зам тээврийн яам, Худалдан авах ажиллагааны газартай хийсэн гэрээний заалтуудыг үндэслэх ёстой. Харин далангийн асуудлаар Зам тээврийн яам нь “Н з”ХХК-тай хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна. Асфальт бетон хучилтын ажил хийсэн манай компани нь автозамын далангийн эвдрэлийг засахын тулд хучилтаар тавьсан асфальтаа эвдэж 1 метрийн гүнд байгаа шаардлага хангаагүй далангийн материалыг солих зэрэг гэрээгээр үүрэг хүлээгээгүй ажлаа хүлээх ёсгүй. Шинжээч нь мэргэжлийн байгууллага, эсхүл тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн уг хэргийн талаар хувийн болон албаны ямар нэгэн сонирхолгүй этгээд байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал буюу Зам тээврийн яам 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр авто замын чанар байдлын дүгнэлтийг анх гаргахад 2010 онд Авто замын хяналт шинжилгээ судалгааны төвд хяналтын инженерээр ажиллаж байхдаа яг энэ авто замын даланг барихад хяналт тавьж байсан Ц.Б гэгч нь ажлын чанар байдлын дүгнэлт гаргасан ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ. Одоо Ц.Б нь З т я-ы хяналт бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн болчихоод чанар байдлын талаар өөрөө удирдаж гаргасан дээрхи дүгнэлтээ үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга биш гэж үзэж байна. 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлын талбай дээр захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох баг ажиллаж холбогдох үүрэг даалгавар өгсөн ба бид техникийн шаардлагын дагуу 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд ажлаа хийж гүйцэтгэсэн. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зам тээврийн яамнаас улсын комисс томилогдон 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50 км замыг нийтэд нь дахин 3 см хучих үүрэг өгсөн. Гэвч манай компани уг замыг нийтэд нь дахин 3 см хучих үүрэг өгснийг үндэслэлгүй гэж үзэж холбогдох тайлбарыг Зам тээврийн яаманд хүргүүлсэн. Манай компани захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох багийн өгсөн үүрэг даалгаврын дагуу асфальбетон хучилтанд торон хагарал үүссэн хэсгүүдэд засварын ажлыг хийсэн. Энэхүү хагарал үүссэн шалтгаан нь өмнө нь ажил гүйцэтгэсэн Насны Зам ХХК-ийн замын даланг чанаргүй хийснээс болж суулт үүссэнээс болсон. Гэсэн ч бид торон хагарал үүссэн хэсгүүдэд шаардлага хангахгүй далангийн материалыг ухаж зайлуулан шаардлага хангасан материалаар сольж нягтруулан нэмэлт 3 см хучилтыг хийсэн. Авто замын хучилт нь далангийн чанараас ихээхэн шалтгаална. Замын далан техникийн шаардлагад нийцсэн технологи, зааврын дагуу хийгдээгүй, зохих хэмжээнд нягтралаа аваагүй, ашигласан материал нь шаардлага хангахгүй тохиолдолд дээр нь хийгдэх замын хийцүүдийн чанарт шууд нөлөөлдөг. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай компанийн ерөнхий инженер талбайд дахин шалгалт хийхэд нилээд торон хагарал үүссэн байсан ба эдгээр эвдрэлийн ихэнхи нь 2014 онд илэрсэн далангийн материал шаардлага хангахгүй хэсгүүдэд үүссэн нь тогтоогдсон. Авто замын болон бусад ямар ч барилгын ажлыг гүйцэтгэхэд тухайн ажлыг чанартай хийлгэхийн тулд захиалагч байгууллагаас хяналтын инженерийг томилон гүйцэтгэгчийн ажилд өдөр тутмын талбайн хяналт тавьж технологийн болон материалын чанарыг шалган хийсэн ажлыг нь баталгаажуулах үүрэгтэй ажилладаг. Олон улсад тухайн ажлыг чанаргүй гүйцэтгэсэн шалтгааныг хяналтын инженертэй шууд холбож үздэг. Бид энэ ажлыг дан ганцаараа дур мэдэн хийгээгүй, захиалагчийн хяналтын дор гүйцэтгэсэн. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв, тус төвийн итгэмжлэгдсэн төв лаборатори зэрэг бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг мөн манай талбай дээр хяналт шалгалт хийсэн ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 07/056/210 тоот дүгнэлтээр нилээд хэсгүүдэд техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажлыг гүйцэтгэсэн нь торон хагарал үүсч, эвдрэл гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзсэн. 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны хооронд Зам тээврийн яамны ажлын хэсэг манай замд чанар, байдлын эцсийн дүгнэлт гаргах зорилгоор ажилласан ба уг дүгнэлтэд талбайд үүсч байгаа эвдрэл нь далангийн материалаас шалтгаалсан гэж үзэн 12.832 метр урт газарт хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурь бүрэн сольж хучилт хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Уг дүгнэлтэд 12.8 км замын даланг 60-100 см гүнд, хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурийн хамт сольж асфальбетон хучилтыг дахин хийх, 37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгэх гэсэн байсан. Үүнийг манай компани зөвшөөрөхгүй бөгөөд манай компани өмнө нь замын далан, хиймэл байгууламж, хоолойг гүйцэтгэсэн компанийн ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгасан хэдий ч бидэнд бараг 50 км зам дахин барих хэмжээнд үүрэг өгсөн байна. Зам тээврийн яамны Зам тээврийн хөгжлийн төвийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/451 тоот дүгнэлтэд 12.8 км тодорхой хэсэгт эвдрэл ихтэй, эвдэрсэн хэсгүүдэд зарим газарт далангийн материалыг бүрэн сольж шинэчлэлт хийсэн боловч дахин эвдэрсэн, зарим газарт даланг солилгүй нөхөөс хийсэн гэжээ. Бид өмнөх компанийн барьж байгуулсан даланг бүхлээр нь солих боломжгүй. Нийт замын уртад асфальтбетон хучилт дэвсэх үед технологийн горим зөрчсөнөөс барзгаржилт үүсч асфальтбетон хучилтын нягтрал хангалтгүй байна гэжээ. Далангийн чанар муугаас хучилтад нөлөөлсөн, технологийн болон өдөр тутмын хяналтыг захиалагч байгууллагын хяналтын инженерүүд гүйцэтгэж, тэдний хяналтын дор ажлыг гүйцэтгэсэн учир шууд буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн автозамын гол эвдрэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн зүйл нь даланг чанаргүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, захиалагчийн өдөр тутмын хяналт тавьж байсан хяналтын инженерт хариуцлага тооцон нэхэмжлэхгүйгээр харин асфальтбетон дэвссэн аж ахуйн нэгжээс нэхэмжилж байгааг хүлээн авах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын асфальбетон хучилтын ажлыг гүйцэтгэхдээ тендерийн гэрээнд тусгагдаагүй боловч даланг засах нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж ажлын зардал 1,800,136,187.49 төгрөг болсныг зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хяналтын инженерүүд баталгаажуулан захиалагчид хүргүүлсэн. Авто замын хучилтын торон хагарлын шалтгаан нь ажил гүйцэтгэсэн өмнөх компани замын даланг чанаргүй хийснээс болж суулт үүссэн болох нь Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт, Зам тээврийн хөгжлийн төвийн 9 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтүүдээр давхар батлагдаж байна. Хэдийгээр ажлын гологдол нь өмнөх компанийн хийж гүйцэтгэсэн ажлаас хамааралтай байвч захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу барзгаржилттай хэсэгт буюу асфальтын зузаан хангалтгүй цэгүүдэд 1.3 км-т 3 см асфальт дэвсэн торон хагарал үүссэн газруудын далангийн суурь бүтцийг засан дахин хучилт хийсэн ажлын зардалд 2014 онд 391,602,471.68 төгрөг, 2015 онд 161,799,757.17 төгрөг, гэрээнд тусгагдаагүй хоолойн ажил 18,826,696 төгрөг, 2014 оны хяналтын инженерийн зардал 13,054,600 төгрөг дээр 2013, 2014 онд илүү хийж гүйцэтгэсэн ажлын зардлын хамт нийт 2,385,419,712 төгрөгийн зардлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. “Ч г и к” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км автозамын асфальтан хучилтын ажлыг гүйцэтгэхээр Зам тээврийн яамтай гэрээ байгуулан гүйцэтгэх явцад захилагчийн хүсэлтийг дагуу өөрийн хөрөнгөөр нэмэлт ажлуудыг гүйцэтгэсэн гүйцэтгэлий хөрөнгө, мөн гэрээний гүйцэтгэл 10 хувийг нэхэмжилж байна. Мөн тендерийн ажлын хүрээнд гүйцэтгэх ажлаа манайх 100 хувь гүйцэтгэсэн боловч санхүүжилтийн 90 хувиар санхүүжигдсэн бөгөөд одоо санхүүжигдээгүй үлдсэн 10 хувь болох 1,256,516,487 төгрөгийг Хөгжлийн банкнаас, өөрийн хөрөнгөөр 2013-2015 онуудад гүйцэтгэн З т х яны баталгаажуулсан ажлын 2,353,810,119 төгрөг, нийт 3,610,326,606 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Гүйцэтгэгч “Ч г и к” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээний 2.3 дахь заалтын дагуу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ашиглалтанд оруулахаар үүрэг хүлээсэн байтал өнөөдрийг хүртэл улсын ашиглалтанд хүлээлгэн өгөөгүй байна. Мөн тус зам, барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн Э С П Ж АХХК-ийн 8 дугаар сарын 29-ний өдрийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн дүгнэлтээр нийт 31 зөрчил, дутагдал илэрсэн бөгөөд гүйцэтгэгч хяналтын зөвлөхийн хамтарсан үзлэгийг бүх зам, хиймэл байгууламжид дахин хийж, засаж сайжруулах шаардлагатай гэж үзэж уг 50 км хатуу хучилттай авто замыг улсын ашиглалтанд оруулах боломж огт хангагдаагүй бөгөөд зураг төслийн шаардлагын хэмжээнд хүргэхэд ихээхэн ажил, санхүүжилт шаардагдах төлөвтэй байна гэж дүгнэсэн. Тус компанид зөрчил дутагдлаа арилгаж авто замыг улсын ашиглалтанд оруулах талаар тус яамнаас удаа дараа албан бичиг хүргүүлж байсан ч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Энэ нь С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээний ерөнхий нөхцлийн 7.5, 10.1, 14.1 дэх заалтыг зөрчсөн. Иймд Чайна Гео Инженеринг Корпораци ХХК нь санхүүжигдээгүй 10 хувь 1,256,516,487 төгрөгийг тус яамнаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Тус компани өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын зардал 2,385,419,712 төгрөг нэхэмжилсэн тухайд Зам, тээврийн яам /хуучнаар/-ны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 311 дүгээр тушаалаар байгуулагдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ажилд техникийн үзүүлэлт, чанар байдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүний дүгнэлтээр нийт 9 зөрчил, дутагдал илэрсэн бөгөөд энэ нь техникийн шаардлагын дагуу хийгдээгүй болохыг тогтоосон, тус компани энэхүү зөрчлийг одоог хүртэл арилгаагүй. Мөн нэхэмжилсэн үнийн дүнг ямар баримт, материалыг үндэслэн нэхэмжилсэн талаар хэргийн материалд ямар ч нотлох баримт авагдаагүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэсэн заалтуудыг хариуцагч Ч Г И К ХХК зөрчсөн тул нэхэмжилж буй 3,610,326,606 төгрөгийг тус яамнаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

Прокурор Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            

Прокурор нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа билээ. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл өөрийн санаачилгаар оролцох эрхтэй болно. Хавтаст хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлтүүдээр зам барилпын эвдрэлийн асуудал нь далан барьсан “Н з”ХХК-ийн болон хучилт хийсэн ““Ч г и к” ХХК-ийн аль алины ажлын гүйцэтгэлтэй холбоотой болох нь тоггоогдсон байна. Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хамтран хариуцагчаар татах боломжтой эсэхийг анхаарах байжээ.

“Ч г и к” ХХК нь мэргэжлийн буюу зам засварын ажил гүйцэтгэх зөвшөөрөлтэй компани бөгөөд бусдын хийсэн ажил дээр нэмж ажил хийж байгаа тохиолдолд өмнөх “Н з” ХХК-ийн ажлын чанарт өөрсдөө үнэлэлт, дүгнэлт өгсөн байх, өмнөх компаниас ажлыг хүлээн авсан актыг шаардах, шаардлагатай бол үүрэг гүйцэтгэхээс татгалзах болон эрсдэлээ тооцон өмнө хийж гүйцэтгэсэн өөр гүйцэтгэгчийн ажпын доголдлоос хамаарч хийж буй ажилд нөлөөлж чанарын шаардлага хангаагүй тохиолдолд хариуцахгүй гэсэн нөхцөлийг ажил гүйцэтгэх гэрээнд тусгуулах саналаа илэрхийлэх боломж байсан байна. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нэхэмжлэгчээс гарсан зөрчил дутагдал нь “Ч г и к” ХХК-ийн чанарын шаардлага хангаагүй тоног төхөөрөмж ащигласан хийсэн нь ажлын чанарт нөлөөлсөн гэж мэтгэлцсэн. Энэ нь ажил гүйцэтгэгч тал гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөнөөс гадна үүсэж болох эрсдэлийг тооцоолох байсан гэж үзэж байнаИймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, харин “Ч г и к” ХХК нь “Н з”ХХК-аас өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрх нээлттэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайн ажлын зөрчил, дутагдлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан бөгөөд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.8-д заасан байдаг. Мөн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан акт үйлдэгдээгүй байгаа нь илүү гүйцэтгэсэн ажил болох нь бүрэн нотлогдоогүй байна.

Маргааны зүйлд хариуцагч болон хэргийн оролцогч бус этгээдэд хамааралтай боловч үргэлжлүүлэн хийсэн компаниас ажлын гүйцэтгэлийг шаардах нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах, сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгчээс гаргасан 2014 оны 08 сарын 28-ны өдрийн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр томилолтоор ажилласан тайлан, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Засвар шинэчлэлтийн ажлын төсөв, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсад оршин суух үнэмлэх, 2014 оны 08 дугаар сарын 29-ний зохиогчийн хяналтын дүгнэлт, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний ажлын хэсгийн тайлан, 2013 оны 05 дугаар сарын 21-ний ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 29-ний Зохиогчийн хяналт хийсэн дүгнэлт, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний Ажлын хэсгийн тайлан, Өндөрхаан- Сүмбэр чиглэлийн замын ажлын зураг, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны Авто замын барилгын ажлын гүйцэтгэл, 2014 оны 07 дугаар сарынн 02-ны Гүүрийн барилгын ажлын гүйцэтгэл, Төлбөрийн хүсэлт, 2015 оны 05 дугаар сарын 22-ны Зам, тээврийн хөгжлийн төвийн ажлын хэсэг байгуулах тушаал, Ажлын хэсгийн товч танилцуулга, Газар дээрээс авсан материалуудын шинжилгээний дүн, Газар дээрээс асфальтанбетон хольцын шинжилгээний дүн, Замыг бүрэн шинэчлэх хэсгийн урт, Гүйцэтгэлийн баталгаажилт, 2015 оны 10 дугаар сарын 28-ны ЗТЯ хурлын тэмдэглэл, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний ЗТЯ хурлын тэмдэглэл, 2015 оны 07 дугаар сарын 07-ны Зам тээврийн хөгжлийн төвөөс ЗТЯ дүгнэлт хүргүүлэх тухай албан тоот, 2015 оны 03 дугаар саырн 05-ны Дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайлан,  Газар дээрээс авсан материалуудын шинжилгээний дүн, Замыг бүрэн шинэчлэх хэсгийн урт, Гүйцэтгэлийн баталгаажилт, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны Зам, тээврийн хөнжлийн төвөөс “Ч г” ХХК-д Ажлын хэсгийн дүгнэлт хүргүүлэх тухай албан тоот, Ажлын хэсгийн товч танилцуулга, 2013 оны 07 дугаар сарын 02-ны ЗТЯ-с “Н з” ХХК-д явуулсан дутуу ажлыг гүйцээх тухай албан тоот, Зам гүүрийн барилгын ажлын гүйцэтгэл, 2010 оны 07 дугаар сарын 05-ны Насны зам ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 26-ны Ажлын хэсэг байгуулах тухай ТНБДын тушаал, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны 2010 оны гэрээ дүгнэсэн акт, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны Гэрээ дүгнэсэн хурлын тэмдэглэл, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Чайна гео ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл хүргүүлэх тухай, албан томилолтын тайлан, Зам, тээврийн хөгжлийн төвийн албан бичиг, Автозам шинэчлэлтийн ажлын төсөв, итгэмжлэгдсэн лаораторийн сорилтын дүнгүүд, 2015 оны 09 дүгээр сарын н19-ний өдрийн автозамын барилгын ажлыг ашиглалтад хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн авто замын барилгын ажлын талбайн хурлын тэмдэглэл, 2014 оны 07 дугаар сарын 24-ний авто замын барилгын ажлын талбайн хурлын тэмдэглэл, 2014 оны 05 дугаар сарын 30-ны авто замын барилгын ажлын талбайн хурлын тэмдэглэл, 2014 оны 05 дугаар сраын 29-ний өдрийн гэрээний хэрэгжилтийг хангуулах хурлын тэмдэглэл, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн авто замын барилгын ажлыг эхлүүлэх ажлын хэсгийн томилолтын тайлан, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн автозам гүүрийн барилгын ажлын 2010 оны гэрээ дүгнэсэн акт, хурлын тэмдэглэл,

- Хариуцагчаас гаргасан мөнгөн шилжүүлгийн баримт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний Тооцоо нийлсэн акт, ЗТЯ-нд явуулсан албан тоотууд, 2013 оны 05 дугаар сарын 21-ний Авто зам барилгын ажлын гэрээ, 2013 оны 03 дугаар сарын 10-ны Тендерийн маягт, 2013 оны 04 дүгээр сарын 26-ны Гэрээ байгуулах эрх, олгох тухай, Үнэлгээний хорооны тайлан, 2014 оны 08 дугаар сарын 30-ны Замын техникийн үзүүлэлт, чанар байдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайлан, 2015 оны 03 дугаар сарын 30-ны Шинжээч томилуулах тухай хүсэлт, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны МХЕГ-н 01/64 тоот удирдамж, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний Улсын байцаагчийн дүгнэлт, 2015 оны 07 дугаар сарын 19-ний Ажлын хэсгийн дүгнэлт хүргүүлэх тухай албан тоот, Ажлын хэсгийн товч тайлан, 2013 оны 06 дугаар сарын 27-ны Авто замын хяналт, эрдэм шинжилгээний төвд явуулсан албан тоот, 2013 оны 06 дугаар сарын 17-ны Үлдэгдэл ажлын хэмжээ, 2013 оны 07 дугаар сарын 10-ны ЗТЯ-нд явуулсан албан тоот, 2013 оны 07 дугаар сарын 16-ны ЗТЯ Авто зам бодлого зохицуулалтын газар явуулсан албан бичиг, 2013 оны 07 дугаар сарын 15-ны Нэмэлт ажлын тоо хэмжээ үнийн санал, 2013 оны 07 дугаар сарын 15-ны ЗТЯаманд явуулсан албан тоот, 2013 оны 07 дугаар сарын 25-ны ЗТЯаманд ажлын хөтөлбөр хүргүүлэх тухай албан тоот, 2013 оны 08 дугаар сарын 08-ны ЗТЯ Авто зам бодлого зохицуулалтын газар явуулсан ажлын зөрүүний тухай албан тоот, 2013 оны 08 дугаар сарын 10-ны ЗТЯ Авто зам бодлого зохицуулалтын газар явуулсан ажлын зөрүүний тухай албан тоот, 2013.08.20-ны ЗТЯаманд явуулсан хийсэн ажлын тайлан, 2013 оны 09 дүгэээр сарын 04-ний ЗТЯ Авто зам бодлого зохицуулалтын газар хамтарсан шалгалтын дүнг хүргүүлэх тухай албан тоот, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны ЗТЯ Авто зам бодлого зохицуулалтын газар нэмэгдсэн ажлын тоо хэмжээний асуудлыг шийдвэрлэх тухай хүсэлт, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны ЗТЯ-д ажлын нэмэгдэл тоо хэмжээ хүргүүлэх тухай албан тоот, 2013 оны 10 дугаар сарын 03-ны ЗТЯ Авто зам бодлого зохицуулалтын газар нэмэгдэл ажлын тоо хэмжээний тухай албан тоот, 2013 оны 10 дугаар сарын 13-ны ЗТЯ Авто зам бодлого зохицуулалтын газар  нэмэгдэл ажлын тоо хэмжээний тухай албан тоот, 2013 оны 10 дугаар сарын 07-ны ЗТЯ Авто зам бодлого зохицуулалтын газар  яааралтай шийдэгдэх асуудлын  тухай албан тоот, 2015 оны 11 дугаар сарын 10-ны ЗТЯ ТНБД-д тайлбар хүргүүлэх тухай, 2013 оны 06 дугаар сарын 20-ны Авто зам хяналт, эрдэм шинжилгээний төвд ЗТЯ-с явуулсан албан тоот, 2013 оны 07 дугаар сарын 08-ны ЗТЯ ТНБД-н ажлын хэсэг байгуулах тухай тушаал, 2013 оны 06 дугаар сарын 24-ний Авто зам хяналт, эрдэм шинжилгээний төвөөс ЗТЯ-нд явуулсан албан тоот, 2013 оны 07 дугаар сарын 02-ны ЗТЯ-с дутуу ажлыг гүйцээх тухай Насны зам ХХК-д явуулсан албан тоот, 2013 оны 07 дугаар сарын 03-ны Авто зам хяналт , эрдэм шинжилгээний төвөөс ЗТЯ-нд явуулсан албан тоот, 2013 оны 06 дугаар сарын 21-ний Төсөвт тусгаагүй ажлын тоо хэмжээ, 2013 оны 05 дугаар сарынн 30-ны Ажлын талбайн уулзалтын тэмдэглэл, 2013 оны 10 дугаар сарын 14-ний ЗТЯ-с Авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төвд тоо хэмжээг хянах тухай албан тоот, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны ЗТЯ-с Чайна гео ХХК-д явуулсан барилгын ажлын гэрээний нэхэмжлэлийн тухай, 2013 оны 12 дугаар сарын 12-ны Авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төвөөс ЗТЯ-нд албан тоот, 2014 оны 07 дугаар сарын 31-ний Авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төвөөс ЗТЯ-нд Техникийн үзүүлэлт, чанар байдлын судалгаа хийлгэх тухай албан тоот, 2015 оны гэрээ дүгнэсэн акт, Лабораторын сорилтын дүн, Асфальтбетон хольцын дээжний шинжилгээний дүн, Асфальтбетон хольцын орц мөрдөлтийн шинжилгээний дүн, Далан суурийн материалын шинжилгээний дүн, Далан суурийн материалын шинжилгээний дүн, Хөрсний урсалт уян налархайн хязгаарыг тодорхойлох, Далан суурийн материалын шинжилгээний дүн, Хөрсний урсалт уян налархайн хязгаарыг тодорхойлох, Ачаа даацын харьцаа, Далан суурийн материалын шинжилгээний дүн, Лабо ХХК-ийн хөндлөнгийн дүгнэлт, Гүйцэтгэлийн баталгааны маягт, Тендерийн маягт, Гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны тайлан,  Хяналтын инженерүүдийн зардал, Зарлагын баримт, Орон сууц хөлслөх гэрээ, Нэмэлт ажил гүйцэтгэсэн зөвшөөрөл, шинжээчийн дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам нь хариуцагч “Ч г и к” ХХК-д холбогдуулан авто зам ашиглалтад оруулахад шаардлагатай 10,945,921,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа ихэсгэж, 22,498,896,382 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч “Ч г и к” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, санхүүжигдээгүй үлдсэн төлбөр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 3,610,326,606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргасан.

 

Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гүйцэтгэгч “Ч г и к” ХХК нь замын ажлыг заасан хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр тохирсон материалаар гүйцэтгээгүй, шаардлага хангахгүй битумаар замын суурь хучилтыг хийснээс улбаалан зам торон хагарал үүсч, эвдэрсэн. Уг 50 км замыг засварлаж, ашиглалтад оруулах зардлыг доголдолтой ажил гүйцэтгэсэн “Ч г и к” ХХК-иар хариуцуулна” гэж,

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Замын далангийн ажлыг “Н з” ХХК гүйцэтгэхдээ доголдолтой гүйцэтгэснээс дээр нь дэвссэн хучилтын ажилд нөлөөлж замын хагарал үүссэн. Уг доголдол нь манай компанийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс шалтгаалаагүй. Гэрээгээр тохирсон ажлын хөлснөөс дутуу олгосон мөнгөн хөрөнгө болон манай компани өөрөөсөө зардал гаргаж замын ажлын засварын мөнгийг гаргуулна” гэж тус тус тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Зохигчид 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 83 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Ч г и к” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам /хуучин нэрээр Зам, тээврийн яам/ нь уг ажлыг нийт 12,565,164,875.36 төгрөгөөр санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Дээрх 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 83 дугаартай гэрээний хугацааг талууд сунгаж, Зам, тээврийн яам, Чайна гео инженеринг корпораци ХХК, санхүүжүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банк нар 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр С-АЗ-Б 2014-135/163 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулан, уг гэрээгээр замын ажлын нийт санхүүжилт болох 12,565,164,875.36 төгрөгөөс 6,789,600,000 төгрөгийг Монгол Улсын Хөгжлийн банк нь олгох, гүйцэтгэгч нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор замыг ашиглалтад оруулахаар, тохиролцжээ. /1-р хх-5-35, 136-154, 3-р хх-578-601, 611-630/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр Зам, тээвэр, хот байгуулалтын яам /хуучин нэрээр/ нь “Н з”ХХК-тай 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Н з” ХХК нь уг ажлыг буюу замын далангийн ажлыг 2010 оны 10 дугаар сар хүртэл барьж гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, гэрч Ч.Б-ийн мэдүүлэг, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн авто зам, гүүрийн барилгын ажлын 2010 оны гэрээ дүгнэсэн акт, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон. /5-р хх-1167-1188, 1196-1223, 6-р хх-1473-1476, 7-р хх-1538-1542, 9-р хх-2050-2054/

 

Ингээд замын барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр Худалдан авах ажиллагааны газраас нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж, уг тендерээр “Ч г и к” ХХК шалгарч, З, т я-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлаас “Н З” ХХК-ийн гүйцэтгээгүй үлдсэн ажил болох чулуун суурь, асфальтобетон хучилт, замын тоноглолын ажлуудыг гүйцэтгэхээр тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон. /1-р хх-155-161, 4-р хх-911-917/

 

Хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр С-АЗ-Б 2014-135/163 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч “Ч г и к” ХХК-ийн гүйцэтгэх ажлыг “...Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил...” гэж ерөнхий байдлаар тохирсон байх боловч хийвэл зохих ажил нь “...замын чулуун суурь, асфальтобетон хучилт, замын тоноглолын ажил...” болох үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарладаг.

 

Гүйцэтгэгч “Ч г и к” ХХК-д захиалагч Зам, тээврийн яамнаас нийт 10,961,462,593 төгрөгийн санхүүжилтийг 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хооронд тодорхой үе шаттайгаар ажлын гүйцэтгэлийг нь шалгаж, тухай бүр нь хянасны дагуу олгож байжээ. Талууд уг үйл баримтад маргаагүй, хэн аль нь тайлбарладаг, энэ талаархи төлбөрийн тооцоо нийлсэн акт, мөнгөн шилжүүлгийн баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. /1-р хх-105, 4-р хх-962-976/

 

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын чулуун суурь, асфальтобетон хучилт, замын тоноглолын ажлуудыг гүйцэтгэгч “Ч г и к” ХХК нь гүйцэтгэж байх явцад 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн замд томилолтоор ажилласан тайланг үндэслэн З, т яны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 03/2507 дугаартай албан бичигт “...гэрээт ажил гүйцэтгэх явцдаа технологийн болон техник алдаа гаргаж гүйцэтгэсэнг засварлах тухай удаа дараа мэдэгдэл өгсөн боловч алдаа дутагдлаа үл зөвшөөрч, илэрсэн зөрчлийг арилгаагүй байгаа тул ГЕЗ-ын 14.2.1а заалт /Гэрээний 14.1-д заасны дагуу мэдэгдэл авсан ч гаргасан алдаа, зөрчил, доголдлыг заасан хугацаанд арилгаагүй, үүргээ биелүүлээгүй/-ыг үндэслэн гэрээ цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна”  гэж гэрээ цуцлах мэдэгдэлийг “Ч г и к” ХХК-д хүргүүлжээ. /1-р хх-ийн 36-48/

 

Гэрээний талууд дээрх албан бичгийн дагуу ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй авто зам, гүүрийн барилгын ажлын гэрээг дүгнэсэн акт үйлдсэн байна. /1-р хх-239/

 

Зохигчид гэрээ цуцалсантай холбоотойгоор авто зам, гүүрийн барилгын ажлын гэрээг дүгнэсэн актаар барилгын ажлын талбайг чөлөөлж үлдэгдэл ажлын тоо хэмжээ, зардлын тооцоог гаргах ажлын хэсгийг байгуулан үлдэгдэл ажлыг актаар хүлээлцэж эцсийн тооцоог хийхээр шийдвэрлэсэн хэдий ч захиалагч нь үлдэгдэл ажлын тоо, хэмжээ, зардлын тооцоог гаргах ажлын хэсэг байгуулаагүй, үүнтэй холбоотой акт үйлдээгүй, үлдэгдэл ажлыг актаар хүлээлцээгүй байна. Талууд уг үйл баримтад маргаагүй, хэн аль нь тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь 50 км авто замын суурийн ажлыг хариуцагчийг бүхэлд нь гүйцэтгэсэн үйл баримтад маргаагүй боловч уг ажлыг доголдолтой гүйцэтгэсэн тул ажлын үр дүнг хүлээн аваагүй, ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгавраас хангалтгүй биелүүлсэн, ажлын үр дүнгийн чанар хангуулахаар хугацаа олгосон боловч үр дүн гараагүй гэж тайлбарласан.

 

Зохигчдын хэн алинаас нь хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн Зам, тээврийн яам /хуучин нэрээр/-ны Автозамын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн ахлах мэргэжилтэн Ц.Б-аас 2014 онд гаргасан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км асфальтбетон хучилттай автозамын техникийн үзүүлэлт, чанар байдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайланд “...торон хагаралтай гарсан хэсгүүдийн далангийн материалыг техникийн шаардлагад нийцсэн материалаар солих шаардлагатай, торон хагарал үүссэн хэсгүүдэд нэмж 3 см асфальбетоноор хучих шаардлагатай” болохыг тогтоож байсан байна. /1-р хх-36-46, 165-175, 3-р хх-556-561, 687-756, 4-р хх-757-788/

 

Уг тайлангийн дагуу гүйцэтгэгч “Ч г и к” ХХК нь торон хагарал үүссэн хэсгүүдэд нэмж 3 см асфальбетоноор замыг хучих ажил гүйцэтгэсэн боловч дахин торон хагарал үүсч, зам эвдрэл үүссэн байна.

 

Гүйцэтгэгч “Ч г и к” ХХК-иас маргааны зүйл болох 50 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэж байх явцдаа “Н з” ХХК-ийн гүйцэтгэсэн замын далангийн ажил нь чанарын шаардлага хангахгүй, уг далангийн ажил дээр чулуун суурийн болон асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа талаар захиалагч Зам, тээврийн яаманд удаа дараа албан бичиг хүргүүлсэн байна. Тодруулбал уг албан бичгүүдэд “...далангийн суурь үеийн давхаргад хөлдөлтөөс хамгаалах үе стандартад нийцэхгүй, даланг солих шаардлагатай, зарим хэсэг замын шорооны хэмжээний хангалтгүй байгаа тохиолдолд бид үйл ажиллагаа явуулах боломжгүй байна” гэж удаа дараа мэдэгдэж байжээ. /1-р хх-ийн 107-134, 177, 193-219/

 

Мөн Зам, тээврийн яамны 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3/3977 тоот албан бичгээр “Н з” ХХК-д дутуу ажлыг гүйцээх тухай мэдэгдсэн байна. /1-р хх-226-227, 5-р хх-1135-1139/

 

Гүйцэтгэгч нь захиалагчид замын ажлын далан нь чанаргүй гүйцэтгэгдсэнээс шалтгаалан цаашид гүйцэтгэх суурийн ажлын чанар байдалд муугаар нөлөөлөх талаар удаа дараа мэдэгдсээр байтал захиалагч нь энэ талаар арга хэмжээ аваагүй, үргэлжлүүлэн замын суурийн ажлыг гүйцэтгэхийг даалгаж, ажиллуулсан байна.

 

Захиалагч нь гүйцэтгэгчид нийт 10,961,462,593 төгрөгийн санхүүжилтийг тодорхой үе шаттайгаар олгох үедээ санхүүжилтийн хүсэлтийг үндэслэн захиалагч болон захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн байгууллага хэн аль нь зөвшөөрч, хянасны дагуу олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Дээрх 10,961,462,593 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгчид 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр хэсэгчлэн олгох үедээ ажлын үр дүнг чанарын шаардлага хангасан байдлаар гүйцэтгэж байгаа эсэх талаар хяналт тавьж, үр дүнд нь тохирсон санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэж, ажлын үр дүнгээс хамаарч санхүүжилтийн зөвшөөрлийг олгож ирсэн байна.

 

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Г-о-ын 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 07/096/210 албан тоот дүгнэлтэд “...Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км автозамын асфальтбетон хучилт, буталсан суурь болон суурийн доод үеийн далангийн материалаас дээж авч лабораторид туршилт шинжилгээ хийхэд ПК93+100, ПК94+450, ПК80+630-ийн далангийн материалын урсалтын хязгаар 35%, уян налархайн индекс 6%-иас их, ачаа даацын харьцаа 30%-иас бага байгаа нь замын тус хэсэгт зураг төсөл, техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажил гүйцэтгэгдсэн нь торон хагарал үүсч, эвдрэл гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэжээ. /1-р хх-ийн 182-185/

 

Мөн Зам, тээврийн хөгжлийн төвийн ТӨҮГ-ын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/451 дүгээр албан бичгээр ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж, хүргүүлсэн байх ба уг дүгнэлтэд “...Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамд хийсэн талбайн 700 гаруй, ажлын хэсгийн 40 гаруй лабораторийн туршилт шинжилгээний дүнгээр далангийн үзүүлэлтийн материал нь 10-45 хувийн шаварлаг, уян налархайн индекс 7-22 хувь байгаа нь техникийн шаардлагад уян налархайн индекс 7-оос бага байна гэснийг зөрчсөн, 60-100 см гүнд хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурийг хамт солих, асфальбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгэх шаардлагатай” гэжээ. /1-р хх-187-191/

 

 Монгол Улсын Зам, тээврийн яамны 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 06/1699 дүгээр албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн төв УТҮГ-т Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын ажлын эвдрлийн шалтгаан зэргийг шинжээч томилох замаар тогтоох үүрэг өгсөний дагуу Зам, тээврийн хөгжлийн төв УТҮГ-ын даргын тушаалаар хөндлөнгийн шинжээч Ч.Л-ыг томилсон байна. /2-р хх-258-260/

 

Шинжээч Ч.Л-с гаргасан дүгнэлтэд “...Насны зам компани, хяналт хийсэн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж шавартай шаваргүй материалыг ялгаж салгаж чадахгүй 10-45%-ийн шавар агуулсан материалаар далангийн дүүргэлт хөлдөлтөөс хамгаалах үеийг барьсан. Үүнийг талбайн 700 гаруй шинжилгээ, ажлын хэсгийн 30 гаруй шинжилгээг үндэслэн гаргаж байна. Уян налархайн индекс техникийн шаардлагад 7 буюу түүнээс бага гэж заасан боловч туршилтын дүнгээс харахад уян налархайн индекс нь 7-24 байгаа нь даруй байх ёстой үзүүлэлтээс 3-4 дахин их шавартай материалаар хийгдсэнийг харуулж байна, хяналтын инженерийг тогтвор суурьшилтай ажиллуулаагүй, далан, хөлдөлтөөс хамгаалах үе нь бүрэн солилт хийгээгүй хэсгүүдэд дахин эвдрэх магадлал ихтэй байна” гэжээ. /2-р хх-261-500, 3-р хх-501-525, 4-р хх-977-988, 5-р хх-1005-1021/

 

Мөн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай автозамын чанар байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн товч танилцуулгад “...2008 оны 10-р сарын 18-наас 2008 оны 10 дугаар сарын 31-ний хооронд материалын инженер Сэлэнгээ, хяналтын инженер Мөнхцэцэг нар нь даланд хэрэглэгдэх материалуудын шинжилгээг бүрэн гүйцэд хийгээгүй, ачаалал даах чадварын туршилтыг огт хийгээгүй баталгаажуулсан байна. Шинжилгээнүүд алдаатай хийгдсэн учир шаварлаг материал далангийн дүүргэлтэд хийгдсэн байна. Карьер №1-№10-д Сэлэнгээ инженерийн баталгаажуулсан карьеруудын шинжилгээний дүн давхацсан, туршилт хийгээгүй зөвшөөрөл өгсөн байна. Сэлэнгээ инженер ул хөрс дурандсан зөвшөөрөл өгсөн боловч дурандлагын материал байхгүй, зөвшөөрлийн хуудсанд байрлал тодорхойгүй байна, 2009 онд Хяналтын материалын инженер Тогоомаа, геодезийн инженер Өлзийсайхан нар нь 2009 оны 8 дугаар сарын 11-нээс 9 дүгээр сарын 29-ний хооронд далангийн дүүргэлтийн 1-р үе, 9-р сарын 17-ноос 20 хүртэлх нягт шалгасан дүн, ПК 79+725км- ПК 97+325км хүртэл 20 гаруй карьер нээсэн дүн зэрэг нэлээд олон шаардлага хангаагүй гүйцэтгэгчийн алдаатай хийсэн шинжилгээнүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан байна, 2010 онд Д.Уранчимэг инженер ПК71+000км-ПК73+000км-т далангийн дээд үеийн нягтыг 1,910-1,955г/см2 байхаар тооцож материалын бүрэн шинжилгээ хийхгүйгээр баталгаажуулсан байна, Ц.Б, Д.У, Ө инженерүүд туршилт хийхгүйгээр далангийн үеүдийн зөвшөөрлийг 1-3 км-ээр шууд гарын үсгээр баталгаажуулан өгч байсан байна, С.Э инженер ПК88+225км-ПК100+000км-т материалын нягтыг туршилтаар 2,098 г/см3 гаргасан боловч талбай дээрх нягтыг 1,840г/см3 байхаар тооцож материалын бүрэн шинжилгээ хийхгүйгээр баталгаажуулсан байна. Мөн ПК89+000км-ПК92+000км-т туршилтын дүн байгаа боловч нягт шалгасан дүн байхгүй баталгаажуулсан байна, С.Э инженер 2010 оны 8 дугаар сарын 14-15-нд туршилт хийхгүйгээр зөвшөөрөл өгсөн байна гэж дурджээ. Улмаар уг ажлын хэсгийн дүгнэлтээр зам барилгын ажлын явцад технологийн горим зөрчсөн, нягтруулалт хангалтгүй, хөлдөлтөөс хамгаалах үе болон даланд шаварлаг материал орсон, чигийн агууллага шаардагдах хэмжээнээс их, асфальтбетон хучилтын зузаан зарим хэсэгт хангалтгүй зэрэг нь тухай авто замын хучилт эвдрэх шалтгаан болсон”  гэж дүгнэжээ. /4-р хх-ийн 978-983/

 

Түүнчлэн шүүхээс томилсон шинжээч ““Х ү т” ” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан дүгнэлтэд “...2021 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд шинжээч Р.З, Л.О, Я ХХК-ийн лабораторын эрхлэгч З.Э, замын инженер Н.Б, замчин Н.Эж, Б., Ш.О, гэрээт ажилтан Р. нарын хамт газар дээр очин шаардлагатай газруудаас лабораторын шинжилгээнд өгөх дээжүүдийг авч ажилласан. “Ч г и к” ХХК нь гүйцэтгэсэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын буталсан чулуун суурь, асфальтбетон хучилт хийсэн байна. Тус компанийн хийсэн буталсан чулуун суурь нь лабораторийн шинжилгээний дүгнэлтээс харахад техникийн шаардлага хангаж байна. Асфальтбетон хучилт нь байнга элэгддэг үе бөгөөд ашиглалтад ороод 7 жил болсон тул асфальтбетон хучилтад дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд асфальтбетон хучилтаас авсан 6 цэгийн корын шинжилгээний дүгнэлтээс харахад асфальтбетон хучилтын нягтралын хувь ПК77+000-оос бусад цэгт техникийн шаардлага хангахгүй байгаа нь хучилт дэвсэх үеийн технологийн горим зөрчигдсөн байх магадлалтай байна. 50 км хатуу хучилттай замын ажилд тухайн үед ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 90/110-тай битумыг одоо шинжлэх боломжгүй байна. Тухайн үед ашигласан битум нь техникийн шаардлага хангаж байсан тухай лабораторийн шинжилгээний дүгнэлттэй байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн 90/110-тай битумын дээжийг авчирч лабораторийн шинжилгээнд хамруулахад техникийн шаардлага хангаж байна.” гэжээ. /8-р хх-1744-1981/

 

Шүүх хуралдаанд шинжээч нар дүгнэлтээ тайлбарлахдаа “...Уг ажлын явцад хамтарч ажиллах лаборатори, инженерүүд олдохгүй байсан. Учир нь бүгд Зам тээврийн яамнаас айдаг, дүгнэлт гаргахаар ажиллавал цаашид тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй, тендерт оролцуулахгүй байх зэргээр дарамт ирэхээс айгаад байсан. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын барилгын ажилтай холбоотой дүгнэлт гаргахад маш их хүндрэлтэй байсан ба зориг гаргаж Я ХХК-ийн лабораторын эрхлэгч З.Э, замын инженер Н.Б, замчин Н.Э, Б.Ө, Ш.О, гэрээт ажилтан Р.Л нар мэргэжлийн түвшинд хамтарч ажилласан.

 

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын барилгын далангийн ажлыг гүйцэтгэхдээ хөлдөлтөөс хамгаалах үе хийгээгүй, шавар агуулсан материалаар далангийн дүүргэлт хийснээс нягтруулалт хангалтгүй, чийгийн агууллага шаардагдах хэмжээнээс их байна. Далангийн ажлыг ийм байдлаар доголдолтой гүйцэтгэснээс улбаалан дээр нь дэвссэн суурийн хучилтын ажилд торон хагарал үүсэх, эвдрэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Даланд хөлдөлтөөс хамгаалах үе байхгүй, нягтрал муу хийснээс зам доошоо суулт өгч дээр нь байгаа суурийн ажил хагарах үндэслэл болсон байсан. Биднийг газар дээр очиж ажиллах үед замын даланг мэрэгч амьтан ухаж орсон байсан. Зохих журмын дагуу даланг шаваргүй материалаар нягтрал сайтай гүйцэтгэсэн бол мэрэгч амьтан ухах боломжгүй байдаг. Замын эвдрэл үүссэн болон үүсээгүй байгаа хэсгүүдэд ухаж дээж авч үзэхэд эвдрэл үүссэн байгаа хэсгүүдийн доод хэсэг нь шаварлаг ихтэй, хөлдөлтөөс хамгаалах үе байхгүй байсан. БНХАУ-д үйлдвэрлэсэн 90/110 битум нь замын ажлын доголдолд нөлөөлөхгүй. Бид 90/110 битумыг лабораторт шинжилж үзэхэд замын хучилтын ажилд чанарын шаардлага хангаж байсан. Зам бүхлээрээ эвдрээгүй, хэсэг газарт л эвдэрсэн байсан. Битумаас болж эвдэрсэн байсан бол бүхэлдээ эвдрэх байсан. 50 км хатуу хучилттай замын далангаас авсан дээжийн материалын лабораторийн дүгнэлтээс үзэхэд хатуу хучилттай замын ажлын доголдол даланг чанаргүй гүйцэтгэснээс болсон байна. Замыг суурийн, элэгдлийн үе гэж ангилдаг. Би дээж авч алинаас нь эвдрэл болсонг үзэхэд эвдэрч буй хэсэг нь технологийн дагуу хийгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл далан дотор шаварлаг хөрс орохгүй байх ёстой байтал орсон байсан. Энэ нь ус ороод, шавар хөөж, зам эвдрэх нөхцөл үүсгэсэн. Хүнд даацын машин тус замаар явахад замын 2 талаар шороо шахагдаж гардаг. Муу хэсэгтээ хөлдөлтөөс хамгаалах үеийг хийгээгүй байсан. Тиймээс бид далан муу гэх дүгнэлтийг гаргасан” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь замын ажлын доголдол үүсэх болсон шалтгаан нь хариуцагч нь замын суурийн ажлыг 90/130 хэмжээтэй битумаар гүйцэтгэх байтал 90/110 хэмжээтэй битумаар гүйцэтгэснээс зам эвдэрч, торон хагарал үүссэн гэж маргадаг хэдий ч шинжээчийн дүгнэлтээр 90/110 битум нь замын суурийн ажил гүйцэтгэх чанарыг хангах болох нь тогтоогдсон. Замд үүссэн эвдрэлүүд нь битумаас улбаалж үүсээгүй, замын далангийн ажлыг чанаргүй гүйцэтгэснээс шалтгаалж үүссэн болох нь тогтоогдсон.

 

Маргааны зүйл болох замын далангийн ажлыг гүйцэтгэсэн “Н з” ХХК болон замын ажлыг үргэжлүүлэн гүйцэтгэсэн “Ч г и к” ХХК нарын хооронд ажил хүлээлцүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй. Гүйцэтгэгч “Ч г и к” ХХК-иас “Н з”ХХК-тай ажил хүлээлцүүлэх талаархи хүсэлтийг захиалагч З, т яд тавьсан боловч уг хүсэлтийг хүлээн аваагүй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх үйл баримт, бичгийн нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харьцуулан үзэхэд гүйцэтгэгч ”Ч г и к” ХХК-ийг гэрээний зүйл болох авто замын хучилтын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна. Гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-ийн а-д заасан үүргээ хэрэгжүүлсэн буюу захиалагчид замын ажлын далан нь чанаргүй гүйцэтгэгдсэнээс шалтгаалан цаашид гүйцэтгэх суурийн ажлын чанар байдалд муугаар нөлөөлөх талаар удаа дараа мэдэгдсээр байтал захиалагч нь замын суурийн ажлыг гүйцэтгүүлсэн, ажлын гүйцэтгэлийг нь шалгаж, тухай бүр нь хянасны дагуу санхүүжилтийг олгосон байдал, нэхэмжлэгчийн өөрийн томилсон байгууллагуудаас гаргасан дүгнэлт, шүүхийн журмаар томилсон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар хариуцагчийн шууд буруутай үйлдлийн улмаас замд эвдрэл үүссэн гэж үзэх боломжгүй байна.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь замын ажлыг дахин шинээр гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг гүйцэтгэхэд гарах зардал гэж 22,498,896,382 төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газраас  Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын шинэчлэлтийн ажлын төсөвт өртөг 22,498,896,382 төгрөг болохыг гаргажээ. /9-р хх-2000-2027/

 

Уг төсвийг гаргасан төсөвчин М.Г-Э нь тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, энэ талаархи баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүйн дээр уг төсвөөс үзэхэд зарим үг, өгүүлбэрийн үсгийн фонд танигдахгүй, цалингийн нэгтгэл, барилгын материалын үнийн дүнг гаргахдаа зах зээлийн үнийн дүнгийн харьцуулсан судалгаагүй, ерөнхий байдлаар гаргасан байна. Хэдийгээр уг төсвийн тайлбар бичигт ямар дүрэм, зааврыг үндэслэн гаргасан болох, барилгын материалын үнэ ханшийг сайт болон бусад материалын үнийн мэдээллийн сэтгүүлд үндэслэн тооцов гэж дурдсан байх боловч ямар зах зээлийн хэдэн төгрөгийн үнэ ханшийг ямар сэтгүүлийн аль үнэтэй харьцуулж судалж гаргасан болох нь тодорхойгүй байна.  Иймд уг төсвийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т “захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч З, т х я-ны нэхэмжилж буй замын ажлын шинэчлэлт хийхэд шаардлагатай гэх 22,498,896,382  төгрөгийн мөнгөн хөрөнгө нь замын ажлыг засварлахад бодитоор гаргасан зардал биш байна.   

 

Иймд нэхэмжлэгч З, т х я-с хариуцагч “Ч г и к” ХХК-д холбогдуулан гаргасан замын ажлын шинэчлэлт хийхэд шаардлагатай гэх 22,498,896,382 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:  

Хариуцагч ”Ч г и к” ХХК нь ажлын гологдол өмнөх компанийн ажлаас хамааралтай байсан боловч захиалагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу асбальтын зузаан хангалтгүй цэгт асбальт дэвссэн, торон хагарал үүссэн газарт дахин хучилт хийсэн ажлын зардалд өөрийн хөрөнгөөр 2013-2015 онуудад гүйцэтгэсэн ажлын хөлс 2,353,810,119 төгрөг, гэрээний дагуу санхүүжигдээгүй үлдсэн 10 хувь болох 1,256,516,487 төгрөг, нийт 3,610,326,606 төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулахаар шаардсан.

 

Талууд хариуцагч “Ч г и к” ХХК нь маргааны зүйл болох замын ажлын асбальтбетон зузааны хэмжээ хангалтгүй цэгт дахин 3 см зузаан асбальтбетон дэвссэн, торон хагарал үүссэн хэсэгт дахин хучилтын ажлыг гүйцэтгэсэн үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч З, т х я нь дээрх ажлыг дахин гүйцэтгэх болсон үндэслэлийг “...хариуцагч “Ч г и к” ХХК-ийн гүйцэтгэсэн замын суурийн ажлын асбальтбетон зузааны хэмжээ зарим газарт хангалтгүй байсан тул тухайн хэсэгт дахин асбальтбетон дэвсүүлсэн. Энэ нь гүйцэтгэгчийн ажлын үр дүнтэй холбоотой хийвэл зохих ажил” гэж маргасан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж, болон тээврийн хөлс/ хариуцана гэж заасан.

 

Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч “Ч г и к” ХХК нь замын чулуун суурь, асфальтобетон хучилт, замын тоноглолын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй ба нэмэлт хийсэн гэх ажил нь гүйцэтгэгчийн дээрх гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралтай буюу өөрийн гүйцэтгэвэл зохих ажлын доголдлыг арилгахтай холбоотойгоор замын суурийн асбальтбетоны зузааны хэмжээг нэмсэн ажил байна. Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д зааснаар өөрийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой засан сайжруулахад гарсан зардлыг гүйцэтгэгч “Ч г и к” ХХК өөрөө хариуцахаар байна.

 

Нөгөө талаар, хариуцагч “Ч г и к” ХХК нь дахин гүйцэтгэсэн ажлын зардалд өөрийн хөрөнгөөр 2013-2015 онуудад гүйцэтгэсэн ажлын хөлс 2,353,810,119 төгрөг зарцуулсан гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Нэмэлт ажлын гүйцэтгэх төсвийг зохиохдоо үнэлгээг хэрхэн тооцсон, захиалагч үнэлгээг зөвшөөрсөн болох нь баримтаар хөдөлбөргүй нотлогдохгүй байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтас, 217-219 дүгээр талд авагдсан “Ч г и к” ХХК-ийн үйлдсэн албан тоот, нэхэмжлэл гэх баримтад нэмэлт ажлын зардал 2,353,810,119 төгрөгийн мөнгөн хөрөнгө зарцуулагдсан гэж тусгагджээ. Уг баримтууд нь хариуцагч “Ч г и к” ХХК өөрөө үйлдсэн, санхүүгийн баримтаар баталгаажаагүй байна. Мөн хэргийн 235 дугаар  талд авагдсан Автозамын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хяналтын инженер Б.Б-с гаргасан гэх тооцоо нь хаана байрлах аль авто замын ажлын гүйцэтгэлд гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

 

Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн 6 дугаар хавтаст хэргийн 1400-1444 дүгээр талд авагдсан зарлагын баримтууд, шатахуун авсан зардал зэрэг баримтуудаар гүйцэтгэгч “Ч г и к” ХХК нь 2,353,810,119 төгрөгийн мөнгөн хөрөнгөөр нэмэлт ажлыг маргааны зүйл болох замд зарцуулж гүйцэтгэсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдохгүй, ийм хэмжээний үнийн дүнгүй байна.

 

Түүнчлэн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д зааснаар замын барилгын ажилтай холбоотой гарах аливаа нэмэлт ажил болон үнийн өсөлтийн зөрүүг нэмж санхүүжүүлэхгүй байхаар тохирсон байгааг дурдах нь зүйтэй.

 

Тухайн үеийн талуудын уулзалт, хурлын тэмдэглэлүүдээс үзэхэд гүйцэтгэгч “Ч г и к” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлаас “...хоолойн чулуун бэхэлгээний ажлууд хийгдээгүй, замын хөвөө болон тэмдэгтийг засварлах зэрэг  ажлууд” дутуу гүйцэтгэгдсэн талаар баримтад мэдээлэл агуулагджээ. /1-р хх-230-231, 4-р хх-ийн 988-992, 9-р хх-ийн 2031-2049/ Мөн З, т я захиалгаар маргаан бүхий замын ажилд Э С П С и  ХХК-иас гаргасан зохиогчийн хяналтын дүгнэлтэд “...хоолойн их биеийн бетоны бат бэхийн үзүүлэлт хангалтгүй, асфальтбетон хучилтад засвар хийх, хоолойн цагирагны арматуржилт, торны байрлал нь зурагт зааснаас өөр байна” гэж дүгнэсэн байна. /3-р хх-547-555, 631-686/ Эдгээрээс үзэхэд гүйцэтгэгч нь гүйцэтгэвэл зохих ажлыг бүрэн гүйцэтгээгүй байгаа атлаа ажлын үлдэгдэл хөлс 1,256,516,487 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Гүйцэтгэгч “Ч г и к” ХХК гүйцэтгэсэн ажлын үр дүнг заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөөгүй, зарим ажлыг дутуу гүйцэтгэсэн, нийт гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тоо хэмжээ гаргаж, ажлын үр дүнд талууд тооцоо нийлээгүй байгаа тохиолдолд захиалагчаас ажлын хөлснөөс барьцаа болгон суутган авсан 1,256,516,487 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

 

Иймд  дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас гаргасан нийт 3,610,326,606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Бусад:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч З, т х я-аас гаргасан хүсэлтийн дагуу шинжээчээр ““Х ү т” ” ХХК-ийг томилсон. Шинжээч дүгнэлтээ шинжээчээр ажилласан ажлын хөлс 120,000,000 төгрөгийн зардал гарсан талаарх баримтын хамт ирүүлсэн. Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлс 120,000,000 төгрөгийг хүсэлт гаргасан тал болох Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулж, шинжээч ““Х ү т” ” ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Шүүх 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2019/04576 дугаар захирамжаар талуудын маргааны зүйл болох авто замын ажлын чанарыг тодорхойлуулахаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон. /6-р хх-1383-1386, Томилогдсон шинжээч Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3/523 дугаар албан бичгээр шинжилгээ хийхээс татгалзсан хариу өгсөн. /6-р хх-1395/

 

Дахин тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2019/09238 дугаар захирамжаар шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон ШУТИС-ийн Барилга, архитектур сургуулийг хамтарсан бүхэлдэхүүнтэйгээр томилсон. /6-р хх-ийн 1486-1488/ Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10/3501 дүгээр албан бичиг, ШУТИС-ийн Барилга, архитектур сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/914 дүгээр албан бичгээр тус тус шинжээчээр ажиллахаас татгалзсан хариу ирүүлсэн. /7-р хх-1503, 1527-1528/

 

Ингээд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2020/20917 дугаар захирамжаар шинжээчээр Монголын авто замчдын холбоог томилсон. /7-р хх-ийн 1713-1714/ Шинжээч Монголын авто замчдын холбооноос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан хариу ирсэн.

 

Шүүх уг хэрэгт шинжээчээр ажиллах боломжтой этгээдийг нэг бүрчлэн судалж, зам барилгын ажлын техникийн тусгай мэдлэгтэй Авто зам гүүрийн инженер болох нийт 42 иргэн, байгууллага руу холбогдож, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар замын ажлын тусгай мэдлэгтэй эсэх, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй эсэх, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулахад бүгд оролцох боломжгүй гэх хариу өгсөн. /7-р хх-1718/

 

Шүүх дахин уг хэрэгт шинжээчээр ажиллах боломжтой этгээдэд хандаж, тэдгээртэй холбогдоход шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр  ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах ажиллагаа явуулж, ““Х ү т” ” ХХК-иас “...авто замын ажлын мэргэшсэн инженерүүдтэй хамтарч, зөвшөөрөлтэй лабораторид дээж өгч шинжилгээ гаргах боломжтой” гэх хариу өгсөн. Ингээд шүүх зохигчдоос ““Х ү т” ” ХХК-иар дүгнэлт гаргуулахад татгалзах зүйл байгаа эсэхийг тодруулахад татгалзахгүй байгаа болохоо мэдэгдсэн. /7-р хх-1724-1726/

 

Шинжээч ““Х ү т” ” ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 03, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд шүүхэд ирүүлсэн албан бичигт “...Зам тээврийн оролцсон маргаантай ажилд инженерүүд оролцохгүй байна, мөн замаас авсан дээжийг шинжлэх лаборатори Зам тээврийн яамны оролцож байгаа хэрэгт шинжилгээ гаргахгүй байна” гэх хариу өгсөн. /7-р хх-ийн 1733-1737/

 

Дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаанд хүндрэлтэй асуудал үүсдэг ба шинжээч ““Х ү т” ” ХХК нь инженер Л.О,  ХХК-ийн лабораторын эрхлэгч З.Э, замын инженер Н.Б, замчин Н.Э, Б.Ө, Ш.О, гэрээт ажилтан Р.Л нарыг оролцуулан хамтран дүгнэлт гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

 

Хэргийн 4-р хх-ийн 789-892 дугаар талд авагдсан 2007 онд Э С П С ХХК-иас гаргасан Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн хатуу хучилттай 100 км авто замын ажлын хэсгийн зураг нь талуудын маргааны зүйл болох автозам биш, хамааралгүй байх тул уг баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З, т х я-ны хариуцагч “Ч г и к” ХХК-д холбогдуулан гаргасан 22,498,896,382  төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч “Ч г и к” ХХК-ийн нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан 3,610,326,606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжт төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ч г и к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,367,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 120,000,000 төгрөг гаргуулж шинжээч “Х ү т” ХХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

                  ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                       Г.БЯМБАЖАРГАЛ