Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 25

 

Н.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00994/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1288 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.А-

                  Г.О- нарт холбогдох

“10.150.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Г.О-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Л-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Б.О-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч Н.Л-аас:

...Алтан салоны эзэн Ж.А- түүний нөхөр Г.О- нартай харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 сарын турш нэр төрлийн тавилга эд зүйл хийж өгсөн тухайн үед 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөг урьдчилгаа гэж өгсөн, үлдэгдлийг ажлаа бүрэн хийсний дараа үлдэгдэл болох 5.150.000 төгрөгийг авахаар амаар тохиролцсон. Гэтэл Ж.А-ийн нөхөр Г.О- надаас 5.000.000 төгрөг зээлээр өгсөн мэтээр нэхэмжилж урьдчилгаанд өгсөн 5.000.000 төгрөгөө Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дүгээр шийдвэр, 42 дугаар магадлал 00877 дугаар тогтоолоор Г.О- буцааж авсан. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Алтан салонд тохижилт хийсэн тухайгаа нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна гэж заасан. Салонд байгаа үсчний суудал, тек, буйдан сэргээх, шкаф, өлгүүр, лакны тавиур, ширээ, үсчний толь, хананд толь, маникурын ширээ, өлгүүр, төмөр хаалт, сандал, ягаан бор шүүгээ, цагаан ширээний наалт, сандал бүрэх, махны мод гутлын тавиур, хаяг, хаяг тогтоогч, хөшиг тогтоох гэж зэрэг ажлуудыг хийсэн Алтан салонд хийж өгсөн тохижуулсан тавилга эд зүйлийн үнэ болох 10.150.000 төгрөгийг хариуцагч Ж.А- Г.О- нараас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагаас:

Эд зүйл хийлгэсэн, одоо ашиглаж байгаа эсэх дээр талууд маргадаггүй, нэр төрөл дээр бол 13 гэж маргаж байна. Иргэний хулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцож хийж болдог. Талууд иргэний хуулийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй. Ажлын хөлс өгсөн гэдэг дээр баримт хэрэгт байхгүй байна. Энэ хүмүүс ажил хийлгэсэн бол хөлсөө төлөх үүрэгтэй шаардаж байна. Ажлын хөлс 3.800.000 төгрөгийн ажлын хөлс авсан. Цахилгааны зардал 232.000 төгрөг түрээсийн гэрээ 275.000, тээврийн зардал 300.000, усны зардал зэрэг орсон байгаа. Энэ зардлууд бол 49 нэр төрлийн зүйлийг хийж гүйцэтгэхтэй холбоотой зардал юм. Ажлын хөлс 3.800.000 төгрөгийн ажлын хөлс байгаа гэжээ.

            Хариуцагч Ж.А-, Г.О- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Н.Л- нь машины хэрэгцээ байна, зохих хувийн хүүтэй нь өгье гэж гуйж ирсэн. Хүү энэ тэр гэлгүй 5.000.000 төгрөг зээлж Н.Л- нь гарын үсгээ зураад түүнд мөнгө зээлдүүлсэн. Энэ мөнгөө авах гэж удаа дараа хөөцөлдөж өгөхгүй байсан тул шүүхэд хандан Н.Л-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүнийг шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай шийдвэр гарсан. Энэ мөнгө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд очсон байгаа ч одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. Энэ мөнгийг Г.О- авсан гэж худлаа нэхэмжлэлдээ бичжээ. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шүүх хурал дээр Н.Л- ярихдаа үсчний салоны тавилгыг хийж өгсөн. 5.000.000 төгрөгд бүх тавилгыг хийхээр тохирсон. Г.О- тавилга хийх явцад дутсан материалыг өөрөөсөө мөнгө гаргаж авч өгсөн байсан. Ж.А- гэж хүн эд зүйл хийлгээд мөнгөө төлөөгүй, төлбөрт нь миний эхнэр хүүхэд үсээ засуулж байсан гэж хэлж ярьж байсан. Гэтэл одоо гаргасан нэхэмжлэлдээ 10.150.000 төгрөгийн эд зүйл, тавилга хийж өгсөн. 5.000.000 төгрөг урьдчилгаанд нь авсан, бүх тавилгыг хийж дуусгаад 5.150.000 төгрөг авахаар амаар тохирсон гэж бичсэн нь худлаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Алтан салонд тавилга хийлгэж байсан ч мөнгийг дор дор нь өгч байсан. Гуйхаар нь түүнд 5.000.000 төгрөг зээлж байсан. Н.Л- нь хийж өгч буй тавилгынхаа мөнгийг аваагүй юм бол надаас 5.000.000 төгрөг зээлдэв гэж бичиж өгөх үү, баримттай үнэн зүйл ярих хэрэгтэй байх. Алтан салон, Очирзангийнхан гэсэн аж ахуйн нэгжүүдийн хооронд аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй. Иргэн Н.Л-аар тавилга хийлгэж байсан. Төлөх төлбөргүй гэжээ.

Хариуцагч Г.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 10 сард 24-р цэцэрлэгт Н.Л-ыг шкаф хийсэн байхыг нь харсан. Тэгээд гайгүй мужаан юм байна гэж бодоод танилцсан. 2014 оны 04 сараас түүгээр мужаан хийлгэхээр ярилцаад гэр болон Алтан салонд тавилга хийлгэсэн. Би барилгаа 2014 оны 12 дугаар сарын 31-нд хүлээлгэж өгсөн. Салон 04 дүгээр сарын 01-нд бүрэн ашиглалтад орсон. Энэ хүний ярьж байгаа худлаа байгаад байна. 43 нэр төрлийн зүйл хийсэн гэж яриад байдаг. Гэтэл 13 нэр төрлийн тавилга хийж өгсөн байдаг. Энэ талаар хавтаст хэргийн 82 дугаар хуудас дээр байгаа. Тухайн үед миний гар дээр маш их хэмжээний бэлэн мөнгө эргэлдэж байсан. 400 гаруй сая төгрөгтэй байсан. Тийм болохоор би тавилгын материалын мөнгийг нь тухай бүр өгөөд явж байсан. Би ажлын хөлс гээд 3 сая төгрөг өгөх гээд очтол Н.Л-ын эхнэр 5 сая төгрөг зээлээч гэхээр нь 2 сая төгрөг нэмээд эхнэрт нь 5 сая төгрөг зээлж байсан. Би бүх материалаа өөрөө авч өгч байсан. Би ажлын хөлсөнд нийт 3.134.600 төгрөг 2015 оны 03 дугаар сарын 28-нд өгсөн. Энэ талаарх баримт байхгүй. Дандаа бэлэн мөнгө өгч авч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 04 сард Алтан солон ашиглалтад орсон. Нийт 13 нэр төрлийн эд зүйлийг хийлгэсэн байсан. Үнэ хөлсийг нь тухай бүр өгсөн. Ажлаа хийж эхлэхэд материал байхгүй байсан тул хийлгэсэн зүйлийн материалыг Г.О- өөрийн зардлаар авч өгсөн байсан. Тухайн үед ийм маргаан үүснэ гэж бодоогүй учир баримтыг аваагүй байдаг. Н.Л- нь Алтан салонд 13 нэр төрлийн эд зүйлийг хийсэн гэсэн боловч 49 нэр төрөл гэж нэхэмжлээд байгаа. 13 нэр төрлийн зүйл л хийж өгсөн. 2014 оны 03 дугаар сарын 04 өдөр Н.Л-ын эхнэр 5 сая төгрөг зээлж байсан байдаг. Энэ 5 сая төгрөгөө Г.О- нэхэмжлэх үед нь би 13 нэр төрлийн зүйл хийж өгч байсан гэдэг боловч одоо 49 төрлийн эд зүйл хийж өгсөн гээд 10.500.000 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Энэ тавилгын үнэд бараа материалын зардал, дулааны зардал болон тээврийн үнэ байгаа гэсэн боловч яг тухайн зардал хэдэн төгрөг болсон талаар тодорхойлогдохгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1288 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ж.А-, Г.О- нараас 5.205.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож, 4.944.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 177.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-, Г.О- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 98.235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4775 дугаартай шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний үйлчлэл дуусгавар болсныг дурдаж, хариуцагч Ж.А- /РД: ТБ68113062/, Г.О- /РД: ТЗ68092872/ нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нээхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.О- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

1.Шүүх хуралдаан дээр миний үг хэлэх тайлбар гаргах эрхийг хязгаарлаж тэгш эрхтэй байдлаар мэтгэлцүүлээгүй миний эрх ашгийг хохироож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйл, 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг тус тус зөрчин дуу хоолойгоо өндөрсгөн загнаж байсан.

2.нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд 29 нэр төрлийн тавилга нь яагаад 43 нэр төрлийнх болоод 5.000.000 төгрөг нь яагаад 1 дахин нэмэгдэх болсон нь огт ойлгомжгүй байгаа.

“Аптан Салон”-д 43 нэр төрлийн тавилга хийгээгүй, тийм хэмжээний тавилга ч одоо салонд байхгүй юм. Үүнийг үнэлгээ гаргахаар очсон үнэлгээний газрын үнэлгээчин үнэлгээ гаргахаас татгалзсан татгалзалдаа тодорхой дурдсан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага татгалзлаа нотлохын тулд “Аптан Салон”-д хийсэн гэх 43 нэр төрлийн тавилга байгаа эсэхийг нотлуулан тогтоолгохоор үзлэг хийлгэх хүсэлт гаргахад анхан шатны шүүх хүлээж аваагүй.

3. Нэхэмжлэгч өөрийн зардлаар материал авч тавилга хийсэн болохоо нотлох зорилгоор хэрэгт он сар гарын үсэггүй, бараа материал хэн худалдаж авсан болох нь тодорхойгүй зарлагын баримт гаргаж өгсөн байсан. Сүүлд 2015 онд худалдаж авсан материалын баримт гэж хэдэн хуудас зарлагын баримт хавсарган өгсөн байсан нь хуурамч 2015 оны үйл ажиллагаа худалдан авалт хийснээ нотлох гэж байж 2017 онд шинэчлэгдэж батлагдсан зарлагын баримтыг нотлох баримт болгож өгсөн байсныг үнэлж шүүгч шийдвэрээ гаргасан.

Мөн бидний татгалзлыг зөв тогтоож тодорхойлж чадаагүй. Бид тодорхой нэр төрлийн тавилга хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч үнэ хөлсийг нь өгсөн гэж байгаа ч 43 нэр төрлийн тавилга хийлгэсэн ашиглаж байгаа гэж хэлээгүй байхад 43 нэр төрлийн тавилга хийх гэсэн гэрээн дээр маргаагүй гэж үндэслэлгүй зүйлчлэл хийсэн.

2015 онд бид мөнгөтэй байсан учраас өөрсдөө материалаа худалдан авч тээвэрлэн Н.Л-ын ажлын байранд хүргэн өгч байсан. Тавилга хийгдээд аваад ирэх бүрд нь үнэ хөлсийг нь төлөөд явуулж байсан. Тэр үед Н.Л- өөрийн зардлаар материал авах байтугай машинаа барьцаанд тавиад алдах хэмжээнд хүрч надаас 5.000.000 төгрөг зээлж авч машинаа барьцаанаас суллаж авч байсан.

Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлж шийдвэр гаргаж чадаагүй учир эхнэр бид 2 маш их гомдолтой байгаа. Хожим ийм маргаан гарна гэж бодоогүй учраас мөнгө өгч байсан баримтгүй. Шүүх ямар баримтыг үндэслэн Н.Л- 43 нэр төрлийн ажил үүрэг гүйцэтгэж бидэнд хүлээлгэн өгсөн гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.2-т зааснаар  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч Л.Л- хариуцагч Ж.А-, Г.О- нарт холбогдуулан ажлын хөлс 10.150.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нар “...ажлын хөлсийг тухай бүрт төлж байсан, материал дутахад өөрөө  материалаа гаргаж байсан, төлөх төлбөргүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

            Шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, нэр бүхий  43 нэр төрлийн  эд зүйлийн  үнийг  5.205.000 төгрөгөөр  тогтоон  хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн  зарим хэсгийг нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна.

            Зохигчид нь тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар  маргаагүй,  харин ажлын хөлсийг хэрхэн тохиролцсон болон, гүйцэтгэсэн ажлын хэмжээний  талаар  маргажээ.

            Нэхэмжлэгч нь 43 нэр төрлийн ажил хийснээр тооцож, ажлын хөлсийг 10.150.000 төгрөг гэж, хариуцагч нь 13 нэр төрлийн  ажил хийлгэсэн, ажлын хөлсөнд 3.134.600  төгрөг төлсөн  гэж  өөр өөрөөр тайлбарлаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг  нотолж, гэрэл зураг, хийсэн эд зүйлийн жагсаалт, зарлагын баримтууд  ирүүлсэн байх ба хариуцагч  нар маргаснаар  нэхэмжлэгчээс  шинжээчийн  дүгнэлт гаргуулж, үнэлгээ  тогтоолгох хүсэлт гаргасан Үүнд: “Арлын ам” ХХК, “Капитал зууч” ХХК, Цэгц Үнэлгээ  ХХК-ийг шинжээчээр томилсон боловч дүгнэлт гаргаагүй  байна.

            Харин шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын  17-ны өдрийн  89 дүгээр шийдвэртэй Г.О-ын нэхэмжлэлтэй хэрэгт Н.Л-ын тайлбарт  дурдсан 5.205.300 төгрөгийн хэмжээг  үндэслэл болгосон  байна.

            Иргэний хуулийн  344 дүгээр зүйлийн  344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд  тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий  байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож  хөлс  төлнө гэсэн  зохицуулалтад  шүүхийн  шийдвэрийг нийцээгүй  гэж  үзэхээр  байна.

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ  хөндлөнгийн  эрх бүхий байгууллагын  жишиг үнийг  эсхүл зах зээлийн дундаж үнэлгээг  харгалзаагүй нь буруу болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч эсхүл шүүх  өөрөө эд хөрөнгийн үнэ тогтоох  боломжгүй  юм.

            Хөрөнгийн үнэлгээ тогтоох нь шүүхийн шинжилгээний нэг төрөл бөгөөд  хөрөнгийн үнэлгээг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр  тогтоосон хугацаа, нөхцөл шаардлагын дагуу эрхлэн явуулдаг журамтай ба тусгай зөвшөөрөлгүй этгээдийг шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргуулах нь  хуульд нийцэхгүй  юм.

            Шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2828,  8 дугаар сарын  27-ны өдрийн 3757, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4234 дүгээр захирамжид  заасан шинжээчээр хөрөнгийн үнэлгээ тогтоолгох дүгнэлт гаргуулах шийдвэр биелэгдээгүй  байгаа нь энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шүүх хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

            Шинжээч “Арлын ам” ХХК Ч.Рашаандаваа, шинжээч Цэгц Үнэлгээ ХХК-ийн  захирал А.Мөнхцэцэг  нараас  шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжээчийн  дүгнэлт  гэж үзэхгүй бөгөөд  шүүх  хэрэгт ач холбогдолтой  оновчтой  зөв асуулт тавиагүй,  үнэлгээ тогтоолгох  хөрөнгийг  тоо ёсоор гүйцэт  бичээгүй, зөрүүтэй бичсэн, шаардлагатай  бусад баримтаар хангаагүйгээс  шинжээч  дүгнэлт гаргах  боломжгүй  нөхцөл  үүссэнийг  анхаараагүй буруутай байна.

            Маргааны талууд хэчнээн төрлийн эд зүйл хийж хүлээлгэж өгсөн талаар маргаж байгаа тул талуудыг байлцуулсан үзлэг хийж маргааны зүйлийг тодруулах шаардлагатай байна.

            Шүүхийн дээрх алдаа нь   хэргийн оролцогчийн  хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн явдал мөн учир шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж  байна.

            Хариуцагчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн гомдлыг хангаж байна. Харин гомдолд дурдсан  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй тайлбараа  анхан шатны шүүхэд  нотлох баримтаа гаргаж, мэтгэлцэх  боломжтой болохыг  дурдах нь  зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  98.500.00 төгрөг  төлснийг төрийн сангийн орлогоос  шүүгчийн захирамжаар  гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                    С.ЭНХЖАРГАЛ