Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00651

 

Н.Лын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 431 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаар магадлалтай,

Н.Лын нэхэмжлэлтэй,

Ж.А, Г.О нарт холбогдох,

10,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Г.О, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч Ж.А, Г.О нарт холбогдуулан “Алтан” гоо сайхны салонд хийж өгсөн тохижуулсан тавилга эд зүйлийн үнэ болох 10,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 431 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ж.А, Г.О нараас 3,468,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгож, 6,682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 177,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А, Г.О нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,437 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч Ж.А, Г.О нараас шинжээчийн зардал 150,000 төгрөгийг гаргуулан шинжээч “Ашид билгүүн” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 431 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Оын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г.Оаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,437 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Н.Л болон түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магдлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Н.Л хариуцагч Г.О нарыг байлцуулан, хариуцагчийн “Алтан” салонд хийж өгсөн тавилганд үзлэг хийсэн, үзлэгээр тогтоосон 32 нэр төрлийн эд хогшилд “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилсон, 2020.03.23-ны өдөр дүгнэлт гаргаж шүүхэд дүгнэлтийг ирүүлсэн. Уг дүгнэлтэд заагдсан 32 нэр төрлийн тавилга, эд зүйлд 5,413,000 төгрөг үнэлэн тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхэд хариуцагч зөвшөөрөхгүй байгаа эд зүйл гэх үндэслэлээр хасаж 3,468,000 төгрөг тогтоосон үндэслэлгүй байна. Хэргийг бүхэлд нь хянан үзэж шинжээчийн дүгнэлт гаргасан 5,413,000 төгрөгийг хариуцагч Г.О, Ж.А нараас гаргуулж өгөхийг давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч гомдол гаргаагүй гэсэн үндэслэлээр магадлал гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч Н.Лын нэхэмжилсэн 10,150,000 төгрөг хариуцагч Г.О, Ж.А нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Г.О миний бие нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Хоёр шатны шүүх хэргийн болсон үйл явдал бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж би үзэж байгаа болно.

5.1. 2015.03.04-ний өдөр Н.Л нь “мөнгө зээлээч, зохих хэмжээний хүүтэй зээлж авмаар байна” гэж хэлж гуйж ирээд 5,000,000 төгрөг зээлж аваад мөнгө зээлж авсан талаараа баримт үйлдэж гарын үсэг зурж өгөөд явж байсан билээ. Тэр зээлж авсан 5,000,000 төгрөгөө өгөхгүй удааж намайг чирэгдүүлж байсан учраас би шүүхэд хандаж мөнгөө нэхэмжилснээр анхан шатны шүүхийн 2017.01-17-ны өдрийн 89 дугаартай шийдвэр гарч байсан. Энэ үед Н.Л нь зээлсэн 5,000,000 төгрөгөө өгөхгүй гэсэн санаа зорилгын үүднээс шүүхэд худал тайлбар гаргаж манай үсчний салонд 5,000,000 төгрөгийн тавилга хийж өгсөн гэж мэтгэлцэж байсан юм. Гэтэл дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай салонд нийт 10,150,000 төгрөгийн тавилга хийж өгсөн гэж худал үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж надаас 10,150,000 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тэр нэг болохоор 43 нэр төрлийн тавилга хийж өгсөн гээд, эсвэл 20 гаруй нэр төрлийн тавилга хийж өгсөн гээд зөрүүтэй худлаа тайлбар гаргаж эхнэр бид хоёрыг гүтгэдэг. Би тэр үед нь 5 давхар орон сууц бариад түүнийгээ худалдан борлуулж мөнгөтэй байсан учраас салонд хийлгэсэн 20 нэр төрлийн тавилгын үнийг нь дор дор нь төлөөд тооцоо хийж ирсэн байдаг ба энэ байдлыг 3 гэрч гэрчилдэг. Гэтэл шүүх гэрчүүдийн мэдүүлэгт ач холбогдол өгөхгүй, гэрчийн мэдүүлгийг яагаад үнэлээгүй талаараа шийдвэр магадлалдаа дурдахгүй орхигдуулсан байгаа. Уг дээрх гэрчүүдийг шүүх асуухдаа хууль сануулж мэдүүлэг авсан байдаг боловч үүнийгээ нотлох баримтын хэмжээнд авч үзэж үнэлээгүйд би гомдолтой байна

5.2. Н.Л нь ганц манай салонд тавилга хийж өгөөгүй, манай салонд үсчний суудал түрээсэлдэг О.Алтанчимэгт 3 толь, шүүгээ, диван, ширээ хийж өгсөн байдаг. Гэтэл энэ хүнд хийж өгсөн тавилгаа надад хийж өгсөн мэтээр нэхэмжлэлдээ дурдаж надаас мөнгө нэхэмжлээд байхад шүүх үүнийг анхааралгүй надаар үнийг нь төлүүлэхээр шийдвэрлээд байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж би үзэж гомдож байна. Энэ нь хэрэгт байгаа гэрч О.Алтанчимэгийн гэрчийн мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа болно. Намайг зээлдүүлсэн мөнгөө шүүхийн журмаар гаргуулан авсанд өсөрхөж Н.Л эхнэр бид хоёрыг гүтгэж хийж өгсөн тавилгын мөнгөө авсан мөртлөө, аваагүй мэтээр дахин төлүүлэхээр нэхэмжлэл гаргаад байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй байх ба ингэснээрээ шийдвэр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байгаа юм. Шүүх биднийг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа болон хийлгэсэн тавилгын мөнгө өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна гэж үздэг. Би гэрчүүдээр үүнийгээ нотлуулаад байхад нэг талыг барьсан шийдвэр гаргаж намайг хохироож байна. Шүүхийн шийдвэр давж заалдах журмаар гомдол гаргахад дээрх алдааг засаж өгөлгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн учраас үүнийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хэн алины гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч Ж.А, Г.О нарт холбогдуулан “Алтан” гоо сайхны салонд хийж өгч тохижуулсан тавилга эд зүйлийн үнэ 10,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...Алтан гоо сайхны салонд тавилга хийлгэж байсан ч мөнгийг дор дор нь өгч байсан, төлөх төлбөргүй” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг тогтоож, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

10. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч нарын хүсэлтээр 2015 оны 02 дугаар сараас 12 сар хүртэл тэдний “Алтан” гоо сайхны салоны үйл ажиллагаанд зориулсан тавилга хийж, засварлаж, тогтоож өгөхөөр тохиролцсоныг зохигч маргаагүй бөгөөд зохигчийн хооронд үүссэн энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ ба уг гэрээ хүчин төгөлдөр болох талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

11. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба уг гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

12. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн тодорхой хэмжээний ажлыг хариуцагч хүлээн авсан нь тогтоогдсон боловч зохигч ажлын хөлсийг хэрхэн тохирсон, уг хөлс төлөгдсөн эсэх нь маргааны зүйл болсон.

Нэхэмжлэгч нийт 20-д нэр төрлийн эд зүйл хийж гүйцэтгэсний хөлс 10,150,000 төгрөг гэсэн, хариуцагч ажлын хөлсийг төлсөн гэсэн тайлбар гаргаж зохигч мэтгэлцжээ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч ажлын хөлсийг 10,150,000 төгрөгөөр тохиролцсоныг, хариуцагч мөн ямар ажлыг хэдий хэмжээний хөлс төлж хийлгэхээр тохиролцсон болон хөлсийг төлсөн болохоо тус тус нотлоогүй, ийм тохиолдолд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэжээ.

Нэгэнт гүйцэтгэсэн ажлын талаар зохигч зөрүүтэй тайлбарыг гаргасан, ажлын хөлсийг хэрхэн тохиролцсон нь тогтоогдоогүй тул шүүх хийгдсэн ажлыг зохигчийг байлцуулан үзлэг хийх замаар тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас гаргуулах хөлсийн хэмжээг тогтоосон нь зөв болжээ.

Шинжээч 18 нэр төрлийн тавилга, эд зүйлийг 5,413,000 төгрөг гэж үнэлсэн, харин шүүхийн хийсэн үзлэгээр нэхэмжлэгч зарим тавилгыг бүхэлд нь хийж өгөөгүй нь тогтоогдсон тул шүүх эдгээрийг нарийвчлан тогтоож үнэлгээг хасч тооцсоныг буруутгах боломжгүй юм.

14. Иймд нэхэмжлэгчийн “шүүх үнэлгээг бууруулж тогтоосон” тухай, хариуцагчийн “бусдын хийлгэсэн тавилгын үнийг биднээс нэхсэн, мөнгийг бүрэн төлсөн атал дахин гаргуулсан” гэх гомдлыг тус тус хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 431 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Л болон түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын 2020.07.01-ний өдөр төлсөн 121,862 төгрөг, хариуцагч Г.Оын 2020.06.29-ний өдөр төлсөн 70,347 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД