Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1288

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг -  тоотод оршин суух, Н.Л-/РД:ПЮ76031712, 99022943/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан Уул аймаг, Дархан сум, - тоотод оршин суух, Ж.А

Хариуцагч: Дархан Уул аймаг, Дархан сум, -  тоотод оршин суух, Г.О- -д холбогдох

 

“10,150,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Лхагважаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Г.О-, хариуцагч Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Л-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Алтан салоны эзэн Ж.А- түүний нөхөр Г.О- нартай харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 01-ныг хүртэл 10 сарын турш нэр төрлийн тавилга эд зүйл хийж өгсөн тухайн үед 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг урьдчилгаа гэж өгсөн, үлдэгдлийг ажлаа бүрэн хийсний дараа үлдэгдэл болох 5,150,000 төгрөгийг авахаар амаар тохиролцсон. Гэтэл Ж.А-ийн нөхөр Г.О- надаас 5,000,000 төгрөг зээлээр өгсөн мэтээр нэхэмжилж урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгөө Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дүгээр шийдвэр, 42 дугаар магадлал 00877 дугаар тогтоолоор Г.О- буцааж авсан. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Алтан салонд тохижилт хийсэн тухайгаа нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна гэж заасан. Салонд байгаа үсчний суудал, тек, буйдан сэргээх, шкаф, өлгүүр, лакны тавиур, ширээ, үсчний толь, хананд толь, маникурын ширээ, өлгүүр, төмөр хаалт, сандал, ягаан бор шүүгээ, цагаан ширээний наалт, сандал бүрэх, махны мод гутлын тавиур, хаяг, хаяг тогтоогч, хөшиг тогтоох гэж зэрэг ажлуудыг хийсэн Алтан салонд хийж өгсөн тохижуулсан тавилга эд зүйлийн үнэ болох 10,150,000 төгрөгийг хариуцагч Ж.А- Г.О- нараас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. ” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Эд зүйл хийлгэсэн, одоо ашиглаж байгаа эсэх дээр талууд маргадаггүй, нэр төрөл дээр бол 13 гэж маргаж байна. Иргэний хулийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцож хийж болдог. Талууд иргэний хуулийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй. Ажлын хөлс өгсөн гэдэг дээр баримт хэрэгт байхгүй байна. Энэ хүмүүс ажил хийлгэсэн бол хөлсөө төлөх үүрэгтэй, Үүний дагуу л шаардаж байна. Ажлын хөлс 3,800,000 төгрөгийн ажлын хөлс авсан байгаа. Цахилгааны зардал 232,000 төгөр түрээсийн гэрээ 275,000, тээврийн зардал 300,000, усны зардал зэрэг орсон байгаа. Энэ зардлууд бол 49 нэр төрлийн зүйлийг хийж гүйцэтгэхтэй холбоотой зардал юм. Ажлын хөлс 3,800,000 төгрөгийн ажлын хөлс байгаа.” гэв.

 

            Хариуцагч Ж.А-, Г.О- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Лхагважаргал нь машины хэрэгцээ байна, зохих хувийн хүүтэй нь өгье гэж гуйж ирсэн. Хүү энэ тэр гэлгүй 5,000,000 төгрөг зээлж Н.Л-нь гарын үсгээ зураад түүнд мөнгө зээлдүүлсэн. Энэ мөнгөө авах гэж удаа дараа хөөцөлдөж өгөхгүй байсан тул шүүхэд хандан Н.Лхагважаргалд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүнийг шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай шийдвэр гарсан. Энэ мөнгө шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд очсон байгаа ч одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. Энэ мөнгийг Одбаяр авсан гэж худлаа нэхэмжлэлдээ бичжээ. Нэг ч төгрөг аваагүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шүүх хурал дээр Н.Л-ярихдаа үсчний салоны тавилгыг хийж өгсөн. 5,000,000 төгрөгнд бүх тавилгыг хийхээр тохирсон. Одбаяр тавилга хийх явцад дутсан материалыг өөрөөсөө мөнгө гаргаж авч өгсөн байсан. Алтанчимэг гэж хүн эд зүйл хийлгээд мөнгөө төлөөгүй, төлбөрт нь миний эхнэр хүүхэд үсээ засуулж байсан гэж хэлж ярьж байсан. Гэтэл одоо гаргасан нэхэмжлэлдээ 10,150,000 төгрөгийн эд зүйл, тавилга хийж өгсөн. 5,000,000 төгрөг урьдчилгаанд нь авсан, бүх тавилгыг хийж дуусгаад 5,150,000 төгрөг авахаар амаар тохирсон гэж бичсэн байх юм. Хууль шүүхийн өмнө хэргийн оролцогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл Н.Л-дур зоргоороо худлаа ярьж байгаа нь биднийг гүтгэж байна гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Алтан салонд тавилга хийлгэж байсан ч мөнгийг дор дор нь өгч байсан. Гуйхаар нь түүнд 5,000,000 төгрөг зээлж байсан. Н.Л-нь хийж өгч буй тавилгынхаа мөнгийг аваагүй юм бол надаас 5,000,000 төгрөг зээлдэв гэж бичиж өгөх үү, баримттай үнэн зүйл ярих хэрэгтэй байх. Алтан салон, Очирзангийнхан гэсэн аж ахуйн нэгжүүдийн хооронд аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй. Иргэн Н.Лхагважаргалаар тавилга хийлгэж байсан. Төлөх төлбөргүй болно.” гэжээ.

 

Хариуцагч Г.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2014 оны 10 сард 24-р цэцэрлэгт Лхагважаргалыг шкаф хийсэн байхыг нь харсан. Тэгээд гайгүй мужаан юм байна гэж бодоод танилцсан. 2014 оны 04 сараас түүгээр мужаан хийлгэхээр ярилцаад гэр болон Алтан салонд тавилга хийлгэсэн. Би барилгаа 2014 оны 12 сарын 31-нд хүлээлгэж өгсөн. Салон 04 сарын 01-нд бүрэн ашиглалтанд орсон. Энэ хүний ярьж байгаа худлаа байгаад байна. 43 нэр төрлийн зүйл хийсэн гэж яриад байдаг. Гэтэл 13 нэр төрлийн тавилга хийж өгсөн байдаг. Энэ талаар хавтаст хэргийн 82 дугаар хуудас дээр байгаа. Тухайн үед миний гар дээр маш их хэмжээний бэлэн мөнгө эргэлдэж байсан. 400 гаруй сая төгрөгтэй байсан. Тийм болохоор би тавилгын материалын мөнгийг нь тухай бүр өгөөд явж байсан. Би ажлын хөлс гээд 3 сая төгрөг өгөх гээд очтол Лхагважаргалын эхнэр 5 сая төгрөг зээлээч гэхээр нь 2 сая төгрөг нэмээд эхнэрт нь 5 сая төгрөг зээлж байсан. Надаас ядраад ахаа эгчээ гээд явж байсан хүмүүс шүү дээ. Би бүх материалаа өөрөө авч өгч байсан. Би ажлын хөлсөнд нийт 3,134,600 төгрөг 2015 оны 03 сарын 28-нд өгсөн. Энэ талаархи баримт байхгүй. Дандаа бэлэн мөнгө өгч авч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2015 оны 04 сард Алтан солон ашиглалтанд орсон. Нийт 13 нэр төрлийн эд зүйлийг хийлгэсэн байсан. Үнийг хөлсийг нь тухай бүр өгөөд явсан. Ажлаа хийж эхлэхэд материалын  байхгүй байсан тул хийлгэсэн зүйлийн материалыг Одбаяр өөрийн зардлаар авч өгсөн байсан. Тухайн үед ийм маргаан үүснэ гэж бодоогүй учир баримтыг аваагүй байдаг. Н.Л-нь Алтан салонд 13 нэр төрлийн эд зүйлийг хийсэн гэсэн боловч 49 нэр төрөл гэж нэхэмжлээд байгаа. 13 нэр төрлийн зүйл л хийж өгсөн. 2014 оны 03 сарын 04 өдөр Лхагважаргалын эхнэр 5 сая төгрөг зээлж байсан байдаг. Энэ 5 сая төгрөгөө Одбаяр нэхэмжлэх үед нь би 13 нэр төрлийн зүйл хийж өгч байсан гэдэг боловч одоо 49 төрлийн эд зүйл хийж өгсөн гээд 10,500,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Мөн махны мод жижиг сандал зэргийг баярласан талархсан сэтгэлээ илэрхийлж өгч байсан гэдэг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Энэ тавилгын үнэд бараа материалын зардал, дулааны зардал болон тээврийн үнэ байгаа гэсэн боловч яг тухайн зардал хэдэн төгрөг болсон талаар тодорхойлогдохгүй байна.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Л-нь хариуцагч Ж.А-, Г.О- нарт холбогдуулан 10.150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Н.Л-нэхэмжлэлийн шаардлагаа ...Алтан салоны эзэн Ж.А-, түүний нөхөр Г.О- нартай харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 01-ныг хүртэл 10 сарын турш нэр төрлийн тавилга эд зүйл хийж өгсөн. Алтан салонд хийж өгсөн тохижуулсан тавилга эд зүйлийн үнэ болох 10,150,000 төгрөгийг хариуцагч Ж.А- Г.О- нараас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү... гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч Ж.А-, Г.О- нар нь ...нэхэмжлэлийн шаардлага 10,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шүүх хурал дээр Н.Л-ярихдаа үсчний салоны тавилгыг хийж өгсөн. 5,000,000 төгрөгөнд бүх тавилгыг хийхээр тохирсон гэж байсан атлаа 10,150,000 төгрөгийн эд зүйл, тавилга хийж өгсөн. 5,000,000 төгрөг урьдчилгаанд нь авсан, бүх тавилгыг хийж дуусгаад 5,150,000 төгрөг авахаар амаар тохирсон гэж бичсэн байх юм. Хууль шүүхийн өмнө хэргийн оролцогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Алтан салонд тавилга хийлгэж байсан ч мөнгийг дор дор нь өгч байсан. Төлөх төлбөргүй... гэж  маргаж байна.

 

Нэхэмжлэгч Н.Л-нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч Ж.А-, Г.О- нарт 29 нэр төрлийн ажил үйлчилгээг /үсчин, гоо сайханы үйлчилгээний зориулалттай тавилга хийх, засварлах, тогтоох зэрэг/ хийж өгсөн гэснийг төрөл тус бүрээр нь задлан 43 нэр төрлийн зүйлийг хийж гүйцэтгэсэн /хэргийн 124-125 дугаар хуудаст/ гээд  дээрх ажил, үйлчилгээ хийхэд зарцуулсан барилгын болон модон материал худалдан авсан талаархи баримт, хийсэн зүйлийн гэрэл зургийг хавсарган ирүүлсэн байна.

 

 Нэхэмжлэгч Н.Л-тодорхой нэрийн эд зүйлийг хийж гүйцэтгэсэн,  түүний хөдөлмөрийн үр дүнд бий болсон эд зүйлсийг хариуцагч Ж.А-, Г.О- нар хүлээн авч, одоо ч салоны хэрэгцээнд ашиглаж байгаа талаар маргаагүй болно.

 

Хариуцагч Ж.А-, Г.О- нар зарцуулагдах материалыг өөрсдөө авч өгсөн, ажлын хөлсийг төлсөн гэж тайлбарлан ...Лхагважаргалтай хийсэн тооцоо мужаан 800,0 243,0 50,0 500,0 30,0 225,0 бүт-н = 1,548,0  III/4  5000.000 + 1548,0= нийт 6548,0 өгсөн үлд 3413400 төгрөг, Лхагважаргалтай тохиролцсон тооцоо салонд мужаан 1-13 ажил үйлчилгээ нийт =3134600. гоо 1-16... гэж ажил үйлчилгээг жагсаан бичсэн бичвэрийг нотлох баримт гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар зохигч өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргах эрхтэй ч хариуцагч Ж.А-, Г.О- нарын нэхэмжлэгч Н.Лхагважаргалаар хийлгэсэн ажил үйлчилгээг захиалагчийн зардлаар хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсийг төлснийг нотлохгүй байна.

 

Тухайлбал дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтад бичсэнээр мужааны ажил, бүтээгдэхүүний үнэд төлбөр төлсөн бол хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, үлдэгдэл 3,413,400 төгрөгийг төлсөн эсэх, мөн Н.Лхагважаргалтай тохиролцон салонд хийсэн мужааны 1-13 ажил үйлчилгээнд төлбөрийг 3,134,600 гэж тооцсон бол төлсөн эсэх, гоо сайхны өрөөний хэрэгцээнд хийлгэсэн гэх 1-16 ажил үйлчилгээний хөлсийг хэрхэн тооцсон, хариуцагч Г.О-ын шүүх хуралдаанд тайлбарласнаар дээрх ажил үйлчилгээг дутуу хийсэн, мөн материалыг өөрсдөө авч өгснийг нотлохгүй байна.

 

Дээрх баримтыг хариуцагч Г.О- хариуцагч Ж.А-ийг бичсэн хоорондын тооцоо гэж байгаа боловч Н.Лхагважаргалын гарын үсэггүй, харилцан тохиролцож үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй  байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Г.О- нэхэмжлэгч Н.Лхагважаргалаар гоо сайхны салонд хийлгэсэн ажил, үйлчилгээг зээлээр хийлгэх шаардлага байгаагүй тухайн үед санхүүгийн чадавхи сайтай, бусдаас мөнгө шилжин орж байсан гээд ХААН банкны депозит дансны хуулга, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ХХБ харилцах дансаар хийж байсан гүйлгээ зэргийг татгалзлаа нотлохоор ирүүлсэн боловч дээрх баримт нь хариуцагч Г.О-ын санхүүгийн чадавхитай байгаа байдлыг шаардлагатай газарт нь шалгуур үзүүлэлтийг хангах баримт болохоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар  зүйлийн 38.1-д зааснаар ажил үйлчилгээний зардал, хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх хамааралтай нотлох баримт биш байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын  үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэснээр хариуцагч Ж.А-, Г.О- нарт ажлын үр дүнг хүлээн авсан, одоо ашиглаж байгаа талаар маргаагүй, ажил үйлчилгээний зардал, хөлс төлсөн баримтгүй тул  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Лхагважаргалын нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн  Дархан сум 10 дугаар баг 10 дугаар байр 1 давхарын “Алтан” салонд хийж  өгсөн эд зүйлийн жагсаалт /2015.2–р сараас 2015 оны 7 сар хүртэл гэсэн бичвэр бүхий/-аар 43 нэрийн ажил, үйлчилгээ үзүүлсэн нийт үнэ 10,150,000 төгрөг гэж тодорхойлсноо тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэсний дагуу зах зээлийн жишиг үнэ гэж мөн хийж гүйцэтгэсэн ажил тус бүрт шаардагдах материалын үнэ 5,458,946 төгрөг,  ажилчдын цалин, ажлын хөлс 3,800,000 төгрөг, түрээсийн төлбөрт СӨХ-нд 275,000 төгрөг, тээврийн зардал 300,000 төгрөг, зарцуулсан дулаан, цахилгааны хөлс 230,272 төгрөг, цэвэр усны төлбөр 85,782 төгрөг тус тус багтсан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа.

 

Нэхэмжлэгч Н.Л-нэхэмжлэлийн шаардлагын үнийг дээрх жагсаалтаар 10,150,000 төгрөг гэж тодорхойлсноо “Дархан-Уул аймгийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидийн холбоо” ТББ ...Н.Лхагважаргалын үйлдвэрлэсэн 43 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2015 онд борлуулж байсан үнийг 10,073,795 гэж тогтоосон гэх үнэлгээгээр баталгаажуулж, нотлох баримт болгон шүүхэд ирүүлжээ.

 

   Уг жагсаалтын дагуу түүний тайлбараар “Алтан салон”-д хийж өгсөн эд зүйл, ажил үйлчилгээ тус бүрт ажилчдын цалин, ажлын хөлс, тээврийн зардал багтаж байгаа бол хэдий хэмжээний цалинг хэнд олгосон, тээврийн зардалд 300,000 төгрөгийг  зарцуулсан талаархи санхүүгийн баримтгүй, мөн түрээсийн төлбөрт СӨХ-нд 275,000 төгрөг, дулаан, цахилгааны  төлбөрт 230,272 төгрөг, цэвэр усны төлбөрт 85,782 төгрөг    төлсөн гэж байгаа бол үнэ төлсөн баримтгүй, зөвхөн Алтан салонд ажил үйлчилгээ хийснээс СӨХ, дулаан, цахилгаан, цэвэр ус нийлүүлэх гэрээт газруудад төлбөр төлснөө ажлын хөлс 3,800,000 төгрөг гэж байгаа боловч энэ талаар нотлох баримтгүй, нэхэмжлэлийн үнэ тодорхойлсноо нотолсон гэх  “Дархан-Уул аймгийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ –ын үнэлгээний жагсаалтад 43 нэр төрлийн ажил үйлчилгээг хийхэд тооцогдох ажлын хөлсийг тооцоогүй, худалдан борлуулах үнийг тооцсон  тул хэрэгт хамааралтай нотлох баримт биш байна.

 

Түүний шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 02 дугаар сарын 25-наас 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бараа материал худалдан авсан гэх зарлагын баримтад ДСП хавтан, аргелит, хуулга, өлгүүр, булан төмөр болон туслах материал худалдан авсан гэх боловч хэн худалдан авсан тодорхойгүй /хэргийн 65-69 дугаар хуудас / 2015 оны 02 дугаар сарын 25-наас 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бараа материал худалдан авсан гэх зарлагын баримт /хэргийн 194-198 дугаар хуудас/-ыг Сангийн сайдын 2017 оны оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралтаар баталсан НХМаягт БМ-3 маягтад хөтөлсөн байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно, 344.2-т захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жижиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээрээр бодож  хөлс төлнө гэж хуульчилсан боловч нэхэмжлэгч 3,800,000 төгрөгийг ажлын хөлсийг хэрхэн тооцсон талаархи баримтыг ирүүлээгүй байна.

 

Мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаар шийдвэртэй Г.О-ын нэхэмжлэлтэй, Н.Лхагважаргалд холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Н.Л-нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нотлох баримтаар ...Алтай салонд хийсэн эд зүйл. Ажлын хөлс болох 5,000,000 төгрөгийн тооцоо... гээд нэр бүхий 43 эд зүйлс, түүний үнийн жагсаалтыг ирүүлсэн байх бөгөөд нийт үнийн дүн 5,205,300 төгрөг гэсэн, уг үнийн дүнг Г.О- үгүйсгээгүй бөгөөд дээрх нотлох баримтыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэснээр “Алтан салон”-д хийсэн эд зүйл гээд 43 нэр төрлийн ажил үйлчилгээ хийсэн талаархи жагсаалт дахь үнэ 5,205,300 төгрөгийг хариуцагч Г.О-, Ж.А- нараас гаргуулан нэхэмжлэгч Н.Лхагважаргалд олгон үлдэх 4,944,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4775 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэцэцэгийн хүсэлтийг хангаж, хариуцагч Ж.А- /РД: ТБ68113062/, Г.О- /РД: ТЗ68092872/ нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний үйлчлэл дуусгавар болсныг дурдаж, хариуцагч Ж.А- /РД: ТБ68113062/, Г.О- /РД: ТЗ68092872/ нарын банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нээхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ж.А-, Г.О- нараас 5,205,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лхагважаргалд олгож, 4,944,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны  09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 177,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-, Г.О- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 98,235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лхагважаргалд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4775 дугаартай шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний үйлчлэл дуусгавар болсныг дурдаж, хариуцагч Ж.А- /РД: ТБ68113062/, Г.О- /РД: ТЗ68092872/ нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нээхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ