Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2017/01096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00994/и

     Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг ... хороолол, ... тоотод оршин суух, ... овгийн Н.Л/РД:..., утас:.../ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух, ... овгийн Ж.А/РД: ..., утас: .../

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух, ... овгийн Г.О/РД: ..., утас: .../-д холбогдох

 

10.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ““...А салоны эзэн Ж.А түүний нөхөр Г.О нартай харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 01-ныг хүртэл 10 сарын турш нэр төрлийн тавилга эд зүйл хийж өгсөн тухайн үед 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг урьдчилгаа гэж өгсөн, үлдэгдлийг ажлаа бүрэн хийсний дараа үлдэгдэл болох 5,150,000 төгрөгийг авахаар амаар тохиролцсон. Гэтэл Ж.Аийн нөхөр Г.О надаас 5,000,000 төгрөг зээлээр өгсөн мэтээр нэхэмжилж урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгөө Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дүгээр шийдвэр, 42 дугаар магадлал 00877 дугаар тогтоолоор Г.О буцааж авсан. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт А салонд тохижилт хийсэн тухайгаа нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна гэж заасан. А салонд хийж өгсөн тохижуулсан тавилга эд зүйлийн үнэ болох 10,150,000 төгрөгийг хариуцагч Ж.А Г.О нараас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Ж.А, Г.О нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Л нь машины хэрэгцээ байна, зохих хувийн хүүтэй нь өгье гэж гуйж ирсэн. Хүү энэ тэр гэлгүй 5.000.000 төгрөг зээлж Н.Л нь гарын үсгээ зураад түүнд мөнгө зээлдүүлсэн. Энэ мөнгөө авах гэж удаа дараа хөөцөлдөж өгөхгүй байсан тул шүүхэд хандан Н.Лд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүнийг шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай шийдвэр гарсан. Энэ мөнгө шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд очсон байгаа ч одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. Энэ мөнгийг Одбаяр авсан гэж худлаа нэхэмжлэлдээ бичжээ. Нэг ч төгрөг аваагүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шүүх хурал дээр Н.Л ярихдаа үсчний салоны тавилгыг хийж өгсөн. 5.000.000 төгрөгнд бүх тавилгыг хийхээр тохирсон. Одбаяр тавилга хийх явцад дутсан материалыг өөрөөсөө мөнгө гаргаж авч өгсөн байсан. А гэж хүн эд зүйл хийлгээд мөнгөө төлөөгүй, төлбөрт нь миний эхнэр хүүхэд үсээ засуулж байсан гэж хэлж ярьж байсан. Гэтэл одоо гаргасан нэхэмжлэлдээ: 10.150.000 төгрөгийн эд зүйл, тавилга хийж өгсөн. 5.000.000 төгрөг урьдчилгаанд нь авсан, бүх тавилгыг хийж дуусгаад 5.150.000 төгрөг авахаар амаар тохирсон гэж бичсэн байх юм. Хууль шүүхийн өмнө хэргийн оролцогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл Н.Л дур зоргоороо худлаа ярьж байгаа нь биднийг гүтгэж байна гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. А салонд тавилга хийлгэж байсан ч мөнгийг дор дор нь өгч байсан. Гуйхаар нь түүнд 5.000.000 төгрөг зээлж байсан. Н.Л нь хийж өгч буй тавилгынхаа мөнгийг аваагүй юм бол надаас 5.000.000 төгрөг зээлдэв гэж бичиж өгөх үү баримттай үнэн зүйл ярих хэрэгтэй байх. А салон, О гэсэн аж ахуйн нэгжүүдийн хооронд аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй. Иргэн Н.Лаар тавилга хийлгэж байсан. Төлөх төлбөргүй болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          

 ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч Ж.А, Г.О нарт холбогдуулан  ...10.150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хэрэгэсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Н.Л нэхэмжлэлийн шаардлагаа ...А салоны эзэн Ж.А түүний нөхөр Г.О нартай харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 01-ныг хүртэл 10 сарын турш нэр төрлийн тавилга эд зүйл хийж өгсөн. А салонд хийж өгсөн тохижуулсан тавилга эд зүйлийн үнэ болох 10,150,000 төгрөгийг хариуцагч Ж.А Г.О нараас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч Ж.А, Г.О нар нь нэхэмжлэлийн шаардлага 10.150.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шүүх хурал дээр Н.Л ярихдаа үсчний салоны тавилгыг хийж өгсөн. 5.000.000 төгрөгнд бүх тавилгыг хийхээр тохирсон гэж байсан атлаа 10.150.000 төгрөгийн эд зүйл, тавилга хийж өгсөн. 5.000.000 төгрөг урьдчилгаанд нь авсан, бүх тавилгыг хийж дуусгаад 5.150.000 төгрөг авахаар амаар тохирсон гэж бичсэн байх юм. Хууль шүүхийн өмнө хэргийн оролцогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. А салонд тавилга хийлгэж байсан ч мөнгийг дор дор нь өгч байсан.Төлөх төлөргүй гэж  маргаж байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч Ж.А, Г.О нарт үсчин, гоо сайхны үйлчилгээнд зориулж тодорхой нэр төрлийн эд зүйл хийж өгсөн гэдгийг талууд маргахгүй байгаа боловч нэхэмжлэгч 10.150.000 төгрөг болсон, гаргуулан авна гэж, хариуцагч мөнгийг бүрэн төлсөн, төлөх төлбөргүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Н.Л нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн хариуцагч Ж.А, Г.О нарт хийж өгсөн гэх үсчин, гоо сайханы үйлчилгээний зориулалттай тавилгыг хэдий хугацаанд өөрийн зардлаар эсхүл захиалагчийн зардлаар хийж  гүйцэтгэх эсэх, ажлын хөлсийг хэн төлөх  талаар байгуулсан гэрээгүй буюу хэн хэний өмнө үүрэг хүлээсэн эсэх нь тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч Ж.А, Г.О нар нь нэхэмжлэгч Н.Лын  өмнө үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.

 

Талууд тодорхой нэр төрлийн эд зүйлийг хийлгэх үед ажлын хөлсийг хэрхэн тооцсон нь тодорхой бус, ажлын хөлсийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон эсэх,  мөн ажлын хөлсийг  ажил гүйцэтгэгчээс гарсан бүх зардлын хэмжээгээр, эсхүл гүйцэтгэсэн ажлын тоогоор, захиалагчийн хувийн зардлаар хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Н.Л тодорхой нэрийн эд зүйлийг хийж гүйцэтгэсэн боловч  түүний хөдөлмөрийн үр дүнд бий болсон эд зүйлсийг хэн хүлээж авсан нь тодорхойгүй, хариуцагч Ж.А, Г.О нарт ямар чанар байдАгаар хүлээлгэн өгч, ажлын  хөлсийг хэдийд  төлөхөөр тохиролцсон  нотлох баримтгүй байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын  үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэснээр хариуцагч Ж.А, Г.О нарт ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн баримтгүй тул ажлын хөлс шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Лын нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн  ... сум ... баг ... байр 1 давхарын “А” салонд хийж  өгсөн эд зүйлийн жагсаалт /2015.2–р сараас 2015 оны 7 сар хүртэл гэсэн бичвэр бүхий/-аар 29 нэрийн ажил, үйлчилгээ үзүүлсэн  нийт үнэ 10.150.000 төгрөг гэж тодорхойлсноо  тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэсний дагуу зах зээлийн жижиг үнэ гэж  мөн хийж  гүйцэтгэсэн ажил тус бүрт шаардагдах материалын үнэ, ажилчдын цалин, ажлын хөлс, тээврийн зардал, зарцуулсан дулаан, цахилгааны хөлс багтаж байгаа гэж  тайлбарлаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Н.Л нэхэмжлэлийн шаардлагын үнийг дээрхи жагсаалтаар 10.150.000 төгрөг гэж тодорхойлж байгаа бөгөөд уг жагсаалтын дагуу түүний тайлбараар тухайлбал шкаф 628 000 төгрөг, үүнд материалын үнэ, ажилчдын цалин, ажлын хөлс, тээврийн зардал багтаж байгаа бол хэдий хэмжээний материал орсон,цалин,тээврийн зардалд хэдийг зарцуулсан талаархи санхүүгийн баримтгүй, ажлын хөлсийг яаж тооцсон зэрэг нь тодорхойгүй энэ мэтчилэн 29 төрлийн ажил, үйлчилгээ бүрт  хамаарА  нотлох баримтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаархий нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх цуглуулах үүргээ биелүүлээгүй,шүүхэд ирүүлээгүй байна.

Түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн материал 2015 оны 02 дугаар сарын 25-наас 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл худалдан авсан гэх зарлагын баримтад ДСП хавтан, аргелит, хуулга, өлгүүр, булан төмөр болон туслах материал худалдан авсан гэх боловч хэн худалдан авсан тодорхойгүй, мөн үнэ төлсөн баримтгүй байна.

 

Нөгөө талаар түүний 10.150.000 төгрөг гэсэн жагсаалтыг зах зээлийн жижиг үнээр тооцсон гэж байгаа бол тухайн ажил үйлчилгээг явуулахад баримталвал зохих ямар  үнэлгээг баримтласан эсэх нь тодорхойгүй тул энэ жагсаалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар нэхэмжлэлийн үнэ тодорхойлсон гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон  тодорхойлно, 344.2-т захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жижиш үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээрээр бодож  хөлс төлнө гэснээр талууд ажлын хөлсийг тохиролцсон баримтгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан 135/2016/01591/и бүхий иргэний хэргийн 15 дугаар хуудаст байгаа А салонд хйисэн эд зүйл, ажлын хөлс болох 5.000.000 төгрөгний тооцоо гэх жагсаалт нь ... сум ... баг ... байр 1 давхарын “А” салонд хийж  өгсөн эд зүйлийн жагсаалттай  тохирохгүй, тухайлбал лакны тавиурыг 195 000 төгрөг - 150 000 төгрөг, тек 659 945 төгрөг – 400 000 төгрөг гэх мэтчилэн  зөрүүтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, мөн хуулийн 350 дугаар зүйлийн  350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн  351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхорйлох эрхтэй гэснээр нэхэмжлэгч Н.Л 29 нэрийн ажил, үйлчилгээг хариуцагч Ж.А, Г.О нарт хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй байх тул ажлын хөлс 10.150.000  төгрөг төлүүлэхийг шаардах эрхгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд А салон, О гэсэн аж ахуйн нэгжүүдийн хооронд аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй. Иргэн Н.Лаар тавилга хийлгэж байсан гэж  тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн нэрээр гаргасан, нэхэмжлэлд Н.Л гарын үсэг зурсан бөгөөд, нэхэмжлэл болон хавсаргасан баримтад дарсан Очирзангийхан Н.Лгэсэн дардас нь түүний хувийн гарын үсгийн дардас, Очирзангийхан гэсэн нь түүний ургийн овог болох нь Иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байгааг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

              ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Лын хариуцагч Ж.А, Г.О нараас 10.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны  09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн тэмдэгтийн хурамж 177 350 төгрөгийг  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНДАРЬ