Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/02245

 

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/02245

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 00-р байрны 00 тоотод оршин суух Б овогт Ш.А /РД:АЮ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хорооллын 00а байрны 00 тоотод оршин суух О овогт Д.О /РД:УГ00000000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 11 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагчийн өмгөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өмнө нь гэрээ байгуулахгүйгээр иргэн Д.О-т өөрийнх нь хүсэлтээр мөнгө зээлдүүлдэг байсан бөгөөд тухай бүрт нь зээлийн төлбөрөө хийдэг байсан тул 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 3,5 хувийн хүүг сар бүр авахаар тохиролцож 7 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Үүний дараа Д.О- өөрийн дүүтэйгээ мөнгө зээлдүүлээч гэж гуйсны дагуу зээлийн гэрээ байгуулалгүйгээр Д.О-ын Хааны дансанд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Гэрээ хийж авсан 7 000 000 төгрөгийн сарын хүү болох 245 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.О-аас миний хаан банкны дансанд 265 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 245 000 төгрөгийг зээлийн хүү гэж миний дансанд шилжүүлж байсан. Үүнээс хойш зээлсэн мөнгө, хүүгээ төлөхийг удаа дараа шаарддаг байсан боловч удахгүй өгнө, хүлээж байгаарай хүүг нь нэмээд төлчихнө зэргээр хариу өгч удсаны эцэст 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлийн хүү гэж төлсөн. Мөн зээлийн гэрээгүй дансаар өгсөн 4 000 000 төгрөгөөс тооцож Д.О-ын ах Н гэдэг хүн бэлнээр 1 000 00 төгрөгийг өгсөн. Нийтдээ 7 000 000 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүү гэж өгсөн. Иймд Д.О-т зээлийн гэрээ хийж өгсөн 7 000 000 төгрөг түүний хүү, зээлийн гэрээгүй өгсөн 4 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 3 000 000 төгрөг, нийт 11 680 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурьдагдсан 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өгсөн гэх 2 000 000 төгрөгийн тухайд миний бие уг мөнгийг огт аваагүй. Учир нь нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан байгаа зээлийн дансны хуулгаас харахад 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ямар нэгэн зарлагын гүйлгээ хийгдээгүй, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн гэх 2 000 000 төгрөгийн гүйлгээний данс нь иргэн Д.О- миний өөрийн болон гэр бүлийн хүний, хамаатан садангийн хүний нэр дээрх данс биш, огт мэдэхгүй данс байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс нийт 7,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 7,000,000 төгрөгийг хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс зээлийн гэрээ байгуулалгүй, хүүгүйгээр авсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн өөрийнх нь дансны хуулгаар нотлогдож байгаа болно. Өөрөөр хэлбэл 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 3,0 сая төгрөг төлсөн болох нь дансны хуулгаар тус тус нотлогдож байгаа. Мөн нэхэмжлэгч Ш.А нь өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн ах 1 000 000 төгрөг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дансаар 4 000 000 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дансаар 2 000 000 сая төгрөг буюу нийт 7 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч 2015 онд 1 000 000 төгрөг, 2016 онд 5 000 000 төгрөг, 2017 онд 2 000 000 төгрөг, буюу 8 000 000 төгрөгийг буцаан өгсөн гэж мөн л зөрүүтэй тайлбарласан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар зохигч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй тул нэхэмжлэгчийг хариуцагчаас гэрээний үүрэгт 8 000 000 төгрөгийг буцаан авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд Ш.А-ийн нэхэмжлэлтэй Д.О-т холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 7,000,000 төгрөг, зээлийн хүү болох 5,680,000 төгрөг нийт 11,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2 удаа нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан байдлаар гаргасан байгаа. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулахгүй хариуцагчийн хүсэлтээр мөнгө зээлүүлдэг байсан. Сарын 3,5 хувийн хүүтэй 7,000,000 төгрөг зээлүүлсэн. 000000000 дугаарын дансанд 12,000,000 төгрөг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 4,000,000 шилжүүлсэн гэж байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ тодруулахдаа хариуцагчид хүүтэй зээлүүлдэг байсан. Тэгэхээр миний хувьд ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Зээлийн харилцаанд харшилсан байна гэж үзсэн байдаг. Хуулиар тогтоосон хэм хэмжээгч зөрчсөн байгаа. Энэ асуудалд ямар нэгэн хүүний асуудал байхгүй нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. Мөнгө зээлсэн үеэс хойш 8,000,000 төгрөг төлсөн гэж байгаа. Зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөг зээлсэн гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримт гаргуулах үүрэгтэй. Энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй байгаа. Тухайн баримтуудыг тодруулахын тулд шинжээч томилуулж гарын үсгийн хэв маяг, он сарыг тодруулж өгөөч гэсэн байдаг. Ямар нэгэн хүү төлж байгаа гэсэн үндэслэл байна. Дурдсан баримтын хувьд 2013 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 7,000,000 төгрөг сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчээс 7,000,000 төгрөг авсанг хүлээн зөвшөөрч байгаа. Өмнөх шүүх хуралдаанд даргалагчаас нэхэмжлэгчид 2014 онд хариуцагчид ямар нэгэн мөнгө зээлсэн асуудал байгаа юу гэхэд зээлээгүй гэсэн хариу өгсөн байдаг. 2014 онд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж үзэж байна. 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус төлсөн. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны шатанд мэдүүлэхдээ 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 10 сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэлдээ нийт 8,000,000 төгрөг өгсөн гэсэн зөрүүтэй тайлбар байгаа. Нэхэмжлэгч 7,000,000 төгрөг аваад буцаан төлсөн нь баримтаар тогтоогдож байгаа. Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн харилцаа үүссэн байгаа. Зээлийн гэрээг бичгээр байгуулахаар хууртсан байлдаг. Мөн Иргэний хуульд зээлийн гэрээг бичгээр байгуулахыг хуульчилсан байдаг. Хэрвээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү байгуулах эрхээ алдана гэж заасан байдаг. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй. Б.Отгонбаяр нь надад мөнгө зээлэх хүн авч ирээд баярласандаа хүүгүй мөнгө зээлдэг байсан гэсэн байгаа. Тиймээс хариуцагчийн хувьд 7,000,000 төгрөг төлсөн хүү төлсөн асуудал байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Д.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 11 680 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Д.О-т 7 000 000 төгрөгийг бэлнээр 3,5 хувийн хүүтэй зээлүүлсэн, мөн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөгийг дансаар 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мөн дансаар 2 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардах үндэслэлээ тайлбарлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөгийг бэлнээр сүүлийн 4 000 000 төгрөгийг дансаар авсан гэж маргаж байх бөгөөд зохигч нийт төлсөн 7 510 000 төгрөг дээр маргахгүй, харин зээлсэн мөнгөнийн хэмжээ болон хүү тооцох тал дээр маргаж мэтгэлцлээ.

Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлдүүлэгч Ш.Ааас зээлдэгч Д.О-т мөнгийг шилжүүлж, зээлдэгч буцаан төлөх үүргийг хүлээн түүний тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэгээ хийн Д.О- зөвшөөрч гарын үсэг зуран Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1 хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүний хүлээн авснаар хүчин төгөлдөр болно зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл байгуулж, тэрхүү хэлцлийн гол нөхцлүүдийг тохиролцсоноор Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

281.2 Мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу хариуцагч Д.О- нэхэмжлэгчээс буцаан төлөх үүргийг хүлээн мөнгийг хүлээн авснаар гэрээ байгуулагдсан бөгөөд харин үнийн дүнгийн хувьд мөн дээрх тэмдэглэгээ хүчин төгөлдөр эсэхэд маргаж байна.

Зохигч өөрсдийн харилцааны үйл баримтын тал дээр шүүхэд гаргаж буй тайлбарууд зөрүүтэй буюу нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 онд зээлийн гэрээ байгуулагдсан гэж, мөн 2014 оны 4 дүгээр сарын 08-нд түүний дүүд зээлдүүлсэн гэж, хариуцагч Д.О- 7 000 000 төгрөгийг бэлнээр авсан, дансаар 2 000 000 төгрөг л авсан гэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 3 000 000 төгрөгийг л авсан нийт 7 000 000 төгрөг авсан гэж тус тус эрс зөрүүтэй тайлбаруудыг гаргаж байх тул шүүхээс бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Ш.Ааас 7 000 000 төгрөгийг бэлнээр ЦО-т өгсөн болох нь хэрэгт авагдсан тэмдэглэлийн дэвтрийн хуудасны хэсэг /4-р хуудас/, 2019 оны 1 сарын 3-ны өдрийн Д.О-ын шүүхэд гаргасан 7 000 000 төгрөгийг түр хугацаагаар авсан талаараа маргаагүй гэх /12-р хуудас, тайлбар, 2018 оны 10 сарын 4-ний өдрийн хариуцагчийн тайлбарт 7 000 000 төгрөгийг Ариунтунгалагаас түр авсан нь үнэн гэх /40-р хуудас/ тайлбараар нотлогдож байна гэж үзлээ.

Харин тэрхүү дэвтрийн хуудсанд тэмдэглэгдсэн 3,5 хувийн хүүтэй 1,6 жилийн хугацаатай гэж бичсэнийг талуудын хооронд хэн аль нь хүсэл зорилгоо илэрхийлсэн хуульд нийцэх гэрээ гэж үзэх боломжгүй.

Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, 196 дугаар зүйлийн 196.1.2 гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Учир нь дээрх хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. гэж заасан бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.А 7 000 000 төгрөгийн хүүг хариуцагч ЦО-аас шаардах эрхээ алджээ.

Харин хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөгийг төлөлт, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөгийн төлөлтүүдийг хариуцагч Д.О- хийсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан байна.

Дансаар 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 шилжүүлсэн гэх үйл баримтын хувьд Д.О-ын данс руу шилжүүлсэн хаан банкны дансны хуулга /34-р хуудас/, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар буцаан төлөхийг шаардах эрхтэй.

Харин 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй, Хаан банкны дансны хуулга /32-р хуудас/ Э гэж байх бөгөөд хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тайлбарт нийт 9 000 000 төгрөг зээлсэн гэх /40-р хуудас/ нэхэмжлэгчийн ах нь надаас 2 000 000 төгрөг зээлж авсан гэх тайлбар /95-р хуудасны ар тал, / -аас үгүйсгэгдэж байна.

Иймд дээрх зээлийн төлбөрийг хариуцагч ЦО-аас нэхэмжлэгч Ш.А шаардах эрхгүй байна.

Ингээд зохигч нийт 7 510 000 төгрөгийг Отгонбаяраас Ариунтунгалагт төлсөн талаар маргахгүй байх тул 9 000 000 төгрөгөөс зээлсэн төлбөрт төлсөн 7 510 000 төгрөгийг хасаж үлдэх 1 490 000 төгрөгийг буюу нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч ЦО-аас Ш.Ат олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулсан дүнд ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болго

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ш.Аийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Д. О-аас 1 490 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.А-т олгож, нэхэмжлэлээс 10 190 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 165 520, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 51 270 төгрөгийг тус тус улсын орлогд хэвээр үлдээж, хариуцагчаас 38 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ц.УРАНГУА