Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2103

 

Ш.Алагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/02245 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Алагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.От холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Мөнхбуян,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.Түвшин,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Гантогтох,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Даваажаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өмнө нь гэрээ байгуулахгүйгээр Д.Оын хүсэлтээр мөнгө зээлж байсан бөгөөд тухай бүрд нь зээлийн төлбөрөө хийдэг байсан учраас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.Отай гэрээ байгуулж 18 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй 7 000 000 төгрөг зээлсэн.

Үүний дараа Д.О өөрийн дүүтэйгээ мөнгө зээлдүүлээч гэж гуйсны дагуу зээлийн гэрээ байгуулалгүйгээр Д.Оын Хааны дансанд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн.

Гэрээ хийж авсан 7 000 000 төгрөгийн сарын хүү болох 245 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Оаас миний хаан банкны дансанд 265 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 245 000 төгрөгийг зээлийн хүү гэж миний дансанд шилжүүлж байсан. Үүнээс хойш зээлсэн мөнгө, хүүгээ төлөхийг удаа дараа шаарддаг байсан боловч удахгүй өгнө, хүлээж байгаарай, хүүг нь нэмээд төлчихнө зэргээр хариу өгч удсаны эцэст 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлийн хүү гэж төлсөн.

Мөн зээлийн гэрээгүй дансаар өгсөн 4 000 000 төгрөгөөс тооцож Д.Оын ах н.Наран гэдэг хүн бэлнээр 1 000 00 төгрөгийг өгсөн. Нийтдээ 7 000 000 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүү гэж өгсөн. Иймд Д.От зээлийн гэрээ хийж өгсөн 7 000 000 төгрөг түүний хүү, зээлийн гэрээгүй өгсөн 4 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 3 000 000 төгрөг, нийт 11 680 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О Ш.Алагаас 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өгсөн гэх 2 000 000 төгрөгийг аваагүй. Учир нь нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан байгаа зээлийн дансны хуулгаас харахад 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ямар нэгэн зарлагын гүйлгээ хийгдээгүй, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн гэх 2 000 000 төгрөгийн гүйлгээний данс нь иргэн Д.О миний өөрийн болон гэр бүлийн хүний, хамаатан садангийн хүний нэр дээрх данс биш, огт мэдэхгүй данс байна.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс нийт 7 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 7 000 000 төгрөгийг хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс зээлийн гэрээ байгуулалгүй, хүүгүйгээр авсан бөгөөд нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч Ш.Алаг нь өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн ах 1 000 000 төгрөг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дансаар 4 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дансаар 2 000 000 төгрөг буюу нийт 7 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч 2015 онд 1 000 000 төгрөг, 2016 онд 5 000 000 төгрөг, 2017 онд 2 000 000 төгрөг, буюу 8 000 000 төгрөгийг буцаан өгсөн гэж мөн л зөрүүтэй тайлбарласан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ш.Алагийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дашдаваагийн Отгонбаяраас 1 490 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Алагт олгож, нэхэмжлэлээс 10 190 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 165 520, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 51 270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ш.Алаг нь хариуцагч Д.Отай 7 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож 2013 оны 11 сарын 21-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнийгээ баталгаажуулан бичгээр хэлэлцэн тохиролцож хариуцагч нь гарын үсэг зурсан байдаг ба хариуцагч 7 000 000 төгрөг авсан болон бичгээр байгуулан гарын үсэг зурсан эсэхдээ маргаагүй болно.

Гэтэл шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн атлаа хүү шаардах эрхээ алдсан, дэвтрийн хуудсанд тэмдэглэгдсэн 3.5 хувийн хүүтэй 1.6 жилийн хугацаатай гэж бичсэнийг талуудын хооронд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн хуульд нийцэх гэрээ гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэх тэмдэглэлийн дэвтэр дээрх бичиг нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн байсныг шүүх үндэслэх хэсэгтээ хэргийн үйл баримтын талаар хэрхэн үнэлснээ дурдан тогтоосон.

Хариуцагч 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид 7 000 000 төгрөгийн сарын хүү болох 265 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөн 245 000 төгрөгийг тус тус шилжүүлж байсан. Үүгээрээ хариуцагч нь хүүтэй мөнгө зээлсэн болох мөн тухайн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байсан болох нь зээлийн хүүгийн төлбөр төлж байсан үйл баримтаар тодорхой харагдаж байна. Шүүх талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн зээлийн гэрээг ямар үндэслэлээр хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж буй нь тодорхойгүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх хэргийн оролцогчдын гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх мөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлж дүгнэх үүрэгтэй байдаг ба шүүх энэхүү хуульд заасан үүргийнхээ дагуу нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч Ц.Отгонбаярын данс болох 5007725015 дугаарт дансанд 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Алаг нь шилжүүлсэн зарлагын баримт байхад шүүх хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр гаргасан хариу тайлбараар үгүйсгэж буй нь үндэслэлгүй юм. Хариуцагч тухайн мөнгийг ах нь надаас зээлсэн хэмээн тайлбарласныг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож буй нь хуульд нийцээгүй байна. Мөн 2014 оны 4 сард зээлсэн 2 000 000 төгрөг дээр хариуцагч маргаагүй бөгөөд тухайн мөнгийг зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Алаг нь хариуцагч Д.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 11 680 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Алаг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Д.От 7 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 1 жил 6 сарын хугацаатай, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус зээлсэн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт нийт 7 510 000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн талаар талууд маргахгүй байна.

 

Анхан шатны шүүх Ш.Алагийг Д.От 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7 000 000 төгрөгийг зээлсэн гэх үйл баримтыг зөв тогтоосон, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн ба хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Алагийн тэмдэглэлийн дэвтэрт хийгдсэн бичилтэд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан дүгнэлтдээ “2016 он Д.От 7 000 000 төг 21/XI-нд 3.5% хүүтэй зээлүүллээ. 1.6 жилийн t-тай 245,0 245,0...” гэсэн гар бичмэлүүд нь нэг хүний гараар үйлдэгдсэн, харин “УГ-7510100 дугаартай ХУД-2-р хороо 19-р хороолол 12А 55 тоот /гарын үсэг/” гэсэн гар бичмэлүүд нь нэг хүний гараар үйлдэгдсэн гэснийг зохигчийн тайлбартай хурьцуулан дүгнэвэл эхний бичилтийг Ш.Алаг, дараагийн бичилтийг Д.О тус тус үйлдсэн ба зээлийн хүү, гэрээний хугацааг Д.О тодорхойлоогүй тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэхээргүй байна.

 

Иймд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх хулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү авах эрхээ алдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Хаан банкны 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “мөнгөн шилжүүлэг” гэх баримтаар Ш.Алаг нь өөрийн эзэмшлийн данснаас 2 000 000 төгрөгийг мөн банкны 5007725015 тоот дансанд шилжүүлсэн, уг данс Д.Оын эзэмшлийнх болох талаар талууд маргаагүй байна.

 

Харин 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ш.Алагийн мөн данснаас 2 000 000 төгрөгийг Хаан банкны 5007725015 тоот дансанд н.Эрдэнэбилэг гэж гүйлгээний утгыг зааж шилжүүлсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зээлийн гэрээний энэ үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэсэн дүгнэлт нь буруу болжээ.

 

Учир нь Ш.Алагийн эзэмшлийн нэг данснаас /5006238748 тоот/ 5007725015 тоот дансанд 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг тус тус шилжүүлснийг эхний шилжүүлгийг Д.Отгобаяр хүлээн авсан гэж тайлбарласан атлаа, дараагийн шилжүүлгийг хүлээн аваагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй болжээ. Иймд 2 удаагийн гүйлгээгээр 4 000 000 төгрөгийг 5007725015 тоот дансаар Д.О авсан гэж дүгнэнэ.

 

Дээрх 3 зээлийн гэрээний дагуу Ш.Алаг нь Д.От нийт 11 000 000 /7 000 000+2 000 000+2 000 000/ төгрөгийг зээлсэн байна.

 

Ш.Алаг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Д.От зээлсэн 11 000 000 төгрөгөөс түүний төлсөн 7 510 000 төгрөгийг хасч үлдэх 3 490 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иймд Ц.Отгонбаяраас 3 490 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Алагт олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/02245 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “1 490 000” гэснийг “3 490 000” гэж, “10 190 000” гэснийг “8 190 000” гэж,

 2 дах заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 216 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 14 960 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 70 790 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ

                                                      

                            ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                      Э.ЗОЛЗАЯА