Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01042

 
 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/02245 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2103 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч:*******

 

нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 11,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч талаас 2020.01.14-ний өдөр, хариуцагч талаас 2020.01.17-ны өдөр хяналтын журмаар гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би өмнө нь гэрээ байгуулахгүйгээр*******ын хүсэлтээр мөнгө зээлж байсан бөгөөд тухай бүрд нь зээлийн төлбөрөө хийдэг байсан. 2013.11.21-ний өдөр*******тай гэрээ байгуулж 18 сарын хугацаатай сарын 3,5% хүүтэй 7,000,000 төгрөг зээлсэн. Үүний дараа******* өөрийн дүүтэйгээ мөнгө зээлдүүлээч гэж гуйсны дагуу зээлийн гэрээ байгуулалгүйгээр*******ын Хааны дансанд 2014.03.18-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2014.04.08-ны өдөр 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Гэрээ хийж авсан 7,000,000 төгрөгийн сарын хүү болох 245,000 төгрөгийг 2013.12.24-ний өдөр*******аас миний хаан банкны дансанд 265,000 төгрөг, 2014.02.02-ны өдөр 245,000 төгрөгийг зээлийн хүү гэж миний дансанд шилжүүлж байсан. Үүнээс хойш зээлсэн мөнгө, хүүгээ төлөхийг удаа дараа шаарддаг байсан боловч удахгүй өгнө, хүлээж байгаарай, хүүг нь нэмээд төлчихнө зэргээр хариу өгч удсаны эцэст 2016.08.12-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017.10.21-ний өдөр 2,000,000 төгрөгийг зээлийн хүү гэж төлсөн. Мөн зээлийн гэрээгүй дансаар өгсөн 4,000,000 төгрөгөөс тооцож*******ын ах н.Наран гэдэг хүн бэлнээр 1,000,00 төгрөгийг өгсөн. Нийтдээ 7,000,000 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүү гэж өгсөн. Иймд*******т зээлийн гэрээ хийж өгсөн 7,000,000 төгрөг түүний хүү, зээлийн гэрээгүй өгсөн 4,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 3,000,000 төгрөг, нийт 11,680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: *******аас 2014.03.08-ны өдөр өгсөн гэх 2,000,000 төгрөгийг аваагүй. Учир нь нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан байгаа зээлийн дансны хуулгаас харахад 2014.03.08-ны өдөр ямар нэгэн зарлагын гүйлгээ хийгдээгүй, 2014.03.13-ны өдөр хийгдсэн гэх 2,000,000 төгрөгийн гүйлгээний данс нь иргэн******* миний өөрийн болон гэр бүлийн хүний, хамаатан садангийн хүний нэр дээрх данс биш, огт мэдэхгүй данс байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс нийт 7,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 7,000,000 төгрөгийг хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс зээлийн гэрээ байгуулалгүй, хүүгүйгээр авсан бөгөөд нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдож байгаа. ******* нь өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015.11.20-ны өдөр хариуцагчийн ах 1,000,000 төгрөг 2016.08.12-ны өдөр дансаар 4,000,000 төгрөг, 2017.10.31-ний өдөр дансаар 2,000,000 төгрөг буюу нийт 7,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд 2018.08.08-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч 2015 онд 1,000,000 төгрөг, 2016 онд 5,000,000 төгрөг, 2017 онд 2,000,000 төгрөг, буюу 8,000,000 төгрөгийг буцаан өгсөн гэж мөн л зөрүүтэй тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 183/ШШ2019/02245 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан*******аас 1,490,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 10,190,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 2018.11.27-ны өдөр төлсөн 165,520 төгрөг, 2019.09.13-ны өдөр төлсөн 51,270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2103 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/02245 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 3,490,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, үлдэх 8,190,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор зааж, нэхэмжлэгчийн төлсөн 216,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14,960 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 70,790 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ******* хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* нь*******тай 7,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож 2013.11.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан түүнийгээ баталгаажуулан бичгээр хэлэлцэн тохиролцож хариуцагч нь гарын үсэг зурсан байдаг. Хариуцагч 7,000,000 төгрөг авсан, болон бичгээр байгуулан гарын үсэг зурсан эсэхдээ маргаагүй болно. ИХ-н 40.1-т заасны дагуу Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно хэмээн хуульчилж өгсөн бөгөөд талуудын хүсэл зориг хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэх тэмдэглэлийн дэвтэр дээрх бичиг нь талуудын хүсэл зоригийн илэрхийлсэн зээлийн гэрээ мөн байсныг шүүх хянавал хэсэгтээ хэргийн үйл баримтын талаар хэрхэн үнэлснээ дурдан тогтоосон. Давж заалдах шатны магадлал нь дээрх гэрээг бичгээр байгуулсан эсэхт дүгнэлт хийхдээ хх-н 58-д авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Шүүх магадлалынхаа хянавал хэсэгт: тэмдэглэлийн дэвтрийн эхний бичилтийг *******, дараагийн бичилтийг******* тус тус үйлдсэн ба зээлийн хүү, гэрээний хугацааг******* тодорхойлоогүй тул уг баримтыг ИХШХШТХ-н 40.2-т зааснаар үнэн зөв гэж дүгнэх боломжгүй хэмээн дүгнэжээ. Гэтэл хх-н 45-д авагдсан баримтаар хариуцагч дээрх тэмдэглэлийн дэвтрийн гаргаж өгсөн байдаг ба хариуцагч дээрх үйл баримтанд хугацааг нэмж оруулсан гэж маргадаг бөгөөд 7,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй авсан эсэхт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд дээрх зээлийн гэрээг бичгээр байгуулсан хууль нийцсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний хүүг шаардах эрхтэй байна. 2013.11.21-ний Зээлийн гэрээний тухайд ИХ-н 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар .. хэмээн хуульчилж өгсөн байдаг дээрх тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн зүйл нь зээлдүүлэгчийн зүгээс хэдэн төгрөг хэдэн хувийн хүүтэй зээлж буйгаа тодорхой дурдан бичилт хийсэн бөгөөд зээлдэгч тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг ба хариуцагч түүн дээрээ маргаагүй болно. Мөн хариуцагч хариу тайлбартаа болон ХХША-ны явцад дээрх 7,000,000 төгрөгийг зээлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг нь дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл шаардлагыг бүрэн хангасан талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн бичгэн хэлбэртэй зээлийн гэрээ болсон болохыг тодорхой харуулж байна. Мөн хариуцагч Ц.Отгонбаяр нь 2013.12.21-ний өдөр нэхэмжлэгчид 7,000,000 төгрөгний сарын хүү болох 265,000 төгрөг, 2014.02.02-ны өдөр мөн 245,000 төгрөгийг тус тус шилжүүлж байсан. Үүгээрээ хариуцагч нь хүүтэй мөнгө зээлсэн болох мөн тухайн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн зээлийн гэрээний агуулгыг бүрэн ойлгосон болох нь, тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн дээрх бичиглэлийг хүлээн зөвшөөрч зээлийн хүүгийн төлбөр төлж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтаар тодорхой харагдаж байна. Давж заалдах шатны шүүх дээр дурдаад буй хариуцагчийн төлсөн хүүг хянавал хэсэгтээ хэрхэн яаж үнэлснээ тодорхой дурдаагүй бөгөөд дээрх 510,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хас ч тооцож буй ИХШХШТХ-н 40.2-т заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэх хэмээн заасан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй нь нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна. Бичгээр хийх хуулийн шаардлагын тухайд: ИХ-н 281-р зүйл болох зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээ бөгөөд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлж түүнийгээ буцаан хариу төлбөртэй авч болохоор хуульчилж өгсөн байдаг. Хэрэв талууд хүү авахаар тохиролцсон бол ИХ-н 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана хэмээн зохицуулж өгснийг баримтлах ёстой бөгөөд талууд бичгээр тохиролцсон нь хэрэгт авагдсан үйл баримтаас тодорхой харагдаж байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуульд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулахад ямар нэгэн шаардлага тавихгүй бөгөөд талууд гол нөхцөлөө тохиролцож гарын үсэг зурсан байхыг шаарддаг байна. Иймд энэхүү тэмдэглэлийн дэвтэрт тусгагдаж буй талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зээлийн гэрээ хэмээн үзэх хангалттай үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хүүгээ шаардах бүрэн эрхтэй ба ИХ-н 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэх шаардлагыг бүрэн хангасан байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу дүгнэж, үнэлж үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. *******,******* нар нь найз нөхдийн холбоотой байсан бөгөөд******* нь 2013-2014 онд нэхэмжлэгч *******аас найзын журмаар хүүгүй 7 сая төгрөгийг зээлж авсан, уг зээлж авсан мөнгийг******* буцаан төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Гэтэл ******* нь*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 11,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ 2013.11.21-ний өдөр 7,000,000 төгрөгийг бэлнээр 3,5 хувийн хүүтэй, 2014.03.18-ны өдөр 2,000,000 төгрөгийг дансаар, 2014.04.08-ны өдөр 2,000,000 төгрөг зээлсэн гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүхээс нийт 9,000,000 төгрөг, давж заалдах шат нийт 11,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж дүгнэж хариуцагчаас 3,490,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2 зээлийн гэрээ гэж зүйл байгуулагдаагүй бөгөөд зээлийн гэрээ гэх баримтыг нэхэмжлэгч 2018.08 сард анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар нэгэн он сар байхгүй, хугацаа заагаагүй баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлээ ИХШХШТХ-н 106.3-д зааснаар татан авч 2018.12 сард дахин нэхэмжлэл гаргахдаа уг баримтыг засварлаж ...2016 он, 1,6 жилийн хугацаатай гэж нэмж засвар оруулж нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. Уг баримтаас үзэхэд талуудын хооронд 2016 онд мөнгө зээлсэн мэт харагдах боловч 2016 онд талуудын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ гэх баримт үйлдээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа 2016 онд талуудын хооронд гэрээ байгуулаагүй, мөнгө зээлээгүй гэж мэдүүлдэг. Гэтэл давж заалдах шатны шүүх дүгнэхдээ 2016 онд 7,000,000 төгрөг, 2014 онд 4,000,000 нийт 11,000,000 төгрөг зээлсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хариуцагчийн хувьд нийт 7,000,000 төгрөг зээлсэн бөгөөд мөнгийг буцаан төлсөн уг үйл баримттай талууд маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байгаа болно. Давж заалдах шатны шүүх ингэж үнэлэхдээ 2016 онд 7,000,000 төгрөг 2014 онд 1,000,000 төгрөг зээлсэн гэж үзэх үндэслэл нь: 1-рт: 2016 оны зээлийн гэрээ гэх баримтыг нэхэмжлэгчийн хувьд нийт зээлдүүлсэн 7,000,000 төгрөгийг 2016 онд нөхөж бичсэн 2-рт: 2014 онд дээрх 7,000,000 төгрөгнөөс 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг нь нэмж нэгтгэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн хувьд 2018.08 сард тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ ИХШХШТХ-н 106.3-д зааснаар нэхэмжлэлээ татан авсан бөгөөд мөн зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан бол мөн хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарахаар хуульчилсан бөгөөд тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болох хуулийн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь ИХ-н 42.7, 43.2.1, 196, 282, 283, 288-д заасныг тус тус зөрчиж байх тул зээлд хүү тооцох үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс зээлсэн 7,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг ноцтой зөрчсөн, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2018.11.27-ны өдөр*******т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт 11,680,000 төгрөг шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 1,490,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ ....2013.11.21-ний өдөр.... зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.... *******аас 7,000,000 төгрөг өгсөн байна... хүүг шаардах эрхээ алдсан байна... хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна... 2014.03.18-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдож байна... 7,510,000 төгрөгийг Отгонбаяр Ариунтунгалагт төлсөн талаар маргахгүй байна...иймд 9,000,000 төгрөгөөс төлсөн 7,510,000 төгрөгийг хасаж үлдэх 1,490,000 төгрөгийг гаргуулна... гэсэн дүгнэлт хийжээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 3,490,000 төгрөг гаргуулах өөрчлөлт оруулахдаа ...2013.11.13-ны өдөр 7,000,000 төгрөг... 2014.03.18-ны өдрийн 2,000,000 төгрөгийн зээлийн талаар зөв дүгнэлт хийсэн...энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй... харин...2014.04.08-ны өдрийн 2,000,000 төгрөгийн зээлийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй байна... нэг данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 4,000,000 төгрөг авсан байхад нэгийг нь аваагүй гэсэн нь буруу...******* нь*******т нийт 11,000,000 төгрөг зээлүүлсэн гэж үзэж, төлсөн 7,510,000 төгрөгийг хасч үлдэх 3,490,000 төгрөг гаргуулна... гэсэн байна.

 

Магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. ******* нь нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээний огноог зөрүүтэй бичсэн, олгосон гэх 3 удаагийн зээл тус бүрт хэдэн төгрөг шаардсаныг шүүх зааглан бичээгүй байх тул энэ талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч 2018.11.27-ны өдрийн нэхэмжлэлдээ ...2016.11.21-ний өдөр гэрээ хийж ..7,000,000 төгрөг зээлүүлсэн...2017.10.13-ны өдөр хүүд 2,000,000 төгрөг төлсөн...иймд 2016.11.21-ний өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг...хүү 2,410,000 төгрөг нийт 9,240,000 төгрөг гаргуулж өгнө үү.... /хх1/

 

2019.05.17-ны өдрийн шүүх хуралдаан дээр ...2013 оны 11 сард 7,000,000 төгрөг 2014.03.18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014.04.08-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөг зээлүүлсэн...2016.8.12-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017.10.31-ний өдөр 2,000,000 төгрөг, ах нь 1,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг төлөгдсөн... /хх66/ гэсэн байх бөгөөд гэрээ нь 2013 оных /хх67/ гэдгийг тодорхой дурдсан байна.

 

2019.09.12-ны өдөр нэхэмжлэлээ тодруулахдаа ...2013.11.21-ний өдөр гэрээ байгуулж ..7,000,000 төгрөг зээлүүлсэн...дараа нь 2014.03.18-ны өдөр 2,000,000 төгрөг...2014.04.08-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөг өгсөн... 7,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 4,000,000 төгрөг хүүд 2,510,000 төгрөг өгсөн тул үлдэх 3,000,000 төгрөгийг хүү 5,680,000 төгрөгийн хамт шаардана... нийт 4,000,000 төгрөгийн зээлээс 1,000,000 төгрөг өгсөн тул үлдэх 3,000,000 төгрөгийг авна ..нийт 11,680,000 төгрөг... гэжээ.... /хх 121/

 

2019.10.21-ний өдрийн шүүх хуралдаан дээр ...7,000,000 төгрөгийг 2013.11.21-ний өдөр зээлүүлсэн ...2014.03.08-ний өдөр 2,000,000 төгрөг, 2014.04.08-ний өдөр 2,000,000 төгрөг зээлүүлсэн.. гэсэн байна. /хх147/

 

Дээр дурдсанаас үзвэл, ******* нь*******аас 2013.11.21-ний өдөр 7,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй зээлүүлж үндсэн зээлээс 4,000,000 төгрөг хүүд 2,510,000 төгрөг төлөгдсөн гэсэн үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хүү 5,680,000 төгрөгийн хамт нийт 8,680,000 төгрөг шаардсан байна. Мөн 2014.03.18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014.04.08-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг зээлүүлж 1,000,000 төгрөг буцааж авсан гээд үлдэх 3,000,000 төгрөгийг бүгд 11,680,000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн энэ шаардлагад тайлбар өгч, талууд нотлох баримт гаргаж мэтгэлцсэн, хоёр шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй болно.

2. ...Бичгээр байгуулсан зээлийн гэрээнд хүү тохирсон байхад энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хуульд нийцэхгүй байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.

******* нь 7,000,000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн гэх боловч энэ тухай бичгийн баримт /хх4/ нь эргэлзээтэй буюу нэмэлт бичилт оруулсан, огноо нь шаардлагын үндэслэлд заасан гэрээний хугацаатай тохирохгүй байх тул уг баримт нэхэмжлэлийг нотлохгүй байна.

 

Хоёр шатны шүүх хэрэгт буй нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т заасныг зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй.

Зохигч нар нь хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон байдал нотлогдоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

3. 2013.11.21-ний өдрийн 7,000,000 төгрөгийн зээлийн талаар

 

******* 2013.11.21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй хариуцагчид зээлүүлж үндсэн зээлээс 4,000,000 төгрөг хүүнд 2,510,000 төгрөг буцаан авч, үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хүү 5,680,000 төгрөгийн хамт нийт 8,680,000 төгрөгийг*******аас шаардсан талаар дээр дурдсан.

Хоёр шатны шүүх талуудын хооронд 2013.11.21-ний өдөр зээлийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн, хариуцагчаас хүү гаргуулах үндэслэлгүй талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж хяналтын шатны шүүх үзлээ.

7,000,000 төгрөгөөс 6,510,000 төгрөг төлөгдсөн тул 2013.11.21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч 490,000 төгрөг төлөх үүрэгтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ.

 

4. 2014.03.18-ны өдрийн 2,000,000 төгрөг, 2014.04.08-ны өдрийн 2,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийн зээлийн талаар

а/. 2014.03.18-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдож байна гэж хоёр шатны шүүх үзсэн нь баримттай байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Давж заалдах шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль хэрэглээний ямар нэг алдаа гаргаагүй байна.

 

б/. 2014.04.08-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлийн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх бөгөөд үүнийг үгүйсгэх баримтгүй байна.

******* нь өөрийн харилцах банкны данснаас*******т 2014.03.18-ны өдөр болон 2014.04.08-ны өдөр мөнгө шилжүүлсэн, эдгээр нь нэхэмжлэлийн үндэслэл буюу зээлтэй холбоотой үйл баримт байхад анхан шатны шүүх энэ талаар хоёр өөр дүгнэлт хийсэн нь дутагдалтай болжээ.

2014.04.08-ны өдөр зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч мөнгийг зээлсэн нь нотлогдсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.

в/. ******* нь 4,000,000 төгрөгийг зээлүүлж 1,000,000 төгрөг буцааж авсан талаарх тайлбарыг үгүйсгэх баримтгүй тул хариуцагч 2014.03.18-ны өдөр болон 2014.04.08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

5. 2013.11.21-ний өдөр 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 490,000 төгрөг, 2014.03.18-ны болон 2014.04.08-ны өдрийн нийт 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчийн гомдлыг хангах нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд нийцэхгүй юм.

6. ...2 зээлийн гэрээ гэж зүйл байгуулагдаагүй бөгөөд зээлийн гэрээ гэх баримтыг нэхэмжлэгч 2018.08 сард анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар нэгэн он сар байхгүй, хугацаа заагаагүй баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ...дахин нэхэмжлэл гаргахдаа 2016 он, 1,6 жилийн хугацаатай гэж нэмж засвар оруулж нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн... гэжээ.

 

Хариуцагчийн энэ гомдол нь 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой байх бөгөөд шүүх хүү тооцоогүй, нэхэмжлэгч нь 2016 оны бус, харин 2013.11.21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардсан тул гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

 

7. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ******* нь 2018.08.18-ны өдөр*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч ...нэхэмжлэл гаргахдаа эрх зүйн зөвлөгөө аваагүй..хуульчаас асуусан чинь дутуу баримт бүрдүүлсэн байна гэж хэлсэн учир нэхэмжлэлээ татан авч, дахин баримт бүрдүүлж нэхэмжлэл гаргах болсон тул татан авах хүсэлтэй байна.. гэсэн хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.10.15-ны өдрийн 183/ШЗ2016/11973 дугаартай захирамж/ хх 44/ -аар ******* 9,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Шүүх уг захирамжид ...нэхэмжлэгч тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж заасны дагуу ******* шүүхэд хандсан байх бөгөөд энэ үндэслэлээр зохигч анхан шатны шүүхэд маргаагүй тул хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т нийцэхгүй байна.

 

8. Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг нотлох баримт гаргаж өгөх үүргийг зохигч хүлээнэ. Шүүх талуудын гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ.

 

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг харьцуулан үнэлж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байх тул зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2103 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс талаас 2020.01.13-ны өдөр төлсөн 145,990 төгрөг, хариуцагч талаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД, Х.СОНИНБАЯР

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН