Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01948

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01139 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Ж” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 48 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч М ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Ж ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр №08 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өөрийн хөрөнгөөр Дархан дахь ШУТИС-ийн 1 600 оюутны хичээлийн байрны өргөтгөлийн барилгыг иж бүрэн барьж, эхлүүлэх, гүйцэтгэлээс хамаарч санхүүжигдсэн хөрөнгөөр барьж бүрэн ашиглалтад оруулах, захиалагч Ж ХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч нь зохих гүйцэтгэлийн дагуу улсын төсвөөс санхүүжигдэх санхүүжилтийг дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Оюутны хичээлийн байрыг БСШУЯ-ны захиалгаар барьж ажлын гүйцэтгэлийн дагуу Сангийн яамнаас санхүүжилт нь орж ирж байсан бөгөөд Ж ХХК нь санхүүжилтийг М ХХК-ийн дансанд шилжүүлэх ёстой боловч их хэмжээгээр хохироогоод байна. 2015 онд санхүүжигдэх ёстой 890 000 000 төгрөгнөөс дутуу шилжүүлсэн 165 543 827 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2015.06.29-ны өдрөөс 2015.11.05-ны өдөр хүртэлх 160 хоногийн 0,1 %-ийн алдангийг бодож 26 487 012 төгрөгийн алданги, 2016 онд Сангийн яамнаас санхүүжилтээр орж ирсэн 820 272 262 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2015.11.05-ны өдрөөс 2016.03.28-ны өдөр хүртэлх 144 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 17 319 205 төгрөгийн алданги, 967 036 473 төгрөг, түүнээс дутуу шилжүүлсэн 222 036 473 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2016.03.28-ны өдрөөс 2017.03.03-ны өдөр хүртэлх 340 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 75 492 400 төгрөгийн алданги, гүйцэтгэлээр санхүүжигдсэн 121 364 690 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2016.12.20-ны өдрөөс 2017.03.03-ны өдөр хүртэлх 73 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 8 859 622 төгрөгийн алданги буюу нийт алданги 128 158 239 төгрөгийг, гүйцэтгэлээс дутуу төлөгдсөн төлбөр 629 217 252 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасан торгууль 145 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 23 368 000 төгрөг, тус барилгын газар шороо суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөг, нийт 1 031 363 991 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ”Ж” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь 2 дахь удаагаа Ж ХХК-д холбогдуулан үнийн дүн өөр боловч нэг гэрээний дагуу нэхэмжлэлийг гаргасан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр "467 384 396 төгрөгийн нэхэмжлэл гаргаж түүнийгээ 2016 оны 08 дугаар сард 145 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 612 384 396 төгрөг гаргуулахаар шаардаж байсан. Үүнийг задлан үзвэл гэрээт ажлын төлбөр болон алданги нийт 445 127 997 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 22 256 399 төгрөг, торгууль 145 000 000 төгрөг байсан болно.

 

Энэхүү шаардлагыг бүхэлд нь шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 01040 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М ХХК нь энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болсон байна.

 

М ХХК нь 2017 оны 3 сарын 9-ний өдөр тус шүүхэд дээр дурдагдсан нэхэмжлэлийн шаардлага хэвээр байна. Гэрээт ажлын төлбөр 629 217 252 төгрөг, алданги 128 158 239 төгрөг, торгууль 145 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 23 368 000 төгрөг, нийт 925 743 491 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас, 964 189 774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 67 174 217 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 314 762 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 978 899 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой хэд хэдэн алдааг гаргаж хариуцагчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангалгүй хэт нэг талыг барьлаа. Үүнд:

Хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлт бүрэн хангагдаагүй байхад шүүх хурал хийсэн, хариуцагч талд шинээр ирсэн нотлох баримтыг огт танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу шүүх хурал давхцсан шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүхээс хүлээн авалгүй шийдвэрлэж хариуцагчийг хуралд оролцож мэтгэлцэх боломжоор хангалгүй шүүх хурлыг хийсэн, гэрээний үндсэн төлбөр болон хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шийдвэрт туссан үнийн дунгийн хооронд эрс зөрүүтэй байгаад зөв дүгнэлт хийж нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох талуудын хооронд хийгдсэн гэрээний 3 болон 7 дугаар зүйлийг буруу тайлбарлан нотлох баримтыг нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэсэн, алданги бодсон талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсгүүд нь хоорондоо илт зөрүүтэй, хариуцагчид хамааралгүй үүргийг хамааруулан гэрээ болон иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэг маш ноцтой үйлдлүүдийг анхан шатны шүүхээс гаргасан болно.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс  629 217 252 төгрөг,  алданги 128 158 239 төгрөг,  торгууль 145 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 23 368 000 төгрөг, барилгын газар шороо суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөг буюу нийт 1 031 363 991 төгрөгийг гаргуулах шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх-1-3, 57-58/

 

Хариуцагч тал өөрийн татгалзлын үндэслэлийг нотлохоор шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэжээ. Уг шүүгчийн захирамжийн дагуу 2-р хавтаст хэргийн 19-37 дугаар талд бичмэл нотлох баримтууд ирсэн боловч уг нотлох баримтуудыг хариуцагчид танилцуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасныг ноцтой зөрсөн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “...,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болон Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралтай, шүүхэд шинээр ирсэн нотлох баримттай танилцах” тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгснийг анхан шатны шүүх хүлээн авч хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн байна. /2хх -40, 55/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй боловч оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай гэх нөхцөл байдлаа нотолсон байхад хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох  эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25 дугаар зүйлд нийцээгүй байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01139 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 978 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                   ШҮҮГЧИД                                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД