Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00032

 

“...проперти” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00227 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 545 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...проперти” ХХК

          Хариуцагч: “Ж...” ХХК-д холбогдох

          Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,031,363,991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ганболдын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, Н.Мягмардорж, нэхэмжлэгчийн өмгөөлөч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Ш.Мөнжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Талууд 2015-06-05-ны өдөр 08 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өөрийн хөрөнгөөр Дархан дахь ШУТИС-ийн 1600 оюутны хичээлийн байрны өргөтгөлийн барилгыг иж бүрэн барьж, эхлүүлэх, гүйцэтгэлээс хамаарч санхүүжигдсэн хөрөнгөөр барьж бүрэн ашиглалтад оруулж, “Ж...” ХХК-д хүлээлгэн өгөх,  “Ж...” ХХК нь гүйцэтгэлийн дагуу улсын төсвөөс олгох санхүүжилтийг шилжүүлэхээр  гэрээ байгуулсан. Оюутны хичээлийн байрыг БСШУЯ-ны захиалгаар барьж, гүйцэтгэлийн дагуу Сангийн яамнаас санхүүжилт орж ирж байсан. “Ж...” ХХК гүйцэтгэлийн дагуу орж ирсэн санхүүжилтийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай дансанд шилжүүлэх ёстой байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Өнөөдрийн байдлаар санхүүжигдсэн төлбөрөөс 629,217,252 төгрөгийг шилжүүлээгүй. Манай байгууллага ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д заасны дагуу 2015 онд санхүүжигдэх ёстой 890 сая төгрөгөөс дутуу шилжүүлсэн 165,543,827 төгрөг, уг төлбөрт 2015-06-29-с 2015-11-05-ны өдөр хүртэлх 160 хоногийн алдангийг 0,1%-р тооцож 26,487,012 төгрөг, 2016 онд СЯ-с санхүүжигдсэн  820,272,262 төгрөгөөс дутуу шилжүүлсэн 120,272,262 төгрөг, уг төлбөрт 2015-11-05-с 2016-03-28-ны өдөр хүртэлх алдангийг 144 хоногийн 0,1%-р тооцож 17,319,205 төгрөг, 967,036,473 төгрөг төлөгдөхөөс дутуу шилжүүлсэн 222,036,473 төгрөг, уг төлбөрт алдангийг 2016-03-28-с 2017-03-03-ны өдөр хүртэл 340 хоногийн 0,1%-р тооцож 75,492,400 төгрөг, гүйцэтгэлээр санхүүжигдсэн 121,364,690 төгрөг, уг төлбөрт алдангийг 2016-12-20-с 2017-03-03-ны өдөр хүртэлх 73 хоногийн 0,1%-р тооцож 8,859,622 төгрөг нийт 629,217,252 төгрөг, алданги 128,158,239 төгрөг, гэрээний 7.2-т заасан торгууль 145 сая төгрөг, өмгөөллийн хөлс 23,368,000 төгрөг, тус барилгын газар шороо суурийн нэмэлт ажлын зардал 105,620,500 төгрөг, бүгд 1,031,363,991 төгрөгийг “Ж...” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: “Ж...” ХХК нь 2013 онд БСШУЯ-с зарласан тендерт оролцож ШУТИС-ийн харьяа Дархан ШУТИС-ийн 5 давхар барилгын ажлыг иж бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар “Ж...” ХХК нь туслан гүйцэтгэгч авах эрхтэй бөгөөд ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх үүднээс 2015-06-05-ны өдөр “...проперти” ХХК-тай “барилга угсралтын ажил гүйцэтгэх” 08 тоот гэрээ  байгуулсан. Уг гэрээний 1.2-т БСШУЯ-тай байгуулсан гэрээний үндсэн болон тусгай нөхцөлүүд бүрэн хамааралтайгаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл “...проперти” ХХК нь “Ж...” ХХК-тай байгуулсан гэрээнээс гадна “Ж...” ХХК болон БСШУЯ-ны хооронд байгуулсан гэрээний нөхцөлийг дагаж мөрдөхийг бүрэн зөвшөөрсөн. БСШУЯ-тай байгуулсан гэрээний дагуу барилгын ажлын нийт төсөвт өртгөөс дараах үнийн дүнг захиалагч нь суутган авч зарцуулахаар тохиролцсон. Үүнд: техник хяналтын зардал 52,462,751 төгрөг, магадлашгүй ажлын зардал 52,523,724 төгрөг, инженер геологийн үнэ 1,9 сая төгрөг, зураг төсвийн зардал 45,187,000 төгрөг, экспертизийн үнэ 2,250,000 төгрөг, нийт 154,323,475 төгрөг юм. Энэ нь “...проперти” ХХК-тай хийсэн гэрээний төсөвт багтсан. “Сензо” ХХК-д зураг төслийн зардалд 51,033,321 төгрөгийг өгсөн. Үүнийг “Ж...” ХХК болон “...проперти” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу дээрх үнийн дүн нь мөн суутгагдан үлдэхээр харилцан тохиролцсон болно. Мөн гэрээнд заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 5%-тай тэнцэх хэмжээний үнийн дүнг баталгаат хугацааны туршид буюу 3 жилийн хугацаанд БСШУЯ-д байршуулах үүрэгтэй болно.Гэрээт ажлыг “...проперти” ХХК тохиролцсон хугацаанд гүйцэтгээгүй. Улсын комисс 2017-04-21-ний өдөр хүлээн авсан гэх бөгөөд холбогдох эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсаар 2017-05-р сард акт эцсийн байдлаар гарсан болно. “...проперти” ХХК нь ажлыг 6 сарын хугацаанд хийх байсан ч энэ хугацаанд дуусаагүй, гэрээг зөрчсөн. Манай зүгээс санхүүжүүлэх үүрэгтэй байсан ч яамнаас санхүүжилт удаашралтай орж ирж байсан, тэгээд ч гэрээнд санхүүжүүлэх хугацааг тодорхой заагаагүй, иймээс алданги тооцох үндэслэлгүй. Яам нийт санхүүжилтээс 150 сая орчим төгрөгийг барьцаанд авч үлдсэн. Энэ мөнгийг ерөнхий гүйцэтгэгч л авч болно. “...проперти” ХХК нь 2016-06-27-ны өдөр 467,384,396 төгрөгийн нэхэмжлэл гаргаж түүнийгээ 2016-08-р сард 145 сая төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээт ажлын төлбөр болон алданги нийт 445,127,997 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 22,256,399 төгрөг, торгууль 145 сая төгрөг, нийт 612,384,396 төгрөг гаргуулах гэж байсан. Шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь 2016-10-24-ний өдөр 01040 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ үед үндсэн ажлын төлбөрийг 392,308,735 төгрөг гэж байсан, одоо 629,217,252 төгрөг болгож нэмсэн. Бид 419,078,946 төгрөгийн тооцоо үлдсэн гэж үзэж байна. “...проперти” ХХК нь энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болсон. “...проперти” ХХК нь 2017-03-09-ний өдөр тус шүүхэд дээр дурдагдсан нэхэмжлэлийн шаардлага хэвээр бичиж ...нийт 1,031,363,991 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай зүгээс техник хяналтын зардал 52,462,751 төгрөг, магадлашгүй ажлын зардал 52,523,724 төгрөг, инженер геологийн үнэ 1,9 сая төгрөг, зураг төсвийн зардал 45,187,000 төгрөг, экспертизийн үнэ 2,250,000 төгрөг, нийт 154,323,475 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 23,368,000 төгрөгийг, алданги 128,158,239 төгрөгийг, торгууль, 105,620,500 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй, энэ бүхнийг хасахаар үндсэн төлбөрөөс 419,078,946 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00227 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5-т заасныг баримтлан “Ж...” ХХК-иас 879,837,752 төгрөгийг гаргуулан “...проперти” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 151,526,239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн нийт 5,314,762 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 4,557,139 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 545 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00227 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчаас 467,494,174 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбогдуулан төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

      Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалд СБД-ийн ИХАШШ-ийн 2016-10-24-ний өдрийн 181/ШШ2016/01040 шийдвэрээр “Ж...” ХХК-иас 2015 оны ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон тул 2015 онд олгох 890 сая төгрөгөөс дутуу шилжүүлсэн 165,543,827 төгрөг, түүний алдангид 26,487,012 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлөх төлбөрийг дараах байдлаар тооцсон бөгөөд 2015 оны ажлын гүйцэтгэлээс дутуу шилжүүлсэн 165,543,827 төгрөгийг хасч тооцсон үндэслэлгүй. Гэрээгээр гүйцэтгэх ажлын гүйцэтгэлийг хүснэгтээр харуулбал гэрээний үнэ 2,900,000,000. Санхүүжих хугацаа, дутуу шилжүүлсэн санхүүжилт 1. 2015 оны санхүүжилт 165,543,827 энэ хэсгийг хасч тооцсон. 2. 2016 оны эхний хагас жилийн санхүүжилт 120,272,262. 3. 2017 оны сүүлийн жилийн санхүүжилт 222,036,473. 4. Эцсийн гүйцэтгэлд төлөх 121,364,690. Нийт 463,673,425, нийт нэхэмжилсэн 629,217,252. Учир нь 181/ШШ2016/01040 шийдвэрээр талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй харилцааг бүхэлд нь дүгнээгүй, 2015 оны санхүүжилтийг эцэслэн дүгнээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа талууд тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийн хэмжээг тогтоогүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээний харилцаа дуусгавар болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй үлдэж байгааг дурдаж шийдвэрлэсэн болно. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс 2017-4-21-ний өдөр барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараа захиалагчаас гэрээний үүргийг гүйцэтгэлтэй холбоотойгоор санхүүжилтийг нэхэмжилсэн бөгөөд өмнөх шүүхийн шийдвэрт энэ үйл баримтын талаар эцэслэн тогтоож шийдсэн зүйл байхгүй болно. Хэдийгээр хийгдсэн барилгын үе шатны ажилд төлөх санхүүжилтийг хариуцагч байгууллага төлөх үүргээ биелүүлээгүй ч барилгын үе шатны ажил бүхэлдээ дуусгавар болоогүй тул хэсэгчлэн хийсэн ажил болгонд санхүүжилт шаардах боломжгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрээр 2015 оны ажлын гүйцэтгэлтэй холбоотой хэсгийг эцэслэн шийдсэн мэтээр дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, ИХШХШТХ-ийн 40.2, 116.2-т заасныг ноцтой зөрчсөн зөрчил юм. Иймд анхан шатны шүүх гүйцэтгэгч “... Проперти” ХХК нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн, захиалагч хүлээн авсан гэж дүгнэн гэрээгээр тохирсон үнийн дүн буюу гэрээний зүйл болох 2,900,000 төгрөгийн хүрээнд маргааныг шийдвэрлэн 629,217,252 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2 дахь хэсэгт “Талууд гэрээний үүргийн биелэлтийг удаа дараа зөрчсөн, нөгөө талынхаа шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа биелүүлээгүй... бол гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэг удаа төлнө” гэж заасныг ИХ-ийн 232.5, 56.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж торгуульд 145 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн дүгнэлт гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2 дахь хэсэгт заасан заалт нь ИХ-ийн 232.5-д заасантай нийцсэн заалт юм. ИХ-ийн 232.5-д гэрээ байгуулах үед гэрээний талуудад хариуцлага болгож торгууль тооцох үед 1. Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заах, 2. Эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоох сонголтыг олгосон тул гэрээгээр талууд торгууль тооцсон нь хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээнд урьдчилан, харилцан тохиролцож торгуулийг гэрээний нийт үнийн дүнгээс тооцож төлөхөөр заасан байгаа нь тус заалтын “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан” гэсэн нийцэж байхад шүүхээс торгуулийг заавал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох ёстой гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Захиалагч “Ж...” ХХК-ийн зүгээс Барилга угсралтын ажил, гүйцэтгэх гэрээний 4.2.3, 4.2.8-д заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул 7.2-т заасан торгууль төлөх үндэслэлтэй юм. Гэрээний дагуу захиалагч нь БСШУЯ-с орж ирсэн санхүүжилтийг гэрээнд заасны дагуу гүйцэтгэгчид шилжүүлэх ёстой байтал, удаа дараа дутуу шилжүүлсэн. Гэрээний 4.2.8-д заасан барилгын ажил дууссаны дараа улсын комисс ажиллуулах ажлыг зохион байгуулаагүйгээс 2016-5-07-ны өдөр ажилласан улсын комиссын шийдвэрийг хүчингүй болгосон тухай Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016-11-07-ны өдрийн 536-р албан бичгээр тогтоогддог. Захиалагч ийнхүү гэрээний үүргээ ноцтой зөрчсөнөөс барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх ажил бүтэн жилээр хойшилж, гүйцэтгэгч арга буюу өөрийн зардлаар 2017-4-21-ний өдөр барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн болно. Иймд давж заалдах шатны шүүхээс торгууль 145,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй. Анхан шатны шүүх талууд гэрээний 7.2-т торгууль тооцохоор тохирсон гэж дүгнэн торгууль төлөх үүрэгтэй гэсэн нь үндэслэлтэй. 3. Магадлалд талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2 дахь хэсэгт “Энэхүү гэрээнд БСШУЯ-тай байгуулсан сургуулийн хичээлийн байрны барилга, барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үндсэн болон тусгай нөхцөлүүдтэй бүрэн хамааралтай байна” гэж тохиролцсон гэж үзэж БСШУЯ болон “Ж...” ХХК-ийн хооронд 2013 онд байгуулагдсан гэрээний үнэд техник хяналтын зардал 52,462,751 төгрөг, инженер, геологийн 1,900,000 төгрөг, зураг төсвийн зардал 45,187,000 төгрөг, экспертизийн үнэ 2,250,000 төгрөг нийт 101,799,751 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль бус юм. Учир нь уг барилгын зураг төсвийг тендер зарлагдахаас өмнө, БСШУЯ болон “Ж...” ХХК-ийн хооронд 2013 онд гэрээ байгуулагдахаас өмнө 2011, 2012 онд “Сензо констракшн” ХХК-иар хийлгэж зардлыг төлсөн байсан тухай “Сэнзо констракшн” ХХК-ийн 2019-01-14-ний өдрийн 05/19-р албан бичгээр нотлогддог. Гэтэл энэ зардлыг дахин санхүүжүүлэхээр “Ж...” ХХК суутган авч үлдэх үндэслэлгүй юм. Техник хяналтын зардлын хувьд БСШУЯ-наас Барилгын хөгжлийн төвд шууд шилжүүлсэн нь баримтаар тогтоогддог тул дахин “Ж...” ХХК суутган авч үлдэх үндэслэлгүй юм. Иймд Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, ИХШХШТХ-ийг зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      “...проперти” ХХК 2017-03-10-ны өдөр шүүхэд хандаж, “Ж...” ХХК-иас 1,031,363,991 төгрөг гаргуулахыг шаардаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...2015-06-05-ны өдөр 08 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 1600 оюутны хичээлийн байрны өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэж, хариуцагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн...гэрээний дагуу “Ж...” ХХК нь улсын төсвөөс олгох санхүүжилтийг шилжүүлж байхаар тохирсон...санхүүжигдсэн төлбөрийг бүрэн аваагүй...иймд 2015 онд санхүүжилтийн үлдэгдэл 165,543,827 төгрөг алданги 26,487,012 төгрөг., 2016 оны үлдэгдэл 120,272,262 төгрөг алданги 17,319,205 төгрөг., 222,036,473 төгрөг алданги 75,492,400 төгрөг., 121,364,690 төгрөг алданги 8,859,622 төгрөг буюу санхүүжилтийн үлдэгдэл төлбөр нийт 629,217,252 төгрөг, алданги 128,158,239 төгрөг болж байна... мөн  гэрээний 7.2-р торгууль тооцон 145,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 23,368,000 төгрөг,  барилгын газар шороо суурийн нэмэлт ажлын зардал 105,620,500 төгрөг болно...” гэсэн  байна. 

       Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч өмнө нь шүүхэд хандсанаар шүүх хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан ба уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа...уг хэрэгт нэхэмжлэгч нь гэрээт ажлын төлбөр болон алданги нийт 445,127,997 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 22,256,399 төгрөг, торгууль 145 сая төгрөг, нийт 612,384,396 төгрөг шаардсан бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байгаа....иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй..техник хяналтын зардал 52,462,751 төгрөг, магадлашгүй ажлын зардал 52,523,724 төгрөг, инженер геологийн үнэ 1,900,000 төгрөг, зураг төсвийн зардал 45,187,000 төгрөг, экспертизийн үнэ 2,250,000 төгрөг, нийт 154,323,475 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 23,368,000 төгрөгийг, алданги 128,158,239 төгрөгийг, торгууль, 105,620,500 төгрөгийг зөвшөөрөхгүй бөгөөд эдгээрийг хасаад үндсэн төлбөрөөс 419,078,946 төгрөгийг төлж болно...” гэжээ.

      Анхан шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гээд “... гэрээний үлдэгдэл төлбөр 629,217,252 төгрөг, торгууль 145,000,000 төгрөг, нэмэлт ажлын зардал 105,620,500 төгрөг нийт 879,837,752 төгрөг..”-г хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн байна. 

    Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас  467,494,174 төгрөг гаргуулахдаа “...2016, 2017 оны нийт гүйцэтгэсэн ажлын хөлс  120,272,262 төгрөг, 222,036,473 төгрөг, 121,364,690 төгрөг буюу нийт 463,673,425 төгрөгийг нэмэлт ажлын зардал 105,620,500 төгрөгийн хамт бүгд 569,293,925 төгрөгөөс  101,799,751 төгрөгийг хасаж үлдэх мөнгийг хариуцагч төлөх үүрэгтэй... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул 2015 оны төлбөртэй холбоотой шаардлагыг хангах үндэслэлгүй..” гэсэн дүгнэлт хийжээ.

   Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “...өмнөх шүүхийн шийдвэрээр 2015 оны санхүүжилтийг эцэслэн шийдсэн мэтээр давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болсон...Иргэний хуулийг буруу хэрэглэж торгууль 145 сая төгрөгийг хэрэгсэхгүй болголоо...техник хяналтын зардал 52,462,751 төгрөг, инженер, геологийн 1,900,000 төгрөг, зураг төсвийн зардал 45,187,000 төгрөг, экспертизийн үнэ 2,250,000 төгрөг нийт 101,799,751 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль бус юм... магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн байна.

       Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      1. “...өмнө нь шүүх 2015 оны санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй.. торгууль 145,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу...” гэх нэхэмжлэгчийн  гомдол үндэслэлгүй байна.

      “...проперти” ХХК 2016 онд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Ж...” ХХК-иас нийт 612,384,396 төгрөг гаргуулахыг шаардаж, тухайн үед нэхэмжлэлийн үндэслэлээ “...2015 онд санхүүжилтийн зөрүү 50 сая төгрөг, 2015 онд санхүүжилтийн зөрүү 120,272,262 төгрөг, 2016 онд төлөх ёстой байсан 222,036,473 төгрөг нийт 392,308,735 төгрөгийг алданги 52,819,262 төгрөгийн хамт, мөн өмгөөллийн хөлс 22,256,399 төгрөг, торгууль 145 сая төгрөг бүгд 612,384,396 төгрөг болно..” гэж тайлбарлажээ.   

    Уг нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016-10-24-ний өдөр хэлэлцэж, 181/ШШ2016/01040 дугаартай шийдвэр гаргаж “Ж...” ХХК-иас нийт 612,384,396 төгрөг гаргуулах тухай “...проперти” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

    Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...Боловсрол, шинжлэх ухааны яам, “Ж...” ХХК-ийн хооронд 2013-08-28-ны өдөр 3,006,921,443 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна...уг ажлыг хийж гүйцэтгэхийн тулд “Ж...” ХХК нь  “...проперти” ХХК-тай 2015-06-05-ны өдөр 08 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна...“Ж...” ХХК 2015 онд гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийг үүргийг “...проперти” ХХК-ийн өмнө гүйцэтгэсэн байх тул 2015 оны санхүүжилтийн 170,272,262 төгрөгийг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй байна... 2015-06-05-ны өдрийн 08 тоот ..гэрээний 3.5-д далдлагдсан ажлын актыг захиалагчийн хяналтын инженер баталснаар хүлээлгэн өгсөнд тооцож санхүүжих эрх нээгдэнэ гэж заасан... үүний дагуу авч үзвэл хэзээ гүйцэтгэсэн ямар ажлын гүйцэтгэлийн үнийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, энэ шаардлагыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч талд ажлыг хүлээлгэн өгсөн акт байхгүй байна... гүйцэтгэсэн ажлын хэмжээ, зарцуулсан өртөг, ажлыг баталгаажуулсан акт байхгүй байна...2016 оны ажлын гүйцэтгэлд нэхэмжилж байгаа 222,036,473 төгрөг нь 1,500,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлд хамаарахгүй болохыг   няцаагаагүй...иймд 2015 оны санхүүжилтийг гэрээний дагуу захиалагч олгосон, 2016 онд актаар хүлээлгэн өгсөн ямар ажлын гүйцэтгэлийн төлбөрийг гүйцэтгэгч нэхэмжилж байгаа  нотлогдоогүй тул 392,308,735 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов... өмгөөллийн хөлс 22,256,399 төгрөгийн шаардлагын хувьд уг хөлсийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул хэрэгсэхгүй болгоно... талууд гэрээний 7.1-т алданги, 7.2-т торгууль тохиролцжээ... 2015 онд гэрээний дагуу гүйцэтгэх ёстой үүргийг гүйцэтгэсэн, 2016 оны  392,308,735 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй байгаа... алдангийг ямар үнийн дүнгээс ямар хугацаанд бодож байгаагаа тодорхойлоогүй байна... нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй байгаа тул энэ шийдвэрээр тогтоогоогүй үйл баримтын талаар буюу цаашид шинэ үндэслэл, шаардах эрхийн хүрээнд 2016 онд хүлээн авсан санхүүжилтэд хамаарахгүй тухайлсан ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэх эрх нээлттэй үлдэж байгааг дурдвал зохино...” гэсэн үндэслэл заажээ. 

    Уг дүгнэлтээс үзвэл, шүүх 2015 онд санхүүжилтийн зөрүү 50 сая төгрөг, 2015 онд санхүүжилтийн зөрүү 120,272,262 төгрөг, 2016 оны 222,036,473 төгрөг, алданги 52,819,262 төгрөг, торгууль 145 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд “2015 оны санхүүжилттэй холбоотой шаардлагыг шүүх шийдээгүй..” гэх агуулга бүхий хяналтын гомдол үндэслэлгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.     

      Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-24-ний өдрийн 181/ШШ2016/01040 дугаар шийдвэрт талууд гомдол гаргаагүй талаар зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон буюу шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх хэсгийг зөрчихгүй юм.   

       2. “...нэхэмжлэлээс нийт 101,799,751 төгрөг хасаж тооцсон нь үндэслэлгүй...” гэх гомдол магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

      Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс техник хяналтын зардал 52,462,751 төгрөг, инженер, геологийн 1,900,000 төгрөг, зураг төсвийн зардал 45,187,000 төгрөг, экспертизийн үнэ 2,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

     Нэхэмжлэлийн дээр дурдсан шаардлага нь барилгын зураг төсөл, хяналт, экспертизийн зардалтай холбоотой байх бөгөөд эдгээрийг нэхэмжлэгч хийсэн гэж үзэх үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй байна. 

        Хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. 

      Иймд хэрэгт байгаа баримт, зохигчийн тайлбарын хэмжээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

      3. Анхан шатны шүүх зохигч нарт эрх, үүргийг нь танилцуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрхийг шүүхээс хязгаарласан, зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй, хариуцагч гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хэмжээнд хяналтын шатны шүүх дүгнэлт хийсэн болно.

        Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.     

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 545 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 2,977,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ