Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/00227

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/00227

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК/РД:2800438/-д холбогдох,

            гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.031.363.991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

М ХХК нь Жиди ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №08 тоот Барилга угсралын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, М ХХК нь өөрсдийн хөрөнгөөр Дархан-Уул аймаг, Дархан дахь ШУТИС-ийн 1600 оюутны хичээлийн байрны өргөтгөлийн барилгыг иж бүрэн барьж, эхлүүлэх, гүйцэтгэлээс хамаарч санхүүжигдсэн хөрөнгөөр барьж бүрэн ашиглалтанд оруулж захиалагч болох Ж ХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч Ж ХХК нь зохих гүйцэтгэлийн дагуу улсын төсвөөс санхүүжигдэх санхүүжилтийг гүйцэтгэгч М ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм.

Уг оюутны хичээлийн байрыг БСШУЯ-ны захиалгаар барьж ажлын гүйцэтгэлийн дагуу Сангийн яамнаас санхүүжилт нь орж ирж байсан бөгөөд Ж ХХКнь гүйцэтгэлийн дагуу орж ирсэн санхүүжилтийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу М ХХК-ийн дансанд шилжүүлэх ёстой боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийн байдлаар гүйцэтгэлээр санхүүжигдсэн төлбөрөөс 629 217 252 төгрөгийг шилжүүлэхгүйгээр өөрсдийн компанийн хэрэгцээнд зарцуулж биднийг онц их хэмжээгээр хохироогоод байна.

Манай байгууллага ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу 2015 онд санхүүжигдэх ёстой 890 000 000 төгрөгнөөс дутуу шилжүүлсэн 165 543 827 төгрөгийн төлөгдөөгүй хоног болох 2015.06.29-ны өдрөөс 2015.11.05-ны өдөр хүртэлх 160 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 26 487 012 төгрөгийн алданги, 2016 онд Сангийн яамнаас санхүүжилтээр орж ирсэн 820.272.262 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2015.11.05-ны өдрөөс 2016.03.28-ны өдөр хүртэлх 144 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 17.319.205 төгрөгийн алданги, 967.036.473 төгрөг, түүнээс дутуу шилжүүлсэн 222.036.473 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2016.03.28-ны өдрөөс 2017.03.03-ны өдөр хүртэлх 340 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 75.492.400 төгрөгийн алданги, гүйцэтгэлээр санхүүжигдсэн 121.364.690 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2016.12.20-ны өдрөөс 2017.03.03-ны өдөр хүртэлх 73 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 8.859.622 төгрөгийн алданги буюу нийт алданги 128.158.239 төгрөгийг, гүйцэтгэлээс дутуу төлөгдсөн төлбөр 629.217 .252 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасан торгууль 145.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 23.368.000 төгрөг, тус барилгын газар шороо суурийн нэмэлт ажлын зардал 105.620.500 төгрөг, нийт 1.031.363.991 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж ХХК нь 2013 онд Боловсрол шинжлэх ухааны яамнаас зарласан тендерт оролцож ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймагт байрлах Дархан ШУТИС-ийн 5 давхар барилгын ажлыг иж бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр ХААГ-А-2013/ХХ111-67 тоот гэрээг байгуулсан.

            Үүнээс хойш захиалагчаас шалтгаалан барилгын ажил хэвийн үргэлжлээгүй бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 1З-ны өдөр гэрээний хугацааг сунгаж байгуулсан.

Гэрээнд зааснаар Ж ХХК нь туслан гүйцэтгэгч авах эрхтэй бөгөөд барилгын ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх үүднээс 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр М ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх 08 тоот гэрээг байгуулсан.

Уг гэрээний 1.2-т БСШУ-ны яамтай байгуулсан гэрээний үндсэн болон тусгай нөхцлүүд бүрэн хамааралтайгаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл М ХХК нь Ж  ХХК-тай байгуулсан гэрээнээс гадна Ж ХХК болон БСШУ-ны яам хоёрын байгуулсан гэрээний нөхцөлийг дагаж мөрдөхөө бүрэн зөвшөөрсөн болно.

БСШУ-ны яамтай байгуулсан гэрээний дагуу барилгын ажлын нийт төсөвт өртгөөс дараах үнийн дүнг захиалагч нь суутган авч зарцуулахаар тохиролцсон болно.

Үүнд: Техник хяналтын зардал 52.462.751 төгрөг, Магадлашгүй ажлын зардал 52.523.724 төгрөг, Инженер геологийн үнэ 1.900.000 төгрөг, зураг төсвийн зардал 45.187.000 төгрөг, эксперизийн үнэ 2.250.000 төгрөг, нийт 154.323.475 төгрөг юм. Энэ нь М ХХК-тай хийсэн гэрээний төсөвт багтсан. Сензо ХХК-д зураг төслийн зардалд 51.04.321 төгрөгийг өгсөн

Үүнийг Ж ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу дээрх үнийн дүн нь мөн суутгагдан үлдэхээр харилцан тохиролцсон болно.

Мөн гэрээнд заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнг баталгаат хугацааны туршид буюу 3 жилийн хугацаанд БСШУЯ-д байршуулах үүрэгтэй болно.

Дээрх гэрээт ажлыг М ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд Барилга хүлээн авах улсын комисс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан гэх бөгөөд холбогдох эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсаар 2017 оны 5 дугаар сард акт эцсийн байдлаар гарсан болно.

Гүйцэтгэгч М ХХК нь ажлыг 6 сарын хугацаанд хийх байсан боловч энэ хугацаандаа хийж дуусаагүй, гэрээгээ зөрчсөн. Манай зүгээс санхүүжүүлэх үүрэгтэй байсан боловч яамнаас санхүүжилт удаашралтай орж ирж байсан, тэгээд ч гэрээнд санхүүжүүлэх хугацааг тодорхой заагаагүй, иймээс алданги тооцох үндэслэлгүй. Яам нийт санхүүжилтээс 150 сая орчмыг барьцаанд авч үлдсэн. Энэ мөнгийг ерөнхий гүйцэтгэгч ч авч болно.

М ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 467.384.396 төгрөгийн нэхэмжлэл гаргаж түүнийгээ 2016 оны 8 дугаар сард 145.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээт ажлын төлбөр болон алданги нийт 445.127.997 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 22.256.399 төгрөг, торгууль 145.000.000 төгрөг, нийт 612.384.396 төгрөг гаргуулах гэж байсан.

Шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 01040 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ үед үндсэн ажлын төлбөрийг 392.308.735 төгрөг гэж байсан, одоо болохоор 629.217.252 төгрөг гээд нэмээд орж ирсэн байна. Бид 419.078.946 төгрөгийн тооцоо үлдсэн гэж үзэж байна.

М ХХК нь энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болсон байна.

Одоо М ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр тус шүүхэд дээр дурдагдсан нэхэмжлэлийн шаардлага хэвээр бичиж гэрээт ажлын төлбөр 629. 217.252 төгрөг, алданги 128.158.239 төгрөг, торгууль 145.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 23.368.000 төгрөг, тус барилгын газар шороо суурийн нэмэлт ажлын зардал 105.620.500 төгрөг, нийт 1.031.363.991 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Манай зүгээс Техник хяналтын зардал 52.462.751 төгрөг, Магадлашгүй ажлын зардал 52.523.724 төгрөг, Инженер геологийн үнэ 1.900.000 төгрөг, зураг төсвийн зардал 45.187.000 төгрөг, эксперизийн үнэ 2.250.000 төгрөг, нийт 154.323.475 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 23.368.000 төгрөгийг, алданги 128.158.239 төгрөгийг , торгууль 105.620.500 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй, энэ бүхнийг хасахаар үндсэн төлбөрөөс 419.078.946 төгрөгийг бол хүлээн зөвшөөрнө, бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл байна гэж үзэж байгаа болно.

Өнөөдрийн байдлаар Ж ХХК нь БСШУСЯаманд гэрээг дүгнэн санхүүгийн төлбөр тооцооны асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр хандсан байгаа. Иймд М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.031.363.991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

НЭГ: Боловсрол шинжлэх ухааны яам /захиалагч/ болон Ж ХХК/гүйцэтгэгч/-ийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Д:ХААГ-А-2013/ХХIII-67 дугаартай Сургуулийн хичээлийн байрны /Дархан-Уул, Дархан, ШУТИС-ийн харьяа сургууль/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. /1-р хх-ийн 62-65-р хуудас/

Д:ХААГ-А-2013/ХХIII-67 дугаартай дээрх гэрээгээр Ж ХХК нь Дархан-Уул, Дархан ШУТИС-ийн харъяа сургуулийн барилгын барилга угсралтын ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд батлагдсан зураг төсвийн дагуу гэрээнд заасан ажлын тоо хэмжээгээр 3.006.921.443 төгрөгөөр хийж гүйцэтгэх, Боловсрол шинжлэх ухааны яам нь санхүүжилтийг хийхээр харилцан тохиролжээ.

Дээрх гэрээний хугацааг сунгаж 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Д:ХААГ-А-2013/ХХIII-67+1 дугаартай гэрээ байгуулан, уг гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан байна./1-р хх-ийн 66-р хуудас/

ХОЁР: Ерөнхий гүйцэтгэгч /цаашид захиалагч гэх/ Ж ХХК нь дээрх гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэхийн тулд туслан гүйцэтгэгч /цаашид гүйцэтгэгч гэх/ М ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 08 дугаартай 2.900.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /1-р хх-ийн 9-12-р хуудас/

Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 08 дугаартай гэрээний 1.1-д заасны дагуу нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ М ХХК нь өөрийн материал, тоног төхөөрөмжөөр ШУТИС-ийн Дархан сургуулийн 1600 оюутны хичээлийн байрны өргөтгөлийн барилгыг инженерийн шугам сүлжээний хамт иж бүрнээр нь барьж дуусган ашиглалтанд оруулах,

хариуцагч /захиалагч/ Ж ХХК нь уг гэрээний 3-т заасны дагуу санхүүжилтийг улсын төсвөөс ирэх санхүүжилтээр олгох үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 9-12,15-19, 59-61, 66-76, 80, 81,104-118, 164,165,168-173- р хуудас/

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус гэрээний 1.1-д заасны дагуу М ХХК нь ШУТИС-ийн Дархан сургуулийн 1600 оюутны хичээлийн байрны өргөтгөлийн барилгыг инженерийн шугам сүлжээний хамт иж бүрнээр нь барьж дуусган ашиглалтанд оруулах, Ж ХХК нь уг гэрээний 3-т заасны дагуу санхүүжилтийг хийх үүргийг тус тус хүлээсэн зэргээс дүгнэвэл тэдгээрийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба гүйцэтгэгч үүнийг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй юм.

Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч М ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр улсын комисс хүлээн авсан байна./1-р хх-ийн 59-61-р хуудас/

2.1.Нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ М ХХК нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн, хариуцагч /захиалагч/ Ж ХХК нь ажлын үр дүнг хүлээн авсан болох нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 07/2017-II дугаартай актаар нотлогдож байх тул хариуцагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2.170.356.173 төгрөгийн төлбөр төлөгдсөн талаар маргаагүй болно.

Хариуцагч Ж ХХК, нэхэмжлэгч М ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр тохирсон 2.900.000.000 төгрөгийн үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 2.170.356.173 төгрөгийг хасахад үлдэгдэл хөлс нь 729.643.827 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч нь дутуу төлөгдсөн 629 217 252 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

            Иймд захиалагч Ж ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасны дагуу гүйцэтгэгч М ХХК-д дутуу төлөгдсөн ажлын хөлс 629.217.252 төгрөгийг төлөх үүрэгтэй.

2.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус харин ...гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн дүнгээс... тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн агуулгад нийцээгүй байна./1-р хх-ийн 11-р хуудас/

Түүнчлэн гэрээний дагуу төлөх төлбөр /санхүүжилт/-ийг шаардаж байсан гэх баримтгүй байх тул алданги гаргуулах үндэслэлгүй байна.

Гүйцэтгэгч М ХХК нь ажлын үр дүнг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн, захиалагч хөлсийг /санхүүжилтыг/ гэрээгээр тохирсон хугацаанаас хожимдуулж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./1-р хх-ийн 9-12,66, 77,78,102, 150,164,165-р хуудас/

Алданги гэдэг нь гэрээний талуудын хүлээх хариуцлага бөгөөд дээрх бүхнээс үзэхэд Ажил гүйцэтгэх гэрээний талуудын хэн аль нь хариуцлага алдаж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ үнэнчээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй байна.

Иймээс алдангид нэхэмжилж буй 128.158.239 төгрөгийг хангах үндэсгүй юм.

2.3.Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 7.2.-т Талууд гэрээний үүргийн биелэлтийг удаа дараа зөрчсөн, нөгөө талынхаа шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа биелүүлээгүй... бол гэрээний нийт үнийн дүнгийн 5% тай тэнцэх хэмжээний торгуулийн нэг удаа төлнө гэжээ.

Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авсан байхад гэрээгээр хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ хариуцагч өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй байх тул гэрээний 7.2-т заасны дагуу торгууль төлөх үүрэгтэй байна.

Иймд захиалагч Ж ХХК-иас торгууль 145.000.000 төгрөгийг гаргуулж, гүйцэтгэгч М ХХК-д олгох нь зүйтэй.

2.4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу уг барилгын суурийг тавьж, ажлыг гүйцэтгэх явцад захиалагч Ж ХХК буюу санхүүжүүлэгч БСШУЯ-аас барилгын суурийн зурагт өөрчлөлт хийгдэж, нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ компанийг уг ажлыг хийхэд гарах зардлын тооцоог гаргаж ирүүлэхийг санал болгож, нэмэлт ажлыг гүйцэтгүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тус барилгын газар шорооны суурийн нэмэлт ажлыг 105.620.500 төгрөгийн зардлаар нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ М ХХК гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй. /1-р хх-ийн 108,109, 164,165, 186-207, 210-212, 242, 243-р хуудас/

Иймд нэмэлт ажлын хөлс 105.620.500 төгрөгийг хариуцагч /захиалагч/ Жиди ХХК-иас гаргуулах үндэстэй.

Дээрх бүхнийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Ж ХХК-иас нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрт 629.217.252 төгрөг, торгуульд 145.000.000 төгрөг, нэмэлт ажлын хөлс /зардал/-д 105.620.500 төгрөг, нийт 879.837.752 төгрөгийг гаргуулж Минжпроперти ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 151.526.239 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Хариуцагч нь Техник хяналтын зардал 52.462.751 төгрөг, Магадлашгүй ажлын зардал 52.523.724 төгрөг, Инженер геологийн үнэ 1.900.000 төгрөг, зураг төсвийн зардал 45.187.000 төгрөг, эксперизийн үнэ 2.250.000 төгрөг, нийт 154.323.475 төгрөгийг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний нийт үнийн дүнгээс суутгасан гэж байгаа боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байна. /2-р хх-ийн 104-108-р хуудас/

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-иас 879.837.752 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 151.526.239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 5.314.762 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Жиди ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4.557.139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО