Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2018/01139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2018/01139

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МП ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК холбогдох,

Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн дагуу төлөх ёстой төлбөрөөс төлөгдөөгүй төлбөр 629 217 252 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан алданги 128 158 239 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасан торгууль 145 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 23 368 000 төгрөг, тус барилгын газар шороо, суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөг, нийт 1 031 363 991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М проперти ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М проперти ХХК нь ЖХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр №08 тоот Барилга Угсралын Ажил Гүйцэтгэх гэрээ байгуулж, М Проперти ХХК нь өөрсдийн хөрөнгөөр Дархан-Уул аймаг, Дархан дахь ШУТИС-ийн 1600 оюутны хичээлийн байрны өргөтгөлийн барилгыг иж бүрэн барьж, эхлүүлэх, гүйцэтгэлээс хамаарч санхүүжигдсэн хөрөнгөөр барьж бүрэн ашиглалтанд оруулж захиалагч болох ЖХХК-д хүлээлгэн өгөх захиалагч болох ЖХХК нь зохих гүйцэтгэлийн дагуу улсын төсвөөс санхүүжигдэх санхүүжилтийг гүйцэтгэгч болох М Проперти ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм.

Уг оюутны хичээлийн байрыг БСШУЯ-ны захиалгаар барьж ажлын гүйцэтгэлийн дагуу Сангийн яамнаас санхүүжилт нь орж ирж байсан бөгөөд ЖХХК нь гүйцэтгэлийн дагуу орж ирсэн санхүүжилтийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу М проперти ХХК-ийн дансанд шилжүүлэх ёстой боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийн байдлаар гүйцэтгэлээр санхүүжигдсэн төлбөрөөс 629 217 252 төгрөгийг шилжүүлэхгүйгээр өөрсдийн компанийн хэрэгцээнд зарцуулж биднийг онц их хэмжээгээр хохироогоод байна. Манай байгууллага ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу 2015 онд санхүүжигдэх ёстой 890 000 000 төгрөгнөөс дутуу шилжүүлсэн 165 543 827 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2015.06.29-ны өдрөөс 2015.11.05-ны өдөр хүртэлх 160 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 26 487 012 төгрөгийн алданги, 2016 онд Сангийн яамнаас санхүүжилтээр орж ирсэн 820 272 262 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2015.11.05-ны өдрөөс 2016.03.28-ны өдөр хүртэлх 144 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 17 319 205 төгрөгийн алданги, 967 036 473 төгрөг, түүнээс дутуу шилжүүлсэн 222 036 473 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2016.03.28-ны өдрөөс 2017.03.03-ны өдөр хүртэлх 340 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 75 492 400 төгрөгийн алданги, гүйцэтгэлээр санхүүжигдсэн 121 364 690 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2016.12.20-ны өдрөөс 2017.03.03-ны өдөр хүртэлх 73 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 8 859 622 төгрөгийн алданги буюу нийт алданги 128 158 239 төгрөгийг, гүйцэтгэлээс дутуу төлөгдсөн төлбөр 629 217 252 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасан торгууль 145 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 23 368 000 төгрөг, тус барилгын газар шороо суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөг, нийт 1 031 363 991 төгрөгийг ЖХХК-аас нэхэмжилж байна.

Манай компани нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ тус барилгын газар шороо, суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 1 031 363 991 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. М проперти ХХК нь ЖХХК-тай 2015 оны 06 сарын 05-ны өдөр 08 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж М проперти ХХК нь өөрсдийн хөрөнгөөр Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн харьяа сургуулийн 1600 оюутны хичээлийн байрны өргөтгөлийн барилгыг иж бүрэн барьж эхлүүлэх, гүйцэтгэлээс хамаарч санхүүжигдсэн хөрөнгөөр барьж, бүрэн ашиглалтанд оруулж Захиалагч болох ЖХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч болох ЖХХК нь зохих гүйцэтгэлийн дагуу улсын төсвөөс санхүүжигдэх санхүүжилтийг гүйцэтгэгч М проперти ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл ЖХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гүйцэтгэгч байгууллагад зохих гүйцэтгэлээр төлөгдөх ёстой Улсын төсвөөс санхүүжигдсэн төлбөрийг манайд төлөөгүй ба тус барилгын газар шороо, суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөгийг мөн төлөөгүй байна.

Иймд ЖХХК-иас гүйцэтгэлээс дутуу төлөгдсөн төлбөр 629 217 252 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас үүссэн алдангийг төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,1%-иар тооцсон алданги 128 158 239 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасан торгууль 145 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 23 368 000 төгрөг, тус барилгын газар шороо суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөг буюу нийт 1 031 363 991 төгрөгийг ЖХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ЖХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан эхний хариу тайлбартаа: Тус шүүхэд М проперти ХХК нь 2 дахь удаагаа ЖХХК-д холбогдуулан үнийн дүн өөр боловч нэг гэрээний дагуух нэхэмжлэлийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 467 384 396 төгрөгийн нэхэмжлэл гаргаж түүнийгээ 2016 оны 08 дугаар сард 145 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 612 384 396 төгрөг гаргуулах гэж гаргаж байсан. Үүнийг задлан үзвэл гэрээт ажлын төлбөр болон алданги нийт 445 127 997 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 22 256 399 төгрөг, торгууль 145 000 000 төгрөг байсан болно.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 01040 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М проперти ХХК нь энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин тегөлдөр болсон байна.

М проперти ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр тус шүүхэд дээр дурдагдсан нэхэмжлэлийн шаардлага хэвээр харин үнийн дүнг өөрчлөн дахин нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг задлан үзвэл: гэрээт ажлын төлбөр 629 217 252 төгрөг, алданги 128 158 239 төгрөг, торгууль 145 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 23 368 000 төгрөг, нийт 925 743 491 тегрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хариуцагч ЖХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: Тус шүүхэд М проперти ХХК нь 2 дахь удаагаа ЖХХК-д холбогдуулан үнийн дүн өөр боловч нэг гэрээний дагуух нэхэмжлэлийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 6 сарын 27-ны өдөр 467 384 396 төгрөгийн нэхэмжлэл гаргаж түүнийгээ 2016 оны 8 дугаар сард 145 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 612 384 396 төгрөг гаргуулах гэж гаргаж байсан. Үүнийг задлан үзвэл гэрээт ажлын төлбөр болон алданги нийт 445 127 997 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 22 256 399 төгрөг, торгууль 145 000 000 төгрөг байсан болно.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 01040 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М проперти ХХК нь энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болсон байна.

М проперти ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр тус шүүхэд дээр дурдагдсан нэхэмжлэлийн шаардлага хэвээр харин үнийн дүнг өөрчлөн дахин нэхэмжлэл гаргажээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг задлан үзвэл: гэрээт ажлын төлбөр 629 217 252 төгрөг, алданги 128 158 239 төгрөг, торгууль 145 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 23 368 000 төгрөг нийт 925 743 491 төгрөг нэхэмжилсэн байна.

ЖХХК нь 2013 онд Боловсрол шинжлэх ухааны яамнаас зарласан тендерт оролцож ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймагт байрлах Дархан ШУТИС-ийн 5 давхар барилгын ажлыг иж бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр ХААГ-А-2013/ХХ111-67 тоот гэрээг байгуулсан. Үүнээс хойш захиалагчаас шалтгаалан барилгын ажил хэвийн үргэлжлээгүй бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 1З-ны өдөр гэрээний хугацааг сунгаж байгуулсан. Дээрх гэрээнд зааснаар ЖХХК нь туслан гүйцэтгэгч авах эрхтэй бөгөөд барилгын ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх үүднээс 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр М проперти ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх 08 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.2-т БСШУ-ны яамтай байгуулсан гэрээний үндсэн болон тусгай нөхцлүүд бүрэн хамааралтайгаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсныг энд дурьдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл М проперти ХХК нь ЖХХК-тай байгуулсан гэрээнээс гадна ЖХХК болон БСШУ-ны яам хоёрын байгуулсан гэрээний нөхцөлийг дагаж мөрдөхөө бүрэн зөвшөөрсөн болно. БСШУ-ны яамтай байгуулсан гэрээний дагуу барилгын ажлын нийт төсөвт өртгөөс дараах үнийн дүнг захиалагч нь суутган авч зарцуулахаар тохиролцсон болно. ҮүндТехник хяналтын зардал 52 462 751 төгрөг, Магадлашгүй ажлын зардал 52 523 724 төгрөг, Инженер геологийн үнэ 1 900 000 төгрөг, Зураг төсвийн зардал 45 187 000 төгрөг, эксперизийн үнэ 2 250 000 төгрөг, нийт 154 323 475 төгрөг юм. ЖХХК болон М проперти ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу дээрх үнийн дүн нь мөн суутгагдан үлдэхээр харилцан тохиролцсон болно. Мөн гэрээнд заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнг баталгаат хугацааны туршид буюу 3 жилийн хугацаанд БСШУЯ-д байршуулах үүрэгтэй болно.

Дээрх гэрээт ажлыг М проперти ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд Барилга хүлээн авах улсын комисс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан бөгөөд холбогдох эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсаар 2017 оны 5 дугаар сард акт эцсийн байдлаар гарсан болно.

Өнөөдрийн байдлаар ЖХХК нь БСШУСЯаманд гэрээг дүгнэн санхүүгийн төлбөр тооцооны асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр хандсан байгаа. Үүний дараагаар М ХХК-тай мөн гэрээг дүгнэх учиртай. Иймд М проперти ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М проперти ХХК нь хариуцагч ЖХХК-д холбогдуулан, Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн дагуу төлөх ёстой төлбөрөөс төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 629 217 252 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан алданги 128 158 239 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасан торгууль 145 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 23 368 000 төгрөг, тус барилгын газар шороо суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөг буюу нийт 1 031 363 991 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч М проперти ХХК нь ЖХХК-д холбогдуулан анх шүүхэд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн дагуу төлөх ёстой төлбөрөөс төлөгдөөгүй төлбөр 629 217 252 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан алданги 128 158 239 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасан торгууль 145 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 23 368 000 төгрөг, нийт 925 743 491 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тус барилгын газар шороо, суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 1 031 363 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ЖХХК нь эс зөвшөөрч М проперти ХХК нь 2 дахь удаагаа ЖХХК-д холбогдуулан үнийн дүн өөр боловч нэг гэрээний дагуух нэхэмжлэлийг шүүхэд гаргасаншүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 01040 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагчийн маргаж буй үндэслэлийн талаар дурдвал: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 181\ШШ2016\01040 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М проперти ХХК-ийн хариуцагч ЖХХК-д холбогдуулан гаргасан, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 392 308 735 төгрөг, алданги 52 819 262 төгрөг, өмгөөллийн хөлс 22 250 399 төгрөг, торгууль 145 000 000 төгрөг, нийт 612 384 396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэргийн материалд авагджээ.

Шүүх тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдвэртээ: ...хариуцагчийн зүгээс баримтаар нотлогдсон гэрээний үлдэгдэл төлбөрийг барилгын ажлыг улсын комисс хүлээн авсны дараа зохих тооцоог бодсоны үндсэн дээр нэхэмжлэгчид өгөхөд маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан. Мөн гэрээний үнийн дүнгийн хэмжээний санхүүжилтийг нэхэмжлэгч одоогоор аваагүй байна. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй байгаа тул энэ шийдвэрээр тогтоогоогүй үйл баримтын талаар буюу цаашид шинэ үндэслэл, шаардах эрхийн хүрээнд 2016 онд хүлээн авсан санхүүжилтэд хамаарахгүй тухайлсан ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэх эрх нээлттэй үлдэж байгааг дурдвал зохино гэсэн дүгнэлтийг хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү шүүхийн шийдвэрт заасан үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болох нь хэрэгт авагдсан шийдвэрээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн маргаж буй ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалж шийдвэрлүүлэх-ээр шүүхэд гаргасан хариу тайлбар үндэслэлгүй бөгөөд тус шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлтээр няцаагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу зохигч талуудын хооронд байгуулагдсан маргааны зүйл болсон Боловсрол шинжлэх ухааны яам, ЖХХК-ийн хооронд 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д:ХААГ-А-2013\ХХIII-67 тоот Сургуулийн хичээлийн байрны барилга \Дархан-Уул, Дархан, ШУТИС-ийн харьяа сургууль\, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний нийт дүнг 3 006 921 443 төгрөгөөр тогтоосон байна. Энэхүү гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэхийн тулд ЖХХК болон М проперти ХХК-иуд нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 08 тоот, 2 900 000 төгрөгийн үнийн дүн бүхий Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, улмаар гэрээнд заагдсан ажил гүйцэтгэгдэж, уг барилгыг Улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчинтэй гэж үзэх тул шүүх энэ талаар дахин нотлохгүй.

1. Гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 629 217 252 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

ЖХХК, М проперти ХХК нарын хооронд байгуулсан гэрээгээр тохирсон 2 900 000 төгрөгийн үнийн дүнгээс хариуцагч нь 2 169 456 173 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож, төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 857 886 077 төгрөгийн тооцоо гарч байх боловч нэхэмжлэгч нь 629 217 252 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Энэхүү шаардлага нь Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас ирүүлсэн Дархан-Уул аймгийн Дархан сум ШУТИС-ийн харьяа сургууль гэсэн нэртэй бичгийн баримт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтаар давхар тогтоогдож байна.

2. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан алданги 128 158 239 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас ЖХХК руу 2015 оны 08 сарын 04-ний өдөр 588 036 404 төгрөгийг, 2015 оны 10 сарын 16-ны өдөр 150 000 000 төгрөгийг, 2015 оны 11 сарын 24-ний өдөр 100 000 000 төгрөг, мөн өдөр 37 319 770 төгрөгийг, 2016 оны 03 сарын 25-ны өдөр 967 037 056 төгрөгийг, 2016 оны 11 сарын 22-ны өдөр \векселээр\ 820 000 000 төгрөгийг, 2016 оны 12 сарын 26-ны өдөр 119 682 838 төгрөгийг, 2017 оны 11 сарын 16-ны өдөр 20 500 184 төгрөгийг, 2018 оны 01 сарын 29-ний өдөр 219 040 317 төгрөгийг тус тус санхүүжилтээр шилжүүлсэн болох нь Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас ирүүлсэн Дархан-Уул аймгийн Дархан сум ШУТИС-ийн харьяа сургууль гэсэн нэртэй бичгийн баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2015 онд санхүүжигдэх ёстой 890 000 000 төгрөгнөөс дутуу шилжүүлсэн гэх 165 543 827 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2015.06.29-ний өдрөөс 2015.11.05-ны өдөр хүртэлх 160 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 26 487 012 төгрөгийн алданги, 2016 онд Сангийн яамнаас санхүүжилтээр орж ирсэн 820 272 262 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2015.11.05-ны өдрөөс 2016.03.28-ны өдөр хүртэлх 144 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 17 319 205 төгрөгийн алданги буюу нийт 43 806 217 төгрөгийн алданги тооцож нэхэмжилснийг хангах үндэсгүй гэж үзлээ. Тодруулбал, хариуцагч ЖХХК руу Сангийн яамнаас шилжүүлэх ёстой санхүүжилт шилжиж орж ирээгүй байх хугацаанд нэхэмжлэгч алданги тооцсон байна. Иймд тухайн алдангид тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгох,

Харин 967 036 473 төгрөг, түүнээс дутуу шилжүүлсэн 222 036 473 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2016.03.28-ны өдрөөс 2017.03.03-ны өдөр хүртэлх 340 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 75 492 400 төгрөгийг, гүйцэтгэлээр санхүүжигдсэн 121 364 690 төгрөгөөс төлөгдөөгүй хоног болох 2016.12.20-ны өдрөөс 2017.03.03-ны өдөр хүртэлх 73 хоногийн 0,1%-ийн алдангийг бодож 8 859 622 төгрөгийг буюу бүгд 48 352 022 төгрөгийн алдангийг тооцсон нь хуульд заасан шаардлага хангасан гэж дүгнээд хариуцагчаас гаргуулахаар тогтоов.

3. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасан торгууль 145 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг төлөх үүргээ санхүүжилт орж ирсэн даруйд нь бүрэн биелүүлээгүй удаа дараа зөрчсөн ба өнөөг хүртэл төлөөгүй болох нь нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгч талд гэрээний 7.2-т заасны дагуу торгууль 145 000 000 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч хүлээх нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

4. Өмгөөллийн хөлс 23 368 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөнөөсөө гаргаж буй зардал юм. Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан хохирол гэдэгт хамаарахгүй.

Гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэхээр заасан байх тул өмгөөллийн хөлсийг хохиролд тооцох хууль зүйн үндэслэл болохгүй тул хариуцагчаас гаргуулахаар шаардсан өмгөөллийн хөлс 23 368 000 төгрөгийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.

5. Тус барилгын газар шороо, суурийн нэмэлт ажлын зардал 105 620 500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Энэхүү нэмэлт ажлын зардал нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй байх бөгөөд тухайн барилгын суурийг тавьж, ажлыг гүйцэтгэх явцад захиалагч буюу санхүүжүүлэгч талуудаас суурийн зурагт өөрчлөлт хийгдэж, нэхэмжлэгч компанийг уг ажлыг хийхэд гарах зардлын тооцоог гаргаж ирүүлэхийг санал болгож, нэмэлт ажлыг гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан М проперти ХХК-ийн ЖХХК-ийн захиргаанд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15\399-1 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, нэхэмжлэхийн баримт, М бетон зуурмагийн үнийн санал, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр БСШУЯ-ны Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаярын өрөөнд болсон хурлын тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Улмаар тус барилгын газар шорооны суурийн нэмэлт ажлыг 105 620 500 төгрөгийн зардлаар нэхэмжлэгч компани гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн тус барилгын газар шорооны нэмэлт ажлын зардлын санхүүжилтийг ЖХХК-д санхүүжигдсэн болох нь БСШУЯ-наас тооцож ирүүлсэн санхүүжилтийн зардлын баримтаар давхар батлагдаж байх тул нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1 031 363 991 төгрөгөөс 964 189 774 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 67 174 217 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тухайн хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн ба уг хүсэлтийг нь шүүгчийн захирамжаар хүсэлт хэлэлцэх шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ЖХХК-иас 964 189 774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М проперти ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 67 174 217 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн \4786660+528102\ 5 314 762 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч ЖХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 978 899 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М проперти ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ