Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2019/01305

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух ... овогт Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух ... овогт Ц.Ц-д холбогдох,

12,274,490 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сайнболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“Миний бие 2008 оноос унадаг, тусдаг, ухаан санаа алдаж бие их муудсан. Гэтэл 2008 оны 5 дугаар сараас группэд орж эхэлсэн ба үр хүүхэд, нөхөр минь байхад группын мөнгийг маань миний  төрсөн эгч болох Ц миний гарын үсгийг зурж итгэмжлэл хийлгэж аваад 2008-2016 оны 9 дүгээр сар хүртэл миний группын мөнгийг авч ашигладаг байсан байна. Үүнийг миний бие эрүүл саруул болоод мэдсэн. Тэгээд эгч Цолмонгоос нэхэмжлэх нь: Лизингийн 250,000 төгрөг, хүний хөгжлийн 1,372,000 төгрөг, зээлийн мөнгө 1,296,000 төгрөг, хуучин хадгаламж, нийт 3,164,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Ц.Н миний бие 2008 оноос унадаг, татдаг, ухаан санаа алдаж бие их муудсан. Миний нөхөр группын мөнгийг миний төрсөн эгч болох Цолмонг миний гарын үсгийг зурж итгэмжлэл хийлгэж аваад 2008 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл авсан байдаг. Би түрүүн гаргасан нэхэмжлэлээс Ц-оос лизингийн 250,000 төгрөг, хүний хөгжлийн 1,372,000 төгрөг, зээлийн мөнгө 1,296,000 төгрөгөөс татгалзаж байна. Ц.Цолмонгоос 2008 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл миний группын мөнгийг авч байсан учир нийт 12,274,490 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Ц.Н-ийн итгэмжлэлээр оролцож байна. Анх 3,164,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчтэйгээ ярьсан. Лизинг, хүний хөгжил, зээлийн мөнгүүд группын мөнгөний оролцоотой байгаа учраас эдгээрийг нэхэмжлэхгүйгээр 2008 оноос 2016 оны 9 сар хүртэл хугацаанд Ц.Ц итгэмжлэл буюу бусад ямар нэгэн аргаар мөнгийг ашигласан байх боломжтой гэж үзээд, энэ мөнгөн дүнгээр нэхэмжилнэ. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2008 оноос 2016 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд группын мөнгө болох нийт 12,274,490 төгрөг болгож өөрчилж байна. Хариуцагчийн 2 жилийн хугацааны мөнгийг зарцуулсан баримтууд гарч ирвэл мөнгөн дүнд ярилцах боломжтой. Анх бол нийгмийн даатгалын бичилтийг хийлгэж өгвөл эвлэрэх боломжтой байсан. Өнөөдрийн байдлаар бичилт хийлгэсэн зүйл байхгүй байгаа учраас эвлэрэх боломжгүй байна. Хариуцагчийг итгэмжлэлээр олгосон эрхийг ашиглаж уг мөнгийг өөртөө ашигласан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэл гаргасан” гэв.

Хариуцагч Ц.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Ц.Н-ийн 12,274,490 төгрөгийн нэхэмжлэхийг зөвшөөрөхгүй байна. 2008 оноос 2012 оны хугацааны тэтгэмжийг бол би сайн мэдэхгүй юм байна. Би 2009 оноос хэвтэн эмчлүүлж байсан. Нарангэрэлд тавих хяналт би тавьж чадаагүй. 2,198,000 төгрөгийг ар гэрийхэн нь авсан байсан. 2008 оноос 2012 оны хугацаанд ар гэрийн хүмүүст нь итгэмжлэл байсан үгүй талаар би сайн мэдэхгүй байна. Ар гэрийн хүмүүс нь хариуцах байх. Ц.Н-ийн нөхөр Д.Энхбаатар нь 2008-2012 он хүртэл Хаан банкнаас группын зээл авсан. Мөн лизинг авч группын дэвтрийг банкинд барьцаалсан байсныг Ц.Н бид хоёр мэдээгүй. Ар гэрээс нь асуухаар мэдэхгүй гээд, наад дүүгээ ав гээд аймаар догшин ширүүн авирлаж, асуудлыг шийддэггүй байсан. Хожим Хаан банкин дээрээс өгсөн зээл, лизинг суутгаад бичилт хийчихсэн байсан. Тэр үед Ц.Нарангэрэл манай гэрийнхэн авсан юм гээд зөвшөөрсөн мөртлөө энэ олон жилийн дараа хүний ятгалгаар ийм асуудал үүсгэж байна.

Ц.Ц би 2013 оноос 2016 оны 7 дугаар сар хүртэл итгэмжлэлээр үйлчилгээ үзүүлсэн. Ц.Н-ийг мэдэх болсон үед: Н-д ямар ч бичиг баримт байгаагүй, өвчний түүх, карт ч байхгүй байсан. Дахин бүрдүүлж, группыг сунгуулах болсон. Нийгмийн даатгалын шимтгэлд хамруулсан. Хадгаламжтай болгосон.

Д.Энхбаатарынх ам бүл 8, оюутан 1, сургуульд 4, цэцэрлэгт 1, нөхөр ажилгүй, ууланд явна. Орлого тодорхой бус. Охин Э.Ууганцэцэг Дарханд оюутан байж байгаад хүүхэд гаргаад гэртээ ирсэн. Ц.Нарангэрэлийн групп 54,000-208,000 төгрөгийн хооронд амьдрал залгуулна. Амьдралд хүрэхгүйг Д.Энхбаатарт, Ц.Нарангэрэлд эгчийн сэтгэлээр хандсан гэж боддог.

2016 оны 7 дугаар сард 229,960 төгрөг болсон байсан. Би өөрөө хяналт тавьж байх хугацаандаа Нарангэрэлийн 8 ам бүлд 150,000 төгрөгийг сард хүргэдэг байсан. 4 хүүхэд нь сургуульд 1 хүүхэд нь оюутан байсан. 2016 оны 7 дугаар сард би Сарангэрэл гэж хүнийг байлцуулан өөрт нь хамаг юмийг нь хүлээлгэн өгсөн. Ц.Н одоо суманд би ялсан арван хоёр сая төгрөг авна гэж яриад яваад байгаа. Би Н-ийг тэтгэвэрт оруулах гэж хүртэл үзсэн, хийсэн зүйл байгаа. Би яг энэ мөнгөн дүнг хариуцаж чадна гэж хэлж мэдэхгүй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Н нь лизингийн мөнгө, хүний хөгжлийн мөнгө, зээлийн болон хуучин хадгаламжийн 3,164,000 төгрөгийг хариуцагч Ц.Ц-оос гаргуулахаар шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Н нь 3,164,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2008-2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны группын мөнгө 12,274,490 төгрөгийг Ц.Ц-оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Хариуцагч Ц.Ц нь би 2008 онд группд оруулж өгөөд орхисноос хойш мэдэхгүй, би дутуу нярайгаа асраад түүнд зориулах цаг зав байгаагүй гэж татгалзаж, харин 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаанд группын мөнгийг итгэмжлэлээр авч байснаа хүлээн зөвшөөрч, энэ хугацаанд Ц.Н-д нийгмийн даатгалын сангаас олгосон мөнгийг хүлээн авсанд маргахгүй байна.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, хариуцагчаас зөвшөөрч буй хугацааны буюу 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны группын мөнгө болох 6,976,520 төгрөгийг шаардаж, хариуцагч Ц.Ц нь уг мөнгийг итгэмжлэлээр банкнаас авсан болохоо хүлээн зөвшөөрч, харин уг мөнгийг Ц.Н-ийг сайн дурын нийгмийн даатгалд хамруулж сар тутмын нийгмийн даатгалын шимтгэл, 8 ам бүлийнхний хоол унд, сургуулийн 4 хүүхдийн хувцас, Ц.Н-ийн эмчилгээ, том охинд нь тус тус зарцуулж, үлдсэн хэсгийг хадгаламжид хийж зарцуулсан гэж маргаж байна. 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.  нэхэмжлэгч Ц.Н- нь нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгожээ.

Ц.Н- нь “Эпилепси, уналт” оношоор хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэж нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэврийг 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс анх тогтоолгон, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр “сэтгэл санааны цочирдлын органик эмгэг /F06.3, F07.8/ оношоор хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актуудад үндэслэн тэтгэврийг тасралтгүй олгож байжээ. /II-хх-103, тэтгэврийн хувийн хэрэг №126236/

Нэхэмжлэлийн багасгасан шаардлагад 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарыг дуусталх нийт 42 сарын хугацаа хамаарах бөгөөд энэ хугацаанд нийгмийн даатгалын сангаас Ц.Нарангэрэлийн тэтгэвэрт зориулан нийт 7,665,020 төгрөгийг “ХААН банк” ХХК-аар дамжуулан Ц.Нарангэрэлийн нэрээр зарлагадсан нь тэтгэврийн дэвтэрийн бичилтээр, үүнээс банкнаас 7,180,640 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна /I-хх-5-6, 123-162/.

Дээрх мөнгөн дүнгээс 2013 оны нэгдүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал буюу нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд хариуцагч Ц.Ц 6,211,540 төгрөгийг “ХААН банк” ХХК-аас итгэмжлэлээр хүлээн авсан болох нь Хаан банк” ХХК-ийн албан тоот, гүйлгээний баримтууд, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. /I-хх-123-124; II-хх-114-116, 82-85, 88, 91/.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-д заасан “мөнгөн хөрөнгийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг”-ийг хүлээсэн харилцаа үүссэн, хариуцагч үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж байна дүгнэлээ.

Хариуцагч Ц.Ц-ийн тайлбарлаж буй итгэмжлэл олгогч Ц.Н-д зарцуулсан гэх зардлууд нь дараах байдлаар нотлогдож, үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан тооцохыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

Ц.Н нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Борнуур сумын нийгмийн даатгалын байцаагчтай “Нийгмийн даатгалд даатгуулсан тухай гэрээ” байгуулж, түүнээс хойш тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа болох нь гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 268 албан тоотоор ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэргээр нотлогдож байна /II-хх-5-10, 131-132/.

Үүнээс нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд нэхэмжлэгчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцвол:

2013 оны 5 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал нийт 4 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөгөөс 12 хувиар тооцож, сард 16,848 төгрөг, нийт 67,392 төгрөгийг,

2013 оны 9 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал нийт 34 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгөөс 12 хувиар тооцож, сард 23,040 төгрөг, нийт 783,360 төгрөгийг, бүгд 850,752 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлжээ.  

Мөн Ц.Н нь 1990-2000 оны иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход 46,920 төгрөгийн шимтгэлийг төлсөн байна. /II-хх-103, хувийн хэрэг, баталгаажилтын хуудас №1411000371/

“Төрийн банк” ХХК-д байрлах харилцагч Ц.Н, Ц.Ц нарын эзэмшлийн хадгаламжийн дансанд Ц.Нарангэрэл, Ц.Ц нараас нийт 680,000 төгрөгийн орлого орсон дүн, хожим Ц.Нарангэрэл зарлага гаргасан талаар талууд шүүх хуралдаанд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. /хх-14/

Иймд нийт:

-2013 оны 5 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлд 850,752 төгрөг,

-нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулахад 46,920 төгрөг,

-“Төрийн банк” ХХК-д хадгаламжийн данс нээж, хуримтлал үүсгэсэн 680,000 төгрөгийн, нийлбэр дүнгээр 1,577,672 төгрөгийг Ц.Нарангэрэлд зарцуулжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Ц 6,211,540 төгрөгийг итгэмжлэлд үндэслэн хүлээн авснаас 1,577,672 төгрөгийг итгэмжлэл олгогчид зарцуулсан болохоо нотлож, үлдэх 4,633,878 төгрөгийг Ц.Н, түүний ам бүлийн 8 гишүүний өдөр тутмын хэрэгцээнд зарцуулсан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч тал нь нэхэмжилсэн 6,976,520 төгрөгөөс нотлогдож буй 6,211,540 төгрөгийн зөрүү буюу 764,980 төгрөгийг Ц.Ц хүлээн авсан болохыг, хариуцагч Ц.Ц нь үлдэх 4,633,878 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Н-ийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн зарцуулсан болохыг тус тус нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгүүлээгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ц.Ц-оос 4,663,868 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,342,642 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Н- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Ц.Ц-оос 4,633,878 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 89,092 төгрөгийг төрийн сангийн орлогод төлүүлэх нь зүйтэй.

Хариуцагч Ц.Ц- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнайгаас татгалзан, өмгөөлөгчөөр оролцуулсан ба өмгөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагч тал нь ажиллагааны хүсэлтүүдээсээ татгалзаж, захирамжийн биелэлт хангагдаж холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан гэх хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ц-оос 4,633,868 төгрөгийг гаргуулан Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,342,642 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч Ц.Н-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Ц-оос 89,062 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХБҮРЭН