Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 223/МА2020/00001

 

                                      

Ц.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 151/ШШ2019/01305 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Цолмонд холбогдох,

12 274 490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн, хариуцагч Ц.Цолмон, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Нарангэрэл нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие 2008 оноос унадаг, тусдаг, ухаан санаа алдаж бие их муудсан. Гэтэл 2008 оны 5 дугаар сараас группэд орж эхэлсэн ба үр хүүхэд, нөхөр минь байхад группын мөнгийг маань миний  төрсөн эгч болох Цолмон миний гарын үсгийг зурж итгэмжлэл хийлгэж аваад 2008-2016 оны 9 дүгээр сар хүртэл миний группын мөнгийг авч ашигладаг байсан байна. Үүнийг миний бие эрүүл саруул болоод мэдсэн. Тэгээд эгч Цолмонгоос нэхэмжлэх нь: Лизингийн 250,000 төгрөг, хүний хөгжлийн 1,372,000 төгрөг, зээлийн мөнгө 1,296,000 төгрөг, хуучин хадгаламж, нийт 3,164,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Нарангэрэл шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ц.Нарангэрэл миний бие 2008 оноос унадаг, татдаг, ухаан санаа алдаж бие их муудсан. Миний нөхөр группын мөнгийг миний төрсөн эгч болох Цолмонг миний гарын үсгийг зурж итгэмжлэл хийлгэж аваад 2008 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл авсан байдаг. Би түрүүн гаргасан нэхэмжлэлээс Цолмонгоос лизингийн 250,000 төгрөг, хүний хөгжлийн 1,372,000 төгрөг, зээлийн мөнгө 1,296,000 төгрөгөөс татгалзаж байна. Ц.Цолмонгоос 2008 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл миний группын мөнгийг авч байсан учир нийт 12,274,490 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Нарангэрэлийн итгэмжлэлээр оролцож байна. Анх 3,164,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчтэйгээ ярьсан. Лизинг, хүний хөгжил, зээлийн мөнгүүд группын мөнгөний оролцоотой байгаа учраас эдгээрийг нэхэмжлэхгүйгээр 2008 оноос 2016 оны 9 сар хүртэл хугацаанд Ц.Цолмон итгэмжлэл буюу бусад ямар нэгэн аргаар мөнгийг ашигласан байх боломжтой гэж үзээд, энэ мөнгөн дүнгээр нэхэмжилнэ. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2008 оноос 2016 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд группын мөнгө болох нийт 12,274,490 төгрөг болгож өөрчилж байна. Хариуцагчийн 2 жилийн хугацааны мөнгийг зарцуулсан баримтууд гарч ирвэл мөнгөн дүнд ярилцах боломжтой. Анх бол нийгмийн даатгалын бичилтийг хийлгэж өгвөл эвлэрэх боломжтой байсан. Өнөөдрийн байдлаар бичилт хийлгэсэн зүйл байхгүй байгаа учраас эвлэрэх боломжгүй байна. Хариуцагчийг итгэмжлэлээр олгосон эрхийг ашиглаж уг мөнгийг өөртөө ашигласан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэл гаргасан” гэв.

Хариуцагч Ц.Цолмон шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Нарангэрэлийн 12,274,490 төгрөгийн нэхэмжлэхийг зөвшөөрөхгүй байна. 2008 оноос 2012 оны хугацааны тэтгэмжийг бол би сайн мэдэхгүй юм байна. Би 2009 оноос хэвтэн эмчлүүлж байсан. Нарангэрэлд тавих хяналт би тавьж чадаагүй. 2,198,000 төгрөгийг ар гэрийхэн нь авсан байсан. 2008 оноос 2012 оны хугацаанд ар гэрийн хүмүүст нь итгэмжлэл байсан үгүй талаар би сайн мэдэхгүй байна. Ар гэрийн хүмүүс нь хариуцах байх. Ц.Нарангэрэлийн нөхөр Д.Энхбаатар нь 2008-2012 он хүртэл Хаан банкнаас группын зээл авсан. Мөн лизинг авч группын дэвтрийг банкинд барьцаалсан байсныг Ц.Нарангэрэл бид хоёр мэдээгүй. Ар гэрээс нь асуухаар мэдэхгүй гээд, наад дүүгээ ав гээд аймаар догшин ширүүн авирлаж, асуудлыг шийддэггүй байсан. Хожим Хаан банкин дээрээс өгсөн зээл, лизинг суутгаад бичилт хийчихсэн байсан. Тэр үед Ц.Нарангэрэл манай гэрийнхэн авсан юм гээд зөвшөөрсөн мөртлөө энэ олон жилийн дараа хүний ятгалгаар ийм асуудал үүсгэж байна.

Ц.Цолмон би 2013 оноос 2016 оны 7 дугаар сар хүртэл итгэмжлэлээр үйлчилгээ үзүүлсэн. Ц.Нарангэрэлийг мэдэх болсон үед: Нарангэрэлд ямар ч бичиг баримт байгаагүй, өвчний түүх, карт ч байхгүй байсан. Дахин бүрдүүлж, группыг сунгуулах болсон. Нийгмийн даатгалын шимтгэлд хамруулсан. Хадгаламжтай болгосон.

Д.Энхбаатарынх ам бүл 8, оюутан 1, сургуульд 4, цэцэрлэгт 1, нөхөр ажилгүй, ууланд явна. Орлого тодорхой бус. Охин Э.Ууганцэцэг Дарханд оюутан байж байгаад хүүхэд гаргаад гэртээ ирсэн. Ц.Нарангэрэлийн групп 54,000-208,000 төгрөгийн хооронд амьдрал залгуулна. Амьдралд хүрэхгүйг Д.Энхбаатарт, Ц.Нарангэрэлд эгчийн сэтгэлээр хандсан гэж боддог.

2016 оны 7 дугаар сард 229,960 төгрөг болсон байсан. Би өөрөө хяналт тавьж байх хугацаандаа Нарангэрэлийн 8 ам бүлд 150,000 төгрөгийг сард хүргэдэг байсан. 4 хүүхэд нь сургуульд 1 хүүхэд нь оюутан байсан. 2016 оны 7 дугаар сард би Сарангэрэл гэж хүнийг байлцуулан өөрт нь хамаг юмийг нь хүлээлгэн өгсөн. Ц.Нарангэрэл одоо суманд би ялсан арван хоёр сая төгрөг авна гэж яриад яваад байгаа. Би Нарангэрэлийг тэтгэвэрт оруулах гэж хүртэл үзсэн, хийсэн зүйл байгаа. Би яг энэ мөнгөн дүнг хариуцаж чадна гэж хэлж мэдэхгүй байна” гэжээ.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Цолмоноос 4,633,868 төгрөгийг гаргуулан Ц.Нарангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,342,642 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Нэхэмжлэгч Ц.Нарангэрэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж,

            Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Цолмонгоос 89,062 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Цолмон давж заалдах гомдолдоо: 1. “Төрийн банк” ХХК-д байрлах харилцагч Ц.Нарангэрэл, Ц.Цолмон нарын эзэмшлийн хадгаламжийг дансанд хийж 680 000 төгрөгийн орлого орсон гэж тооцож байгаа нь орсоныг дутуу тооцсон. /Ц.Нарангэрэлийн нэрээр орсон орлогыг тооцоогүй/

2. Ц.Нарангэрэлийн ам бүл 8 гишүүний өдөр тутмын хэрэгцээнд зарцуулсан зардлыг тооцоогүй. Сар бүрийн хүнс: 50 000х12 сар= 600 000

  600 000х 4 жил=  2 400 000 төгрөг

Жич: Хүнс тосонд хамрагдах болсон илчлэг тэжээллэг хүнс сүү, өндөг, сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо гэх мэт хамрагдах учир сарын хүнсний хэрэглээ болохгүй хүрэхгүй.

            -Портер автомашин хувиасаа авсан. 500 000 төгрөг оруулсан.

-ЕБС-ийн 4 сурагчийн зардал, 1 хүүхэд жилдээ 50 000 төгрөгийн зардлаар тооцоход 50 000х4 сурагч= 200 000 төгрөг, 200 000х4 жил= 800 000 төгрөг.

-Том охин Ууганцэцэг 2014 онд төрсөн. Төрөх үеийн бэлтгэл хангахад Ц.Нарангэрэл, Д.Хадбаатар нарын бэлэн мөнгө 340 000 төгрөг олсон.

-Улаанбаатар хот ЭНЭШТөв хүргэх буцах зардал бусад хэрэглээг хангасан.

-Д.Хадбаатарын НДШ-ийг нөхөн тооцоход 46 920 төгрөг.

-Жил бүрийн цагаан сарын бэлтгэл хангах, шинэ сарын баяр хүүхдийн бэлэг бэлтгэх, хүнс болон хэрэгцээг хангахад:

-Өгөөмөр супермаркетаас Ц.Нарангэрэл өөрөө ирж бэлтгэдэг байсан. Миний бие Ц.Нарангэрэлийн гэрч болж байлцдаг байсан. Үүнийг уг хамт олон гэрчилнэ.

-3 хос мөнгөн ээмэг бөгж 2ширхэг х 150 000= 300 000 төгрөг өөрөө одоо хэрэглэдэг.

-Хадгаламж, Группын орлого зарлага бүрт 50 төгрөг, гүйлгээ бүрт 100 төгрөг. Дансны шимтгэл гэж мөнгө зарцуулагдана. /Хаан банк, Төрийн банк/

Жич: Ц.Нарангэрэл нь 2013-2016 он хүртэлх хугацаанд ухаан санаа нь сэргэж өөрийн үйлдлээ хянах чадвартай байсныг хэлье. Ц.Нарангэрэлийг шүүх хуралдаанд оруулж өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь өөр өөр ойлголт бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь шүүхээс чухам юу хүсэж байгааг илэрхийлдэг бол нэхэмжлэлийн үндэслэл нь шүүхэд хандах болсон бодит нөхцөл шалтгаан, түүний шаардлага ямар учиртай болохыг тодорхойлж өгдөг бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байж энэхүү үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлдог .

Нэхэмжлэгч Ц.Нарангэрэл анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... миний төрсөн эгч болох Цолмон миний гарын үсгийг зурж итгэмжлэл хийлгэж аваад 2008-2016 оны 09-р сар хүртэл группын мөнгийг авч ашигласан. ...лизингийн 250 000 төгрөг, хүний хөгжлийн ...1 372 000 төгрөг, зээлийн мөнгө 1 296 000 төгрөг, хуучин хадгаламжийн дэвтэр ...нийт 3 164 000 төгрөг авмаар байна“ гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд /2-р хх-ийн 146 тал/, “ ...2008-оноос 2016 оны 09 дүгээр сар хүртэл миний группын мөнгийг авч байсан учир нийт 12 274 490 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлээ өөрчилсөн, харин шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны группын мөнгө 6 976 520 төгрөг гаргуулах” гэж тус тус өөрчлөн нэхэмжилжээ.

Үүнээс үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ өөрчлөгдсөн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын төрөл, хэмжээ аль нь өөрчилөгдсөн болох, эсхүл шаардлагынхаа хэмжээний хувьд багасгаж өөрчлөгдөөд байгаа эсэх талаар шүүх эрх зүйн ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой бус байгаагаас гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...итгэмжлэлээр олгосон эрхийг ашиглаж тахир дутуугийн группын мөнгө ашигласан, группын дэвтэрийг үндэслэн тооцоо гаргасан “гэсэн тайлбар гаргаснаас үзвэл нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй буюу шүүхэд хандах болсон бодит нөхцөл шалтгаан, түүний шаардлага ямар учиртай болохыг тодорхойлон тайлбар гаргаагүй байна.

Учир нь Ц.Нарангэрэлийн тахир дутуугийн группын дэвтэрт 2013 оны 01 дүгээр сарын тэтгэвэр олголтын мөнгөний хэмжээг 145 200 төгрөг гэж тэмдэглэж эрх бүхий албан тушаалтан тамга, тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба харин “Хаан банк”-ны зарлагын мэдүүлгийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  баримтад “03 сар тэтгэврийн зээл олгов, 424 800 төгрөг зарлага бэлнээр” гэж /2-р хх-ийн 91 дүгээр тал/ тусгагдсан байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч тахир дутуугийн тэтгэвэрийн төлбөр нэхэмжилж байгаа эсэх эсхүл тахир дутуугийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрөө нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний  үндэслэлийг тодруулаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн, талуудын мэтгэлзэх эрх хангалттай хэрэгжиж буй эсэхийг анхаараагүй, хариуцагч талын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхийг хязгаарласан байна.

             Мөн хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд төлөөллийн бүрэн эрх олгосон харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгчээс хариуцагчид Хаан банкнаас тэтгэвэр авах эрх олгосон итгэмжлэл олгосон эсэх  эсхүл тэтгэвэр барьцаалж зээл авах итгэмжлэл олгосон эсэх нь өөрөө тодорхой бус энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд тодорхой тайлбар гаргаагүйн дээр шүүх энэ талаар тодруулаагүй, хэрэгт авагдсан итгэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, зарим үйл ажиллагааг хариуцагч хэрэгжүүлэхдээ итгэмжлэлтэй байсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт зарим итгэмжлэлүүд авагдаагүй байна. Үүнд

Хавтас хэрэгт 2 ширхэг итгэмжлэл  нотлох баримтаар авагдсан байх ба 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл нь /1-р хх-ийн 7 дугаар тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан шаардлага хангаагүй, хуулбар хувь байна.

Харин шүүхээс “Хаан банк”-наас нотлох баримтаар гаргуулан авсан гэх 2 ширхэг баримт болох  2014 оны 03 дугаар сарын 10, 04 дүгээр сарын 04-ний өдрүүдийн “Зээлийн өргөдөл итгэмжлэлийн маягт /банкнаас тэтгэврийн зээл авах/ -уудын талаар    Төв аймгийн Борнуур сумын засаг даргын тамгын газраас ирүүлсэн албан бичигт “...иргэдийг байлцуулан нэг хувь үйлдэж тухайн төлөөлөх иргэнд өгч банкны байгууллагад хүргүүлэн ажиллаж байсан тул жинхэнэ эх хувь болон хуулбараар гаргах боломжгүй” гэж дурьдсан, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн  шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №4590 дугаартай дүгнэлтэд /2-р хх-ийн 114-116 дугаар тал/ “...зээлийн өргөдөл /итгэмжлэлийн маягт гэсэн баримтуудыг хуулбар хувиар ирүүлсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2-т  заасныг хангаагүй байх тул шинжилгээ хийх боломжгүй байна“ гэсэн байхад шүүх “Зээлийн өргөдөл итгэмжлэлийн маягт /банкнаас тэтгэврийн зээл авах/”-д эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан ямар итгэмжлэл дээр тулгуурлан “итгэмжлэлийн үндсэн дээр” эрх зүйн харилцаа үүссэн гэсэн дүгнэсэн нь ойлгомжгүй хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 “Хаан банк”-ны зарлагын мэдүүлгийн баримтууд дээр зурагдсан гарын үсгүүд нь  Ц.Нарангэрэлийн гарын үсгийн загваруудтай тохирч байгаа болон тохирохгүй байгаа талаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №4590 дугаартай дүгнэлтээр гаргасан байхад шүүхээс Ц.Нарангэрэлийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байгаа “Хаан банк”-ны зарлагын мэдүүлгийн  баримтуудыг хариуцагч Ц.Цолмонд хариуцуулж төлбөр гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Тухайлбал шинжилгээнд хүргүүлсэн Хаан банкны журналын бүртгэлийн 2010851, 1268028, 1083085 дугаарт бүртгэгдсэн 2013 оны 05 дугаар сарын 21, 06 дугаар сарын 24, 08 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын мэдүүлэгт хүлээн авагч, харилцагч гэдэг дээр “Ц.Нарангэрэл” гэж гарын үсэг зурагдсан байх бөгөөд энэхүү гарын үсэг   шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Нарангэрэлийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэж шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан байна.     

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой байснаар шүүх маргааны үйл баримтыг талуудын мэтгэлцээний явцад зөв тогтоох, ингэснээр шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, тухайн  харилцааг зохицуулж байгаа хуулийг зөв сонгон хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Гэтэл дээрх шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй, хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн буруу болжээ.

Шүүхэд зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан хөрөнгө итгэмжлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх болсон эрх зүйн үндэслэлээ тодорхойлоогүй, энэ талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөөгүй байгаа нь хууль буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.   

Иймд эрх зүйн маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2019/01305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 89 092 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

               ШҮҮГЧИД                                       Г.БОЛОРМАА

 

                                                                       Т.ЭНХМАА