Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 223/МА2020/00018

 

 

 

 

 

2020           09             22                                           223/МА2020/00018

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 151/ШШ2020/00979 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Цолмонд, “Хаан банк” ХХК-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 976 520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч*******гийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2008 оноос унадаг, тусдаг, ухаан санаа алдаж бие их муудсан. 2008 оны 5 сараас группэд орж эхэлсэн ба үр хүүхэд, нөхөр минь байхад группийн мөнгийг маань миний  төрсөн эгч болох******* миний гарын үсгийг зурж итгэмжлэл хийлгэж аваад 2008-2016 оны 9 сар хүртэл авч ашигладаг байсан байна. Үүнийг миний бие эрүүл саруул болоод мэдсэн. Тэгээд эгч*******гоос нэхэмжлэх нь: Лизингийн 250,000 төгрөг, хүний хөгжлийн 1,372,000 төгрөг, зээлийн мөнгө 1,296,000 төгрөг, хуучин хадгаламж, нийт 3,164,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэгч ******* миний бие 2008 оноос унадаг, татдаг, ухаан санаа алдаж бие их муудсан. Миний нөхөр группийн мөнгийг миний төрсөн эгч болох Цолмон миний гарын үсгийг зурж итгэмжлэл хийлгэж аваад 2008 оноос 2016 оны 09 сар хүртэл авсан байдаг. Би түрүүн гаргасан нэхэмжлэлээс Цолмонгоос лизингийн 250,000 төгрөг, хүний хөгжлийн 1,372,000 төгрөг, зээлийн мөнгө 1,296,000 төгрөгөөс татгалзаж байна.*******гоос 2008 оноос 2016 оны 09 сар хүртэл миний группийн мөнгийг авч байсан учир нийт 12,274,490 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие мэдрэл сэтгэцийн улмаас 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан, 2008 онд групп тогтоолгосон. Энэ группийн мөнгийг*******наас авдаг  байсан. ******* 2013 оны 01 сараас 2016 оны 10 сар хүртэл хугацааны группийн мөнгийг надад өгөөгүй, миний зөвшөөрөлгүй эгч*******д олгож байсан байна. Миний биеийн байдал 2016 оны 10 сараас эхэлж сайжирсан тул өөрөө мөнгөө авч байгаа.

Урд нь нэхэмжилж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь өөрчилж, одоо зөвхөн 2013 оны 01 сараас 2016 оны 10 сар хүртэл хугацааны группийн мөнгө болох 6 976 520 төгрөгийг*******, эгч Цолмон нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******ийн 12,274,490 төгрөгийн нэхэмжлэхийг зөвшөөрөхгүй байна. 2008 оноос 2012 оны хугацааны тэтгэмжийг бол би сайн мэдэхгүй юм байна. Би 2009 оноос хэвтэн эмчлүүлж байсан. Нарангэрэлд тавих хяналт би тавьж чадаагүй. 2,198,000 төгрөгийг ар гэрийнхэн нь авсан байсан. 2008 оноос 2012 оны хугацаанд ар гэрийн хүмүүст нь итгэмжлэл байсан үгүй талаар би сайн мэдэхгүй байна. Ар гэрийн хүмүүс нь хариуцах байх. *******ийн нөхөр Д.Энхбаатар нь 2008-2012 он хүртэл*******наас группийн зээл авсан. Мөн лизинг авч группийн дэвтрийг банканд барьцаалсан байсныг ******* бид хоёр мэдээгүй. Ар гэрээс нь асуухаар мэдэхгүй гээд, наад дүүгээ ав гээд аймаар догшин ширүүн авирлаж, асуудлыг шийддэггүй байсан. Хожим*******  зээл, лизинг суутгаад бичилт хийчихсэн байсан. Тэр үед ******* манай гэрийнхэн авсан юм гээд зөвшөөрсөн мөртөө энэ олон жилийн дараа хүний ятгалгаар ийм асуудал үүсгэж байна.

Ц.Цолмон би 2013 оноос 2016 оны 7 сар хүртэл итгэмжлэлээр үйлчилгээ үзүүлсэн. *******ийг мэдэх болсон үед: Нарангэрэлд ямар ч бичиг баримт байгаагүй, өвчний түүх, карт ч байхгүй байсан. Дахин бүрдүүлж, группийг сунгуулах болсон. Нийгмийн даатгалын шимтгэлд хамруулсан. Хадгаламжтай болгосон.

Д.Энхбаатарынх ам бүл 8, оюутан 1, сургуульд 4, цэцэрлэгт 1, нөхөр ажилгүй, ууланд явна. Орлого тодорхой бус. Охин Э.Ууганцэцэг Дарханд оюутан байж байгаад хүүхэд гаргаад гэртээ ирсэн. *******ийн групп 54,000-208,000 төгрөгийн хооронд амьдрал залгуулна. Амьдралд хүрэхгүйг Д.Энхбаатарт, *******д эгчийн сэтгэлээр хандсан гэж боддог.

2016 оны 7 сард 229,960 төгрөг болсон байсан. Би өөрөө хяналт тавьж байх хугацаандаа Нарангэрэлийн 8 ам бүлд 150,000 төгрөгийг сард хүргэдэг байсан. 4 хүүхэд нь сургуульд 1 хүүхэд нь оюутан байсан. 2016 оны 7 сард би Сарангэрэл гэж хүнийг байлцуулан өөрт нь хамаг юмыг нь хүлээлгэн өгсөн. ******* одоо суманд би ялсан арван хоёр сая төгрөг авна гэж яриад яваад байгаа. Би Нарангэрэлийг тэтгэвэрт оруулах гэж хүртэл үзсэн, хийсэн зүйл байгаа. Би яг энэ мөнгөн дүнг хариуцаж чадна гэж хэлж мэдэхгүй байна” гэжээ.

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарыг дуусталх хугацааны группийн мөнгө болох 6 976 520 төгрөгийг 03 жилийн итгэмжлэлийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлсэн. Энэ хугацаанд 2013-2016 оны 06 сарыг дуусталх хугацааны сайн дурын НДШ-д 850 752 төгрөг, НДШ төлсөн хугацааг нөхөн тооцуулахад 46 920 төгрөг, Төрийн банк ХХК-д хадгаламжийн данс нээлгэж хуримтлал үүсгэсэн нийлбэр дүн 1 577 672 төгрөг, ачааны автомашин худалдаж авахад 600 000 төгрөг, *******ийн нөхөр Д.Энхбаатарын НДШ нөхөн тооцоход 46 920 төгрөг, *******д групп сунгах НТ 60 000 төгрөг, мөнгөн ээмэг бөгж зүүлт 3 хос 2 ширхэг нэг бүрийн үнэ 150 000*2=300 000 төгрөг, том охин Ууганцэцэгт төрөхөд нь зориулж Д.Энхбаатарт 340 000 төгрөг, хүнс аж ахуйн материалд сар бүр 50 000*12 сар=600 000 төгрөг /1 жилд/, 600 000*3 жил=1 800 000 төгрөг, хичээлийн бэлтгэл хангахад 1 хүүхэд 50 000 төгрөг гэж бодоход 4 хүүхэд*50=200 000 төгрөг /1 жилд/, 200 000 төгрөг*3 жил=600 000 төгрөг, шинэ жилийн бэлтгэл 30 000*3 жил=90 000 төгрөг, цалин сарын бэлтгэл 100 000*3 жил 300 000 төгрөг, рашаан сувилалд авч явах хувцас авах гэм мэт зарцуулсан болно. Жич: Д.Энхбаатарынх ам бүл 8, оюутан 1, сургуульд 4, цэцэрлэгт 1, *******ийн группийн мөнгө 54 000-208 000 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байсан ба нөхөр Д.Энхбаатар тодорхой ажилгүй, хааяа ууланд явна. Орлого тодорхойгүй байгаа. ******* нь ХБН болохоос биш өөрийн үйлдэл үйл ажиллагааныхаа учир холбогдлыг сайтар ойлгон өөрийгөө зөв удирдах чадвартай байж олон жилийн дараа буюу 2018 оноос өнөөдрийг хүртэлх 2 жилийн хугацаанд хүний ятгалгаар нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараалан санаатай өөрчлөн мэдэн будилж байгаагаар барахгүй сүүлдээ бүүр группийн мөнгө болох 6 976 520 төгрөгийг огт аваагүй мэтээр гүтгэж байгааг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймгийн Борнуур сумын иргэн *******ийн иргэн*******,******* ХХК нарт холбогдуулан гаргасан “Хаан банк нь миний зөвшөөрөлгүй, миний төрсөн эгч*******той хуйвалдаж группийн мөнгийг олгож байсан байна. Одоо******* болон******* нараас группийн мөнгө болох 6 976 520 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй хариуцагч талаас танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч *******ийн 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 сарыг дуусталх хугацааны группийн мөнгө болох 6 976 520 төгрөгийг******* ХХК-н Төв салбарын харьяа Борнуур тооцооны төвөөс нэхэмжлэгчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу асран хамгаалагч Цэрэндоржийн Цолмонд олгосон 3 жилийн хугацаатай итгэмжлэл /нэхэмжлэгчийн зөвшөөрөл/-ийг үндэслэж түүний төрсөн эгч болох*******д банкнаас уг мөнгийг бүрэн гүйцэд хүлээлгэн өгч олгож байсан болно. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Хаан банк” ХХК-иас 1 378 500 төгрөгийг, хариуцагч*******оос 4 020 348 төгрөгийг тус тус гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 577 672 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 151/ШЗ2018/03654 дүгээр захирамжаар нэхэмжлэгч *******ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Цолмонгоос 79 276 төгрөгийг, хариуцагч “Хаан банк” ХХК-иас 37 006 төгрөг тус тус гаргуулан төрийн сангийн орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч******* давж заалдах гомдолдоо: “...Ц.Цолмонгоос 4 020 348 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Итгэмжлэлд зааснаар төлөөлөгч миний бие нэхэмжлэгч *******ийн хамт захиран зарцуулсан: Үүнд:

1.“Төрийн банк” ХХК-д байрлах харилцагч *******,******* нарын эзэмшлийн хадгаламжийн данснаас ачааны авто машин худалдаж авахад 500 000 төгрөг /хадгаламжийн орлогыг тооцохдоо *******ийн нэрээр орсон орлогыг тооцоогүй./

2.******* ам бүл 8. Өдөр тутмын аж ахуйн хэрэгцээ мөн хоол хүнсийг тооцоогүй. Жишээ нь: Сар бүрийн өрхийн хүнс 1 сардаа 50 000 төгрөг гэж бодоход жилдээ 600 000 төгрөг, 3 жилээр тооцоход 1 800 000 төгрөг, /вок саван аж ахуйн хэрэгцээ... байна./ Оюунтан-1, ЕБС-д-1, цэцэрлэгт-1, нөхөр Д.Энхбаатар ажилгүй, орлогогүй.

3.Том охин Э.Ууганцэцэг Дарханд оюутан 2014 онд төрсөн. Төрөх үеийн бэлтгэл хангахад *******, Д.Энхбаатар, Э.Ууганцэцэг нар 340 000 төгрөг бэлнээр авсан. УБ хот ЭНЭШТ хүрэх зардал бусад хэрэгцээг хангасан. ЕБС-ийн сурагчдын бэлтгэлд /4 хүүхэд/ мөн *******д хувцас авахад 600 000 төгрөг.

4.Нөхөр Д.Энхбаатарын 1990.2000 оны НДШ ажилласан жил нөхөн тооцоход 46 920 төгрөг,

5.Жил бүр *******ийн групп сунгахад ЭГГ 20 000 төгрөг, 3 жилээр 60 000 төгрөг, мөнгөн ээмэг бөгж 3 хос Х 2 ширхэг нэг бүрийн үнэ 150 000 төгрөг = 300 000 төгрөг,

6.Шинэ жилийн бэлтгэл 30 000 төгрөг х 3 жил = 90 000 төгрөг,

7.Цагаан сар 100 000 төгрөг х 3 жил = 300 000 төгрөг,

8.Рашаан сувилалд авч явах гэх мэт.

Жич Хүнсний бараа ахуйн хэрэгцээгээ Өгөөмөр супермаркетаас хангадаг байсан болно. /дэлгүүрийн эзэн Л.Оюунцэцэг, О.Хандсүрэн/

******* нь өөрийн үйлдэл үйл ажиллагааныхаа учир холбогдлыг сайтар ойлгож өөрийгөө зөв удирдах чадвартай, бусад харилцагч түүнд итгэдэггүйн улмаас миний бие цуг явдаг. Тусалдаг байсан.” гэжээ.

Хариуцагч “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ*******, “Хаан банк” ХХК-д холбогдуулан 2013 оны 01 сараас 2016 оны 9 сар хүртэл хугацааны тахир дутуугийн тэтгэвэр 6,976,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй хэргийн төрлийг тодорхойлох тул үндэслэл нь тодорхой бус эсхүл шаардлага нь ойлгомжгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байхыг шаарддаг. Тодруулбал “Хаан банк” ХХК нь С.Нарангэрэлийн эрх, эрх чөлөө, гэрээ болон хуулиар хамгаалагдсан ямар ашиг сонирхолд хохирол учруулсан, зөрчсөн гэдэг нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэдэн төгрөгийг “Хаан банк”-наас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байхад иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Учир нь иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хэнээс хэн, юун тухай, ямар шаардлага гаргасан болох нь тодорхой байх учиртай. Гэтэл ******* “Хаан банк”-наас хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус, нийгмийн даатгалын сангаас түүнд олгож байгаа тэтгэврээс хэдэн төгрөгийг банк хууль бусаар авсан эсвэл суутгасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь баримтаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад шүүх өөрийн санаачлага, үзэмжээр шаардлагыг тодорхойлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэдгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч шаардлагын дүнг 2013.01 сараас 2016.9 сар хүртэл хугацааны тэтгэврийг 6,976,520 төгрөг гэж шаардсан боловч шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар мөн хугацааны тэтгэврийн дүн 8,539,720 төгрөг болж байна гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэдгийг баталж байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно" гэж зааснаас үзвэл банк сар бүр *******д олгох тахир, дутуугийн тэтгэврийг өөрт нь болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид эсвэл гэр бүлийн хүмүүст тус тус олгодог байсан. Түүнээс тэтгэврийн мөнгийг банк эзэмших, захиран зарцуулах, бодитойгоор эрх мэдэлдээ байлгах ямар ч боломжгүй ба нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу тухайн мөнгийг дамжуулан олгох үйлчилгээ үзүүлдэг гэдгийг шүүх анхаарч үзээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тогтоосон байхад шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй.

Тодруулбал Шүүх шинжилгээний 2019.11.01-ний өдрийн дүгнэлтээр “Хаан банк” 2013.02.15-ны 143,000 төгрөг, 2013.01.24-ний 3 сарын тэтгэврийн зээл 424,800 төгрөг, 2013.05.21-ний 145,200 төгрөг, 2013.06.24-ний 145,200 төгрөг, 2013.08.27-ны өдрийн 145,200 төгрөг, 2013.09.23-ны 145,200 төгрөг 2016.08.08-ны 229,960 төгрөгийг хүлээн авсан журнал буюу зарлагын мэдүүлэг дэх гарын үсэг нь *******ийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх үндэслэн "дээрх мөнгийг *******д хүлээлгэн өгсөн байдал тогтоогдохгүй байна." гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл гарын үсгийн загвар тохирохгүй байгааг банк тухайн мөнгийг авсан мэтээр хэргийн бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд тухайн шинжээчийн дүгнэлт нь ******* болон түүний төлөөлөгч нар тэтгэврийн мөнгийг аваагүй гэх үйл баримтыг нотлохгүй юм.

Мөн ******* тахир, дутуугийн тэтгэврээ авахдаа нөхөр эсвэл хүүхэдтэйгээ хамт ирж түүний өмнөөс тухайн хүмүүс нэрийг нь бичиж өгөх, зарим үед төрсөн эгч******* түүний нэрийг бичих зэрэг байдлаар гарын үсэг янз бүрээр зурагддаг байсан. Шинжээчийн дүгнэлт нь тухайн баримтууд дээрх гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсгийн загвартай тохирохгүй, өөр байдлаар бичигдсэн гэдгийг тогтоосноос биш ******* өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн мөнгийг аваагүй гэдгийг нотлоогүй бөгөөд банк бусдын хөрөнгийг хууль бусаар авсан гэдгийг нотолсон баримт гэж өрөөсгөл дүгнэлт хийж хуульд заасан дээрх журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасан "Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг" буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзжээ.

Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэж үзэх үндсэн нөхцөл нь нэгдүгээрт бусдын эд хөрөнгө үндэслэлгүйгээр олж авсан этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжиж, түүнийг захиран зарцуулсан байдлаар илэрдэг. Тэгвэл банкны хувьд тухайн мөнгийг бодитой эзэмшиж захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, банк эсвэл банкны ажилтан өөрийн дансандаа шилжүүлэн авсан талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй гэдгийг анхаарч үзэлгүйгээр үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс эрх зүйн маргааныг зохицуулаагүй, хамаарахгүй зүйл, заалтыг хэрэг хянан шийдвэрлэхдээ баримталсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2020/00979 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, “Хаан банк” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал, маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөв хэрэгжүүлээгүй байх тул давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд анх 2018.07.24-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ ...өөрийн төрсөн эгч*******г гарын үсгийг нь зурж итгэмжлэл хийлгэж аваад 2008-2016 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны группийн мөнгийг авч ашигладаг байсныг эрүүл болж мэдсэн гэх үндэслэлээр  лизингийн 250,000 төгрөг, хүний хөгжлийн сангийн 1,372,000 төгрөг, зээл 1,296,000 төгрөг, нийт 3,164,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн тайлбар гаргаж, хариуцагч******* 2008 оноос 2016 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд итгэмжлэл буюу бусад ямар нэгэн аргаар мөнгийг ашигласан байх боломжтой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 12,274,490 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ. /2-р хх-ийн 149-152-р тал/

Нэхэмжлэгч ******* 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болсон шүүх хуралдаанд “Хаан банк” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилж, 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны группийн мөнгө 6 976 520 төгрөгийг “Хаан банк” болон******* нараас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч******* нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...2013 оноос 2016 оны 09 дүгээр сар хүртэлх тэтгэврийг эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлийн дагуу “Хаан банк” ХХК-иас авч *******д өөрт нь болон түүний гэр бүлийн гишүүдэд бүрэн зарцуулсан гэж, хариуцагч “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...******* өөрөө болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  2014.03.07, 2016.02.22-ны өдрийн итгэмжлэлээр тэтгэврээ авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус нэхэмжлэлийг татгалзаж тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч “Хаан банк” ХХК-ийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүх шинжилгээний 4590 дугаартай дүгнэлт буюу ...”Хаан банк” ХХК-ний 737241, 486349, 20108/51, 1268028, 1083085, 1066832, 735974 дугаар журнал буюу зарлагын мэдүүлэг дэх гарын үсэг нь *******ийн гарын үсэгтэй тохирохгүй гэсэн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 1,378,500 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж,  хариуцагч*******г нэхэмжлэлийн шаардлага болох 6,976,520 төгрөгөөс нэхэмжлэгчид өөрт нь зарцуулсан гэх 1,577,672 төгрөг, “Хаан банк” ХХК-д хариуцуулсан 1,378,500 төгрөгийг тус тус хасаж тооцож, үлдэх 4,020,348 төгрөгийг хариуцуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тус тус үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч “Хаан банк” ХХК-иас нэхэмжлэлд дурдсан онуудад группийн мөнгө нэхэмжлэгчид өөрт нь болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь олгогдож байсан үйл баримт хэрэгт цугларсан дансны депозит хуулга, зарлагын гүйлгээний баримтуудаар тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтэд дурдсан зарим баримт дахь мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэгтэй тохирохгүй байгаа тухай  дүгнэлт нь хариуцагч банкийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгохгүй  болохыг шүүх анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, банк дээрх мөнгөн хөрөнгийг олж авсан, энэ хэмжээгээр түүний хөрөнгө эрх зүйн ямар нэг үндэслэлгүйгээр нэмэгдсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Харин хариуцагч банкны хувьд нэхэмжлэгчийн тэтгэврийг зохих этгээдэд нь бус өөр, авах ёсгүй хэн нэгэнд олгосон тохиолдолд гэм хор учруулснаас үүсэх үүрэг  яригдах боломжтой боловч ийнхүү үзэх үндэслэл хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар мөн тогтоогдохгүй байх тул “Хаан банк” ХХК-д төлбөр хариуцуулсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 497 дугаар зүйлийн 497.1.1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзнэ.  

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ нотлох үүрэгтэй. ******* хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Хариуцагч*******д итгэмжлэл олгогдсон хугацаанд ч зарим үед тэтгэврийн мөнгөө нэхэмжлэгч ******* өөрөө банкнаас авч байсан байх ба хариуцагч*******гийн гаргасан ...8 ам бүл зөвхөн энэ хүний группийн мөнгөөр амьдарч байсан, оюутан 1, сургуулийн насны 4, цэцэрлэгт 1 хүүхэдтэй, нөхөр нь ажилгүй тул группийн мөнгө 54,000-208,000 төгрөгийг амьдрал ахуйд нь зарцуулж байсан талаарх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлын үндэслэлийг хангах хуулийн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2020/00979 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Хаан банк” ХХК,******* нараас 6,976,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Хаан банк” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 37,006 төгрөг, хариуцагч*******гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 79,276 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ЭНХМАА

              ШҮҮГЧИД                                              Г.БОЛОРМАА

                                                                             Ц.ӨРНӨНДЭЛГЭР