Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01062

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01062

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2020/00979 дүгээр шийдвэр,

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 223/МА2020/00018 дугаар магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй

*******, Хаан банк ХХК-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,976,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 3,164,000 төгрөг гаргуулахаар шаардаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, багасгаж улмаар 2020.04.15-ны өдрийн шүүх хуралдаанд Хаан банк ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж, 2013.01.01-ний өдрөөс 2016.10 дугаар сарыг дуусталх хугацааны группийн мөнгө 6,976,520 төгрөгийг Хаан банк ХХК болон ******* нараас нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2020/00979 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Хаан банк ХХК-иас 1,378,500 төгрөгийг, хариуцагч *******оос 4,020,348 төгрөгийг тус тус гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,577,672 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 151/ШЗ2018/03654 дүгээр захирамжаар нэхэмжлэгч *******ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гоос 79,276 төгрөгийг, хариуцагч Хаан банк ХХК-иас 37,006 төгрөг тус тус гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 223/МА2020/00018 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2020/00979 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Хаан банк ХХК, ******* нараас 6,976,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Хаан банк ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 37,006 төгрөг, хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 79,276 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Алаг адуут овогтой Цэрэндоржийн Нарангэрэл миний бие төрөлтийн гам алдсаны улмаас биеийн эрүүл мэнд доройтож 2008 оноос ухаан сарниж унадаг болсны учир 2008 оны 05 дугаар сараас анх 70 хувьтай хөдөлмөрийн чадвар алдсаны тахир дутуугийн группэд орсон. Тэгээд анх миний хань Дэндэвийн Энхбаатар намайг Хаан банк ХХК-руу дагуулж яваад 2008 оны 5, 6,7,8, энэ дөрвөн сарын мөнгийг сар бүр надаар гарын үсгийг зуруулаад авдаг байсан нь үнэн. Гэтэл 2008 оны 9 сараас эхлэн Цолмон эгч миний нөхрөөс чи миний дүүгийн группийн мөнгөөр өөрийгөө эмчлүүлж байна, дүү эмээ авч уух ёстой гэж хэлээд дэвтрийг авсан байна. Би бол тахир дутуугийн группэд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүн. Цолмон эгч маань төрийн албан хаагч хүн атал над шиг хүнийг залилан мэхэлж мөнгийг нь хувьдаа завшин хэрэглэж байгаа юм уу. Энэ төрийн албан ёс зүйд нийцэх үү? Цолмон эгч миний дэвтрийг 2008.09-2016.09 сар хүртэл миний группийг авч байсан. Гэтэл 2008-2013 онд миний нөхрийг яагаад зээл авч байсан гээд байгааг ойлгохгүй байна.

Цолмон эгч энэ 8 жилийн хугацаанд Хаан банкнаас, 1-5 сарын хугацаатайгаар 1,553,100 төгрөгийн зээл миний группийн мөнгөнөөс авсан байна. Төрийн банкнаас 2-3 сарын хугацаатайгаар 1,099,870 төгрөгийн зээл авч байсан ба нийт 2 банкнаас 2,652,970 төгрөгийн зээл миний группээс авсан байна. Дараах зүйлийг шаардана:

-       2008.9-2016.9 сарыг дуустал хугацааны группийн мөнгө 13,377,320 төгрөг;

-       Хүний хөгжлийн сангийн мөнгө 1,372,000 төгрөгийг сангийн дэвтрийн хамт;

-       Хадгаламжийн мөнгө 1,577,672 төгрөгийг хадгаламжийн дэвтрийн хамт;

-       2008-2012 оны төлөөгүй нийгмийн даатгалын мөнгөө нөхөн төлүүлнэ.

-       Би энэ заргаас болж 3 жил гаруй өөрийн хувийн зардлаараа жилд 2-3 удаа явахад 2 хүний замын зардалд 660,000 төгрөгийг зарцуулж ирж очиж байсан үнэн.

Нийт 16,986,992 төгрөгөөр би хохирч байна. Энэ хугацаанд Цолмон эгчийн надад болон манай гэр бүлд зарцуулсан 4,432,752 төгрөгийг хасч тооцоод нийт би 12,554,240 төгрөгийн хохирлыг Цолмон эгчээс хүүтэй нь бодуулж гаргуулж авахаар нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна. Би группийн хохирлын мөнгөөрөө үр хүүхдүүддээ дурсгалтай байшин, хашаатай болгомоор байна. Энэ удаан он дамжин чирэгдэж байгаа хэргийг минь үнэн зөв, түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Хаан банк ХХК нарт холбогдуулан 6,976,520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ... 2008 онд хөдөлмөрийн чадвар алдалтаа 70 хувиар тогтоолгосон, ... 2013.01.01-2016.10 дугаар сарыг хүртэлх хугацаанд группийн мөнгөө аваагүй, ...Хаан банк мөнгийг миний эгч *******д олгож байсан, ... энэ хоёр хуйвалдаж миний мөнгийг авсан гэж тайлбарласан байна.

 

7. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... итгэмжлэлийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлсэн, ...сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийг 850,752 төгрөг, ... өөрийнх нь болон Д.Энхбаатарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах зорилгоор 46,920 төгрөг, (94,000 төгрөг) Төрийн банк ХХК-д хуримтлалын данс нээлгэсэн 1,577,672 төгрөг зэргээр нэхэмжлэгчийн 7 ам бүлийн шинэ жил, цагаан сар, хичээлийн хэрэглэл, рашаан сувилал, оюутан хүүхдийн хэрэглээ зэрэг бүхий л хэрэгцээнд зарцуулсан. гэж маргажээ.

 

8. Хариуцагч Хаан банк ХХК нь ... дурдсан хугацааны группийн мөнгийг нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч Цэрэндоржийн Цолмон буюу төрсөн эгчид нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр бүрэн гүйцэд олгосон ... гэж маргасан байна.

 

9. Анхан шатны шүүх хариуцагч ******* үндэслэлгүй хөрөнгөжсөн бөгөөд тодорхой зориулалтаар ашигласнаас бусад мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн эрх ашгийн төлөө хэрхэн зарцуулсан талаарх нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэн хариуцагч *******гоос 4,020,348 төгрөгийг, хариуцагч Хаан банк ХХК нь 2013 оны 5 удаагийн тэтгэмж, 2016 оны нэг удаагийн тэтгэмж, тэтгэврийн зээл олгосон нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэстэй гэж дүгнэн 1,378,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,577,672 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ... нэхэмжлэлд дурдсан онуудад группын мөнгийг нэхэмжлэгчид өөрт нь болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь олгож байсан, ...мөнгө хүлээн авсан хүний гарын үсэгтэй нэхэмжлэгчийн гарын үсэг тохирохгүй байгаа нь хариуцагч банкийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болохгүй, ... банк мөнгө олж авсан, эрх зүйн ямар нэг үндэслэлгүйгээр хөрөнгө нь энэ хэмжээгээр нэмэгдсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, ... хариуцагч *******гийн гаргасан ... 8 ам бүл зөвхөн энэ хүний группын мөнгөөр амьдарч байсан, ... оюутан нэг, сургуулийн насны дөрөв, цэцэрлэгийн насны нэг хүүхэдтэй, нөхөр нь ажилгүй тул группын мөнгийг амьдрал ахуйд нь зарцуулж байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй гэх үндэслэлийг дурдсан.

 

11. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хэд хэдэн удаа өөрчилж, нэмэгдүүлж, багасгасан байна. Тэрээр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн мөнгийг нь барьцаалан лизингийн зээл авсан мөнгө, Хүний хөгжлийн сангийн мөнгө, хэрэглээний зээлийн мөнгө, хуучин хадгаламжийн мөнгүүдийг өөрийн эгч *******гоос гаргуулахаар 3,164,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байсныг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн багасгаж лизингийн мөнгө гэх 250,000 төгрөг, Хүний хөгжлийн сангийн мөнгө гэх 1,372,000 төгрөг, зээлийн мөнгө гэх 1,296,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байгаагаа илэрхийлжээ. Үүний дараа ******* шаардлагын үндэслэлээ өөрчилж 2008-2016 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны группын мөнгийг хүлээж аваагүй, түүний өмнөөс авахдаа ******* нь нэхэмжлэгчийн эрх ашгийн тулд ашиглаагүй гэж үзэн 12,274,490 төгрөгийг нэхэмжлэхээр шаардлагаа тодорхойлсон боловч 2019.12.09-ний өдрийн шүүх хуралдаан дээр шаардлагын дүнг багасган 2013.01.01-2016.06.31 өдрийг хүртэлх хугацааны группын мөнгө 6,976,520 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх өөрчлөлтийн дүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээн 2013-2016.06.31-ны өдөр хүртэлх хугацаанд *******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн мөнгө 6,976,520 төгрөгийг тэтгэмж авагчийн эрх ашгийн тулд зарцуулаагүй, түүнчлэн хүлээн авах эрхгүй байхдаа хүлээн авсан үндэслэлээр хариуцагч *******д холбогдуулсан шаардлага, энэ мөнгөн дүнг хууль бусаар бусдад олгож үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Хаан банк ХХК-д холбогдуулсан шаардлагын хүрээнд тус тус өрнөсөн байна.

 

12. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага ба түүнийг үндэслэл болсон үйл баримтыг ойлгомжтой, үндэслэл бүхий тодорхойлох үүрэгтэй бөгөөд ийнхүү тодорхойлох явцдаа өөрчилсөн, багасгасан шаардлагыг шүүх хэлэлцэхгүй, энэ асуудлаар мэтгэлцээн өрнөх боломжгүй, шаардлагаасаа татгалзсан, багасгасан өөрчилсөний улмаас бий болох эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгч хариуцна.

Энд үндэслэлээр нэхэмжлэгчийн өмнө нь татгалзсан, өөрчилсөн, багасгаж байсан шаардлагууд болох 2008.9-2013 оныг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгө, Хүний хөгжлийн сангийн мөнгө 1,372,000 төгрөг, хадгаламжийн мөнгө 1,577,672 төгрөгүүдийг шаардаж байгаа талаараа дурдсан байхын зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээгүй шаардлагууд болох 2008-2012 оныг дуусталх хугацааны төлөөгүй нийгмийн даатгалын мөнгө, хоёр хүний замын зардал зэрэг шаардлагын талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй явдалд хоёр шатны шүүхийг буруутгах боломжгүй.

 

13. Давж заалдах шатны шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хариуцагч *******гоос 4,020,348 төгрөг, Хаан банк ХХК-аас 1,378,500 төгрөгийг тус тус гаргуулах тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, маргаан бүхий хугацаанд хамаарах тэтгэмжийг хариуцагч ******* эрх олгогдоогүй байхад олж авсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд дурдсан хугацаанд тэтгэмжийг нэхэмжлэгчид өөрт нь болон итгэмжилсэн төлөөллийн дагуу олгож байсан нь хэрэгт цугларсан дансны хуулга, зарлагын гүйлгээний баримтуудаар тогтоогдсон байна. Түүнчлэн мөнгийг итгэмжлэлд дурдсан этгээдэд, эсхүл нэхэмжлэгчид олгож байсан нөхцөл байдалд банк үндэслэлгүй хөрөнгөжсөн байх хууль зүйн боломжгүй тул эдгээр асуудлаар давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

14. Нэхэмжлэгч ба түүний нөхөр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цэцэрлэгийн насны болон дунд, дээд сургуульд суралцаж буй 6 хүүхэдтэй нэг гэр бүлийн 8 ам бүлийн амьдрал ахуйд тэтгэмжийн мөнгөөс өөр зарцуулах эх үүсвэргүй тухай хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг өдөр тутмын амьжиргаанд зарцуулж байсан гэх тайлбараа хариуцагч нэг бүрчлэн нотлохыг шаардах бодит боломжгүй бөгөөд энэ нь тухайн ам бүл өнгөрсөн хугацаанд амьжиргаагаа залгуулах өөр санхүүгийн эх үүсвэргүй байгаа нөхцөл байдлаар тогтоогдсон гэж үзнэ. Иймд энэ нөхцөл байдлыг үгүйсгэх нотолгооны үүрэг нэхэмжлэгчид оногдоно гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.

 

15. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 223/МА2020/00018 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.10.16-ны өдрийн 151/ШЗ2020/04286 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.