Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02152

 

С.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/02570 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б, Б.У нарт холбогдох,

 

Гэрээ цуцлагдсан тул гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, хохиролд нийт 49 449 200 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн  нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан  тайлбарт: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун хотхоны 169 тоот 39 м.кв талбай бүхий 1 өрөө, мөн 80,77 м.кв талбай бүхий 2 өрөө сууц захиалж, зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаанд байр тус бүрт 500 000 төгрөг төлж, 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байрандаа орсон. Ингээд 2010 оны 7 сарын 21-нд 1 000 000 төгрөг, 2011 оны 8 сарын 31-нд 4 000 000 төгрөг, 2011 оны 12  сарын 14-нд 10 000 000 төгрөг, 2012 оны 5 сарын 17-нд 10 000 000 төгрөг, 2012 оны 5сарын 29-нд 5 500 000 төгрөг, 2012 оны 5 сарын 30-нд 4 000 000 төгрөг, 2012 оны 5 сарын 31-нд 500 000 төгрөг нийт 34  999 200төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг машинаа зараад, мөн Голомт банкнаас зээл авч өгөх гэсэн боловч байрны гэрчилгээ байхгүй гээд банк зээл олгоогүй. Удалгүй Б.У “1 өрөө байраа сулла, өөр хүнд зарахаар боллоо” гээд 2012 оны 1  сарын 30-нд биднийг гаргасан. Үлдсэн 2 өрөө байрнаас 2012 оны 6 сарын 17-нд гаргасан. Байрнаас гарахдаа өгсөн мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэсэн. Ингээд утсаа авахаа больсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахад Б.У нь “Э” ХХК-ийн захирал биш, компани нь татан буугдсан байсан. Шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Улсын буртгэлийн газраас лавлагаа авахад  компани татан буугдсан, үүсгэн байгуулагч Баасандашийн Б, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь мөн Баасандашийн Б гэсэн хариу ирсэн.  Иймд Б.Бгээс урьдчилгаанд төлсөн 34 999 200 төгрөг, хохирол буюу түрээсийн төлбөрийн 50 хувь болох 14 450 000 төгрөг, нийт 49 449 200 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч Б.Уаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн өмнөөс төлбөр тооцооны асуудлаар иргэн Б.Бгээс ямар нэгэн нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй. Иргэн, хуулийн этгээд хоёр тус тусдаа эрх зүйн харилцаанд ордог субъект юм. Компанийн өмнөөс иргэн хариуцлага хүлээх ойлголт байхгүй. Орон сууц захиалгаар бариулах гэрээг “Эр Би Э интернэйшнл” ХХК-тай байгуулсан. “Эр Би Э интернэйшнл” ХХК нь 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай. Дүрмийн санд байгаа эд хөрөнгө нь компьютер, принтер гэсэн эд хөрөнгүүд байсан. Б.Бгийн эд хөрөнгөөс зааглагдсан гэдэг нь дүрмээр харагдаж байгаа. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар татан буулгах комиссоос нэхэмжлэгчийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас доошгүй, зургаан сараас дээшгүй байна. Дээрх хугацаанд нэхэмжлэгч өр, авлагын асуудлыг шийдүүлээгүй. С.Ц хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй.

Тухайн үед нягтлан бодогч ажилтай байсан н.Отгонжаргал, борлуулалтын менежер н.Уранчимэг нар тооцоо нийлэх акт үйлдэж, 34 999 200 төгрөгөөс байр ашигласны төлбөр, засварын хөлс 11 678 205 төгрөг суутгаж С.Цад 23 320 995 төгрөг хүлээлгэн өгсөн талаар гэрч мэдүүлсэн гэжээ

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасны дагуу хариуцагч Б.Бгээс 34 999 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Цад олгож, нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 14 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Б.Ут холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Цаас улсын тэмдэгтийн хураамжид төлсен 405 190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 332 946 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэс давж заалдах журмаар гаргасан  гомдолд:

 “Э” ХХК-ийн санхүүгийн тайлан, хаалтын балансад тусгагдсан 138 527 037 төгрөг нь чухам ямар учиртай хөрөнгө болохыг шүүх тодорхойлоогүй. 138 527 037 төгрөг нь уг хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар хуудсанд мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн дүн, өр төлбөр ба эздийн өмчийн дүн, 191 дүгээр хуудсанд мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл зэрэгт тусгагдсан. Үүнээс үзэхэд энэхүү 138 527 037 төгрөг нь “Э” ХХК-ийн хувьд үйл ажиллагаа явуулж үүссэн эд хөрөнгө байна. Үйл ажиллагааны явцад үүссэн эд хөрөнгийг заавал компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн бүртгүүлэх ёстой гэсэн хууль байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь компанийг төлөөлж шүүх хуралдаанд оролцоогүй тул энэ талаар мэдэхгүй, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж энэ талаар тодруулж болохыг хэлсэн. Б.Б хувийн эд хөрөнгөө компанийн эд хөрөнгөөс зааглаагүй гэж дүгнэх нь учир дутагдалтай. “Э” ХХК-д оруулсан Б.Бгийн эд хөрөнгө нь хувийн ямар эд хөрөнгөтэй нь холилдож байсан гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хэт нэг талыг барьсан, тодорхой нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргалаа.

 “Э” ХХК-ийг татан буугдсан талаар Өнөөдөр сонинд 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нийтэд мэдээлсэн болохыг шүүх дүгнэж нотлох баримтыг үнэлсэн байх бөгөөд нийтэд мэдээлснээс хойш 2 сараас 6 сарын хугацаанд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн ба энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн  “Э”  ХХК-тай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан тул гэрээгээр шилжүүлсэн 34 999 200 төгрөг, хохиролд 14 450 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч өөрийгөө хариуцах үүрэгтэй этгээд биш, гэрээ байгуулсан компани татан буугдсан, тухайн компанийн хөрөнгөөс Б.Б-гийн хөрөнгө зааглагдсан байсан гэж тайлбарлан маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “ .. гэрээ байгуулсан   “Э”  ХХК татан буугдаж хөрөнгө нь цорын ганц эрх залгамжлагч Б.Б-д шилжсэн. Компанийн хөрөнгө нь компанийн ганц үүсгэн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч гүйцэтгэх захирал асан Б.Бгийн хувийн хөрөнгөөс зааглагдаагүй байсан гэсэн үндэслэл заажээ.

 

  Нэхэмжлэгч нь   “Э”  ХХК-д  2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун хотхоны 169 тоот 39 м.кв талбай бүхий 1 өрөө, мөн 80,77 м.кв талбай бүхий 2 өрөө сууц захиалж, нийт 34  999 200 төгрөг төлсөн, гэрээ цуцлагдсан, гэрээний тал болох  “Э”  ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 8-нд улсын бүртгэлээс татан буугдаж хөрөнгө нь Б.Бд шилжсэн, тус компанийн ганц үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал нь Б.Б   байсан зэрэг үйл баримт тогтоогджээ. /1хх  5-12, 23-24 дугаар хуудас/

 

Талууд татан буугдсан  “Э”  ХХК-ийн өрийг Б.Б хариуцах эсэх асуудлаар маргаж байна.  

 

Хэргийн 241-р талд авагдсан компанийн дүрмийн  5-р зүйлд  компанийн өөрийн хөрөнгө 1 000 000 төгрөг,10 000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаанд хуваагдана,компани нь өөрийн хуримтлагдсан ашгийн хэмжээгээр дүрмийн сангаа нэмэгдүүлж болно, дүрмийн 4-д компани нь зөвхөн өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан компани хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй байх тухай заалт нь хувьцаа эзэмшигчийн компаниас гадуурх үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг компани өөрийн эд хөрөнгөөр хариуцахгүй гэж ойлгох юм.

 

Гэтэл талууд 34 999 200 төгрөгийг нэхэмжлэгч “Э”  ХХК-д байрны урьдчилгаанд төлсөнд маргаагүй, уг мөнгөн хөрөнгийг компани буцаан төлөөгүй болох нь шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор 34 999 200 төгрөгийн өр үүсчээ. /1 хх 13-15, 2хх 57-69 дүгээр хуудас/

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй  бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн  өр төлбөрийг давхар хариуцана гэжээ.  Уг заалт нь компанид оруулсан хувь нийлүүлэгчдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн,тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн өр төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх хөрөнгө,эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгох юм.

 

Хэдийгээр компанийн дүрмийн 5-д 1 000 000 төгрөгийн хөрөнгийг тусгайлан зааглаж тусгаад байгаа мэт боловч  ганц гишүүнтэй, дүрмийн 5.2-т “өөрийн хуримтлагдсан ашгийн хэмжээгээр дүрмийн сангаа нэмэгдүүлж болох”, дүрмийн 5.5-д “үүсгэн байгуулагч Б.Б компанийн үйл ажиллагааны цэвэр ашгийг бүрэн захиран зарцуулах эрхтэй байсан”, дүрмийн 5.6-д “компанийн хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ болон бусдад шилжүүлэх, өвлүүлэх харилцааг Монгол улсын энэ төрлийн хуулийн дагуу шийдвэрлэхээр, гэхдээ энэхүү давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдлэх”-ээр тус тус заасан зэргээс үзэхэд үүсгэн байгуулагч Б.Б болон  компанийн хөрөнгийг тодорхой зааглагдсан гэж дүгнэх боломжгүй.

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар  өмчлөгч буюу  Б.Бгийн шийдвэрээр  компанийг татан буулгажээ. /1хх  64-68  дугаар хуудас/

 

Мөн татан буулгах үедээ Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.7-д зааснаар хууль тогтоомжид заасны дагуу бусад этгээдтэй хийх тооцоог хариуцагч нь нэхэмжлэгч С.Цтай тухайн үед хийгээгүй байдал тогтоогджээ. “Тухайн үед нягтлан бодогч ажилтай байсан н.Отгонжаргал, борлуулалтын менежер н.Уранчимэг нар тооцоо нийлэх акт үйлдэж, 34 999 200 төгрөгөөс байр ашигласны төлбөр, засварын хөлс 11 678 205 төгрөг суутгаж С.Цад 23 320 995 төгрөг хүлээлгэн өгсөн талаар гэрч мэдүүлсэн” гэж хариуцагч тайлбарласан ч энэ байдал шинжээчийн дүгнэлтээр няцаагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу бичмэл баримтын агуулгыг гэрчийн мэдүүлгээр бүрэн няцаагаагүй гэж үзлээ.  /2хх-ийн 28-33 дугаар хуудас/

 

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт зааснаар  харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн бүх эд хөрөнгө нь хариуцагч буюу Б.Б түүний гэр бүлд шилжсэн.

 

Компанийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар бүртгэх байгууллага, компанийг улсын бүртгэлээс хассанаар түүнийг татан буугдсанд тооцох бөгөөд энэ тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ гэжээ. Бүртгэх байгууллага тухайн компанийг 2015 оны 5 дугаар сарын 8-нд татан буулгасан, нэхэмжлэгч нь хариуцагчдыг эрэн сурвалжилж шүүхэд хандаж байсан зэргээс үзэхэд хөөн хэлэцлэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлсэн.  Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт хэрвээ хувьцаа эзэмшигч нь тухайн компанид оруулсан хувь хөрөнгө болон компанийн хөрөнгүүдийг ялган тусгаарлаагүй байх юм бол давхар хариуцна гэсэн нь  Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран хариуцах үүргийг үүсгэж байна. Компани татан буугдсан үйл баримт нь түүний хувьцаа эзэмшигчийн хуульд заасны дагуу хүлээх өр төлбөрийг хамтран хариуцах үүргийг үгүйсгэхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/02570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Т.ТУЯА

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД