Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00357

 

С.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/02570 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2152 дугаар магадлалтай

С.Цын нэхэмжлэлтэй,

Б.Бн, Б.У нарт холбогдох

“Зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ” цуцлагдсан үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн 34 999 200 төгрөг, хохирол 14 450 000 төгрөг, нийт 49 449 200 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дима, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун хотхоны 169 тоот 39 м.кв талбай бүхий 1 өрөө, мөн 80,77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц захиалж, “Зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, урьдчилгаанд байр тус бүрт 500 000 төгрөг төлж, 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байрандаа орсон. Ингээд 2010 оны 7 сарын 21-нд 1 000 000 төгрөг, 2011 оны 8 сарын 31-нд 4 000 000 төгрөг, 2011 оны 12 сарын 14-нд 10 000 000 төгрөг, 2012 оны 5 сарын 17-нд 10 000 000 төгрөг, 2012 оны 5 сарын 29-нд 5 500 000 төгрөг, 2012 оны 5 сарын 30-нд 4 000 000 төгрөг, 2012 оны 5 сарын 31-нд 500 000 төгрөг, нийт 34 999 200 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг машинаа зараад, мөн Голомт банкнаас зээл авч өгөх гэсэн боловч байрны гэрчилгээ байхгүй гээд банк зээл олгоогүй. Удалгүй Б.У 1 өрөө байраа сулла, өөр хүнд зарахаар боллоо гээд 2012 оны 1 сарын 30-нд биднийг гаргасан. Үлдсэн 2 өрөө байрнаас 2012 оны 6 сарын 17-нд гаргасан. Байрнаас гарахдаа өгсөн мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэсэн. Ингээд утсаа авахаа больсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахад Б.У нь “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн захирал биш, компани нь татан буугдсан байсан. Шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Улсын буртгэлийн газраас лавлагаа авахад компани татан буугдсан, үүсгэн байгуулагч Баасандашийн Баяртүвшин, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь мөн Баасандашийн Баяртүвшин гэсэн хариу ирсэн. Иймд Б.Бнгээс урьдчилгаанд төлсөн 34 999 200 төгрөг, хохирол буюу түрээсийн төлбөрийн 50 хувь болох 14 450 000 төгрөг, нийт 49 449 200 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч Б.Уаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн өмнөөс төлбөр тооцооны асуудлаар иргэн Б.Бнгээс ямар нэгэн нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй. Иргэн, хуулийн этгээд хоёр тус тусдаа эрх зүйн харилцаанд ордог субъект юм. Компанийн өмнөөс иргэн хариуцлага хүлээх ойлголт байхгүй. Орон сууц захиалгаар бариулах гэрээг “Эр Би Э интернэйшнл” ХХК-тай байгуулсан. “Эр Би Э интернэйшнл” ХХК нь 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай. Дүрмийн санд байгаа эд хөрөнгө нь компьютер, принтер гэсэн эд хөрөнгүүд байсан. Б.Бнгийн эд хөрөнгөөс зааглагдсан гэдэг нь дүрмээр харагдаж байгаа. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар татан буулгах комиссоос нэхэмжлэгчийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас доошгүй, зургаан сараас дээшгүй байна. Дээрх хугацаанд нэхэмжлэгч өр, авлагын асуудлыг шийдүүлээгүй. С.Ц хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй. Тухайн үед нягтлан бодогч ажилтай байсан н.Отгонжаргал, борлуулалтын менежер н.Уранчимэг нар тооцоо нийлэх акт үйлдэж, 34 999 200 төгрөгөөс байр ашигласны төлбөр, засварын хөлс 11 678 205 төгрөг суутгаж С.Цад 23 320 995 төгрөг хүлээлгэн өгсөн талаар гэрч мэдүүлсэн гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/02570 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасны дагуу хариуцагч Б.Бнгээс 34 999 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Цад олгож, нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 14 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Б.Ут холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Цаас улсын тэмдэгтийн хураамжид төлсен 405 190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бнгээс 332 946 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2152 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/02570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Бний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн С.Цын нэхэмжлэлтэй, иргэн Б.Бн, Б.У нарт холбогдох иргэний хэргийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/02570 дугаар шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2152 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч Б.Бн нь “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн үйл ажиллагааг удирдан явуулж, компаний хөрөнгөд өөрчлөлт орсон байхад компанийн эд хөрөнгийн өөрчлөлтийг бүртгүүлээгүй байх тул 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Бн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаагүй байна гэж үзэж хувьцаа эзэмшигч өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцах үндэслэлтэй байна гэж дүгнэв” гэжээ. Анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

Нэгдүгээрт, анхан шатны шүүх хариуцагч Б.Бнг өөрийн удирдаж буй 1 000 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн хөрөнгө татан буугдах үед эцсийн үлдэгдэл хөрөнгө 138 527 037 төгрөг болсон байхад хөрөнгийн өөрчлөлтийг бүртгүүлээгүй тул хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглаагүй гэж үзсэн нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн хуулийн хувьд үндэслэлгүй шийдвэр болсон. “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн санхүүгийн тайлан, хаалтын балансад тусгагдсан 138 527 037 төгрөг нь чухам ямар учиртай хөрөнгө болохыг шүүх тодорхойлоогүй. 138 527 037 төгрөг нь уг иргэний 1 дүгээр хавтаст хэргийн 188 хуудсанд мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн дүн, өр төлбөр ба эздийн өмчийн дүн, 191 дүгээр хуудсанд мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл зэрэгт тусгагдсан байдаг. Үүнээс үзэхэд энэхүү 138 527 037 төгрөг нь “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн хувьд үйл ажиллагаа явуулж үүссэн эд хөрөнгө байна. Үйл ажиллагааны явцад үүссэн эд хөрөнгийг заавал компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн бүртгүүлэх ёстой гэсэн хууль байхгүй. Тэгээд ч энэ хөрөнгө нь хариуцагч Б.Бнгийн хувийн эд хөрөнгө биш компанийн хөрөнгө болох нь тодорхой нотлох баримтаар харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт гаргасан байна.

Хоёрдугаарт, Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад асуусан бөгөөд би компанийг төлөөлж шүүх хуралдаанд оролцоогүй тул энэ талаар мэдэхгүй, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж энэ талаар тодруулж болохыг хариулсан. Анхан шатны шүүх 138 527 037 төгрөгийг компанийн ямар хөрөнгө болохыг тодорхойлж чадаагүй, мөн заавал өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэн бүртгүүлээгүй гэж үзэж шууд компани хөрөнгөө бүртгүүлээгүй нь хариуцагч Б.Бн хувийн эд хөрөнгөө компанийн эд хөрөнгөөс зааглаагүй гэж дүгнэх нь учир дутагдалтай. Энэ талаар мэргэжлийн санхүүгийн мэдлэгтэй шинжээч томилж дүгнэж үзэх нь зүйтэй байсан.

Гуравдугаарт, Анхан шатны шүүх компанийн үйл ажиллагаанаас бий болсон эд хөрөнгийг хариуцагч Б.Бнгийн хувийн эд хөрөнгө гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь компанийн хөрөнгө болох нь санхүүгийн тайлангаар баталгаажсан байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө талаас “Эр Би Э интернэшнл” ХХК-д оруулсан Б.Бнгийн эд хөрөнгө нь хувийн ямар эд хөрөнгөтэй нь холилдож байсан гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хариуцагч Б.Бнгийн “Эр Би Э интернэшнл” ХХК-д оруулсан эд хөрөнгө нь хувийн эд хөрөнгөөс нь зааглагдаагүй гэж дүгнэж хэт нэг талыг барьсан, тодорхой нотлох баримтанд үндэслээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Харин ч Б.Бнгийн хувийн эд хөрөнгө “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн хөрөнгөөс зааглагдсан нь тус компанийн дүрмийн сан, үйл ажиллагаа явуулж байсан байр зэргээр бүрэн нотлогдож байгаа. Үүнийг анхан шатны шүүх үнэлж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж буруу дүгнэлт хийсэн.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ““Эр Би Э интернэшнл” ХХК-ийг татан буугдсан талаар Өнөөдөр сонинд 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мэдээлсэн байх боловч нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлээгүй тул компанийг Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар өр төлбөргүйд тооцож татан буулгасан гэж үзэв. Хэрэгт С.Цын хүсэлтээр “Эр Би Э интөрнэшнл” ХХК-ийг буюу захирал Б.Уыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хангаж 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5747 дугаар шийдвэр авагдсан байна. Дээрх хуулийн зохицуулалт, зохигчдын тайлбар, нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь татан буугдсан “Эр Би Э интернэшнл” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна” гэж заасан. Үүнээс үзэхэд заавал нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлэх шаардлага байхгүй байна. Өөрөөр хэлбэл “Эр Би Э интернэшнл” ХХК-ийг татан буугдсан талаар Өнөөдөр сонинд 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нийтэд мэдээлсэн болохыг шүүх дүгнэж нотлох баримтыг үнэлсэн байх бөгөөд Иргэний хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэл гаргах хугацаа нь нийтэд мэдээлснээс хойш 2 сараас 6 сарын хугацаанд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа үйлчилж байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Энэ нь хэт нэг тал буюу нэхэмжлэгч талыг баримтлан хариуцагч талын гаргаж тавьсан үндэслэлийг огт үнэлж дүгнэлгүй хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөх байдал бидэнд үүсгэж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...ганц гишүүнтэй, дүрмийн 5.2-т “өөрийн хуримтлагдсан ашгийн хэмжээгээр дүрмийн сангаа нэмэгдүүлж болох”, дүрмийн 5.5-д “үүсгэн байгуулагч Б.Бн компанийн үйл ажиллагааны цэвэр ашгийг бүрэн захиран зарцуулах эрхтэй байсан”, дүрмийн 5.6-д “компанийн хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ болон бусдад шилжүүлэх, өвлүүлэх харилцааг Монгол улсын энэ төрлийн хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр, гэхдээ энэхүү давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдлэх”-ээр тус тус заасан зэргээс үзэхэд үүсгэн байгуулагч Б.Бн болон компанийн хөрөнгийг тодорхой зааглагдсан гэж дүгнэх боломжгүй” гэжээ. Үүнийг хариуцагч Б.Бнгийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, давж заалдах шатны шүүх шударга бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх нэгдүгээрт, “Эр Би Э интернэшнл" ХХК нь ганц гишүүнтэй байсан нь компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, хувьцаа эзэмшигч Б.Бнгийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй гэж үзэж болохгүй бөгөөд хэргийн материалд тийм баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл ганц гишүүнтэй компани юм чинь хувьцаа эзэмшигч нь компанийн эд хөрөнгийг хувийн эд хөрөнгө мэтээр шууд захиран зарцуулсан хэмээн үзэж болохгүй.

Дөрөвдүгээрт, “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн дүрмийн 5.2-т “Компани нь өөрийн хуримтлагдсан ашгийн хэмжээгээр дүрмийн сангаа нэмэгдүүлж болно” гэж заасныг иргэн Б.Бн нь компанийн хуримтлагдсан ашгаар дүрмийн сангаа нэмэгдүүлэх боломжтой гэж ташаа ойлгож илт нотлох баримтыг гуйвуулан үнэлсэн, мөн хуримтлагдсан ашгийн хэмжээгээр дүрмийн сангаа нэмэгдүүлсэн эсэх нь тодорхойгүй тийм нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн.

Тавдугаарт, “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн дүрмийн 5.5., 5.6.-д зааснаар Б.Бн нь компанийн үйл ажиллагааны цэвэр ашгийг захиран зарцуулсан, компанийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ болон бусдад шилжүүлсэн, өвлүүлсэн, гэр бүлийн гишүүддээ давуу эрх олгосон бодит ямар нэгэн үйл явдал, нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шууд компанийн дүрмийн заалтаар хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Үнэхээр компанийн дүрмийн энэхүү заалтыг иргэн Б.Бн хэрэгжүүлж хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхтэй зааглахгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан бодит баримт хэрэгт авагдсан бол бид маргахгүй. Гэтэл тийм баримт хэрэг авагдаагүй бөгөөд үүнийг шууд хэрэгжсэн мэтээр дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт зааснаар харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн бүх эд хөрөнгө нь хариуцагч буюу Б.Бн түүний гэр бүлд шилжсэн гэжээ. Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлттэй санал нийлэх боломжгүй. Учир нь энэ талаар дүгнэлт өгөх “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх шууд компанийн эд хөрөнгө Б.Бн түүний гэр бүлд шилжсэн гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд давж заалдах болон анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-т “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.10.-т зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй”, 80 дугаар зүйлийн 80.1.-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ, 80.1.1.-т зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед маргаантай байгаа шаардлага буюу үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал;” гэж тус тус заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн ба энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Энэ нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаатай адил үйлдэл гэж үзэж байна. Мөн “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтанд зохих санхүүгийн мэдлэгтэй шинжээч томилон хариуцагч Б.Бн компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс заагласан эсэхийг тогтоож байж анхан шатны болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх ёстой байтал ямар ч баримтгүй зүйл дээр шууд нэхэмжлэгч талын ашиг сонирхлыг хамгаалан хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/02570 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3., 9.5.-д заасны дагуу хариуцагч Б.Бнгээс 34 999 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Цад олгож” гэж заасныг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2152 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Ц нь Б.Бн, Б.У нарт холбогдуулан “Зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ” цуцлагдсан үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн 34 999 200 төгрөг, хохирол 14 450 000 төгрөг, нийт 49 449 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 34 999 200 төгрөгийг хангаж, хариуцагч Б.Бнгээс гаргуулж нэхэмжлэгчид олгох, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч Б.Уаас татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч С.Ц нь 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Эр Би Э интернэшнл” ХХК-тай “Зээлийн хөрөнгөөр Орон сууц захиалгаар бариулах тухай” №2-02/169, №2-02/175 дугаартай гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун хотхоны 169 тоот 1 өрөө, 39 м.кв талбай бүхий орон сууцыг 62 400 000 төгрөгөөр,  175 тоот 2 өрөө орон сууцыг 129 152 000 төгрөгөөр тус тус захиалж, төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх, гүйцэтгэгч “Эр Би Э интернешнл” ХХК 2010 оны 2 дугаар улиралд барилгыг Улсын комисст ашиглалтад хүлээлгэж өгсний дараа орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээжээ.

Захиалагч 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг хүлээж авсан, 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд орон сууцны төлбөрт нийт 34 999 200 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй тул 2012 оны 01 дүгээр сард орон сууцны төлбөр төлөөгүй үндэслэлээр 169 тоот нэг өрөө байрыг суллаж, гүйцэтгэгчид хүлээлгэж өгсөн, 2012 оны 06 дугаар сарын 17-нд 175 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлж, гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байсан боловч худалдагч гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн орон сууцыг буцаан авсан тул худалдан авагч төлбөрт төлсөн 34 999 200 төгрөгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Б.Бн “...гэрээг хувь хүнтэй бус хуулийн этгээдтэй байгуулсан, “Эр Би Э интернэшнл” ХХК нь 2012 онд татан буугдсан, нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг буцаан өгсөн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

“Эр Би Э интернэшнл” ХХК нь гадаад худалдаа, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, 100 хувийн хувьцаа эзэмших эрхтэй 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч, компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд нь компанийн захирал Б.Бн байна.

2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Компанийн хурлын шийдвэрээр компанийн үйл ажиллагааг зогсоож, цаашид үйл ажиллагаа явуулахгүй үндэслэлээр татан буулгаж, улсын бүртгэлээс хасуулахаар шийдвэрлэж, 2015 оны 05 сарын 08-ны өдөр улсын бүртгэлээс хасагдсаныг бүртгэсэн үйл баримт тогтоогджээ.

“Эр Би Э интернэшнл” ХХК нь татан буулгах комисс томилсон, татан буугдсантай холбоотой нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа, журмыг нийтэд мэдээлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч Б.Бн нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2., 32.4.-т заасан үүргээ хэрхэн биелүүлснээ баримтаар нотлоогүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.9.-д зааснаар компани татан буугдахад харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид, хууль буюу дүрэмд заасан бол эрх бүхий этгээдэд шилжүүлнэ гэжээ.

 Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь ...өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, 9.5.-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч нь өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж зохицуулжээ.

Компани хаалтын балансаар 138 527 037 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, хариуцагч Б.Бн нь “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч тул тус хөрөнгө хуульд зааснаар компанийн цорын ганц эзэмшигч буюу Б.Бнд шилжсэн гэж үзнэ.

Компани татан буугдахдаа харилцагчийн төлбөрийг бүрэн барагдуулсан болохоо баримтаар нотлоогүй, хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс хэрхэн зааглагдсан тухай баримт хэрэг авагдаагүй тул компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан Б.Бнг хариуцлага хүлээх үндэстэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрхийн хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

“Эр Би Э интернэшнл” ХХК нь нэхэмжлэгчтэй орон сууц барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, түүнээс хөрөнгө оруулалт авсантай холбоотой бусад баримт санхүүгийн тайланд хэрхэн тусгагдсан нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар баримтгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй тул компанийн болон хувьцаа эзэмшигчийн хөрөнгө зааглагдсан болохоо хариуцагч баримтаар нотлоогүй, холбогдох хүсэлтийг гаргаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 79 дүгээр зүйлийн 79.1.-д тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7.-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шилжүүлсэн 34 999 200 төгрөгийг 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шаардах эрх нь үүсч байгаа бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусахаар байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөрөө буцаан гаргуулахаар шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан, хариуцагч хаягтаа байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, улмаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, шүүх шийдвэрлэж байсан нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5747 дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж, шинээр эхлэн тоолоход 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ. 

“Эр Би Э интернэшнл” ХХК нь Компани татан буугдсан тухай мэдээлэлд нэхэмжлэл хүлээн авах журам, хугацааг заагаагүй тул Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.-т зааснаар өр төлбөргүйд тооцож татан буулгасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна. 

Иймд нийтэд мэдээлснээс хойш 2-6 сарын хугацаанд нэхэмжлэл гаргаагүй гэх  үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр “...хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/02570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2152 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Бнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД