Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/02182

 

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/02182

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 19 дүгээр байр, 17 тоотод оршин суух, Оточ овогт Сүхийн Цогбадрах /РД: ХГ58101270/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 86а байр, 40 тоотод оршин суух, Мижид овогт Баасандашийн Баяртүвшин /РД: ХМ78122914/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 13 дугаар гудамж, 178 тоотод оршин суух, Боржгин овогт Баяраагийн Ундрахбаяр /РД: ЧО78072272/ нарт холбогдох, 

 

Зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,449,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч C.Цогбадрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дима, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, гэрч Б.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Цогбадрахын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: Миний бие нь хамт ажилладаг Түмэнбаяраар дамжуулан Ундрахбаяртай танилцсан бөгөөд тэр үед Ундрахбаяр нь өөрийгөө RBA интернэшнл ХХК-ийн захирал Ундрах гэж танилцуулж байсан. Манай компани барилгын компани, байр захиалж болно гэсний дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун хотхоны 169 тоот 39 м2 талбай бүхий 1 өрөө, мөн 80,77 м2 талбай бүхий 2 өрөө сууцнуудыг захиалж, Зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаанд байр тус бүрт 500,000 төгрөг төлж, 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байрандаа орсон. 2010 оны 7 дугаар сарын 21-нд 1,000,000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 31-нд 4,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 14-нд 10,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 17-нд 10,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 29-нд 5,500,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 30-нд 4,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 31-нд 500,000 төгрөг, нийт 34,999,200 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг би машинаа зараад, мөн Голомт банкнаас зээл аваад өгөх гэсэн боловч байрны гэрчилгээ байхгүй гээд банк зээл олгоогүй. Удалгүй Ундрахбаяр намайг дуудаж 1 өрөө байраа сулла, өөр хүнд зарахаар боллоо гээд 2012 оны 1 дүгээр сарын 30-нд биднийг гаргасан. Үлдсэн 2 өрөө байрнаас 2012 оны 6 дугаар сарын 17-нд намайг ажилтай байхад манай гэрийн хаалгыг эвдлээд эхнэр, хүүхдүүдийг маань загнаж байгаад гаргасан байсан. Байрнаас гарахдаа өгсөн мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, санаа зоволтгүй гэдэг байсан. Ингээд утсаа авахаа больсон. Би шүүхэд нэхэмжлэл гаргахад Ундрахбаяр нь RBA интернэшнл ХХК-ийн захирал биш, компани нь татан буугдсан байсан, шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн уг компани татан буугдаж, уг компанийг үүсгэн байгуулагч Баасандашийн Баяртүвшин, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь мөн Баасандашийн Баяртүвшин гэсэн хариу ирсэн. Б.Баяртүвшин гэдэг хүнийг би танихгүй, Ундрахбаярт бүх мөнгөө өгдөг байсан, мөнгө тушаасан баримтад компанийн тамга тэмдэг дарсан байдаг. Үүнээс үүдэн би тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нь хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзээд, шүүхээс эхний удаа нэхэмжлэлээ татаад, Б.Баяртүвшинг эрэн сурвалжлуулж, хаягийг нь олоод нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нараас байрны урьдчилгаанд төлсөн 34,999,200 төгрөг, хохирол буюу түрээсийн төлбөрийн 50 хувь болох 14,450,000 төгрөг, нийт 49,449,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би өнөөдрийн шүүх хуралдаанд "Эр Б Э интернешнл" ХХК-г төлөөлж оролцоогүй. Хариуцагч нар маань иргэд байгаа. Нэхэмжлэгч тал сая нэхэмжлэлдээ "Эр Б Э интернешнл" ХХК-д мөнгө тушаасан гэж байна. Иргэний хуулийн 34 дугаар зүйлийн 34.1-д Хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. гэж заасан байдаг. "Эр Б Э интернешнл" ХХК нь хуулийн этгээд учраас өөрийн үйл ажиллагаанаас бий болсон үр дагаварыг буюу бусадтай байгуулсан аливаа гэрээний хариуцлагыг компани өөрийн эд хөрөнгөөр хариуцах ёстой. Түүнээс биш иргэн Б.Ундрахбаяр, иргэн Б.Баяртүвшин гэдэг хүмүүс хууль зүйн хувьд энэ төлбөрийг хариуцахгүй. "Эр Б Э Интернешнл" ХХК 2013 онд татан буугдсан. Татан буугдсан компанид нэхэмжлэл гаргах хугацаа гэж байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 2-6 сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. Гэвч энэ асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад "Эйр Би Эй Интернешнл" ХХК-иас биш иргэнээс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацааг нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна., Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Татан буулгах комисс нь компанийн татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлэх бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас доошгүй, зургаан сараас дээшгүй байна. гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү зохижуулалтын дагуу С.Цогбадрах нь нэхэмжлэлээ гаргаж шйидвэрлүүлэх ёстой байтал хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна, төлбөрийг хариуцах ёсгүй иргэдээс мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Би Б.Баяртүвшингээс асуудлын талаар тодорхой ойлголт авахын тулд энэ ямар учиртай вэ, мөнгө төгрөгийг нь өгөөгүй юм уу гэж асуухад Б.Баяртүвшин тухайн мөнгө төгрөгийг өгсөн, тооцоо нийлсэн акт, баримт үйлдэж байсан, одоо тэр баримтууд олдохгүй байгаа, тухайн үед ажиллаж байсан ажилтнуудаас асуулгаж болно. Юу болсон бэ гэхээр "Эр Б Э интернешнл" ХХК-д нийт 34,999,200 төгрөг төлсөн. Энэ мөнгөнөөс байрны засвар, гэрээ цуцалсаны алданги гээд нийт 11,678,205 төгрөгийг суутган авч үлдээд, үлдэх 23,320,995 төгрөгийг Цогбадрах гуайд хүлээлгэж өгсөн. Яагаад суутгаж авсан бэ гэхээр анх шинэ байр хүлээлгэж өгөөд 2 жил ашигласан учраас бусдад зарахын тулд засвар хийх шаардлагатай болсон. Мөн гэрээ цуцалсны алданги болон түрээсийн төлбөр авсан гэж ярьдаг. Ингэж хүлээлгэж өгөх тооцоог борлуулалтын менежер н.Уранчимэг хийж, тооцооны нягтлан н.Отгонжаргал уг мөнгийг хүлээлгэж өгсөн байдаг. Үүнийг ерөнхий менежер Б.Ундрахбаяр сайн мэдэж байгаа. Энэ захиалга Б.Ундрахбаярын таньдаг хүнээр дамжиж орж ирсэн гэж хэлдэг. С.Цогбадрах нь Эр Б Э интернэшнл ХХК-ийн зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж чадахгүй боллоо хэмээн мэдэгдэж, 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргаж 2 ширхэг байгаа буцаан өгсөн. Гэрээний дагуу шилжүүлсэн 34,999,200 төгрөгөөс Эр Б Э интернэшнл ХХК нь засвар, гэрээ цуцалсны төлбөр, алдангид 11,678,205 төгрөгийг суутган, тус компанийн тооцооны нягтлан Б.Отгонжаргал, борлуулалтын менежер Т.Уранчимэг нартай 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр С.Цогбадрах нь тооцоо нийлж, үлдэгдэл 23,320,995 төгрөгийг хүлээж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Цогбадрах нь хариуцагч Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нараас урьдчилгаанд төлсөн 34,999,200 төгрөг, хохирол буюу түрээсийн төлбөрийн 50 хувь болох 14,450,000 төгрөг, нийт 49,449,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ ... энэ төлбөр нь С.Цогбадрах, Эр Б Э интернэшнл ХХК-иудын хооронд байгуулсан гэрээнээс үүдэлтэй тул иргэн Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нар хариуцах ёсгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С.Цогбадрах нь 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 37-169 тоот 39 м2 нэг өрөө орон сууц, 37-175 тоот 80,72 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар Эр Б Э интернэшнл ХХК-тай тохиролцож, 2-02-169, 2-02-175 тоот худалдах-худалдан авах гэрээнүүдийг байгуулж, байрнуудын урьдчилгаанд нийт 34,999,200 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэлчийн нэхэмжлэл, тайлбар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Зээлийн хөрөнгөө орон сууц захиалгаар бариулах тухай 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2-02-169, 2-02-175 тоот гэрээнүүдийн нотариатаар батлуулсан хуулбар, Эр Б Э интернэшнл ХХК-ийн тэмдэг бүхий орлогын ордер зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэжээ. Нэхэмжлэгч С.Цогбадрах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийнх нь эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй этгээд буюу хариуцагчаар Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нарыг татсан. Гэтэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл С.Цогбадрах нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 37-ын 169, 175 тоотод байрлах 39-80,72 м2 орон сууцуудыг зээлийн хөрөнгөөр захиалгаар бариулах гэрээг Эр Б Э интернэшнл ХХК-тай буюу хуулийн этгээдтэй байгуулжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 49,449,200 төгрөгийг тухайн гэрээний нэг тал болох Эр Би Э интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан гэх иргэн Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нараас гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Цогбадрах, түүний өмгөөлөгч Б.Дима нар нь ... Эр Б Э интернэшнл ХХК нь татан буугдсан, тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Баяртүвшин тул тэр энэ төлбөрийг харуцах ёстой, мөн урьдчилгаа мөнгөнүүдээ Б.Ундрахбаярт бэлнээр өгч байсан тул түүнээс мөн нэхэмжилнэ гэх боловч нэхэмжлэгч С.Цогбадрах нь байрны урьдчилгаа төлбөрөө төлөхдөө Эр Б Э интернэшнл ХХК-ийн нягтланд хүлээлгэн өгч байсан болох нь хэрэгт авагдсан Эр Б Э интернэшл ХХК-ийн тэмдэг бүхий орлогын ордеруудаар тогтоогдож байна. Мөн Эр Б Э интернэшнл ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 8-ны татан буугдсан болох нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар Улсын бүртгэл, Оюуны өмчийн ерөнхий газраас гаргуулсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна, маргаж буй шаардлагатай холбоотой буюу нэхэмжлэгч С.Цогбадрахын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нараас 49,449,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Цогбадрахын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР