Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 154/ШШ2018/00238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант суманд 1987 оны 10 дугаар сарын 29-нд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны менежер мэргэжилтэй,******* ХХК-д агуулахын няраваар ажиллаж байсан, ам бүл 3, /эх дүүгийн хамт/ Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 9-11 тоотод оршин суух, ПЮ87102903 дугаар регистртэй, Боржигон овогт*******оогийн Жавзандуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт байрлах хө ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзул, нэхэмжлэгч Б.Жавзандулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Жавзандулам нь шүүхэд гаргасан гомдол, болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 оны 07 сарын 31-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа******* ХХК-тай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2016 оны 12 сарын 31-нээс эхлэн 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.

Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 220/17 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Тухайн үед компаний ой болоод бүх хүмүүс л айраг уух нэрийдлээр архи ууцгаасан.Би амарсан байсан.

Гэтэл намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Жавзандуламын******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах байдлаар дэлгэрэнгүй тайлбар өгч байна. Үүнд: МоЭнКо ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан компани бөгөөд 2017 онд 10 жилийн ой тохиож байгаа юм.

Компани 2007 онд байгуулагдан Хөшөөт төслийг хэрэгжүүлсэн 10 жилийн хугацааны ололт амжилт, дутагдлыг дүгнэн 10 жилийн ойг аймаг, сумын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэн 2017.09.10-ны өдөр товлосон байдаг. Тухайн өдөр МоЭнКо ХХК-ийн 10 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд хурдан морь уралдах, хүчит бөхийн барилдаан бүхий наадам зохион байгуулагдсан бөгөөд Ховд аймгийн болоод ойролцоох сумдын Засаг дарга, удирдлагууд, гадаадын зочид төлөөлөгчид, МоЭнКо ХХК-тай хамтран ажилладаг гадаад, дотоодын олон компанийн удирдлага, төлөөллүүд оролцсон.

Энэ өдөр уурхайн үйл ажиллагааг зогсоож, ажилтнууд наадам болж буй талбайд баярын арга хэмжээнд оролцсон бол, залгуулан орой нь баярын хурал, шагнал гардуулах ёслолын арга хэмжээнүүд зохион байгуулагдсан.

МоЭнКо ХХК-ийн Хөшөөтийн уурхай нь Хуурай буюу согтуүруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглосон кемп боловч 2017.09.10-ны өдөр наадам зохион байгуулагдах, тухайн наадмын талбайд айраг, мах, хуушуур гэхчлэн уламжлалт идээ зайлшгүй байх шаардлагатай, түүнийг ажилтнууд хэрэглэх боломж нөхцөл зэргийг харгалзсаны үндсэн дээр МоЭнКо ХХК-ийн аюулгүй байдлын албанаас албан ёсны мэдэгдэл гарган Айраг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.

Нэгэнт Айраг хэрэглэхийг зөвшөөрсөн тул хамгаалалтын албаны үйл ажиллагааны тухайд ч хяналт шалгалтыг сулруулж, согтууруулах ундааны тест хийх үйл ажиллагааг зогсоосон байдаг. Гэтэл баярын хурал, шагнал гардуулах ёслол дууссаны дараа компанийн зарим ажилтнууд хэсэг бүлгээрээ цугларан нууцаар Архи их хэмжээгээр хэрэглэж улмаар тасарч унах, биеэ зохисгүй авч явах, хоорондоо маргалдах зэрэг үйлдлүүд гаргасан байдаг бөгөөд тэдний нэг нь Б.Жавзандулам юм. Б.Жавзандулам нь 2017 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө биеэ авч явах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бусдын амьдрах байрнаас /кемпийн Б-17 тоот гэр/ согтуу, биеийн цээжнээс доод хэсэгтээ хувцасгүй байдалтай олдсон, биеэ зөв боловсон авч явах ёс суртахууны хэм хэмжээг алдаж, компанийн нэр хүндийг унагасан, ажлын байраа дур мэдэн орхин явж, ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан зэрэг үйлдлүүдийг гаргасан байдагЭдгээрийг МоЭнКо ХХК болоод Б.Жавзандуламын хооронд байгуүлагдсан хөдөлмөрийн гэрээ болон компанийн бусад дүрэм журмуудын хүрээнд нягтлаж узэхэд: Хөдөлмөрийн гэрээг нягтлан үзэхэд 6.2, 6.2.1, 6.2.5, 6.3, 6.3.1, 6.3.2, 6.3.7, 6.3.11, 8.3.6, 8.3.7, 8.3.11, 8.3.13 гэсэн заалтууд зөрчигдсөн байна. Эдгээрийн заримаас дурьдвал: Ажил олгогчийн нэр хүндийг өндөрт авч явах. Ажил олгогчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ... үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх, 6.2.5. ...хамт олны дотор биеэ зөв авч явах..., 6.3 Дараах үйлдэл хийхийг ажилтанд хориглоно. 6.3.1 Ажлын байраа дур мэдэн ...орхиж явах, ...дотоод журамд заасан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээг зөрчих, 6.3.7. Шууд удирдах албан тушаалтны гаргасан зөвлөмж, удирдамж, зааварчилгааг үл ойшоох, маргах, биелүүлэхгүй байх, 6.3.11. Захиргаанд урьдчилан мэдэгдэлгүйгээр ажилдаа ирэхгүй байх...,8.3 Дараах тохиолдлуудыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасанд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. 8.3.2 Ажилтны санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас... ажил олгогчийн бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсхүл ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 8.3.6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан..., 8.3.11. Ажил олгогчийн эрх ашгийг ноцтой хохироосон гэж үзэх бусад зөрчил гаргасан

Компанийн хөдөлмөрийн дотоод журмыг нягтлан үзэхэд 2.5.9, 2.5.9.1, 2.5.9.2, 5.9.7, 2.5.9.9, 2.6.4.4, 2.6.4.7, 7.4, 7.5 заалтууд зөрчигдсөн байна. Эдгээрийн заримаас дурьдвал: 2.5.9.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан..., 2.5.9.7 Захирлын тушаалаар баталсан бусад журмуудыг санаатайгаар зөрчиж байгууллагад ноцтой хохирол учруулсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан. 2.5.9.9 Ноцтой зөрчил гэж тооцогдох хэмжээний бусад үйлдэл, эс үйлдэл. 7.5 Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ба хэлбэр. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, дүрэм, заавар болон хөдөлмөрийн харилцаанд ажилтны хүлээх үүргийг тодорхойлсон эрх зүйн бусад акт, сахилгын дүрэмд заасан зөрчлийг гаргасан тохиолдолд сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ.

Сахилгын дүрмийг нягтлан үзэхэд 5.1, 5.2, 10.1, 12.1 заалтууд зөрчигдсөн байна. тэдгээрийн заримаас дурьдвал: 5. Ажлын цаг баримтлахгүй байх, ажил таслах. 5.1. Ажлын цагийг баримтлахгүй байх, ажлын байраа удаан хугацаагаар дур мэдэн орхиж явах, 5.2. 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил таслах..., 10. Зохисгүй авирлах, 10.1 Зохисгүй авирлах, ажлын байранд биеэ авч явах ёс зүйн хэм хэмжээг илтэд зөрчих...,12. Сахилгын зөрчилд тооцогдох бусад үйлдэл, эс үйлдэл. 12.1 Энэхүү матрикст тухайлан дурьдаагүй ч ажилтан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, бусад дагаж мөрдөх журмыг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэхээр бол.

Кемпийн дотоод журмын 4.4, 5.1, 5.4, 5.4.1 дахь заалтууд тус тус зөрчигдсөн байнаМоЭнКо ХХК асуудал үүссэн даруйд хэн нэгнийг халах, арга хэмжээ авахыг урьтал болгоогүй байдаг бөгөөд 2017.09.10-ны өдрөөс 2017.09.20-ны өдрийг хүртэлх 10 орчим хоногийн хугацаанд хэн, ямар буруутай, ямар үйлдэл оролцоотой болохыг нягтлах зорилгоор дотооддоо судлах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд тухайн асуудлыг мэдэх, түүнд бага хэмжээгээр оролцсон ажилтнууд тус тусын тайлбарыг өгсөн байдаг.

Эдгээр тайлбар баримтууд буюу тухайн асуудлыг мэдэх ажилтнуудын мэдээллээс харахад Б.Жавзандулам нь согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ зохисгүй авч явсан, улмаар Хөдөлмөрийн гэрээ болоод компанийн холбогдох дүрэм, журмуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Б.Жавзандуламыг тойрсон үйлдэлтэй холбоотойгоор тэрээр зөвхөн ганцаараа ажлаас челөөлөгдөж, арга хэмжээ авагдаагүй байдаг бөгөөд бусад этгээдийн ч ажил хөдөлмөрт нөлөөлсөн байдаг. Тодруулбал:

Ажил олгогч тухайн архидалт, үйл явдалтай холбоотойгоор ажилтан тус бүрийн үйлдэл, оролцоо, хэр хэмжээг харгалзсаны үндсэн дээр Б.Жавзандуламаас гадна ажилтан Рагчаа, Б.Буянмөнх нарыг ажлаас чөлөөлж, харин ажилтан Н.Эрдэнэбаатарт цалингийн хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

Тэгэхээр тухайн өдөр болсон үйл явдал тодорхой, түүнд хэн, ямар оролцоотой нь тогтоогдсон бөгөөд зөрчил гаргасан ажилтан тус бүрт тохирох арга хэмжээг авагдсан боловч Жавзандуламаас болж 2 хүн ажлаас чөлөөлөгдөж, 1 хүн цалингийн арга хэмжээ авахуулсан байтал Б.Жавзандулам юу ч болоогүй мэтээр тайлбар хийн шүүхэд хандсан нь ёс суртахуунгүй хандлага гэж үзэж байна.

Хөшөөт төслийн хүрээнд 1000 гаран хүн ажлын байраар хангагдан ажиллаж байгаа гэвч тухайн өдөр 1 -2 гэр дамжсан архидалтад олон эрэгтэй ажилтнууд оролцсон боловч эмэгтэй ажилтнуудаас Б.Жавзандулам оролцсон байдал харагдаж байгаа нь түүний сахилга, ёс зүйн асуудлыг ажил олгогчийн зүгээс дүгнэх нэг үндэслэл болсон.

МоЭнКо ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албанаас согтууруулах ундааны талаар гэсэн албан ёсны мэдэгдлийг уурхайн холбоглох алба, хэлтсүүдийн удирдлагуудад хүргүүлсэн байдаг. Түүнд 2017.09.10-ны өдрийн 10 жилийн ойн баярын арга хэмжээнд согтууруулах ундааны талаар ямар дүрэм мөрдөхийг компанийн албанаас мэйлээр илгээсэн байдаг.

Агуулга: ...2017.09.10-ний өдрийн 10 жилийн ойн баяртай холбогдуулан айргийг тохируулан хэрэглэж сайхан баярлахыг хүсье. Айраг уусан гэх шалтгаанаар агсан согтуу тавьж зүй бус авирласан ажилтанд байгууллагын согтууруулах ундааны журмын дагуу арга хэмжээ авах ба бусадтай барьцах шалтгаан болохгүй гэдгийг ажилчиддаа зөвөөр ойлгуулна уу гэсэн байна.

Б. Б.Жавзандуламын ээлжийн амралт гэх ойлголтын тухайд:

Б.Жавзандулам нь 2017.09.10-наас 11 -нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн, зүй бус байдал гаргасан байдаг бол 2017.09.11-ний өглөөнөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй байдаг.

Ингээд 2017.09.11-нээс хойш ажлаа таслан алга болсон тул түүнийг шууд удирдах захиргааны менежерийн тухайд 2017.09.14-ний өдөр түүнтэй утсаар холбогдон ажилдаа ирэхийг мэдэгдсэн байдаг. Гэтэл Б.Жавзандулам нь ..очиж чадахгүй, маргааш өмгөөлөгчтэйгөө хамт очино... гэж хариу мэдэгдсэн байдаг бөгөөд 2017.09.16-ны өдрөөс эхлэн мөн л ямар ч зөвшөөрөлгүйгээр ажлаа таслан алга болсон байна.

Улмаар өөрийн ажил тасалсан, ажлын байраа дур мэдэн орхиж явсан үйлдлээ халхлах зорилгоор хамт ажилладаг Н.Эрдэнэбаатараар Чөлөө хүсэх маягт гэгчийг бөглүүлсэн байдаг.

Тухайн чөлөө хүсэх маягтыг Б.Жавзандулам өөрөө бичиж. гарын үсгээ зураагүй байдаг бөгөөд тууний өмнөөс хамт ажилладаг Н.Эрдэнэбаатар бөглөж гарын үсэг зурсан байна.

Энэ нь Иргэний хуульд заасан иргэн өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээх тухай зохицуулалтуудтай нийцэхгүй юм. Түүнчлэн******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2-т ажилтан ээлжийн амралт эдлэх хүсэлтээ 14 өдрийн өмнө гарган өөрийн хариуцсан менежерээс зөвшөөрөл авч..., ээлжийн амралтыг өдрийг урьдчилан батлуулах ба... гэсэн зохицуулалт байна. Нөгөө талаас Б.Жавзандулам нь зөрчил гаргах үедээ ростерын давтамжийн тухайд 17.09.06-2017.10.03-ны хооронд уурхай дээр ажиллахаар ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ удаагийн ростероор нийт 28 хоног ажиллах ёстой байсан боловч ажил нь эхлээд 5 хонож байхад зөрчил гаргасан байдаг бөгөөд энд ээлжийн амралтыг төлөвлөсөн, эсвэл ээлжийн амралт авах хэрэгцээ шаардлага огт байгаагүй болох нь харагдаж байна. Түүнчлэн Б.Жавзандулам нь тухайн үйл явдал болсны маргааш буюу 2017.09.11-ний өдөр ажлаа таслан явсан байдаг бөгөөд улмаар компани түүнд ээлжийн амралт олгоогүй тул уурхайн захиргааны менежер 2017.09.14-ний өдөр утсаар холбогдон ажилдаа ирж орохыг мэдэгдсэний дагуу тэрээр 2017.09.15-ны өдөр ажилдаа ирсэн боловч мөн л 2017.09.16-ны өдрөөс эхлэн хэн нэгний зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн ажлын байраа орхин явсан зэрэг нь компанийн Хүний нөөцийн албаны тодорхойлолт, ажлын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурьдсанаар Б.Жавзандулам нь:

-Ээлжийн амралт авах хүсэлтийг өөрөө гаргаагүй, тэр үед өөрөө ажлаа таслан явсан байсан боловч хамт ажилладаг этгээдээрээ гарын үсэг зуруулан өөрийн нэрээр гаргуулсан,

-Компанийн дотоод журам, ээлжийн амралтын хуудсанд зохицуулснаар 14 хоногийн өмнө хүсэлтээ гаргаагүй,

-2017.09.10-11-нд шилжих шөнө гаргасан сахилга, хөдөлмөрийн зөрчилтэйгөө холбоотойгоор ээлжийн амралт гэх зүйлийг сэдсэн, нийт 28 хоногийн хугацаанд ажиллахаар 2017.09.06-ны өдөр Хөшөөтийн уурхай дээр ирж, түүний энэ удаагийн ростерын хугацаа 2017.10.03-ны өдөр дуусах ёстой байсан боловч ажиллахаар ирээд дөнгөж 5 дахь хоног дээрээ ноцтой зөрчил гаргаж, түүнийгээ халхлах, мартагнуулах зорилгоор ээлжийн амралт авахаар гэнэт шийдвэрлэсэн зэрэг шалтгаануудаар компани түүний ээлжийн амралтын хүсэлтийг батлаж, түүнд ээлжийн амралт олгохоор тушаал гараагүй байдаг.

Ээлжийн амралтын тухайд нэмэлт тайлбар:

Уурхайн ажилтан ээлжийн амралтын хүсэлтийг өөрөө гаргах шаардлагатай бөгөөд үүнийг уурхай дахь холбогдох албаны менежер /аль алба, хэлтсээс шалтгаалах бөгөөд Б.Жавзандулам нь захиргааны менежерт хамаарна/, түүний дараа Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хэлтсийн менежер батлаж, түүний дараа, Захирлын тушаал гарснаар баталгаажин олгогддог процесс, бодит практик******* ХХК-нд үйлчилдэг байна.

Ийм шат дарааллаар явж батлагддаг төдийгүй ингэж хэрэгжсэнээр ажилтанд ээлжийн амралтын эрх үүсэхээс гадна түүнд ээлжийн амралтын олговор /амралтын мөнгө/ олгогдох боломжууд бүрддэг байна.

Иймд Б.Жавзандуламын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар,хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Жавзандулам нь Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Мо Эн Ко ХХК-д холбогдуулан 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 220/17 дугаартай захирлын тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халсан тул Мо Эн Ко ХХК-ны агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10.965.680 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Жавзандулам нь Мо Эн Ко ХХК-д агуулахын няраваар ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын №1048597 дугаартай дэвтэр 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 095/16 тоот тушаалаар томилов гэх бичилттэй, нэхэмжлэгчийн тайлбар, 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 52/16 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байгаа бөгөөд ажиллаж байсан болон ажилласан хугацааны талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа би хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа хариу тайлбартаа нэхэмжлэгч Б.Жавзандулам нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.Жавзандуламын гаргасан зөрчлийн шинж нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан нарийвчилсан зохицуулалт боловч тухайн зөрчил үйлдэгдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь би ээлжийн амралттай байсан тухайн үед амралтаа эдлээгүй, амралтын мөнгө аваагүй гэх тайлбар нь Б.Жавзандулам нь ээлжийн амралт авах хүсэлтээ чөлөө хүсэх маягтаар гаргаж шууд удирдлага болох захиргааны менежер Цэнгэл зөвшөөрч ээлжийн амралтаа эдэлж байсан болох нь гэрч Н.Эрдэнэбаатарын шүүхэд гэрчээр мэдүүлсэн....Б.Жавзандулам нь 2017 оны 09 сарын 11-ны өдөр ээлжийн амралтаа авах тухай хүсэлтээ надад тавьсан.Би хүсэлтийг хүлээж аваад шууд удирдлага захи ргааны менежер Цэнгэлд танилцуулахад зөвшөөрөөд ээлжийн амралтыг эдлүүлсэн.2017 оны 9 сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 сарын 2-ны өдрийг хүртэл амрах ёстой байсан.2017 оны 9 сарын 10-ны орой манай компаны 10 жилийн ой болоод уурхайн ажилчид бүгд архи уусан байсан. Энэ хүнийг яагаад ажлаас чөлөөлснийг мэдэхгүй байна.Манай ажилчид бүгд л ийм байдлаар ээлжийн амралтаа эдэлдэг гэх мэдүүлэг, тухайн байгууллагаас нэхэмжлэгчтэй байгуулсан 52/16 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.1.5-д заасан ажилтны саналыг харгалзан ээлжийн амралтыг олгоно гэх заалтыг зөрчөөгүй, харин ажилтан ээлжийн амралт авах үед амралтын мөнгийг олгоно гэх хөдөлмөрийн дотоод журмын 2.6.2.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзлээ.

2017 оны 09 сарын 20-ны өдрийн 220/17 дугаартай Б.Жавзандуламд ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын ....Тус компанийн Хөшөөтын уурхайд агуулахын нярав ажилтай*******оо овогтой Жавзандулам нь байгууллагын 10 жилийн ойн баяр ёслолын үеэр буюу 2017 оны 9 сарын 10-11-нд шилжих шөнө уурхайн кэмпэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ бүрэн хянах чадваргүй болсны улмаас биеэ зохисгүй байдлаар авч явсан нь компанийн дотоод журмыг ноцтой зөрчсөн, мөн 2017 оны 9 сарыйн 16-ны өдрөөс хойш ажлын байраа дур мэдэн орхин явж ажил тасалсан байх тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 9 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэх тушаалын:

1.архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ зохисгүй байдлаар авч явсан нь компаний дотоод журмыг зөрчсөн гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.Өөрөөр хэлбэл компаний дотоод журмын ямар заалтыг зөрчсөн тогтоогдохгүй байх бөгөөд харин хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9-ийн 9-д заасан ноцтой зөрчил гэж тооцогдох хэмжээний бусад үйлдэл эс үйлдэл нь гэрч В.Мөнхцоожийн ...10 жилийн ойн баярын өдөр удирдлагууд болон албан хаагч ажилчид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Баяр нь болж байсан учир бага зэрэг хэрэглэсэн, нийгмийн хэв журам болон эрүүгийн нөхцөл байдал тайван байсан. Харуул хамгаалалтын ажилчид согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.Ямар нэгэн дуудлага өгөөгүй хяналт тавиад гэрт ороход Б.Жавзандулам унтаж байсан.Би Б.Жавзандуламыг зүгээр үү гэж асуухад зүгээрээ би унтаж байна гэж хэлсэн гэх мэдүүлгээр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ зохисгүй авч явсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна.

Энэ үйлдэлийг хүний нөөцийн менежер компанийн эрх бүхий албан тушаалтны саналд тулгуурлан ажилтныг ажлаас халах мэдэгдлийг бичгээр өгнө гэх журам зөрчигдөн, Б.Жавзандуламын ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2017 оны 09 сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Тушаалд дурьдсан сахилгын дүрмийн 5.1, 5.2-д заасан ажлын цаг баримтлаагүй удаан хугацаагаар буюу 3 хоног түүнээс дээш хугацаагаар ажил тасласан гэх зөрчил нь гэрч Н.Эрдэнэбаатарын мэдүүлгээр хөдөлмөрийн дотоод журмын 5.3.7-д заасан ...ажилтан нь шууд удирдлагадаа мэдэгдэхгүйгээр эсвэл зөвшөөрөл авахгүйгээр дараалсан 3/ гурав/ -аас дээш хоног ажилдаа ирээгүй тохиолдолд компани түүнийг ажил тасалсанд тооцно гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Б.Жавзандулам нь захиргааны менежер Б.Цэнгэлд чөлөө хүсэж хүсэлтээ гаргасныг зөвшөөрч 2017 оны 09 сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан байгаа нь ээлжийн амралтыг тооцож олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ж.Түвшинзаяагийн дэлгэрэнгүй тайлбарт дурьдсан...Б.Жавзандулам нь 2017.09.06-ны өдөр Хөшөөтийн уурхай дээр ирж түүний энэ удаагийн ростерийн хугацаа 2017 оны 10 сарын 03-ны өдөр дуусах ёстой байсан боловч ажиллахаар ирээд дөнгөж 5 дахь хоног дээрээ ноцтой зөрчил гаргасан гэх тайлбар нь Мо Эн Ко ХХК-ийн хөшөөтийн уурхайн ажилтнуудын ажлын цагийн тооцоо, Хөшөөтийн уурхайд агуулахын нярав ажилтай Б.Жавзандуламын 2017 оны 8,9 р сарын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтаар тогтоогдохгүй байна.2017 оны 9 сард ростероор ажилласан хоноггүй байхад 5 дахь хоног дээрээ зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа тайлбар нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд Цэцэг сумын цагдаад байцаалт өгсөн, ажилдаа ирэхийг мэдэгдсэн гэх тайлбарууд нь цагийн бүртгэлээр тогтоогдохгүй байна.

Согтууруулах ундааны талаар илгээгдсэн бичигт 2017 оны 09 сарын 10-ны өдрийн 10 жилийн ойн баяртай холбогдуулан айраг тохируулан хэрэглэж сайхан баярлахыг хүсье.Айраг уусан гэх шалтгаанаар агсам согтуу тавьж зүй бус авирласан ажилтанд байгууллагын согтууруулах ундааны журмын дагуу арга хэмжээ авах ба бусадтай барьцах шалтгаан болохгүйг зөвөөр ойлгуулна уу гэх и-мейлд үзлэг хийлгэх хариуцагчийн хүсэлтийг хангаж үзлэг хийсэн баримтаар архи ууж ноцтой зөрчил гаргасан үйлдэл нь тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архив, хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэх хуулийн заалтыг зөрчсөн байх тул хэрэгт авагдсан Б.Жавзандулам, Н.Эрдэнэбаатар нарын тайлбар, Г.Норовсүрэнгийн тодорхойлолт,Э.Даваадалайгаас авсан тайлбар, А.Энхамарын тайлбар, Цэнгэлийн тайлбар, А.Эрдэнэдалайгаас тодруулга авсан тухай тайлбар,Мэргэний тайлбар,Б.Батмөнх,Д.Олонбаяр нарын тайлбар нь хэнд тайлбар гаргаж байгаа, ямар албан тушаалтанд тайлбар гаргаж байгаа зэрэг нь тодорхой бус байх тул нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн А.Энх-Амарын Б.Жавзандулам архи уусан байсан,Би харахад согтолттой байсан, гэрт нь хамт амьдардаг хоёр хүүхэн Б.Жавзандуламыг харсан гэх мэдүүлэг,гэрч А.Эрдэнэдалайгийн....Б.Жавзандуламын согтолтын хэг хэмжээг сайн мэдэхгүй байна, яриа нь согтуу хүний байдалтай байсан гэх мэдүүлэг, гэрч Э.Даваадалайгийн...Б.Жавзандулам нь согтуу ямар ч ухаан мэдрэлгүй байсан,өөрөөр хэлбэл архи уугаад тасарсан байсан гэх мэдүүлэг, гэрч В.Мөнхцоожийн гэрчээр мэдүүлсэн...Мо Эн Ко ХХК-д 10 жилийн ойн баярын өдөр нь удирдлагууд болон албан хаагч ажилчид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан,баяр нь болж байсан учир бага зэрэг хэрэглэсэн нийгмийн хэв журам болон эрүүгийн нөхцөл байдал тайван байсан.Ямар нэг дуудлага өгөөгүй хяналт тавиад гэрт ороход Б.Жавзандулам унтаж байсан.Хажууд нь 2-3 эмэгтэй ажилтан байсан.Би Б.Жавзандуламыг зүгээр үү гэж асуухад зүгээрээ би унтаж байна гэж хэлсэн гэх мэдүүлгийг шүүх үнэлж дараах дүгнэлт хийлээ.

Гэрч нарын мэдүүлгээр Б.Жавзандулам нь хичнээн архи уусан хэн хэний хамт уусан, архи уусан уу, айраг уусан уу гэдэг нь тодорхойгүй, согтолтын хэмжээ хэр зэрэг байсан, хэдний өдөр болсон үйлдэл болох, ажлын байранд уу, ажил амралтын цаг алин болох нь тодорхой бус, 2017 оны 09 сарын 09-10-нд шилжих шөнө гэж мэдүүлснээс дүгнэхэд Б.Жавзандуламын архи согтууруулах ундаа хэрэглэн биеэ зохисгүй авч явсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байхад, хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9-ийн 2 д заасан ...ажлын байранд мансууруулах бодис, согтууруулах ундаа,сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэж ажилдаа ирсэн болон хэрэглэсэн гэх хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан -нь үндэслэлгүй гэж үзлээ.

Уг тушаалд компанийн дүрмийн 8.5 ийг үндэслэн гэж дурьдсан боловч хэрэгт компанийн дүрмийг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байна.Кемпийн дотоод журмын 13.1-д кемпийн дотоод журмыг Мо Эн Ко ХХК-ний ажилтнууд зөрчсөн тохиолдолд компаний дотоод журамд заасны дагуу хариуцлага тооцно гэж журамласан атлаа кемпийн дотоод журмын 6.3-д хүйсийн ялгаатайгаар өрөө гэрүүдэд байрлах, 12.2 дахь цусан дахь спиртийн хэмжээг тогтоох тестийн үр дүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн заалт гарсан тохиолдолд тухайн этгээдэд зөрчлийн хуудас бичиж кемпийн захиргаанд хүргүүлэх ба захиргаа нь цааш холбогдох албан тушаалтанд мэдэгдэнэ гэх журам зөрчиж тухайн ажилтанд зөрчлийн хуудас бичиж кемпийн захиргаанд хүргүүлээгүй байна.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж хөдөлмөрийн хуулинд заасан байхад Б.Жавзандуламд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 09 сарын 20-ны өдрийн тушаалд дурьдаагүй байна.

Иймд 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 220/17 дугаартай Мо Эн Ко ХХК-ны захирлын Б.Жавзандуламд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй ажил олгогчоос санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзээд Б.Жавзандуламыг Мо Эн Ко ХХК-ны Хөшөөтийн уурхайн агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар Б.Жавзандуламын тус компанид ажиллаж байсан сүүлийн гурван сарын цалингийн дундажаар тооцож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нь зүйтэй байна.

Б.Жавзандулам нь 2017 оны 6.7.8 саруудад тус компанид агуулахын няраваар ажиллан /775147+809915+1293795/ цалин авснаас сард дунджаар 959619 төгрөгийн цалин олгогдож байх тул шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа ажилгүй байсан хугацааны цалин 10965680 төгрөгийг хөдөлмөрийн гэрээнд зааснаар 1 цагт 3665 төгрөгөөр тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг хүртэл байхад өдөрт ажиллах цагийг 11 цагаар тооцож цалин нэхэмжилснийг өдрийн 8 цагаар тооцож олгох үндэслэлтэй байна.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх өдрийн цалин 10965680 төгрөгнөөс 198 хоног буюу 1584 цагийн цалин буюу 5.805.360 төгрөгийг Мо Эн Ко ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Жавзандуламд олгож илүү нэхэмжилсэн 5.160.320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Жавзандулам нь шүүхэд ирж очсон зардал болон буудлын зардал, өмгөөлөгчийн зардал зэрэг 4.836.060 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор хэлэлцэх шаардлага байх тул тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөнийг дурьдаж хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 5.805.360 төгрөг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 107.836 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Жавзандуламыг******* ХХК-ний Хөшөөтийн уурхайн агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 5805360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Жавзандуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.160.320 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Жавзандуламийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Мо Эн Ко ХХК-д үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 107836 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ