Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

Б.Жавзандуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2018/00238 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 9-11 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбацогоогийн Жавзандуламын нэхэмжлэлтэй, МоЭнко ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Жавзандулам түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа /онлайнаар/, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай.

            Нэхэмжлэлийн агуулга: “Би 2016 оны 07 сарын 31-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа МоЭнКо ХХК-тай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2016 оны 12 сарын 31-нээс эхлэн 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.  Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр захиралын 220/17 дугаартай тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин 3.496.410 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1000.000 төгрөг, Булган суманд ирж буцсан шатахууны зардалд 269650 төгрөг, буудалд байрласан хөлс 70.000 төгрөг нийт 4.836.060 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбар: МоЭнКо ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан компани бөгөөд 2017 онд 10 жилийн ой тохиож байгаа юм. Компани 2007 онд байгуулагдан Хөшөөт төслийг хэрэгжүүлсэн 10 жилийн хугацааны ололт амжилт, дутагдлыг дүгнэн 10 жилийн ойг аймаг, сумын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэн 2017.09.10-ны өдөр товлосон байдаг. Тухайн өдөр МоЭнКо ХХК-ийн 10 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд хурдан морь уралдах, хүчит бөхийн барилдаан бүхий наадам зохион байгуулагдсан бөгөөд Ховд аймгийн болоод ойролцоох сумдын Засаг дарга, удирдлагууд, гадаадын зочид төлөөлөгчид, МоЭнКо ХХК-тай хамтран ажилладаг гадаад, дотоодын олон компанийн удирдлага, төлөөллүүд оролцсон. Энэ өдөр уурхайн үйл ажиллагааг зогсоож, ажилтнууд наадам болж буй талбайд баярын арга хэмжээнд оролцсон бол, залгуулан орой нь баярын хурал, шагнал гардуулах ёслолын арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. МоЭнКо ХХК-ийн Хөшөөтийн уурхай нь Хуурай буюу согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглосон кемп боловч 2017.09.10-ны өдөр наадам зохион байгуулагдах, тухайн наадмын талбайд айраг, мах, хуушуур гэхчлэн уламжлалт идээ зайлшгүй байх шаардлагатай, түүнийг ажилтнууд хэрэглэх боломж нөхцөл зэргийг харгалзсаны үндсэн дээр МоЭнКо ХХК-ийн аюулгүй байдлын албанаас албан ёсны мэдэгдэл гарган айраг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Б.Жавзандулам нь 2017 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө биеэ авч явах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бусдын амьдрах байрнаас /кемпийн Б-17 тоот гэр/ согтуу, биеийн цээжнээс доод хэсэгтээ хувцасгүй байдалтай олдсон, биеэ зөв боловсон авч явах ёс суртахууны хэм хэмжээг алдаж, компанийн нэр хүндийг унагасан, ажлын байраа дур мэдэн орхин явж, ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан зэрэг үйлдлүүдийг гаргасан байдаг. Эдгээрийг МоЭнКо ХХК болоод Б.Жавзандуламын хооронд байгуүлагдсан хөдөлмөрийн гэрээ болон компанийн бусад дүрэм журмуудыг зөрчсөн байна. МоЭнКо ХХК асуудал үүссэн даруйд хэн нэгнийг халах, арга хэмжээ авахыг урьтал болгоогүй байдаг бөгөөд 2017.09.10-ны өдрөөс 2017.09.20-ны өдрийг хүртэлх 10 орчим хоногийн хугацаанд хэн, ямар буруутай, ямар үйлдэл оролцоотой болохыг нягтлах зорилгоор дотооддоо судлах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд тухайн асуудлыг мэдэх, түүнд бага хэмжээгээр оролцсон ажилтнууд тус тусын тайлбарыг өгсөн байдаг.           Тухайн өдөр болсон үйл явдал тодорхой, түүнд хэн, ямар оролцоотой нь тогтоогдсон бөгөөд зөрчил гаргасан ажилтан тус бүрт тохирох арга хэмжээг авагдсан боловч Жавзандуламаас болж 2 хүн ажлаас чөлөөлөгдөж, 1 хүн цалингийн арга хэмжээ авахуулсан байтал Б.Жавзандулам юу ч болоогүй мэтээр тайлбар хийн шүүхэд хандсан нь ёс суртахуунгүй хандлага гэж үзэж байна. Хөшөөт төслийн хүрээнд 1000 гаран хүн ажлын байраар хангагдан ажиллаж байгаа гэвч тухайн өдөр 1-2 гэр дамжсан архидалтад олон эрэгтэй ажилтнууд оролцсон боловч эмэгтэй ажилтнуудаас Б.Жавзандулам оролцсон байдал харагдаж байгаа нь түүний сахилга, ёс зүйн асуудлыг ажил олгогчийн зүгээс дүгнэх нэг үндэслэл болсон. МоЭнКо ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албанаас согтууруулах ундааны талаар гэсэн албан ёсны мэдэгдлийг уурхайн холбоглох алба, хэлтсүүдийн удирдлагуудад хүргүүлсэн байдаг. Түүнд 2017.09.10-ны өдрийн 10 жилийн ойн баярын арга хэмжээнд согтууруулах ундааны талаар ямар дүрэм мөрдөхийг компанийн албанаас мэйлээр илгээсэн байдаг. 2017.09.11-нээс хойш ажлаа таслан алга болсон тул түүнийг шууд удирдах захиргааны менежерийн тухайд 2017.09.14-ний өдөр түүнтэй утсаар холбогдон ажилдаа ирэхийг мэдэгдсэн байдаг. Гэтэл Б.Жавзандулам нь очиж чадахгүй, маргааш өмгөөлөгчтэйгөө хамт очино... гэж хариу мэдэгдсэн байдаг бөгөөд 2017.09.16-ны өдрөөс эхлэн мөн л ямар ч зөвшөөрөлгүйгээр ажлаа таслан алга болсон байна. Улмаар өөрийн ажил тасалсан, ажлын байраа дур мэдэн орхиж явсан үйлдлээ халхлах зорилгоор хамт ажилладаг Н.Эрдэнэбаатараар Чөлөө хүсэх маягт гэгчийг бөглүүлсэн байдаг. Тухайн чөлөө хүсэх маягтыг Б.Жавзандулам өөрөө бичиж гарын үсгээ зураагүй байдаг бөгөөд тууний өмнөөс хамт ажилладаг Н.Эрдэнэбаатар бөглөж гарын усэг зурсан байна. Энэ нь Иргэний хуульд заасан иргэн өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээх тухай зохицуулалтуудтай нийцэхгүй юм. Түүнчлэн МоЭнКо ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2-т ажилтан ээлжийн амралт эдлэх хүсэлтээ 14 өдрийн өмнө гарган өөрийн хариуцсан менежерээс зөвшөөрөл авч..., ээлжийн амралтыг өдрийг урьдчилан батлуулах ба... гэсэн зохицуулалт байна. Нөгөө талаас Б.Жавзандулам нь зөрчил гаргах үедээ ростерын давтамжийн тухайд 17.09.06-2017.10.03-ны хооронд уурхай дээр ажиллахаар ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ удаагийн ростероор нийт 28 хоног ажиллах ёстой байсан боловч ажил нь эхлээд 5 хонож байхад зөрчил гаргасан байдаг бөгөөд энд ээлжийн амралтыг төлөвлөсөн, эсвэл ээлжийн амралт авах хэрэгцээ шаардлага огт байгаагүй болох нь харагдаж байна. Түүнчлэн Б.Жавзандулам нь тухайн үйл явдал болсны маргааш буюу 2017.09.11-ний өдөр ажлаа таслан явсан байдаг бөгөөд улмаар компани түүнд ээлжийн амралт олгоогүй тул уурхайн захиргааны менежер 2017.09.14-ний өдөр утсаар холбогдон ажилдаа ирж орохыг мэдэгдсэний дагуу тэрээр 2017.09.15-ны өдөр ажилдаа ирсэн боловч мөн л 2017.09.16-ны өдрөөс эхлэн хэн нэгний зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн ажлын байраа орхин явсан зэрэг нь компанийн Хүний нөөцийн албаны тодорхойлолт, ажлын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээр дурьдсанаар Б.Жавзандулам нь: Ээлжийн амралт авах хүсэлтийг өөрөө гаргаагүй, тэр үед өөрөө ажлаа таслан явсан байсан боловч хамт ажилладаг этгээдээрээ гарын үсэг зуруулан өөрийн нэрээр гаргуулсан, Компанийн дотоод журам, ээлжийн амралтын хуудсанд зохицуулснаар 14 хоногийн өмнө хүсэлтээ гаргаагүй, 2017.09.10-11-нд шилжих шөнө гаргасан сахилга, хөдөлмөрийн зөрчилтэйгөө холбоотойгоор ээлжийн амралт гэх зүйлийг сэдсэн, нийт 28 хоногийн хугацаанд ажиллахаар 2017.09.06-ны өдөр Хөшөөтийн уурхай дээр ирж, түүний энэ удаагийн ростерын хугацаа 2017.10.03-ны өдөр дуусах ёстой байсан боловч ажиллахаар ирээд дөнгөж 5 дахь хоног дээрээ ноцтой зөрчил гаргаж, түүнийгээ халхлах, мартагнуулах зорилгоор ээлжийн амралт авахаар гэнэт шийдвэрлэсэн зэрэг шалтгаануудаар компани түүний ээлжийн амралтын хүсэлтийг батлаж, түүнд ээлжийн амралт олгохоор тушаал гараагүй байдаг. Иймд Б.Жавзандуламын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 154/ШШ2018/00238 дугаар шийдвэрээр 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Жавзандуламыг МоЭнКо ХХК-ний Хөшөөтийн уурхайн агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч МоЭнКо ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 5805360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Жавзандуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5160320 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Жавзандуламын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг МоЭнко ХХК-д үүрэг болгосугай.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч МоЭнКо ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 107836 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Б.Жавзандуламыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй байгаа талаар дүгнэн бичсэн. Ингэхдээ Б.Жавзандуламыг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бүр хэтрүүлэн хэрэглэсэн, ухаан мэдрэлгүй согтсон улмаар биеийн дотоод хэсгээрээ шалдан нүцгэн байдалтай олдсон мэдэх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримт биш гэж дүгнэн шийдвэрлэсэн. Мөн Б.Жавзандулам нь ээлжийн амралт авах хүсэлтийг өөрөө гаргаагүй, тэр үед өөрөө ажлаа таслан явсан байсан боловч хамт ажилладаг этгээдээрээ гарын үсэг зуруулан өөрийн нэрээр гаргуулсан, компанийн дотоод журам, ээлжийн амралтын хуудсанд зохицуулснаар 14 хоногийн өмнө хүсэлтээ гаргаагүй зэрэг шалтгаануудаар компани түүний ээлжийн амралтын хүсэлтийг баталж, түүнд ээлжийн амралт олгохоор тушаал гараагүй байдаг. Түүнчлэн Б.Жавзандулам нь тухайн үйл явдал болсны маргааш буюу 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа таслан явсан байдаг бөгөөд улмаар компани түүнд ээлжийн амралт олгоогүй тул Уурхайн захиргааны менежер 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр утсаар холбогдон ажилдаа ирж орохыг мэдэгдсэний дагуу тэрээр 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа ирсэн боловч мөн л 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хэн нэгний зөвшөөрөлгүйгээр ажлаа таслан явсан зэрэг нь компанийн Хүний нөөцийн албаны тодорхойлолт, ажлын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Жавзандулам нь “МоЭНКо” ХХК-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 220/17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус компанийн агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10,965,680 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч МоЭнКо ХХК нь “Б.Жавзандуламыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.        Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Жавзандулам нь “тус компанийн 10 жилийн ойн баяр ёслолын үеэр буюу 2017 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө уурхайн кемпид согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж биеэ зохисгүй байдлаар авч явсан” болох нь Бамбай секьюрити сервис ХХК-ийн салбарын захирал Х.Мөнгөншагайгийн тайлбар[1], Сахилгын шийтгэлийн маягт[2], Зөрчлийн судалгаа[3], А.Энх-Амар, А.Эрдэнэдалай, Э.Даваадалай нарыг гэрчээр асуусан тэмдэглэл[4] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Б.Жавзандуламын энэхүү үйлдэл нь ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.3.7-д нэрлэн заасан хөдөлмөрийн  харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил байна.

Нэхэмжлэгч Б.Жавзандулам нь “2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш ажлын байраа дур мэдэн орхин явж ажил тасласан” болох нь  МоЭнКо ХХК-ийн хөшөөтийн уурхайн ажилтнуудын цагийн тооцоо[5], Б.Жавзандуламын ажиллах ростерын давтамж, цагийн бүртгэл[6],  чөлөө хүсэх маягт[7] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Учир нь чөлөө хүсэх маягтад Б.Жавзандулам өөрөө гарын үсэг зураагүй, түүний өмнөөс хамт ажилладаг Н.Эрдэнэбаатар гарын үсэг зурсан, уг маягтын санамж хэсэгт ээлжийн амралт авахдаа 2 долоо хоногийн өмнө заавал мэдэгдсэн байх ёстой гэснийг зөрчсөн, ээлжийн амралт авах хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан батлаагүй байна. Өөрөөр хэлбэл Б.Жавзандулам нь ээлжийн амралтаа эдлэх эрх үүсээгүй байхад дур мэдэн ажлын байраа орхин явсан байх тул түүнийг ажил тасласан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Түүний энэхүү үйлдэл нь ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.3.6-д нэрлэн заасан хөдөлмөрийн  харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил байна.

 Иймд ажил олгогч МоЭнКо ХХК-ний дэд захирал Ж.Оюунчимэг нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдлага болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхээс буруутгах боломжгүй байна.

Ажил олгогч Б.Жавзандуламын гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор сахилгын шийтгэлийг ногдуулсан байх бөгөөд МоЭнКо ХХК-ний дэд захирал Ж.Оюунчимэг нь тушаал гаргах эрхтэй болох нь хэрэгт авагдсан МоЭнКо ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайгаа заахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,836 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинзаяад буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 154/ШШ2018/00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жавзандуламын хариуцагч ”МоЭнко” ХХК-нд холбогдуулан гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,836 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинзаяад буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 63 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 147-152 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 65 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 67 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 68 дугаар хуудас