Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2019/00287

 

Б.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2018/00238 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Ж-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “МЭК” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ж-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “МЭК” ХХК--тай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр захирлын 220/17 дугаартай тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү. 

Ажилгүй байсан хугацааны цалин 3 496 410 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1 000 000 төгрөг, Булган суманд ирж буцсан шатахууны зардалд 269 650 төгрөг, буудалд байрласан хөлс 70 000 төгрөг, нийт 4 836 060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...Компани 2007 онд байгуулагдан Хөшөөт төслийг хэрэгжүүлсэн 10 жилийн хугацааны ололт амжилт, дутагдлыг дүгнэн 10 жилийн ойг аймаг, сумын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр товлож, тус ойн баярын арга хэмжээний хүрээнд хурдан морь уралдах, хүчит бөхийн барилдаан бүхий наадам зохион байгуулагдсан бөгөөд Ховд аймгийн болоод ойролцоох сумдын Засаг дарга, удирдлагууд, гадаадын зочид төлөөлөгчид, “МЭК” ХХК--тай хамтран ажилладаг гадаад, дотоодын олон компанийн удирдлага, төлөөллүүд оролцсон. Энэ өдөр уурхайн үйл ажиллагааг зогсоож, ажилтнууд наадам болж буй талбайд баярын арга хэмжээнд оролцсон бол, залгуулан орой нь баярын хурал, шагнал гардуулах ёслолын арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. “МЭК” ХХК--ийн Хөшөөтийн уурхай нь Хуурай буюу согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглосон кемп боловч тус өдөр наадам зохион байгуулагдах, тухайн наадмын талбайд айраг, мах, хуушуур гэхчлэн уламжлалт идээ зайлшгүй байх шаардлагатай, түүнийг ажилтнууд хэрэглэх боломж нөхцөл зэргийг харгалзсаны үндсэн дээр “МЭК” ХХК--ийн аюулгүй байдлын албанаас албан ёсны мэдэгдэл гарган айраг хэрэглэхийг зөвшөөрч, албан ёсны мэдэгдлийг уурхайн холбогдох алба, хэлтсүүдийн удирдлагуудад хүргүүлсэн байдаг. Түүнд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 жилийн ойн баярын арга хэмжээнд согтууруулах ундааны талаар ямар дүрэм мөрдөхийг компанийн албанаас мэйлээр илгээсэн байдаг.

Б.Ж- нь 2017 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө биеэ авч явах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бусдын амьдрах байрнаас /кемпийн Б-17 тоот гэр/ согтуу олдсон, ...биеэ зөв боловсон авч явах ёс суртахууны хэм хэмжээг алдаж, компанийн нэр хүндийг унагасан, ажлын байраа дур мэдэн орхин явж, ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан зэрэг үйлдлүүдийг гаргасан байдаг. Эдгээрийг “МЭК” ХХК- болоод Б.Ж-ын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон компанийн бусад дүрэм журмуудыг зөрчсөн байна.

2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 10 орчим хоногийн хугацаанд хэн, ямар буруутай, ямар үйлдэл оролцоотой болохыг нягтлах зорилгоор дотооддоо судлах ажиллагааг гүйцэтгэсэн байна.

... 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш ажлаа таслан алга болсон тул түүнийг шууд удирдах захиргааны менежерийн тухайд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр түүнтэй утсаар холбогдон ажилдаа ирэхийг мэдэгдсэн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа ирсэн боловч мөн л 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хэн нэгний зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн ажлын байраа орхин явсан зэрэг нь компанийн Хүний нөөцийн албаны тодорхойлолт, ажлын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Б.Ж- нь зөрчил гаргах үедээ ростерын давтамжийн тухайд 2017 оны 09 дүгээр сарын 06-наас 2017 оны 10 дугаар сарын 03-ны хооронд уурхай дээр ажиллахаар ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ удаагийн ростероор нийт 28 хоног ажиллах ёстой байсан боловч ажил нь эхлээд 5 хонож байхад зөрчил гаргасны дараа хамт ажилладаг Н.Эрдэнбаатараар ээлжийн амралт авах хүсэлтээ бичүүлж, өгсөн байдаг. Бид Б.Ж-д ээлжийн амралт олгохоор тушаал гараагүй байдаг.

Б.Ж- Компанийн дотоод журам, ээлжийн амралтын хуудсанд зохицуулснаар 14 хоногийн өмнө хүсэлтээ гаргаагүй.

Иймд Б.Ж-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 154/ШШ2018/00238 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Ж-ыг МЭК ХХК-ний Хөшөөтийн уурхайн агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МЭК ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 5 805 360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 160 320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ж-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг МЭК ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч МоЭнКо ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 107 836 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаар магадлалаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 154/ШШ2018/00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-ын хариуцагч МЭк ХХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,836 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинзаяад буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ... хөдөлмөрийн гэрээний 8.3.7-д ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл нь ажлын байранд мансууруулах бодис.согтууруулах ундаа хэрэглэсэн, биедээ авч ирсэн, эсвэл согтуурсан үнэртүүлсэн байдалтайгаар ажилд ирсэн гэж тодорхой шууд заажээ.

... Б.Ж- энэ баярын өдөр согтууруулах ундаа ууж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж биеэ зохисгүй авч яваагүй бөгөөд түүнийг согтууруулах ундаа ууж байсан гэж гэрчлэх нэг ч гэрч байдаггүй. Тус байгууллагын хүний нөөцийн менежер БНХАУ-ын иргэн Цэнгэл Монгол Улсын иргэн Б.Ж-ыг гэм буруутайд тооцох зорилгоор тус байгууллагын дотоод журамд тусгагдаагүй эрхийг эдэлж, Монгол улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах хууль бус ажиллагаа явуулж Э.Даваадалай, А.Эрдэнэдалай, А.Энх-Амар нараас БНХАУ-ын иргэн Цэнгэл тайлбар авч нотлох баримт болгож анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүхээс үнэлэх боломжгүй гэж үзсэн юм Сахилгын шийтгэл оногдуулах маягт /х/х-ийн 66 дугаар хуудас/, зөрчлийн судалгаа / х/х-ийн 69 дүгээр хуудас/-ыг МЭК ХХК-нь Б.Ж-д танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй /Дотоод дүрэмдээ танилцуулж гарын үсэг зуруулсан байхыг шаарддаг/ баримтуудыг анхан шатны шүүх хуралдаанаас хойш нотлох баримт болгон шүүхэд ирүүлсэн байдаг. Б.Ж-ыг ажлаас халж сахилгын шийтгэл оногдуулах тушаалд компанийн дүрмийн 8.5 дахь заалтыг үндэслэн халсан гэсэн атлаа нотлох баримт болгон компанийн дүрмээ шүүхэд ирүүлээгүй, эдгээр нотлох баримтыг давж заалдах шатны шүүх нотлох баримт болгож Б.Ж-ыг гэм буруутайд тооцож түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасанд гомдол гаргаж байна.

Тус байгууллагын дотоод журамд согтууруулах ундаа уусан эсэхийг тогтоож нотлох талаар тодорхой заасан байдаг бөгөөд энэ журмыг баримталж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг баримтжуулж нотлох учиртай, энэ журмыг хэрэгжүүлж нотлоогүй байна.

...Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж магадлал гаргахдаа, энэ хэрэгт нотлох баримтаар авагдсан бичмэл нотлох баримт, гэрчээс мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Б.Ж- 2017 оны 09 дүгээр сарын 11 ны өдрөөс эхлэн, ээлжийн амралт авч амрах хүсэлтээ өөрийг нь шууд удирдан ажилладаг Н.Эрдэнэбаатарт хэлснээр түүний хүсэлтийг Н.Эрдэнэбаатар захиргааны менежер Цэнгэлд танилцуулан Цэнгэл зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр ээлжийн амралтыг 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар олгож, ажлыг нь хүлээн авснаар Б.Ж- 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс эхлэн амарсан байна. . / х/х-ийн 1 дүгээр хавтас 68 дугаар хуудас /. Энэ бичмэл нотлох баримтыг тус байгууллагын ахлах ажилтан Н.Эрдэнэбаатараас анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тайлбар шүүх хуралд гэрчээр оролцож мэдүүлсэн мэдүүлгээр нотлогддог. / х/х-ийн 1 дүгээр хавтас 40-41 дүгээр хуудас, шүүх хурлын тэмдэглэл 173-190 дугаар хуудас / эдгээр нотлох баримтаас үзэхэд нярав ажилтай Б.Ж- ажил таслах ажлаа орхиж явах талаар санаа бодолгүй байжээ гэдэг нь нотлогдож байна.

Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангуулахаар хяналтын гомдол гаргажээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч “МЭК” ХХК-д холбогдуулан компанийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 220\17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “МЭК” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг компанийн ойн баярын үеэр согтууруулах ундаа хэрэглэж, компанийн дотоод журмыг зөрчсөн, ажлын байраа дур мэдэн орхиж, ажил тасалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Б.Ж- нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ээлжийн амралт авах хүсэлтээ гаргаж, захиргааны менежерт мэдэгдсэн, зөвшөөрөл авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба ажил олгогчийн зүгээс ээлжийн амралт олгох тухай шийдвэр гаргах, амралтын мөнгө тооцон олгох зэрэг ажиллагааг хийгээгүй байх нь ажилтныг ээлжийн амралтаа эдлээгүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс ээлжийн амралттай байсан гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Ээлжийн амралттай байсан ажилтныг ажил тасалсан гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг амралттай байх хугацаанд захиргааны санаачилгаар цуцлах хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч Б.Ж-ыг 2017 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө компанийн 10 жилийн ойн байрыг тэмдэглэх үед согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үйл баримт нотлогдоогүй, тухайн үйл баримтыг хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэх, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна. Шүүх хариуцагч компанийн кемпийн дотоод журамд заасан зохицуулалтыг нарийвчлан судалж, нэхэмжлэгч Б.Ж-ын гаргасан гэх зөрчил журамд заасны дагуу тогтоогдоогүй байна гэж үзжээ.

Нэхэмжлэгч Б.Ж-ыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, ажил тасалсан гэх байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг хариуцагч “МЭК” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг дундаж цалингийнх нь хэмжээгээр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажил тасалсан буюу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай бүрэн үнэлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт туссан үндэслэлүүдийг эрх зүйн үүднээс үгүйсгэж чадаагүй байна.

Дээрх байдлыг үндэслэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2018/00238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН