Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

Б.Жавзандуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154/ШШ2018/00006 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 9-11 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбацогоогийн Жавзандуламын нэхэмжлэлтэй, МоЭнко ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Жавзандулам түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа /онлайнаар/, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай.

                Нэхэмжлэлийн агуулга: “Би 2016 оны 07 сарын 31-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа МоЭнКо ХХК-тай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2016 оны 12 сарын 31-нээс эхлэн 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.  Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр захиралын 220/17 дугаартай тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин 3.496.410 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1000.000 төгрөг, Булган суманд ирж буцсан шатахууны зардалд 269650 төгрөг, буудалд байрласан хөлс 70.000 төгрөг нийт 4.836.060 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбар: МоЭнКо ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан компани бөгөөд 2017 онд 10 жилийн ой тохиож байгаа юм. Компани 2007 онд байгуулагдан Хөшөөт төслийг хэрэгжүүлсэн 10 жилийн хугацааны ололт амжилт, дутагдлыг дүгнэн 10 жилийн ойг аймаг, сумын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэн 2017.09.10-ны өдөр товлосон байдаг. Тухайн өдөр МоЭнКо ХХК-ийн 10 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд хурдан морь уралдах, хүчит бөхийн барилдаан бүхий наадам зохион байгуулагдсан бөгөөд Ховд аймгийн болоод ойролцоох сумдын Засаг дарга, удирдлагууд, гадаадын зочид төлөөлөгчид, МоЭнКо ХХК-тай хамтран ажилладаг гадаад, дотоодын олон компанийн удирдлага, төлөөллүүд оролцсон. Энэ өдөр уурхайн үйл ажиллагааг зогсоож, ажилтнууд наадам болж буй талбайд баярын арга хэмжээнд оролцсон бол, залгуулан орой нь баярын хурал, шагнал гардуулах ёслолын арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. МоЭнКо ХХК-ийн Хөшөөтийн уурхай нь Хуурай буюу согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглосон кемп боловч 2017.09.10-ны өдөр наадам зохион байгуулагдах, тухайн наадмын талбайд айраг, мах, хуушуур гэхчлэн уламжлалт идээ зайлшгүй байх шаардлагатай, түүнийг ажилтнууд хэрэглэх боломж нөхцөл зэргийг харгалзсаны үндсэн дээр МоЭнКо ХХК-ийн аюулгүй байдлын албанаас албан ёсны мэдэгдэл гарган айраг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Б.Жавзандулам нь 2017 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө биеэ авч явах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бусдын амьдрах байрнаас /кемпийн Б-17 тоот гэр/ согтуу, биеийн цээжнээс доод хэсэгтээ хувцасгүй байдалтай олдсон, биеэ зөв боловсон авч явах ёс суртахууны хэм хэмжээг алдаж, компанийн нэр хүндийг унагасан, ажлын байраа дур мэдэн орхин явж, ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан зэрэг үйлдлүүдийг гаргасан байдаг. Эдгээрийг МоЭнКо ХХК болоод Б.Жавзандуламын хооронд байгуүлагдсан хөдөлмөрийн гэрээ болон компанийн бусад дүрэм журмуудыг зөрчсөн байна. МоЭнКо ХХК асуудал үүссэн даруйд хэн нэгнийг халах, арга хэмжээ авахыг урьтал болгоогүй байдаг бөгөөд 2017.09.10-ны өдрөөс 2017.09.20-ны өдрийг хүртэлх 10 орчим хоногийн хугацаанд хэн, ямар буруутай, ямар үйлдэл оролцоотой болохыг нягтлах зорилгоор дотооддоо судлах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд тухайн асуудлыг мэдэх, түүнд бага хэмжээгээр оролцсон ажилтнууд тус тусын тайлбарыг өгсөн байдаг.           Тухайн өдөр болсон үйл явдал тодорхой, түүнд хэн, ямар оролцоотой нь тогтоогдсон бөгөөд зөрчил гаргасан ажилтан тус бүрт тохирох арга хэмжээг авагдсан боловч Жавзандуламаас болж 2 хүн ажлаас чөлөөлөгдөж, 1 хүн цалингийн арга хэмжээ авахуулсан байтал Б.Жавзандулам юу ч болоогүй мэтээр тайлбар хийн шүүхэд хандсан нь ёс суртахуунгүй хандлага гэж үзэж байна. Хөшөөт төслийн хүрээнд 1000 гаран хүн ажлын байраар хангагдан ажиллаж байгаа гэвч тухайн өдөр 1-2 гэр дамжсан архидалтад олон эрэгтэй ажилтнууд оролцсон боловч эмэгтэй ажилтнуудаас Б.Жавзандулам оролцсон байдал харагдаж байгаа нь түүний сахилга, ёс зүйн асуудлыг ажил олгогчийн зүгээс дүгнэх нэг үндэслэл болсон. МоЭнКо ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албанаас согтууруулах ундааны талаар гэсэн албан ёсны мэдэгдлийг уурхайн холбоглох алба, хэлтсүүдийн удирдлагуудад хүргүүлсэн байдаг. Түүнд 2017.09.10-ны өдрийн 10 жилийн ойн баярын арга хэмжээнд согтууруулах ундааны талаар ямар дүрэм мөрдөхийг компанийн албанаас мэйлээр илгээсэн байдаг. 2017.09.11-нээс хойш ажлаа таслан алга болсон тул түүнийг шууд удирдах захиргааны менежерийн тухайд 2017.09.14-ний өдөр түүнтэй утсаар холбогдон ажилдаа ирэхийг мэдэгдсэн байдаг. Гэтэл Б.Жавзандулам нь очиж чадахгүй, маргааш өмгөөлөгчтэйгөө хамт очино... гэж хариу мэдэгдсэн байдаг бөгөөд 2017.09.16-ны өдрөөс эхлэн мөн л ямар ч зөвшөөрөлгүйгээр ажлаа таслан алга болсон байна. Улмаар өөрийн ажил тасалсан, ажлын байраа дур мэдэн орхиж явсан үйлдлээ халхлах зорилгоор хамт ажилладаг Н.Эрдэнэбаатараар Чөлөө хүсэх маягт гэгчийг бөглүүлсэн байдаг. Тухайн чөлөө хүсэх маягтыг Б.Жавзандулам өөрөө бичиж гарын үсгээ зураагүй байдаг бөгөөд тууний өмнөөс хамт ажилладаг Н.Эрдэнэбаатар бөглөж гарын усэг зурсан байна. Энэ нь Иргэний хуульд заасан иргэн өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээх тухай зохицуулалтуудтай нийцэхгүй юм. Түүнчлэн МоЭнКо ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2-т ажилтан ээлжийн амралт эдлэх хүсэлтээ 14 өдрийн өмнө гарган өөрийн хариуцсан менежерээс зөвшөөрөл авч..., ээлжийн амралтыг өдрийг урьдчилан батлуулах ба... гэсэн зохицуулалт байна. Нөгөө талаас Б.Жавзандулам нь зөрчил гаргах үедээ ростерын давтамжийн тухайд 17.09.06-2017.10.03-ны хооронд уурхай дээр ажиллахаар ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ удаагийн ростероор нийт 28 хоног ажиллах ёстой байсан боловч ажил нь эхлээд 5 хонож байхад зөрчил гаргасан байдаг бөгөөд энд ээлжийн амралтыг төлөвлөсөн, эсвэл ээлжийн амралт авах хэрэгцээ шаардлага огт байгаагүй болох нь харагдаж байна. Түүнчлэн Б.Жавзандулам нь тухайн үйл явдал болсны маргааш буюу 2017.09.11-ний өдөр ажлаа таслан явсан байдаг бөгөөд улмаар компани түүнд ээлжийн амралт олгоогүй тул уурхайн захиргааны менежер 2017.09.14-ний өдөр утсаар холбогдон ажилдаа ирж орохыг мэдэгдсэний дагуу тэрээр 2017.09.15-ны өдөр ажилдаа ирсэн боловч мөн л 2017.09.16-ны өдрөөс эхлэн хэн нэгний зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн ажлын байраа орхин явсан зэрэг нь компанийн Хүний нөөцийн албаны тодорхойлолт, ажлын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээр дурьдсанаар Б.Жавзандулам нь: Ээлжийн амралт авах хүсэлтийг өөрөө гаргаагүй, тэр үед өөрөө ажлаа таслан явсан байсан боловч хамт ажилладаг этгээдээрээ гарын үсэг зуруулан өөрийн нэрээр гаргуулсан, Компанийн дотоод журам, ээлжийн амралтын хуудсанд зохицуулснаар 14 хоногийн өмнө хүсэлтээ гаргаагүй, 2017.09.10-11-нд шилжих шөнө гаргасан сахилга, хөдөлмөрийн зөрчилтэйгөө холбоотойгоор ээлжийн амралт гэх зүйлийг сэдсэн, нийт 28 хоногийн хугацаанд ажиллахаар 2017.09.06-ны өдөр Хөшөөтийн уурхай дээр ирж, түүний энэ удаагийн ростерын хугацаа 2017.10.03-ны өдөр дуусах ёстой байсан боловч ажиллахаар ирээд дөнгөж 5 дахь хоног дээрээ ноцтой зөрчил гаргаж, түүнийгээ халхлах, мартагнуулах зорилгоор ээлжийн амралт авахаар гэнэт шийдвэрлэсэн зэрэг шалтгаануудаар компани түүний ээлжийн амралтын хүсэлтийг батлаж, түүнд ээлжийн амралт олгохоор тушаал гараагүй байдаг. Иймд Б.Жавзандуламын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154/ШШ2018/00006 дугаар шийдвэрээр 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Жавзандуламыг МоЭнКо ХХК-ний Хөшөөтийн уурхайн агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч МоЭнКо ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 3.496.410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Жавзандуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.339.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.Жавзандуламд олгох 3.496.410 төгрөгнөөс хуульд заасан хувь хэмжээгээр тооцвол зохих шимтгэл хураамжийг суутган авч ажил олгогчоос төлбөл зохих шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч МоЭнКо ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж үндсэн нэхэмжлэлд 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан үнийн дүнгээс тооцон 70893 төгрөг, нийт 141093 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бол түүнийг нь хариуцагчид гардуулаагүй, хариуцагчид хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломж олгодоггүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол цөм болсон мэтгэлцэх, шүүх хөндлөнгийн байх зарчмыг хэрэгжүүлээгүй шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй байна.           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд энэ хэргийн материалтай танилцаагүй, мөн хуулиар тогтоосон харьяалал зөрчиж хэрэг шийдвэрлэсэн.

             Хариуцагч тал нэр бүхий иргэдээс гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан. Энэ дагуу шүүгчийн захирамж гарч А.Энх-Амар, А.Эрдэнэдалай, Э.Даваадалай, Д.Отгонбаяр нараас гэрчээр мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн боловч Д.Отгонбаяраас гэрчээр мэдүүлэг авсан эсэх нь тодорхойгүй байна. Шүүх шийдвэрээ бичихдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын талыг хасаж бичсэн, ингэхдээ тайлбарт бичигдсэн хариуцагч талын санал болгосон гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрт тусгаагүй атлаа нэхэмжлэгч талаас санал болгосон гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрт бүрэн бичиж тусгасан байна.

             Өөрөөр хэлбэл 2 талаас аль аль нь гэрчээс мэдүүлэг авахуулсан. Гэтэл хариуцагчийн санал болгосон гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрт огт тусгаагүй атлаа нэхэмжлэгч талаас санал болгосон гэрчийн мэдүүлгийг тусгасан нь шүүгч асуудалд ямар байдлаар хандсаныг шууд илтгэж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Б.Жавзандуламыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй байгаа талаар дүгнэн бичсэн байна. Гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримт биш гэж үзэж, харин баримтаар нотлогдох ёстой гэж шаардсан байна. Мөн Б.Жавзандулам нь ээлжийн амралт авах хүсэлтийг өөрөө гаргаагүй, тэр үед өөрөө ажлаа таслан явсан байсан боловч хамт ажилладаг этгээдээрээ гарын үсэг зуруулан өөрийн нэрээр гаргуулсан, компанийн дотоод журам, ээлжийн амралтын хуудсанд зохицуулснаар 14 хоногийн өмнө хүсэлтээ гаргаагүй зэрэг шалтгаануудаар компани түүний ээлжийн амралтын хүсэлтийг баталж, түүнд ээлжийн амралт олгохоор тушаал гараагүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг хуульчилсан бол тэдгээрийг заавал шат дараалуулан авах шаардлагыг хуульчлаагүй. Гэтэл шүүгч сануулах, цалингийн хувь бууруулах арга хэмжээ авахыг шаардсан агуулгаар шийдвэр бичсэн нь хуулиар зохицуулаагүй дүрэм, журам тогтоосон, бусдын эрхэд халсан шинжтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Жавзандулам нь МоЭнКо ХХК-нд холбогдуулан урьд эрхэлж байсан тус компанийн агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нараас шатахууны зардал 269,650 төгрөг, буудлын зардал 70,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нийт 1,339,650 төгрөгийн баримт гаргаж өгч, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Хариуцагч МоЭнКо ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Б.Жавзандулам нь хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь заалттай нийцээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх, нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулах, хариуцагчийн хариу тайлбарыг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр шүүх хуралдаан хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийлгэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлтийг хангаж, шийдвэрлэсэн бөгөөд хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна. Гэтэл энэ үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 51.5-д заасан шаардлага хангаагүй, хэн, хэзээ, хаана үзлэг хийсэн, тэмдэглэл хэн үйлдсэн нь тодорхойгүй, шүүгч, шүүгчийн туслах гарын үсэг зураагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа шүүхэд А.Энх-Амар, А.Эрдэнэдалай, Э.Даваадалай, Д.Отгонбаяр нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хангаж, гэрч оролцуулах тухай захирамж гаргасан атлаа гэрч Д.Отгонбаярыг гэрчээр асуугаагүй байна.  Өөрөөр хэлбэл 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангасан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамж биелэгдээгүй байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхийг ноцтой зөрчсөн байна.Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141093 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсан боловч “Б.Жавзандулам нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон” талаарх гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154/ШШ2018/00006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 141,093 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                  

М.НЯМБАЯР