Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
Хэргийн индекс | 184/2017/02614/И |
Дугаар | 184/ШШ2018/02491 |
Огноо | 2018-10-10 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2018/02491
2018 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 184/ШШ2018/02491
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Д...ХХК-ийн байранд байрлах Г ХХК /рд: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ....тоот хаягт байрлах М ХХК /рд: .../,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт Л-ын Ж /рд: .../,
Хариуцагч: Орхон аймгийн Б сум, .. дугаар баг, ... дугаар хороолол, ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Х овогт Н-ийн М /рд: ..../ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 106.569.996 төгрөг гаргуулж, шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах, батлан даагчаар нөхөх хариуцлага хүлээлгэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.О, хариуцагч М ХХК, Л.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч Н.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г ХХК-ийн зүгээс М ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЗГ14100...... тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 150.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Энэ зээлийн эх үүсвэр нь Чингис бондын мөнгө бөгөөд тусгай зориулалтын дагуу арилжааны банкуудаар дамжуулан олгогддог зээл юм. Зээлдэгч М ХХК нь зээлийн гэрээний хавсралтаар тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, үүргийн зөрчил гаргасан, бидний зүгээс бичгээр зээлээ төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул манай банк 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шүүхэд хандсан. Манай банк нь Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу М ХХК-ийн зээлийн эх үүсвэрийг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр буцаан төлсөн тул уг өдрөөс хойшоо М ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар 22.8%-ийн хүү тооцогдох ёстой. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн төлбөрт нийт 106.569.996 төгрөгийг М ХХК-иас гаргуулж, хариуцагч Н.Мтай байгуулсан барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт байрлах Ү-2204...дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулах, Л.Жтай байгуулсан барьцааны гэрээний дагуу 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машиныг худалдан борлуулах эрхтэй болохыг тогтоолгох, мөн Л.Жтай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу М ХХК үүргээ гүйцэтгээгүй бол түүнд нөхөх хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч М ХХК болон Л.Ж нараас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М ХХК нь Г-аас 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр, Shima Seiki маркийн бүрэн автомат нэхмэлийн машин худалдан авах зорилгоор 150.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Эдийн засгийн хямралаас болоод хавсралтад заасан хуваарийн дагуу төлж чадаагүй. Гэвч өөрсдийн боломж бололцоогоор төлсөөр байгаа билээ. Манай компанийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 77.161.123 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлийн төлбөрт 79.084.563 төгрөгийг зөвшөөрч байгаа ба үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь банк дээрх зээлийн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгээс хасах дарааллаар авч байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2, 216.4-т заасныг тус тус зөрчиж байна. Түүнчлэн зээл олгохдоо 750.000 төгрөгийн шимтгэл авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь Гтай жилийн 8 хувийн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан байхад Г ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс жилийн 22.8%-иар хүүг тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй байна. Батлан даалтын гэрээний тухайд Г ХХК нь Зээлийн батлан даалтын сантай мөн батлан даалтын гэрээ байгуулсан тул Зээлийн батлан даалтын санг хариуцагчаар татаж, түүнд мөн гэрээний дагуу хариуцлага хүлээлгэх ёстой гэв.
Хариуцагч Н.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх барьцааны гэрээнд Н.М гарын үсэг зураагүйгээс гадна Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ...байрны ... тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө нь Н.Мын нэр дээр бүртгэлтэй байдаг боловч үнэндээ Ч.Н болон Л.Я нарын мөнгөөр авсан тэдний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө юм. Эдгээр хүмүүсээс зөвшөөрөл аваагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н.Мын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 142/ШШ2018/0...дугаартай шийдвэрээр Ч.Нболон Л.Я нарыг Гны барьцаалсан гэх Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гаргасан. Г ХХК нь үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчид болох эдгээр хүмүүсээс зөвшөөрөл аваагүй байхдаа барьцааны гэрээг байгуулсан тул Н.М болон Г ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ИГ141... дугаартай Ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Манай банк нь үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг үндэслэж барьцааны гэрээ байгуулсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Н.М бүртгэгдсэн байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ЗГ14100...... дугаартай зээлийн гэрээг цуцалж, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээлийн төлбөрт нийт 106.569.996 төгрөгийг М ХХК-иас гаргуулах, шаардлагаа барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт байрлах хариуцагч Н.Мын өмчлөлийн орон сууцыг албадан борлуулж үнийн дүнгээс хангуулах, мөн барьцаа хөрөнгө болох Shima seiki маркийн 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машиныг худалдан борлуулах эрхтэй болохыг тогтоолгож, М ХХК үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч Жавзандуламын эд хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М ХХК болон Ж нь нэхэмжлэлийн шаардлагаас 79.084.563 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн, хариуцагч Н.М нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч, улмаар 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргажээ.
Нэхэмжлэгч Г ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ЗГ14100...... дугаартай зээлийн гэрээний дагуу 150.000.000 төгрөгийг 1 жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай хариуцагч М ХХК-д зээлдүүлсэн, зээлийг М ХХК хүлээн авсан талаар зохигчид маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эдгээр үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Г ХХК нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр, хариуцагч Н.Мтай ИГ141...2 дугаартай барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн хариуцагч Л.Жтай 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр БГ1410... дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, тус бүр нь 20.000.000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг Шима сэйки /Shima seiki/ маркийн бүрэн автомат нэхмэлийн машиныг барьцаалсан, хариуцагч Л.Жтай 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн БГД 14100...дугаартай Батлан даалтын гэрээ-г байгуулж, М ХХК зээлийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нөхөх хариуцлага хүлээлгэхээр харилцан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдож байна. /хх (1), 11-20, 24-25 дугаар тал/
Хариуцагч М ХХК, Л.Ж нар нь зээлийн төлбөрийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө, зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу зээлийн төлбөрөөс суутгал хийгээгүй, үндэслэлгүйгээр 750.000 төгрөгийн шимтгэл авсан, мөн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн талаараа мэдэхгүй хэмээн тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг ба эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг өөр бусад нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй, мөн маргааны үйл баримтын талаар мэдэхгүй байгаа нөхцөлд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүх маргааныг шийдвэрлэх, улмаар хэрэгт авагдсан баримтыг няцааж чадаагүй гэж үзэхэд хүрдэг.
Иймд, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээлдэгчийн зээлийн 1410013482 дугаартай дансны хуулгад бичигдсэнээр, зээлдэгч М ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 96.883.575 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдүүлэгч Г ХХК-д төлөөгүй байсан гэж үзэх ба энэ баримтыг хариуцагч няцааж чадаагүй гэж үзнэ. /хх (1), 230 дугаар тал/
Хариуцагч буюу зээлдэгч М ХХК нь төлбөрийг төлөхдөө, төлбөрийн зориулалтыг зааж /зээлийн төлбөр, үндсэн хүү, торгуулийн хүү/ төлсөн болох нь дээр дурдсан зээлдэгчийн зээлийн дансны хуулга баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар зээлдэгч нь өөрийн сонголтоор зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу зээлийн төлбөр төлөгдөөгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Мөн талууд гэрээний 2.1.8 дахь хэсэгт зээлийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх шимтгэлийг зээлдэгч нэг удаа төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд төлсөн гэж 750.000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь, 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр М ХХК-ийн авсан зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкинд буцаан төлсөн гэх үндэслэлээр Г ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар, мөн өдрөөс зээлийн хүүг 22.8%-иар тооцож 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй байна.
Учир нь, М ХХК болон Г ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд, үүргийн зөрчилтэй холбоотойгоор хүүг 22.8%-иар тооцох талаар харилцан тохиролцсон гэж үзэхээргүй байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д: Зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашигласан, эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн зэрэг зээлдэгчийн буруутай бусад шалтгааны улмаас төсөл санхүүжүүлэгч буюу эцсийн зээлдүүлэгч Банкнаас зээлийн эх үүсвэрийг эргүүлэн татсан тохиолдолд гэрээний 2.1-д заасан нөхцөл нь Банкны тухайн үеийн ерөнхий нөхцөлд шилжинэ гэж талууд тохиролцсон боловч хүүгийн хэмжээг 22.8% байхаар тохиролцоогүй, хүүгийн тохиролцоо тодорхой бус байна.
Г ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх тул тодорхой бус байгаа дээрх тохиролцоог мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар санал хүлээн авагч тал болох М ХХК-д ашигтай байдлаар тайлбарлах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн шаардсан хугацаа болох 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг 8%-иар тооцно.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Мөн зээлдэгч М ХХК нь зээлийн үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх тул зээлдүүлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон зээлийн хүүг, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М ХХК-иас 100.348.103 төгрөг1 ийг гаргуулан Г ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Н.М нь нэхэмжлэгч Г ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Ипотекийн гэрээ-г бусад хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл аваагүй байхдаа хийсэн гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Г ХХК-тай дээрх барьцааны гэрээг байгуулах үед барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаарт бүртгэгдсэн, 42.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Н.М бүртгэгдсэн байжээ. Энэ бүртгэлийг үндэслэж Г ХХК нь барьцааны гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ.
Нөгөө талаас, дээрх барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ч.Нямдорж болон Л.Янжиндулам нарыг барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоосон байх тул эдгээр хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр барьцааны гэрээг байгуулсан гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм.
Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
______________________________
1- Зээлийн 1410013482 дугаартай дансны хуулгад бичигдсэнээр зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 96.883.575 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байсан байна. Энэ үнийн дүнгээс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд, гэрээнд заасны дагуу 8 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон болно.
Нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч Л.Ж нарын хооронд байгуулагдсан 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Барьцааны гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 156, 459 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, үндсэн үүргийн үүрэг гүйцэтгэгч болох зээлдэгч нь зээлээ төлөөгүй тул нэхэмжлэгч Г ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Барьцааны гэрээ-нд заасан хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах эрхтэй, мөн батлан даагч Л.Жд нөхөх хариуцлага хүлээлгэхээр шаардах эрхтэй ба Н.Мтай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Хүннүгийн гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хэд хэдэн батлан даагч нараас өөрөө сонгож, үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Батлан даалтын гэрээ-ний дагуу батлан даалтын үүргийг Зээлийн Батлан Даалтын Сан мөн хамтран хариуцах ёстой /Л.Ж зарим хэсгийг хариуцах ёстой/ гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд дахин бичгээр гаргаж, уг шаардлагыг хариуцагч нарт гардуулж өгсөн ба гардуулж өгсөн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн хэмжээнд зохигчид мэтгэлцсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх багасгах эрхийг иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойшхи хугацаанд мөн эдлэх боломжтой байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш дахин нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, энэ хэмжээнд мэтгэлцээн явагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШЗ2017/09457 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид өөрчлөлт оруулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан М ХХК-иас 100.348.103 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6.221.893 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан Г ХХК нь, Шима сэйки /Shima seiki/ маркийн тус бүр нь 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, №7620, №6075 дугаартай 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машинуудын үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .. дугаар байрны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204.. дугаарт бүртгэгдсэн, 42.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан М ХХК нь үүргээ эс биелүүлбэл биелүүлээгүй үнийн дүнг батлан даагч Л.Жаас нөхөн гаргуулсугай.
4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н.М болон Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ИГ1410... дугаартай Ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай Г ХХК-д холбогдох Н.Мын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 974.933 төгрөгийг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 667.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК, Л.Ж, Н.М нараас 659.690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР