Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/00394

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах, *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг, *******,*******,*******/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,176,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2017 оны 02 сарын 07 өдөр ЗГ/КР/17/48 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 1,500,000.00 /Нэг сая таван зуун мянган/ төгрөгийн 24 сарын хугацаатай, сарын бэлэн мөнгөний хүү 3,5%, бэлэн бус мөнгөний хүү 2% хувийн хүүтэй Зэс кредит карт авсан болно. Тус кредит картны хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй хугацаа хэтэрч байна. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тус кредит картын зээл нь 13 сарын хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 1,281,470.00 төгрөг, зээлийн хүү 1,136,063.57 төгрөг, торгуулийн хүү 431,216.97 төгрөг, зээлийн лимит хэтрүүлсний хүү 327,799.00 төгрөг. Нийт 3,176,549.54 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд ******* дээр дурьдсан кредит картын зээлийн нийт үлдэгдэл зээл, зээлийн хүүний төлбөр болох 3,176,549.54 /Гурван сая нэг зууг далан зургаан мянга таван зуун дөчин есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар гаргуулан банкинд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Отгондарь шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Миний бие Б.Отгондарь нь Голомт банкнаас хэрэглээний зэс картыг авч хэрэглэсэн болно. Тухайн үед ажлаасаа чөлөөлөгдөж зээлээ төлөх чадваргүй болсон. Миний хүслэт 1,500,000 төгрөгийг төлж, хүүнээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-ийн Орхон салбар нь хариуцагч Б.Отгондарьд холбогдуулан зэс картны үндсэн төлбөр 1,281,470 төгрөг, хүүний төлбөр 1,136,063.57 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 431,216.97 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 327,799 төгрөг нийт 3,176,549.54 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Отгондарь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Зохигчид 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/КР/17/48 дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийн эрхтэй картыг 2 жил эзэмших хугацаатай, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгөний гүйлгээний жилийн хүү 42 хувь, зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 1 хувь, төлбөрөө сар бүрийн 15-ны өдрөөс өмнө эргэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож талууд гарын үсгээ зурсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Голомт банк ХХК нь шаардах эрхтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд, хариуцагч Б.Отгондарь нь зээлийн эрхтэй картнаас бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийж нийт 1,500,000 төгрөгийг авч ашигласан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 218,530 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, Голомт банкнаас Б.Отгондарьд хүргүүлсэн мэдэгдлээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тус кредит картын зээл нь 13 сарын хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 1,281,470.00 төгрөг, зээлийн хүү 1,136,063.57 төгрөг, торгуулийн хүү 431,216.97 төгрөг, зээлийн лимит хэтрүүлсний хүү 327,799.00 төгрөг, нийт 3,176,549.54 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан тул нэхэмжлэгч эрх хэтрүүлсэний хүүний төлбөр, хугацаа хэтрүүлсэний хүүний төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Гэвч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүний талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүний төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Иймд хариуцагч ******* үндсэн зээл 1,281,470 төгрөг, хүүгийн төлбөр 1,136,063.57 төгрөг нийт 2,417,533.57 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759,015.97 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,775 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжинд 146,482 төгрөг гаргуулан Голомт банк ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* 2,417,533.17 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759,015.97 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,775 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжинд 53,631 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН