Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2020/01642

 

 

 

 

 

2020 06 15

181/ШШ2020/01642

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

1.Нэхэмжлэгч:  Ц.Э 

2.Нэхэмжлэгч: Д.У

3.Нэхэмжлэгч:  Ц.М  

4.Нэхэмжлэгч: У 

5.Нэхэмжлэгч:  Э:Ч 

6.Нэхэмжлэгч:  Б.Ц  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ т холбогдох

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/151 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М корпораци ХХК нь шүүхийн захирамж, шийдвэрээр 20 төлбөр авагчид 513,885,149 төгрөгийн өглөгтэй болсон бөгөөд НШШГГ т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно.

Тус компани нь өөрийн хөдлөх хөрөнгө болох ачааны автомашин, шилэн лангуу, хөргөгч, чулуун хөшөө, хяналтын камер зэрэг эд зүйл, эргэлтийн хөрөнгө болох зарж байсан бараа, бүтээгдэхүүнийг төлбөр авагч нарт шилжүүлж, дансанд байсан бэлэн мөнгийг төлбөртөө суутгуулсан.

Үүнээс гадна компанийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүрийн барилга, эзмшиж байгаа газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, компанийн харилцах данснуудын зарлагын гүйлгээ хийх эрхийг хаагаад байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны дрийн 17280060/02 дугаар тогтоолоор М корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.У Э:Ч нарын арилжааны банк дахь харилцах данснуудын зарлагын гүйлгээг 54,111,327 төгрөгийн хэмжээнд, тус газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/151 дугаар тогтоолоор М корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Э ы арилжааны банк дахь харилцах данснуудын зарлагын гүйлгээг 54,111,327 төгрөгийн хэмжээнд, тус газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01 дугаар тогтоолоор М корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.У , Ц.М нарын арилжааны банк дахь харилцах данснуудын зарлагын гүйлгээг 54,111,327 төгрөгийн хэмжээнд тус тус битүүмжилсэн байна.

Компанийн хувьцаа эзэмшигч нарын хувийн дансыг битүүмжилсэн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болох талаар НШШГГ т гомдол гаргасан боловч тус газрын Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Саяболд нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/108 тоот албан бичгээр дансны зарлагын гүйлгээг сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье гэсэн хариу өгсөн болно.

Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хуулийн этгээдийн хувьд бусдын өмнө хариуцлага хүлээх бөгөөд үүнийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж заасан байна.

М корпораци ХХК-ийн дүрмийн 14.1. дээр хувьцаа эзэмшигч 6 хүн байна. Энэ 6 хүний 1%-ийн хувь нийлүүлсэн Цэцэнгуа 10.000 төгрөг, 4% -ийн хувь нийлүүлсэн Чулуунбаатар, Мөнхчимэг нар тус бүр 40.000 төгрөг, 6%-ийн хувь нийлүүлсэн У 60.000 төгрөг, 34%-ийн хувь нийлүүлсэн Уранцэцэг 340.000 төгрөг, 51%-ийн хувь нийлүүлсэн Энхтайван 510.000 төгрөгийг төлөх ёстой.

Үлдэх төлбөрийг комданийн дүрмийн 7.5.-д заасны дагуу нэхэмжлэгч нар хариуцахгүй юмаа.

М корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16/5 тоот тогтоолоор батлагдсан тус компанийн дүрэмд 2 хувьцаа эзэмшигтэй байсан.

Сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар батлагдсан дүрэмд хувьцаа эзэмшигч 4 өөр нэмэгдэж нийт хувьцаа эзэмшигч нь 6 болсон. Энэ дүрмийн дагуу Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хувь нийлүүлэгч 4 нэмэгдэж үүсгэн байгуулагчийн тоо 6 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн.

Энэ дүрмийн 7.5-д зааснаар хувьцаа эзэмшигч нарын эд хөрөнгө зааглагдсан байгаа юмаа.

Гэтэл НШШГГ нь М корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхэнд халдаж, тэдний арилжааны банкинд байгаа хувийн харилцах дансыг битүүмжилж, зарлагын гүйлгээг зогсоосон нь хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаа учир тус газрын Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01 дугаар тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/02 дугаар тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/151 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Шүүхийн шийдвэрийн дагуу М корпораци ХХК нь 20 гүйцэтгэх баримт бичгийн нийт 513.885.149 төгрөгийг бусдад төлөх төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М корпораци ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгө илрээгүй, холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад Хас банкны үүргийн гүйцэтгэлд барьцаатай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024958, Ү-2203024967, Ү-2203024964, Ү-2203024960 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүд тогтоогдсон.

Хас банкнаас тодруулахад 2017 оноос төлбөр төлөөгүй зээлийн асуудал шүүх дээр явж байгаа гэх хариу ирүүлсэн.

Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж,

Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасныг үндэслэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нарын арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх

11.1.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.

11.2.Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

М корпораци ХХК-ийн дүрмийн 7.3.-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа болно.

Иймд хувьцаа эзэмшигч нар нь эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй.

Нэхэмжлэгч Ц.Э нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Төлбөр төлөгч М корпораци ХХК ийн бусдад төлөх төлбөр болох нийт 513,885,149 төгрөгийн дүн бүхий 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны хооронд бичигдсэн 20 ширхэг гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 2, 82, 145-162-р хуудас/

Нэхэмжлэгч /төлбөр төлөгч / М корпораци ХХК ийн гүйцэтгэх захирал Б.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж шийдвэрлүүлжээ./хх-ийн 23-р хуудас/

Дээрх шүүхийн гүйцэтгэх хуудсанд бичигдсэн шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад:

1.Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01 дугаартай тогтоолоор М корпораци ХХК ийн 34 %-ийн хувьцаа эзэмшигч Д.У , 4%-ийн хувьцаа эзэмшигч Ц.М нарын эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 53.545.649 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 425.678 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 140.000 төгрөг, нийт 54.111.327 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг нэр бүхий арилжааны банкуудад даалгажээ.

/хх-ийн 21-р хуудас/

2. Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/02 дугаартай тогтоолоор М корпораци ХХК ийн 6 %-ийн хувьцаа эзэмшигч Д.У , 4%-ийн хувьцаа эзэмшигч Э:Ч нарын эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 53.545.649 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 425.678 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 140.000 төгрөг, нийт 54.111.327 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг нэр бүхий арилжааны банкуудад даалгажээ.

/хх-ийн 22-р хуудас/

3. Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/151 дугаартай тогтоолоор М корпораци ХХК ийн 51 %-ийн хувьцаа эзэмшигч Ц.Э гийн эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 53.545.649 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 425.678 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 140.000 төгрөг, нийт 54.111.327 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг нэр бүхий арилжааны банкуудад даалгажээ.

/хх-ийн 20-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4.Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасаны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь дээрх тогтоолуудыг гаргажээ.

М корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16/5 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан тус компанийн дүрмийн 3 дугаар зүйлд компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Ц.Э , Д.У нар бүртгэгдсэн байна. /хх-ийн 123-144-р хуудас/

Үүний дараа М корпораци ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр тус компанийн дүрмийг шинэчлэн баталж дүрмийн 14.2.-т хувь нийлүүлэгчдийн тоо 4-өөр /Д.У , Э.Чулуунбаатар, Ц.М , Б.Ц нар/ нэмэгдэж нийт 6 хувьцаа эзэмшигчтэй болж, Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хувь нийлүүлэгч 4 нэмэгдэж, үүсгэн байгуулагчийн тоо 6 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн байна. /хх-ийн 6-17-р хуудас/

Дээрх дүрмийн 7.3.-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж,

7.5.-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө хаус байр, орон сууц, хувийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгө, автомашин гэх мэт эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан тул хувьцаа эзэмшигч өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахгүй гэжээ. /хх-ийн 8-р хуудас/

Эндээс үзэхэд хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээхдээ түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө хаус байр, орон сууц, хувийн газар, үл хөдлөх хөрөнгө, автомашины эрхээс зааглагдсан гэж ойлгогдож байх бөгөөд хувьцаа эзэмшигч нарын данс дахь мөнгөн хөрөнгөөс заагдлагдсан гэж үзэх үндэсгүй байна.

Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж,

9.5.Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заажээ.

Дээрх бүхнээс дүгнэхэд нэхэмжлэгч /төлбөр төлөгч/ Ц.Э , Э.Чулуунбаатар, Д.У , Ц.М , Д.У нарын хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд уг тогтоолуудаар нэхэмжлэгч Б.Ц гийн данс битүүмжлэгдээгүй байна.

Иймд хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ц.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д тус тус заасныг удирдлага болгон                                                 

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг баримтлан Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО