Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01618

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01618

 

 

Ц.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01642 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э , Д.У , Ц.М , Д.У , Э:Ч , Б.Ц нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.К ХХК нь шүүхийн захирамж, шийдвэрээр 20 төлбөр авагчид 513 885 149 төгрөгийн өглөгтэй болсон бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно. Тус компани нь өөрийн хөдлөх хөрөнгө болох ачааны автомашин, шилэн лангуу, хөргөгч, чулуун хөшөө, хяналтын камер зэрэг эд зүйл, эргэлтийн хөрөнгө болох зарж байсан бараа, бүтээгдэхүүнийг төлбөр авагч нарт шилжүүлж, дансанд байсан бэлэн мөнгийг төлбөртөө суутгуулсан. Үүнээс гадна компанийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүрийн барилга, эзэмшиж байгаа газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, компанийн харилцах данснуудын зарлагын гүйлгээ хийх эрхийг хаагаад байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны дрийн 17280060/02 дугаар тогтоолоор М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.У Э:Ч нарын арилжааны банк дахь харилцах данснуудын зарлагын гүйлгээг 54 111 327 төгрөгийн хэмжээнд, 17280060/151 дугаар тогтоолоор М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Э ы арилжааны банк дахь харилцах данснуудын зарлагын гүйлгээг 54 111 327 төгрөгийн хэмжээнд, 17280060/01 дугаар тогтоолоор М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.У , Ц.Мөнхчимэг нарын арилжааны банк дахь харилцах данснуудын зарлагын гүйлгээг 54 111 327 төгрөгийн хэмжээнд тус тус битүүмжилсэн байна.

Компанийн хувьцаа эзэмшигч нарын хувийн дансыг битүүмжилсэн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болох талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дансны зарлагын гүйлгээг сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхэнд халдаж, тэдний арилжааны банкинд байгаа хувийн харилцах дансыг битүүмжилж, зарлагын гүйлгээг зогсоосон нь хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу М.К ХХК нь 20 гүйцэтгэх баримт бичгийн нийт 513 885 149 төгрөгийг бусдад төлөх төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.К ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгө илрээгүй, холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад Хас банкны үүргийн гүйцэтгэлд барьцаатай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024958, Ү-2203024967, Ү-2203024964, Ү-2203024960 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүд тогтоогдсон. Хас банкнаас тодруулахад 2017 оноос төлбөр төлөөгүй зээлийн асуудал шүүх дээр явж байгаа гэх хариу ирүүлсэн. Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нарын арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

М.К ХХК-ийн дүрмийн 7.3.-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Иймд хувьцаа эзэмшигч нар нь эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг баримтлан Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгт Эндээс үзэхэд хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээхдээ түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө хаус, байр орон сууц, хувийн газар, үл хөдлөх хөрөнгө, автомашины эрхээс зааглагдсан гэж ойлгогдож байх бөгөөд хувъиаа эзэмшигч нарын данс дахь мөнгөн хөрөнгөөс зааглагдсан гэж үзэх үндэсгүй байна гэжээ. Шүүгч дүрмийн заалтыг иш татахдаа гэх мэт гэсэн үгийг орхигдуулсан байна.

М.К ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дүрмийн 7.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө хаус, байр орон сууц, хувийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгө, автомашин гэх мэт эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан тул уг хувъцаа эзэмшигч өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахгүй гэж заасан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16281274 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол-оор М.К ХХК-д шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсний дараа 4 хувьцаа эзэмшигч шинээр нэмэгдэж орж ирсэн байдаг.

Хувьцаа эзэмшигч нар М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохдоо тус компани бусдад нилээд хэмжээний өр төлбөртэйг нь мэдэж байсан учир хожим компанийн өр төлбөрийг хувийнхаа эд хөрөнгөөр хариуцахгүй байх зорилгын үүднээс анх хувьцаа эзэмшигч болохдоо компанийн дүрмэнд нэмэлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан гэдгийг илүү тодруулах зорилгоор үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс заримыг нь нэр дурдсан байна.

Дүрмийн 7.5-д ... тодорхой зааглагдсан тул уг хувьцаа эзэмшигч өөрийн Хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахгүй гэж заасан тул бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нэг бүрчлэн мал амьтан, шашны эд зүйлс, үнэт эдлэл, уран зураг, харилцах болон хадгаламжийн данс, хувьцаа гэх мэтээр дурдах шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчийн өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх гэдэг хөрөнгийн нэр заасан, заагаагүй түүний бүх хөрөнгө хамаарах учиртай.

Дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Э , Д.У , Ц.М Д.У , Э:Ч , Б.Ц нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч байгууллага нь М.К ХХК ийн бусдад төлөх төлбөр болох нийт 513 885 149 төгрөгийн дүн бүхий 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны хооронд бичигдсэн 20 ширхэг гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаар талууд маргаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай, хугацаа тогтоосон мэдэгдлийг өгсөн боловч төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчсөн байна. /хх 2, 31, 42, 51, 80, 82, 145-162/

Улмаар хариуцагч байгууллага нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01 тоот тогтоолоор М.К ХХК-ийн 34 хувийн хувьцаа эзэмшигч Д.У , 4 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Мөнхчимэг нарын эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 54 111 327 төгрөгийн хэмжээгээр, 17280060/02 тоот тогтоолоор 6 хувийн хувьцаа эзэмшигч Д.У , 4 хувийн хувьцаа эзэмшигч Э:Ч нарын эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 54 111 327 төгрөгийн хэмжээгээр, 17280060/151 дугаартай тогтоолоор 51 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Э гийн эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 54 111 327 төгрөгийн хэмжээгээр тус тус битүүмжлэхийг арилжааны банкуудад даалгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзлээ. /хх 20, 21, 22/

Учир нь төлбөр төлөгч М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16/5 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан тус компанийн дүрмийн 3 дугаар зүйлд компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Ц.Э , Д.У нар бүртгэгдсэн, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр компанийн дүрмийг шинэчлэн баталж дүрмийн 14.2.-т хувь нийлүүлэгчдийн тоо дөрвөөр нэмэгдүүлж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагчийн тоо 6 болж өөрчлөгдсөнийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгэсэн үйл баримт хэрэгт авагдсан М.К ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх 6-17, 126-146/

Шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж компанийн дүрмийн 7.3, 7.5, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд нэхэмжлэгч талын шүүх гэх мэт гэсэн үгийг орхигдуулсан, бүх эд хөрөнгийг нэрлэн заах боломжгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД